Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-09-16

Ахмад дайчин Н.Кампааны алдрыг мөнхжүүлэв

Улаанбаатар зүтгүүрийн депод ашиглаж байгаа ТЭМ18ДЭМ-3006 серийн сэлгээний илчит тэргийг Хувьсгалт тэмцлийн ахмад дайчин, анхны машинч нарын нэг Навааны Кампааны нэрэмжит болгох ёслол энэ сарын 9-нд боллоо. Ёслолын арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Базархандаев Амгалан Ринчинович тэргүүтэй төлөөлөгчид, Замын даргын зөвлөх Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш, Зүтгүүрийн аж ахуйн албаны засвар хариуцсан орлогч дарга Д.Түвшинбаяр нарын удирдлагууд, Цэргийн төв архивынхан, Улаанбаатар татах хэсгийн хамт олон болон Н.Кампаан агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцлоо. 
Энэ үеэр түүний охин К.Янжиндулам “Аав минь Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн. 16 настайдаа сайн дураараа цэргийн албанд мордож, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, гарамгай гавьяа байгуулсан хүн. Аав минь тулалдаж явахдаа морь хөтлөгчийнхөө хамтаар Японы армийн батальон цэргийг буун дуу гаргалгүй олзолж байсан агуу түүхийн эзэн. Ийм бахдам алдартай аавынхаа гавьяаг ирээдүй хойчийн залууст түгээн дэлгэрүүлэх хүслийг маань дэмжиж ажилласан УБТЗ ХНН-ийн хамт олонд халуун талархал илэрхийлье. Аав минь энхийн цагт Улаанбаатар депод 29 жил хөдөлмөр зүтгэлээ зориулж, туслах машинчаас ахлах машинч хүртэлх албан тушаалд ажилласан. Энэ хугацаандаа төлөвлөгөө нормоо ягштал биелүүлж, хамт олноо амжилт бүтээлээрээ үргэлж хошуучилдаг, ажилч хичээнгүй хүн байсныг хамт ажиллаж байсан нөхөд нь дурсдаг. Өнөөдөр аавын минь ажиллаж байсан хөдөлмөрийн талбарт сэтгэл зүтгэлээ зориулж яваа найман машинч залуугийн эзэмшдэг сэлгээний илчит тэрэг алдраар нь овоглох болсонд туйлын баяртай байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэв. 
Түүнчлэн, ёслолын хүрээнд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутгийн зөвлөлийн дарга УГЗ Т.Сэр-Од, Замын даргын зөвлөх Р.Раш нарын албаны хүмүүс баяр хүргэж үг хэллээ. Ийнхүү Улаанбаатар татах хэсгийн ашиглалтын нэгдүгээр цуваанд ажилладаг ТЭМ18ДЭМ-3006 серийн илчит тэргийг Хувьсгалт тэмцлийн ахмад дайчин,  “Хүндэт төмөр замчин” Н.Кампаан агсны нэрээр овоглож, өнөө цагийн машинч залуус бахдам гавьяатай эх орончийн үйл хэргийг хөдөлмөр бүтээлээрээ үргэлжлүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл үлдээх