Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-02

Ачааны вагон засварын депо есөн хос дугуй угсраад байна

Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хамт олон хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн шинэ диск сольж угсран эмхэтгэх (ВКМ) ажлыг амжилттай зохион байгуулж, 0001 дугаар бүхий анхны хос дугуйгаа ашиглалтад хүлээлгэж өгсөн тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. УБТЗ 2006 онд хөдлөх бүрэлдхүүний хос дугуй угсрах үйлдвэр байгуулах Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулж, 2007-2008 онд А корпусийн барилгын каркасыг барьж, Б корпус болох конторын барилгыг ашиглалтад оруулж байсан бол ийнхүү 15 жилийн дараа анхны хос дугуйгаа угсарч буй нь энэ юм. Ачааны вагон засварын депогийн дарга Л.Эрдэнэхүү: 
-Эдийн засаг, санхүүгийн боломжгүйн улмаас зогсонги байдалд орсон байсан төслийн ажлыг 2016 онд үргэлжлүүлэн шинэчилсэн техникийн зураг, төсөв гаргасан шүү дээ. Улмаар, 2018 оны есдүгээр сараас хуучин вагон засварын цехийн барилгыг шинэчлэн засварлаж, дараа жил нь хос дугуйн бүрэн магадлагаа, их засварын тасгийг ашиглалтад оруулж байсан. Мөн ондоо хос дугуй угсрах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурийг хийж бэлэн болгоод, 2019-2020 онд тоног төхөөрөмжийн худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулан үе шаттайгаар угсралтын ажлыг зохион байгууллаа. Цагаан сарын дараа анхны хос дугуйгаа угсарч байсан бол өнөөдрийн байдлаар /Баасан гараг/ нийт есөн дугуй угсарч, дөрөвийг нь вагонд угсраад байна. Энэ нь НОНК буюу шинэ гол дээр шинэ зээрэнхий угсрах ажил юм гэв. 
2017 онд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийг 2030 он хүртэл хөгжүүлэх, шинэчлэх хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрт тусгасан ачааны вагоны паркийн өсөлттэй уялдуулан Вагоны аж ахуйн алба нь тус депогийн үйл ажиллагааг өргөтгөх гурван үе шаттай төслийн баримт бичгийг боловсруулж, УБТЗ ХНН-ийн техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулан хэрэгжүүлж байгаа юм. Төслийн үр дүнд Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо нь жилдээ УБТЗ-ын болон бусад хэвшлийн 3200-3800 вагонд төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх, дотоодоо 1000-1500 хос дугуй угсрах бүрэн боломжтой болж өргөжөөд байна.
Өнгөрсөн онд Замын зуун хувийн санхүүжилтээр 7.9 тэрбум төгрөгийг Хос дугуй угсрах цехийг бүтээн байгуулахад зориулсан бөгөөд засварын цехийн тоног төхөөрөмжүүдийг ч дотооддоо угсарсныг нээлтийнх нь үеэр Замын удирдлагууд онцолж байсан юм. Энэ тухай тодруулбал, ОХУ-аас авдаг байсан вагон өргөх цахилгаан домкрат, эд ангийн шахуурга, тэргэнцэр эргүүлэгч зэрэг 37 нэр төрлийн тоног төхөөрөмжийг өөрсдөө үйлдвэрлэн суурилуулж, Монгол Улс өөрийн нөхцөлд угсрах, засварлах суурь баазыг бүрдүүлсэн. Өмнө нь, жил бүр 4-5 сая ам.доллараар хөдлөх бүрэлдэхүүний 600-800 хос дугуйг ОХУ-ын Красноярск болон түүнээс цааших хотуудад явуулж засуулдаг байж. Харин одоо бол дотооддоо жилд 1000-1500 хос дугуйг угсарч засдаг болохыг зорин тус цехийн хамт олон ажиллаж байна. Ингэснээр хос дугуй хүлээгдэж, ихээхэн цаг хугацаа алддаг байдал арилж, гадагшаа урсдаг валютыг эх орондоо шингээх боломж нээгдэж байгаа юм. Энэ технологи нэвтэрснээр зардал бууруулж, зөвхөн ачааны вагон гэлтгүй зүтгүүр, зорчигчийн вагоны дугуйн диск солих их засварыг ч дотооддоо хийх боломж бүрдэж буй аж. Энэ талаар, тус депогийн дарга “Манай үйлдвэр зургаан жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардлаа нөхнө. Өнөөдрийн байдлаар УБТЗ ХНН-ийн хэмжээнд 16677 хос дугуйн парктай. Паркийн 13888 хос дугуй буюу 83 хувийг ачааны вагоны, 10 хувийг зорчигчийн, 1113 хос дугуй буюу долоон хувийг зүтгүүрийн хос дугуй тус тус эзэлж байгаа” гэсэн юм. Түүнчлэн, энэ онд ачааны вагоны хос дугуйг хайрцган гүүшингээр тоноглох ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Мөн шинээр угсарсан 25 хос дугуйг хайрцган гүүшингээр тоноглон засварлаж, НОНК хос дугуй 580, СОНК буюу хуучин гол дээр шинэ зээрэнхий угсрах 415 хос дугуй угсрахаар төлөвлөсөн байна. 

Жилдээ 1800-2100 хос дугуй угсрах боломжтой
Хос дугуй угсрах цех нь ажлын найман цагаар ажиллахад жилдээ зөвхөн шинэ гол дээр шинэ зээрэнхий угсрах бол 1800-2000, харин хуучин гол дээр шинэ зээрэнхий угсрах бол 1200-1300 хос дугуй угсрах юм байна. Хэрэв энэ хоёрыг аль алинаас нь гэвэл 1500 хос дугуй угсрах боломжтой гэнэ. Харин 12 цагийн ээлжээр ажиллавал жилдээ 1800-2100 хос дугуй угсрах боломжтой аж. Өнөөгийн байдлаар ачааны вагоны хос дугуйд ашиглах боломжтой 407 гол, 168 зээрэнхий, зорчигчийн вагоны нэг гол, зүтгүүрийн хоёр гол, хоёр арааг угсрахаар бэлтгэж, нөөцийг бүрдүүлжээ. 

Ашгийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлэв
Ачааны вагон засварын депо өнгөрсөн онд ашиглалтаар 2012, их засвараар 304, ҮБАА-н 88, УБТЗ-ын эзэмшлийн бус 733, нийт 3137 вагоныг засварлажээ. Үүнээс 147 вагоныг салгалттай урсгал засвараар засварлаж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, бусад төмөр зам эзэмшигч байгууллагад үйлчилгээ үзүүлэн 1.892.508.0 мянган төрөгийн ашигтай ажилласан байна. Мөн их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу 12 ажлыг зохион байгуулж, төлөвлөгөөг 102.5 хувиар биелүүлжээ. 
Тус депогийн ерөнхий инженер Б.Лутбаяр “Бид 18 ажлын байрандаа хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ болон Замын даргын А-58 тоот тушаалын дагуу 59 ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийсэн. Манайх ХАБЭА-н ажилд нийт 293.5 сая төгрөг зарцуулсан. Замын даргын А-624 тоот тушаалын дагуу ГТХАБ-ын чиглэлээр үйл ажиллагаандаа эрсдэлийн үнэлгээ хийж, хүчин зүйлийн нөлөөллийн картыг гарган, тус бүрт нь эрсдэл бууруулах төлөвлөлтүүдийг гаргасан. Цаашид бид үйл ажиллагаандаа эрсдэлд суурилсан удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэв. Тэд тоног төхөөрөмжийнхөө засвар үйлчилгээг сайжруулж, эвдрэл гэмтлээс шалтгаалсан сул зогсолтыг өмнөх оны мөн үеэс 299 цагаар буюу 36 хувиар бууруулжээ. Өнгөрсөн онд гологдлын хэмжээг өмнөх оноос дөрвөн нэгжээр бууруулан ГТХАБ-ын гологдолгүй ажилласан байна. Түүнчлэн, ковид-19 цар тахалтай холбоотойгоор сум, орон нутаг, Замын удирдлагаас өгсөн чиглэлийг дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж, өнгөрсөн онд 42.2 сая төгрөг, энэ он гарсаар 2.8 сая төгрөг зарцуулаад байгаа аж. Мөн ажилчдын ая тухтай амрах орчинг бүрдүүлэх зорилгоор 36 ам метр талбайг тохижуулан амралтын өрөө гаргажээ.

Шинийг санаачилж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь тэдний зорилт
Замын даргын өнгөрсөн намрын үзлэгээр тус депогийн удирдлага “Донбасс” машинаар ачааны вагоны духны хана шахдаг шинэ тоноглолыг нэмэлтээр хийснээ танилцуулж байсан билээ. Өөрөөр хэлбэл, ачааны вагонуудын дух буюу урд, хойд талын дээд ирмэг гадагшаа цүлхийдэг тул тэгшлэх зориулалттай юм. Тухайн үед Замын дарга “Зөв санаа байна. Харин татах дэгээ болон түлхэгчийг илүү сайжруулах шаардлагатай” гэж зөвлөсний дагуу сайжруулан ашиглаж байгаа аж. Түүнчлэн, сэлгээний тэргэнцрийг санаачлан хийж үйлдвэрлэлд ашиглахад бэлэн болгож, тэргэнцэр эргүүлэгч, хос дугуйн зээрэнхий, голын тавиур зэрэг ШБАЗ-ын 14 ажлыг хийж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. 

Сэтгэгдэл үлдээх