Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-17

Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй

Замын даргын нэгдүгээр улирлын үзлэг энэ сарын 09-14-ний хооронд урд, хойд замд зэрэг явлаа. Урд хэсгийн комиссын бүрэлдэхүүнийг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч, Гамшгаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаяр ахалсан бөгөөд цар тахлын энэ үед төмөр замчид хөдөлгөөний аюулгүй байдал болон ХАБЭА-г бүрэн хангаж буй эсэхийг голчлон шалгаж, оны зорилтыг биелүүлж ажиллахыг очсон газар бүртээ сануулж явав. Үзлэгийн комисс цар тахлын дэгдэлтээс сэргийлэн ажил удирдагчид, ээлжийн жижүүр, зам, сумаа шалгуулах механикч, мастераас бусад төмөр замчидтай зайнаас харьцаж явлаа. Замын-Үүд зангилааны хувьд өргөн царигийн галт тэрэг солилцоо өмнөх оноос тодорхой хувиар буурч байгааг танилцууллаа. Харин нарийн царигийн галт тэрэг солилцоо оны эхний нэг, хоёрдугаар сараас буурсан үзүүлэлттэй байгаа ч өмнөх оны мөн үеэс өссөн дүнтэй байна. Энэ нь, БНХАУ-ын хилийн шалган дээр гурван замтай зөрлөг барьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нээс галт тэрэгний хөдөлгөөнд нээсэн нь нөлөөлжээ. Зангилааны дарга Н.Тэнгэсийн ярьснаар он гарсаар хувь хүний хүчин зүйлээс шалтгаалсан нэг дутагдал бүртгэгджээ. Замын орлогч дарга Ч.Цогтбаяр тус зангилааныханд гологдол, дутагдлаас урьдчилан сэргийлж, хариуцлагатай ажиллах үүрэг өглөө. Харин камержуулалтын асуудал өнгөрсөн намрын үзлэгээр яригдаж байсан бол өртөөний зүгээс Дохиолол холбооны III ангитай хамтран вокзалын 16 камерт гэмтлийн акт тогтоогоод байгаа аж. Мөн Замын-Үүд өртөөний хуучин барилга болон Замын-Үүд-2 өртөөний гадна фасадны засварын ажлыг энэ оны төлөвлөгөөнд оруулахаар санал өгсөн ч зөвхөн Замын-Үүд-2 өртөөнийх нь батлагджээ. Харин комиссын ахлагч Ч.Цогтбаяр “Нэгэн цагт Замын-Үүдийн нүүр царай болдог байсан энэ барилга одоо сум орон нутгийн өнгө үзэмжийг гундаахаар болжээ. Тиймээс энэ барилгыг засварлах хэрэгтэй. Өртөөн дээр, олны нүдэнд ил байдаг өвөрмөц загвартай барилга шүү” хэмээгээд засаж, өнгө үзэмжийг нь сэргээх талд анхаарахыг зөвлөлөө. Өнгөрсөн намар Замын-Үүд-2 өртөөнд 9, 10 дугаар замыг барьсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард зам, сум, дохио, тусгаарлагдсан хэсгүүдийг төвлөрүүлэлтэд холбож бие даасан галт тэрэгний хөдөлгөөнд ашиглаж эхэлжээ. Цаашид 8, 9, 10 дугаар замыг СИРДП-Е системд холбож, тэгш бэлчирт тэлээ сум шинээр тавин 1, 2, 3 дугаар замаар Логистикийн төв рүү орох боломжтой болгох, ашиглахгүй байгаа сэлгээний зургаан гэрлэн дохиог хураах зэрэг ажил төлөвлөжээ. 
Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн хувьд ачаалал ихтэй байгаа аж. . Тиймээс III талбайд вагон хуримтлалын зориулалтаар 633 метрийн ашигтай урттай гурван зам барихаар Зураг төслийн төв зургийг нь гаргасан байна. Мөн Логистикийн төвд шинээр зам барьсан бөгөөд 50 тоннын краны дугуй засварлах шаардлагатай байгаа тухай ч хөндлөө. Уг засварын ажлыг холбогдох хүмүүс нь удахгүй ирж хийх бололтой. 

Сайншанд татах хэсгийн ажил хангалтгүй байна
Сайншанд зангилааны хувьд цаашид шинэ төмөр замуудын бүтээн байгуулалттай холбоотой УБТЗ-ын хамгийн том өртөө болон өргөжих дүр зураг харагддаг. Тиймээс тус зангилаанд Замын захиргааныхан анхаарлаа хандуулж, өргөтгөл, бүтээн байгуулалтын ажил ч нэлээд хийхээр төлөвлөөд байгаа юм. Энэ талд зангилааны дарга С.Бямбасайхан гол анхаарлаа хандуулан ажиллаж буйгаа комиссын ахлагч Ч.Цогтбаярт танилцуулсан. Харин комиссын ахлагч “Татах хэсгийн ажил тааруу байгаа. Үүнд зангилааны дарга анхаарлаа хандуулж ажилла” гэсэн үүргийг өгөв. Учир нь, Сайншанд татах хэсэг он гарсаар эхний хоёр сард 11 дутагдал, 36 зурмагийн тасалдал, мөн хориглосон заалттай дохио өнгөрсөн, хөдлөх бүрэлдэхүүн мөргөж замаас гаргасан, сум зүссэн зэрэг гурван гологдолтой байгаа ажээ. Гарсан гологдлын талаар видео анимейшн хийж Ашиглалтын цехийн ажилчдын хаалттай группт байршуулж нийт зүтгүүрийн бригадад танилцуулжээ. Улмаар, Айраг эргэх депогийн зааварлагч машинчийг шинээр томилсон байна. Шинээр томилогдсон зааварлагч машинч ажил хүлээж авсаар хийх ажлын төлөвлөгөө гаргаагүй, татах хэсгийн ерөнхий төлөвлөгөөг харуулж байлаа. Үүнийг комиссынхон “Хангалтгүй ажиллаж байна, аж ахуй удирдаж буй хүний хувьд төлөвлөгөө гарга” гэсэн үүрэг өгч “Татах хэсгийн удирдлагууд шинэ хүнээ удирдах арга барилд сайн суралцуул, зааж зөвлө” гэлээ. Цуваа хариуцсан зааварлагч машинч нар нь машинч, туслах машинч нарын эрсдлийн үнэлгээг гарган ажиллаж байгаа ч эрсдлийг бууруулах арга хэмжээ авах талд дутмаг байгаа аж. Тиймээс ирэх сард мэргэжлийн байгууллагатай хамтарч сургалт зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөжээ. 
Түүнчлэн, зүтгүүрийн бригадын сэтгэл санааны байдлаас шалтгаалан гарч байгаа дутагдлыг бууруулах чиглэлээр цуваа хариуцсан зааварлагч машинч болон ахлах жижүүр уялдаа холбоотой ажиллаж байгааг татах хэсгийн дарга Б.Мөнх-Оргил хэлэв. Тодруулбал, ар гэрийн болон сэтгэл санааны асуудалтай байгаа машинч, туслах машинч нарыг ганцаарчлан авч уулзаж байгаа гэнэ. Ингэхдээ цаашид мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран ажиллаж, удирдах ажилтан болон ИТА нарт мэргэжлийн сургалт “Хүнтэй харьцах, удирдах” чадварыг эзэмшүүлэхээр төлөвлөжээ.

Чойр хэсэглэл тээврийн орлогыг нэмэгдүүлэв
Чойр зангилаа он гарсаар ГТХАБ-ыг хангах чиглэлээр гологдол, дутагдал, осолгүй ажиллаж байгаа аж. Хэсэглэлийн хэмжээнд Шивээ-Овоо, Олон-Овоо, Айраг, Бор-Өндөр зэрэг ачилтын олон өртөө бий. Оны эхний хоёр сарын байдлаар хэсэглэлийн тээврийн нийт орлого 16 тэрбум 292 сая 727 мянга 550 төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс хоёр тэрбум 122 сая 359 мянга 760 төгрөгөөр давуулсан үзүүлэлт ажээ. Харин хөдөлмөрийн бүтээмжийг оны нэгдүгээр сарын байдлаар 348 вагонд хүргэж 48 вагоноор нэмэгдүүлж, өөрийн өртөгийг 960 төгрөгөөр хэмнэж, үйлдвэрийн бус орлогын төлөвлөгөөг 100.1 хувиар биелүүлсэн байна. Дохиолол холбооны III ангийн хувьд 15 ажилтан дутуу, ажлын байранд шинэ ажилтан авахдаа Хүний нөөцийн албатай зөвшилцөж авна гэсэн цахилгааны дагуу саналаа өгсөн ч зөвшөөрлийг олгохгүй байгаа талаар ангийн дарга С.Түмэнбаяр хэлж байлаа. Ер нь, хаана ч очсон хөдөлгөөнчид, холбоочид тогтвор суурьшилгүй байгааг онцолж байсан юм. УБТЗ-д цөөнгүй жил ажилласан инженер, техникийн ажилтнууд шинэ төмөр замын компаниуд руу явах нь ихэссэн байна. Тиймээс аж ахуйн нэгжийн дарга нар “Шинэ хүмүүсээ авч эртхэн сургахгүй бол хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учирч мэдэхээр байна” гэцгээж байлаа. Харин замчдын хувьд замын арчилгаа сайн байлаа.
Ийнхүү Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяраар ахлуулсан үзлэгийн комисс цар тахлын энэ үед халдвар хамгааллын өндөр дэглэм дор үзлэгээ хийгээд ирлээ.

Сэтгэгдэл үлдээх