Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-10-14

“Манлай дуучин-2020” тэмцээн болно

Монгол-Оросын найрамдлын сарын аян энэ өдрүүдэд өрнөж байна. Энэхүү аяны хүрээнд Замын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Хүрэлбаатар, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа нарын хамтарсан цахилгаан гарлаа. Төмөр замчдыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд туслах, шинэ залуу төмөр замчдын авьяас чадварыг нээн илрүүлж, олон нийтэд сурталчлан таниулах, цар тахлын үед ажилтнуудын сэтгэл санааг дэмжихэд гол зорилго нь чиглэсэн дээрх цахилгааны дагуу “Манлай дуучин-2020” тэмцээнийг нийт төмөр замчдын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээнийг орос, монгол дууны төрлөөр бүсчилсэн байдлаар гурван үе шаттай зохион байгуулах юм. Тэмцээнд оролцох хүсэлтэй төмөр замчин энэ сарын 20-нд багтаан “Төмөр зам соёл урлаг, спортын төв” цахим хуудсаар дамжуулан бүтээлээ ирүүлэх аж. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг Хойд бүс энэ сарын 26, 27-нд Зүүнхараа зангилааны соёлын төвд, Урд бүс 29, 30-нд Сайншанд зангилааны соёлын төвд, Төвийн бүс арваннэгдүгээр сарын 2,3-нд СУСТ-ийн Соёлын ордонд тус тус зохион байгуулна. Ингээд нэгдсэн шалгаруулалт арваннэгдүгээр сарын 8, 9-нд болж түүнээс шалгарсан шилдэг найман уран бүтээлч мөн сарын 10-нд болох Гала тоглолтод оролцоно. Мөн гала тоглолтод “Манлай дуучин-2015”  тэмцээний гранпри шагналтан урилгаар оролцоно. Дашрамд дурдахад энэхүү тэмцээнд шилдгийн шилдгээр шалгарсан нэг уран бүтээлч “Манлай дуучин 2020” цомын эзэн болж, нэг сая төгрөгийн шагнал хүртэнэ. Мөн төрөл тус бүрээс эхний гурван байрыг шалгаруулах бөгөөд нэгдүгээр байр 500.000, дэд байр 300.000, гутгаар байр 200.000 төгрөгийн шагналтай.

Сэтгэгдэл үлдээх