Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-10-07

Ирээдүйн төмөр замчныг бэлтгэх санамж бичиг байгуулав

Энэ хичээлийн жилээс төмөр замын ирээдүйн боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зорилгоор зарим ЕБС-д төмөр замын “Сонгон анги” нээгээд байгаа билээ. Тодруулбал, Дархан хотын 18 дугаар, Улаанбаатар хотод 20, 73 дугаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэг, Сайншанд хотын гуравдугаар сургуульд уг ангийг нээх бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Энэ ажлын хүрээнд сургууль тус бүрт нэг ангийг Замын захиргааны зардлаар Барилга ашиглалт үйлчилгээний ангиуд засварлаж /шал, тааз, хана, цонх/, төмөр замын үндсэн мэргэжлүүдийн танилцуулга, хичээлийн самбар, проектор, дэлгэц, гэрэлтүүлэг зэргээр тохижуулжээ. Замын даргын намрын үзлэгийн үеэр Дархан хотын 18 дугаар сургуулийн “Сонгон анги”-тай Замын дарга Д.Жигжиднямаа танилцаж, тус аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Боловсрол соёлын газрын дарга Б.Гантулга, сургуулийн захирал Н.Майцэцэг нартай уулзсан юм. Улмаар, аймгийн Засаг дарга С.Насанбаттай ирээдүйн төмөр замчдыг бэлтгэх зорилготой сонгон ангийг өргөжүүлэх, Дархан хотод хүүхдийн төмөр зам байгуулахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 18 дугаар сургуулийн X, XI, XII ангид одоогийн байдлаар төмөр замчин болох хүсэлтэй 48 хүүхэд бүртгүүлээд байгаа аж. Эдгээр ангийг төгссөн хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтаа онц өгвөл ОХУ руу В.Путины нэрэмжит тэтгэлгээр суралцах боломжтой. 
Мөн Төмөр замын дээд сургууль, наашлаад Политехникийн коллежид ч суралцаж болох юм.

Сэтгэгдэл үлдээх