Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-02-02

Засварын чанарт ахиц гарч, зурмагийн тасалдал буурчээ

Улаанбаатар татах хэсгийн Чанарын группийн хамт олон 2020 онд засварын чанарыг сайжруулах чиглэлээр нэлээд ажил төлөвлөн, хэрэгжүүлжээ. Тухайлбал,бүх серийн илчит тэрэгний засварт норм үнэлгээ хийх, засварын ажлын технологи, заавруудыг шинэчлэн боловсруулах, шинээр техник технологи нэвтрүүлэх, хуучин эд ангийг сэргээн засварлах, засварын технологийн хяналтын хуудсыг нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлсэн байна. Өнгөрсөн онд засварын ажлын заавар, технологийн карт шинэчилэх, боловсруулах олон ажил хийсний зэрэгцээ засварчны ажилд 57 удаа зураг авалт хийж, технологи болон бүх серийн илчит тэрэгний засварын норм үнэлгээг шинэчилсэн байна. 
Тус татах хэсгийнхэн татах цахилгаан хөдөлгүүрийн туйлын зүрхэвчийг туйлаас салгах төхөөрөмж, дизелийн поршенгийн хормойн гадаргууг сэргээх, хуваарилах голын дамжлагын редукторын арааны эргэлт хязгаарлагч төхөөрөмж, татах цахилгаан хөдөлгүүрийн якорийн гол сэргээн засварлах, сэрээгч генераторын гол шинээр зорох, контакторын цагираг солих, ЭД118, ЭД -133 маркийн татах цахилгаан хөдөлгүүрийн конус солих ажлыг хийжээ. Депогийн нөхцөлд цахилгаан машины их засвараар МВ-14 хөргөлтийн моторт их засвар хийх технологийн карт болон ороох дотоод схем зургийг гарган шинээр гурван ажлын байр бий болгож, мотор ороох их засвар хийж эхэлжээ. Өнгөрсөн онд МВ хөргөлтийн 97 моторт их засвар хийгээд байна. Энэ мэтчилэн технологийн болон сэргээн засах чиглэлээр маш олон ажлыг татах хэсэгтээ хийх болсноор эдийн засгийн ихээхэн үр дүн гарч байна.
Чанарын группийн 2020 онд хийсэн ажлын үр дүнд засварын чанарт мэдэгдэхүйц ахиц гарч, гологдол 24, дутагдал 57, зурмагийн тасалдал 150 нэгжээр тус тус буурчээ.

Сэтгэгдэл үлдээх