Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-19

Зүтгүүрчдийн “Бүтэн цэрэгжилт”-тэй өдрүүд...

Дархан татах хэсгийн зүтгүүрчдийн “бүтэн цэрэгжилттэй” ажилласан өдрүүд өнөөдөр ч үргэлжилж байна. Тус депо одоогийн байдлаар илчит тэрэгний паркийг 33-т барьж, төмөр замын тээврийн тасралтгүй байдлыг ханган ажиллаж байна. Сүхбаатар эргэх депогийн зүтгүүрийн есөн бригад тусгаарлагдан Наушки-Сүхбаатар хооронд зөөврийн галт тэргэнд ажиллаж байгаа юм. Дархан татах хэсгийн хувьд Сүхбаатар эргэх депо, Эрдэнэт солилцох тасаг, Зүүнхараагийн амрах байр гэсэн гурван салбар нэгжтэй. 
Дотоодод халдвар тархаж, улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд тус депогийн хувьд Сүхбаатар эргэх депо болон Эрдэнэтийн солилцох тасгийн нөхцөл илүү хүнд байдалд орсон байна. Дархан татах хэсгийн дарга Б.Ууганбаяраас тухайн үеийн нөхцөл байдлыг тодрууллаа.

Дархан татах хэсгийн дарга Б.Ууганбаяр:
-Цар тахлын дотоодын халдварын тархалтыг хумих зорилгоор хөл хориог чангатгаж, Дархан-Уул аймагт “тэг” зогсолт хийсэнтэй холбогдуулаад аймаг, орон нутагт хүндхэн нөхцөл байдал үүссэн. Энэ үед төмөр замчид бид, тэр дундаа зүтгүүрчид 24 цаг зогсолтгүй ажиллах ёстой шүү дээ. Аймгийн онцгой байдлын комисст хандсанаар бидний ажиллах нөхцөлийг хангаж өгсөн. 
Зүтгүүрийн бригадууд аймаг, орон нутаг дамжиж өөрөөр хэлбэл, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараад очиж ажилладаг учраас эрсдэл маш өндөр. Энэ үед Замын захиргаа, Гамшгаас хамгаалах штабаас маш шуурхай арга хэмжээ авч, чиглэл, удирдамжийг өгч байсан. Зүтгүүрийн бригадуудыг Дархан болон Сүхбаатар өртөөнд зорчигчийн вагонд байрлуулж, тусгаарлан ажиллуулах горимд шилжүүлж, дотоод зохион байгуулалт хийсэн. Бригадуудаас PCR шинжилгээ авч 14 хоног ажиллуулаад буухад нь мөн PCR шинжилгээ авч гэрт нь хариулах зарчмаар ажилласан.
Мөн Дархан депод амрах байрыг тусгаарлалтын байр болгон ажилласан. Бригад тусгаарлалтад ажиллахад үйлдвэрийн эмч нар маань цуг тусгаарлагдаж, тэдний эрүүл мэндэд хяналт тавьж ажилласан. 
Харин Сүхбаатар эргэх депогийн хувьд нөхцөл байдал илүү хүнд байлаа. Хилийн өртөө учир илүү эрсдэлтэй бүс. Тиймээс зүтгүүрийн бригадаас гадна засварчид, конторын ажилчид хүртэл вагонд тусгаарлагдан ажил үүргээ гүйцэтгэж, тээврийн хэвийн үйл ажиллагааг хангаж байлаа.
-Эрдэнэт Солилцох тасгийн нэлээд ажилтан тусгаарлагдсан байсан?
-Тиймээ. Хамгийн хүнд нөхцөл байдал Эрдэнэтийн Солилцох тасагт үүссэн гэхэд болно. Эрдэнэт зангилааг тэр чигээр нь тусгаарлалтад авахад Солилцох тасгийн 38 ажилтнаас хоёр нь халдвар авсан нь батлагдаж, 18 хүн тусгаарлалтад орсон. Үүний улмаас Солилцох тасгийн зааварлагч машинч, зүтгүүрийн бригадууд, эмч, үйлчлэгч нар тусгаарлагдаж ажиллах хүчний хомсдолд орсон. Тухайн үед Эрдэнэт болон Дарханд тэг зогсолт зарласан учраас аль ч орон нутгийн Онцгой комисс томилолтоор ажилтан явуулахыг зөвшөөрөөгүй. Тиймээс машинч Ц.Бяхаржавыг зааварлагч машинчийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Ц.Бяхаржав үүргээ маш сайн биелүүлснийг онцолж хэлье.
Зүүнхараагийн амрах байранд манай бригадуудаас гадна Улаанбаатар татах хэсгийн бригадууд бас амардаг. Тиймээс тэдний хооронд харилцаа үүсгэхгүй байхаар амрах болон хооллох өрөөг тусад нь гаргаж, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. 
Мөн Дархан татах хэсгийн өдрийн найман цагаар болон конторын ажилчид, 0-12 насны хүүхэдтэй хүмүүсийг зайнаас ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн. ИТА болон санхүүгийн ажилтнуудыг хуваарь гаргаж ажлын байран дахь хүмүүсийн нягтралыг бууруулах, хүн хоорондын зайг баримтлахад онцгой анхаарч байлаа. Ийм зохион байгуулалтаар бид хүнд үеийг хамтын хүчээр амжилттай даван гарч чадсан. Мэдээж төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад бидний ард эмч, тогооч, Зорчигчийн вагон депогийн үйлчлэгч нар гээд маш олон хүн нэг баг болж ажилласан. Тэдний хичээл зүтгэл бидний ажилд маш их тус нэмэр болсон.
Энэ дашрамд, танай сониноор дамжуулан голомтын бүсэд бидэнтэй баг болж ажилласан төмөр замчдадаа “Баярлалаа” гэж хэлье. Мөн Замын захиргаа, Гамшгаас хамгаалах штабынхандаа хамт олныхоо өмнөөс баярласнаа уламжилъя.
-Дархан-Уул аймаг “ногоон бүс”-ээр зарлагдсан. Цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-Дархан-Уул аймаг ногоон бүсээр зарлагдсан ч гадны эрсдэл хэвээр шүү дээ. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг сулруулахгүйгээр ажиллаж байна. Ер нь, болзошгүй эрсдэлд бэлэн байх ёстой. Хамгаалалтын хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлсэн. Ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа. 
Энэ оны эхнээс Наушки-Сүхбаатарын хооронд зөөврийн галт тэргэнд манай зүтгүүрийн бригад болон зүтгүүр үйлчилж байгаа. ОХУ-д ковид-19-ийн халдварын тархалт өндөр байна. Тиймээс бид Сүхбаатарт зөөврийн бригадуудыг тусгаарлан ажиллуулах дэглэмээ барьж байгаа хэмээн ярилаа.
Тус хамт олны хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд ч аймаг орон нутагтаа манлайлалтай ажилладаг бололтой. Цар тахлын хүнд үед тус депогийн хамт олон Аймгийн Онцгой Комисст 2.235.000 төгрөг, 2500 ширхэг амны хаалтыг хандивласан байна. Мөн өнгөрсөн онд щефийн харилцаатай “Хэрэмхэн” цэцэрлэгт гурван сая төгрөгийн хандив өгч, хүүхдүүдийн сурах орчин нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулжээ. Энэ мэт тэдний санал санаачилга, амжилтыг дурдвал нэлээд зай эзлэх бололтой.Ололт амжилтыг нь тусад нь мэдээллэх учир сурвалжлагын ерөнхий сэдэвт эргэн оръё. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн ажиллаж байсан талаар цөөн ажилтны сэтгэгдлийг сонслоо. 

Эрсдлээс хамгаалах нөөцөө хангалттай бүрдүүлж байлаа
Татах хэсгийн ХАБЭА хариуцсан инженер Б.Батсайхан: 
-Коронавирусийн халдвар Дархан, Сүхбаатар, Эрдэнэт, Салхит өртөөнд бүртгэгдэж манай депогийн хэсэглэл эрсдэл маш өндөр болсон. 
Ажилчдын эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт байсан. Учир нь, зүтгүүр жолоодох, засварлах гэдэг маш нарийн мэргэжлийн ур чадвар шаардагдах ажил. Тэднийг орлуулах ажилтныг олох амаргүй. Нарийн мэргэжлийн мэргэшсэн, дадлага туршлагатай ажилтан гэдэг төмөр замын хамгийн “үнэт капитал” гэдэгтэй хэн ч маргахүй байх. Тиймээс, аюулгүй ажиллагааны бүхий л журам, дүрэм, горимыг сахиулж, эрсдлийг урьдчилан харж, үзлэг шалгалтыг тогтмол хийх, ээлжинд гарч байгаа ажилтнуудад хяналт тавих, зааварчилгааг чанартай өгч ажиллахад анхаарсан. Энэ чиглэлээр бид гурван төрлийн төлөвлөгөө гаргасан. Нэгдүгээрт, ажилтнуудыг коронавирусээс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч ажиллах, хоёрдугаарт, зүтгүүрийн бригадуудыг тусгаарлаж ажиллуулах, гуравдугаарт, халдвар хамгааллын хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөцийг хангалттай бүрдүүлэх төлөвлөгөө гаргаж ажилласан. Маш богино хугацаанд хариу арга хэмжээг авч ажилласнаар хүнд үеийг хохирол багатай даван гарлаа гэж бодож байна. 
Эрдэнэтийн эргэх депогоос хоёр, Сүхбаатар депогоос нэг ажилтан коронавирусийн халдвар авсан. Гэхдээ одоо гурван ажилтан эдгэрч ажилдаа эргэн ороод байна.
Дархан-Уул аймагт хөдөлгөөний “тэг” зогсолт хийсэн үед ажилчдыг зөөвөрлөх, ээлж солих үед хүндрэлтэй асуудлууд гарч байсан. Нэг удаа ээлжээ сольж чадахгүйд хүрч, тухайн ээлжийг дөрвөн цаг илүү ажиллуулсан тохиолдол гарч байсан. 
Гэхдээ УОК-оос тусгай зөвшөөрөл авч төмөр замын тээврийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулж байлаа.

Халдвар хамгааллын цахим зөвлөгөө өгч байна
Дархан татах хэсгийн үйлдвэрийн их эмч Б.Сувданцэцэг: 
-2020 оны нэгдүгээр сараас коронавирусийн халдвар өмнөд хөршид гарч, манайд хорио цээрийн дэглэм тогтоосон цагаас эхлээд коронавирусээс урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг эхэлж, ажилчдад эмчийн үзлэгээр орох болгонд нь зөвлөгөө, мэдээллийг өгч ирсэн. Мөн эмч нар төлөвлөгөө гарган, Дархан, Сүхбаатар, Эрдэнэт, Зүүнхараа салбаруудад өдөр бүр тогтмол ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Үүнд эмч нар хяналт тавьдаг. Мөн зүтгүүрийн бригадуудаас аялалд яваад ирэхэд нь асуумж авч, аялалд гарахад нь жавелионий уусмал бэлтгэн өгч, ямар ямар гадаргууг яаж ариутгах вэ гэдэг зааврыг хамт өгч ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийлгэж хэвшсэн. Ариутгалын бодисыг нь Эрдэнэт, Зүүнхараа зэрэг очсон газар бүрт нь цэнэглэдэг. Үүний үр дүнд зүтгүүрийн бригадууд ажиллах орчноо өөрсдөө халдваргүйжүүлдэг.
Би өөрөө зүтгүүрийн бригадуудад зориулж халдвар хамгааллын хувцсыг хэрхэн өмсөж, тайлах, гарыг яаж угаах, зүтгүүр доторх ариутгалыг хэрхэн хийх талаар видео зөвлөгөөг хийж, бригадууддаа үзүүлж байгаа. Засварчдын ажиллах орчин нөхцөл хүнд учир цех тасгийн өрөө тасалгаа бүрт гар ариутгах, угаах боломжтой. Эмч нар ариутгалын бодис, гарын шингэн савангийн савны цэнэглэлтийг өдөр бүр шалгаж цэнэглэж байна. Мөн бүх өрөө тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээг өөрсдөө, ариутгал халдваргүйтгэлийг эмч нар хийх хуваарийг гаргаж, хяналтын хуудсыг гарган хянаж байна. Энэ чиглэлээр үйлчлэгч нарт сургалт явуулсан. 
Халдвар хамгааллын дэглэмийг манай ажилтнууд ч маш сайн мөрддөг. Хүмүүсийн ухамсар дээшилж, бие биедээ хяналт, шаардлага тавьж сурч байна. 
Төмөр замчид бид үүрэг хүлээсэн хүмүүс
Ахлах жижүүр Г.Мөнхбат:
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед төмөр зам улс орны онц чухал стратегийн ачаа барааг тасралтгүй тээвэрлэлээ. Тэгэхээр төмөр замчид маш том ачаа үүрч, хариуцлагатай үүрэг хүлээсэн. Тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг, аюулгүй зохион байгуулах бол эн тэргүүний үүрэг байлаа. Түүний тулд төмөр замчид бид өөрсдөө эрүүл байх ёстой. Тэр ч утгаараа халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр хангаж, өндөр зохион байгуулалтад орж ажиллалаа. Ингэснээр төмөр замд гарсан голомтыг богино хугацаанд таслан зогсоож чадлаа шүү дээ. Зүтгүүрчдийн маань ар гэрийнхэн хүртэл төмөр замчдын үүрэг хариуцлагыг ойлгож хүлээцтэй хандсан. Ер нь, тусгаарлан ажиллуулах арга хэмжээ бол зүтгүүрийн бригадын аюулгүй байдлыг хангахаас гадна ар гэрийнхнийг нь давхар хамгаалахад чиглэгдсэн ажил байсан шүү. Хувь хүн хариуцлагатай байвал өөрийгөө болон хайртай бүхнээ хамгаалж чадна.
Цаг үеийн хүндрэл бэрхшээлийг сөрөн ачаа тээврийн түүхэн дээд амжилт тогтоож чадсан нь төмөр замчин бидний бахархал юм.

Деподоо тусгаарлагдаж ажилласан
Эрдэнэт солилцох тасгийн машинч Ц.Бяхаржав:
-Миний хувьд арваннэгдүгээр сарын 17-ны орой ажилд дуудагдаж, Дархан орчихоод 18-ны орой 20.00 цагт буцаад ирэхэд манайхан тусгаарлалтад орчихсон байсан. Гэртээ ч харьж амжилгүй шууд л зааварлагч машинчийн ажлыг орлон гүйцэтгэх үүрэг авсан.Тэгээд арванхоёрдугаар сарын 15-ны 08.00 цаг хүртэл депо дээрээ тусгаарлагдан ажил үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд зааварлагч машинчийг түр орлон ажиллахаас гадна түлш тосны эрхлэгч, эмчийн болон үйлчлэгчийн үүргийг гүйцэтгэж ариутгал халдваргүйтгэлийг хүртэл өөрөө хийж байлаа. Депогийн удирдлагаас байнга цахимаар заавар зөвлөгөө авч байсан учир хүндрэлтэй асуудал харьцангуй бага гарсан.
-Тухайн үед өөрт тань ямар бодол төрж байв. Айх сандрах зүйл гарсан уу?
-Надад итгэж энэ олон ажлыг даалгаж байхад чадахгүй, мэдэхгүй гэх эрх байгаагүй. Дараагийн ээлж иртэл ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй, ГТХАБ-ыг бүрэн хангаж, халдвар хамгааллын дэглэмийг сайн сахьж ажиллах ёстой шүү гэж хичээсэн. Түүнээс айх зүйл байгаагүй. 
Ихэнх ажилчид тусгаарлалтад орсон болохоор үлдсэн ажилтнууд маань дөрөв нь халаалганд гарч, бусад нь хоёр хоёроороо сэлгээнд гарч ажилласан. Ажилд гарч байгаа ажилчдынхаа халууныг хэмжиж, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийг нь тарааж өгнө. Мөн депогийнхоо өдөр тутмын ариутгал халдваргүйтгэлийг өөрөө гардан хийж байсан хэмээн машинч залуу даруухан өгүүллээ.

Харин дээрх сар шахмын хугацаанд түүнийг гэрт нь тав болон хоёр настай нялх үрс нь өвөө эмээтэйгээ бүлтийтэл хүлээж байсан гэнэ. Гэргий нь БНСУ-д хөл хорионд орчихсон Монгол руу ирэх нислэг хүлээсэн байгаа аж. Гэргий нь эзгүй ч гэнэтийн үүрэг даалгаврыг хүлээн авахдаа хадам аав, ээж хоёртоо хүүхдүүдээ даатгажээ. “Хүүхдүүд, хөгшид минь л эрүүл байгаа хойно болно доо. Хамгийн гол нь хариуцлага алдахгүй л ажиллах юм шүү гэж өөртөө хэлж, өдөр бүр хичээж байлаа” хэмээсэн билээ. Одоо ч түүний гэргий БНСУ-аас ирж амжаагүй л байгаа юм билээ. Энэ ганцхан жишээнээс “Төмөр замчин” гэдэг эрхэм алдар нэр ямар их үүрэг хариуцлагатай хамт ирдгийн бэлхнээ харж болно.

Сэтгэгдэл үлдээх