Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-12-16

Чулуун заводынхон төлөвлөгөөгөө хугацаанаас нь өмнө биелүүлжээ

Чулуун заводын Н.Отгонбаатар даргатай хамт олон энэ сарын 10-ны байдлаар щебень үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 113, шебур үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 121, үерийн чулууны үйлдвэрлэлийг 136 хувиар буюу гол нэрийн бүтээгдэхүүний төлөвлөгөөг 118 хувиар биелүүлээд байна. Энэ нь, 2019 оны гол нэрийн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлтэй харьцуулбал 152 хувийн гүйцэтгэл юм. Энэ онд тус завод замын их засварт 95708, дунд засварт 16117, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 54651 шоо метр щебенийг тус тус нийлүүлсэн байна. Мөн Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэрт 5-10, 10-20-ийн шебурийг 14244, Замын ангиуд болон барилгын ангиудад нийт 22074 шоометр шебурийг нийлүүлжээ. Түүнчлэн, 53821 шоо метр отход нийлүүлэв. 
Түүнээс гадна замын урд хэсэгт болсон үерийн үеэр 4080 шоо метр үерийн чулууны нөөц бүрдүүлж өгчээ. Мөн төмөр замын бус байгууллагад 3700 орчим шоометршебурийг борлуулсан аж. Чулуун завод нь оны эхний есөн сард буюу гуравдугаар улирлын балансаар 5.8 тэрбум гаруй төгрөгийн орлого олж, 804 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ нь орлогын төлөвлөгөөг 109.3, ашгийн төлөвлөгөөг 202 хувиар биелүүлсэн үзүүлэлт юм. Заводын хамт олон замын их болон дунд засвар, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шаардлагатай щебениэр хангахын тулд тавдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл ажлын зургаан өдөр, хоёр ээлжээр (нэг ээлж 12 цагаар) хоногийн 24 цаг үйлдвэрлэл явуулж байжээ. Харин арваннэгдүгээр сарын 1-нээс ажлын таван өдрөөр хоёр ээлжээр (нэг ээлж найман цагаар) хоногийн 16 цаг ажиллаж байна. Хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа ч тус хамт олон өвлийн турш үйлдвэрлэлээ тасралтгүй явуулахаар зорьж байна.

Ийнхүү үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахын тулд ямар арга хэмжээ авч байгааг Чулуун заводын дарга Н.Отгонбаатараас тодрууллаа.
-Энэ өвөл хүйтний эрч өмнөх жилүүдээс чангарч байх шиг. Чулуун заводын үйлдвэрлэлд цаг уурын нөхцөл нөлөөлж байна уу?
-Ойрын өдрүүдэд манай энд шөнөдөө -26 -30, өдөртөө -15 -19 хэм хүрч хүйтэрч байна. Мөн Дорноговь аймгийн нийт нутгаар цас нэлээд унасан. 6-9 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтсон. Хэрэв нэмж цас орвол зудын байдалд хүрч болзошгүй байна. Хүйтний эрч чангарч байгаагаас ажил эхлэх цаг хойшлох нөхцөл гарч байна. Гэхдээ бид өвлийн бэлтгэлээ чамгүй базаасны хүчинд одоогоор хүндрэл бага, харьцангуй гайгүй. Дизель түлшээр ажилладаг машин механизмуудад халуун тогоо, бүхээг халаах төхөөрөмж тавих зэргээр тоног төхөөрөмжийн ажилд гарах хугацааг аль болох наашлуулж байна.
Хүйтний улирлыг хүндрэл багатай даван туулахын тулд ажилчдын байрыг цахилгаан халаагуур болон шалны халаалтаар халаах, дулаалга хийх ажлыг өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийсэн. Үүний дүнд ажилчид өвлийг өнөтэй давах нөхцөл бүрдсэн. Замын захиргаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажилчдадаа ажлын байранд нь халуун аарц, чацаргана тогтмол өгч байна. 
-Танай хамт олон энэ онд өнгөрсөн оноос бараг хагас жилийн ажил илүү хийжээ. Хөдөлмөрийн бүтээмжээ хэрхэн өсгөв?
-Бидний амжилтад Замын захиргааны бүх талын туслалцаа дэмжлэг, хөрөнгө оруулалт их нөлөөлсөн.
Замын 2020 оны их засварын төлөвлөгөөнд орсон 343 сая төгрөгийн 11 ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ бид 326 сая төгрөгт багтаан бүх ажлаа хийсэн. Мөн Замын хөрөнгө оруулалтаар экскаватор, авто ачигч авч өгч, Олон-Овоо-2 ордыг өөрийн эзэмшилд авсан нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд нөлөөллөө. Олон-Овоо-2 ордын өрөмдлөг, тэсэлгээний ажлыг дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлж, уулын цул бэлтгэн нийлүүлж эхэлсэн. Уг орд дээр “МЕRA” ХХК-тай хамтарч өрөмдлөг тэсэлгээний ажлыг хамгийн сүүлийн үеийн технологиор хийх болсноор тэсэлгээний материалын зардлыг 50 хувиар бууруулж чадсан. Энэ хүрээнд тэсэлгээний паспортыг “МERA” ХХК-ийн ИТА-нуудтай, манай ИТА-нууд хамтарч шинээр боловсруулсан. Энэ ажил манай эдийн засгийн үзүүлэлтэд сайнаар нөлөөлж байна. 
Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх хүрээнд Замын аж ахуйн албатай хамтран 5-8 дугаар сард өндөр бүтээлийн уралдаан зарлан Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад 54651 шоометр щебенийг хугацаанд нь нийлүүлж чадсан. Мөн хоёр дахь өндөр бүтээлийн уралдааныг 9-11 дугаар сард зарлаж замын их засварын захиалгыг амжилттай нийлүүлсэн. Эдгээр уралдаан нь ажилчдын идэвх санаачилгыг өрнүүлэхэд хөшүүрэг болж, ХАБЭА-г сахьж ажиллахад онцгой түлхэц үзүүлсэн. Оны эхнээс ХАБЭА-н осол, зөрчилгүй ажиллаж байна. Мөн экскаваторчин Б.Баясгалан, жолооч Д.Батцоож, мөн миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар энгэрээ мялааж, Замын даргын тушаалаар “Төмөр замчны алдар” тэмдгээр жолооч Ч.Сэргэлэнцогт, бичиг хэрэг Н.Оюунтунгалаг нар, “Тэргүүний төмөр замчин”, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр ч олон ажилтан шагнууллаа. Эдгээр шагнал бидэнд их урам өгснөөс гадна итгэл найдвар хүлээлгэж байгаа хэрэг гэж ойлгосон. Тиймээс манай хамт олон төлөвлөгөөт зорилтоо хугацаанаас нь өмнө биелүүлж, оны үлдсэн өдрүүдэд амжилтаа зузаатгахаар эрч хүч дүүрэн ажиллаж байна. 
-Ковид-19-ийн халдвар дотоодод гарч улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Коронавирусийн халдвар урд хөршид гарч, манай улсад хорио цээрийн дэглэм зарласан үеэс л орон нутгийн болон төмөр замын Төв эмнэлгийнхэнтэй нягт уялдаатай ажиллаж байна. 2020 онд Замын аж ахуйн албаны харьяа аж ахуйн нэгжүүдэд тараах заавар зөвлөмжийг “Ган зам” пресс төвөөр хэвлүүлэн тараасан. Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ч сургалт сурталчилгааны материалыг өгсөн. Мөн коронавирусийн халдвар хамгааллын дэглэм сахиулах хүрээнд орон нутгийн засаг захиргаатай хамтран дөрвөн постод хүн хүч, машин техникийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байсан. Дотоодын халдвар гарсантай холбогдуулан улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Дорноговь аймгийн хэмжээнд хөдөлгөөний “0” зогсолт зарласан хугацаанд ч сум орон нутгийн Онцгой байдлын комисстой хамтран ажиллахдаа хүн хүч машин техник зэрэг бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлж байна гэв. 

Сэтгэгдэл үлдээх