Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-19

Бүтэн сэтгэлтэй, бүлээн нөмөртэй явсан даа

Сэтгэл нэг л будангуй, мөнх бусын өмнө ямар ч өчүүхэн юм бэ дээ, хүмүүн бид. Нэгэн сайхан анд минь бурханы оронд “Хэрэг болоод” ертөнцийн амьдралаас буцчихлаа. 
Инээж уулздаг анд минь
Их холын аяндаа буцчихаж
Номхон гэгээн төрх нь 
Номын агаарт шингэчихэж.
Төмөр замын худалдааны салбарын ноён нуруу болж явсан Чимиддоржийн Өнөрбилэг хэмээх гэрэлт анд маань дүрст биеэн хувилган, дурсахуйн шаргал хуудсыг нээж орхиод, тэнгэрийн орноо буцав. Худалдааныхан дундаа “Өнөрөө дарга” хэмээн “авгайлагдсан” анд минь ажлын төлөө зүтгэж, түмэнд хүндлэгдсэн хүн байсан юм. Олоон жилийн өмнөсөн. Монгол Улсад интернэт гэдэг урд хожид дуулдаагүй зүйлийг анх “Датаком” компани сансараас багахан хурдаар хүлээн авч хэрэглэж байв. Харин 
1990-ээд оны сүүлчээр УБТЗ-ын шилэн кабелийн сүлжээ ашиглалтад орон, интернэт энгийн хэрэглээ болон дэлгэрч, мэдээлэл технологи, холбоо харилцааны хурд Олон улсын түвшинд хүрсэн үе л дээ. Анхлан нэвтэрч буй шинэ технологийг худалдаа үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилтыг тухайн үеийн Замын удирдлагууд санаачлан хэрэгжүүлж, “Датаком” компанид ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн Ч.Өнөрбилэгийг урьж ажиллуулснаар Интернэт худалдааны “Нэтэкс” төв байгуулагдан төмөр замчдын хэрэгцээ шаардлагыг интернэт худалдаагаар хангаж эхэлсэн билээ. Энэ үйл явцыг сурвалжлах үүргийг “Ган зам” сонины эрхлэгч, нэрт сэтгүүлч агсан Ж.Нямдашаас аван тус төвийн дарга Ч.Өнөрбилэг гэдэг шалмаг гавшгай, ажил хэрэгч эрхэмтэй танилцаж байлаа. Энэ цаг мөчөөс хойш бидэн хоёрын дунд ажил хэрэг болон анд нөхрийн алтан хэлхээ бий болсон доо. Анд минь үнэнхүү ажлын төлөө төрсөн гэмээр хичээнгүй, нөхөрлөхөд Богд хан уул мэт нөмөртэй, сэтгэлийн гэрэлтэй хүмүүн юмсан. Тухайн үед интернэт худалдаа гэдэг маш шинэ сонин зүйлсийн нэг байлаа. Интернэт сүлжээ ашиглан хэрэгцээт бараагаа сонгон, дэлгүүрээс нь хүргэлтээр хүлээн авах нь зарим хэрэглэгчдийн хувьд бүтэшгүй зүйл гэж хэлэгдэхэд ч хүрч байсан цаг бий. Мөн “Коммунизм”-д хүрэх үед хүний бүх хэрэгцээ нэг кноп дараад хангагдах боломжтой болох юм гэсэн, тэр нь биш биз дээ гэсэн егөөдөл ч сонсогдож байв. Бүтэхгүй, болхгүйн энэ давааг Өнөрөөгийн минь өндөр боловсрол, ур чадвар, өвөрмөц маркетинг, ажилч хичээнгүй чанар, худалдаачин хүний арга ухаан “Нэтэкс” төвийг “Хэрэглэгчдийн найдвартай түнш”-ийн хэмжээнд хүргэсэн гавьяатай. “Ган зам” сонины сурталчилгааны нүүрийг “Нэтэкс” төвийн реклам дөрвөн жил гаруй хугацаанд тасралтгүй чимж байсан даа. Одоогоос 20 шахам жилийн өмнөх түүх л дээ. Үүний дараа ч Өнөрөө маань төмөр замын худалдааны салбарт хүндтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй явсан. Замын-Үүдийн “Жинчин”, Сайншанд, Зүүнхараа, Дархан худалдааны төвүүдийг удирдан, шугам замын төмөр замчдын хэрэгцээ шаардлагын төлөө сэтгэл зүрхээ чилээж, чанартай бараа бүтээгдэхүүнээр цаг тухайд хангах амаргүй албанд олон жил хичээнгүй зүтгэлээ зориулсан хүн. Төмөр замын нөр ажлыг залгуулж яваа замчдынхаа амь амьжиргааг тасалчихгүйг хичээн, өдөр шөнө, нойр хоолоо умартан зүтгэж явсныг олон түмэн мэднэ дээ. Хаана ч очсон хамт олондоо хүндлэгдсэн, хээ шаагүйхэн, хэнийг ч алагчлахгүй, дээшээ доошоо 15 насанд эр хүний жудаг зааж нөхөрлөдөг ховорхон мөс чанартай хүн байсан даа, миний анд. Жолоочоо амрах үед дэлгүүрийнхээ барааг ачигч нартайгаа хамт ачилцчихаад, өөрөө машинаа барин Салхит зангилаанд хүргэх гэж явахад нь таарч л байлаа. Хамт олноо их дээдэлнэ, манай энэ худалдагчийг сурвалжлаад өгөөрэй, тэр дэлгүүрийнхэнг зургийг нь сонинд тавиад өгөөрэй л гэнэ. Харин өөрийнх нь тухай бичье гэвэл шууд цааргалаад, “Энэ хэд маань төмөр замын худалдааг авч явна шүү дээ” хэмээн учирлана. Замын даргын үзлэгээр Өнөрөөгийн удирдсан төвийнхөн ямагт “дээгүүр” үнэлгээ авна. Тэр дороо л надад хамт олныхоо зургийг авахуулна, сонинд гаргуулна гээд “үүрэгдэнэ”. Нэгэн үе Худалдааны албаныхаа орон тооны ҮЭ-ийн хороон даргын албыг хашин “гялалзаж” явсан. Хамт олон нь өөрсдийнхөө хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалж чадна гэдэгт итгэж байсных даа. Тэр чадсаан. Шугам замд ажилладаг хүмүүсийнхээ нийгмийн баталгааг хангахын төлөө чадах бүхнээ л хийсэн. Хүний эвийг олдог, хүний төлөө сэтгэлтэй, нөхөрсөг элгэмсүү, бусдад үлгэрлэн манлайлагч, тийм нэг зөөлөн араншинтэй гэгээн хүмүүн байсан гэдгийг өнөөдөр хамтран ажиллагсад нь нулимстай дурсаж суугаа даа. Ийм хүмүүн их ховор төрдөг болоод бурханы оронд хэрэгтэй болж дээ, миний анд. Он жилийн шаргал харгуйд нөхөрлөлийн алтан шанг татан бэдэрч явсан бидэн хоёр олон л зүйлсийг хамтдаа бүтээсэн. Худалдааны албаны 60 жилийн ойн номыг бичихэд Замын хойд хэсгээр албаны орлогч дарга Д.Батхуяг, зохиолч, сэтгүүлч Н.Бадамжав нарын хамт аялж, түүхийн алаг жимийг тодруулалцан, анх тэртээд “Ажилчны хэрэгцээ хангах газар” нэртэй байгуулагдсан албаныхаа түүхийн хуудсыг үнэн зөвөөр гаргахад их л хичээн зүтгэж билээ. Хоёул “Баянбуурал” амралтад Худалдааны албаны “АХА” тэмцээнийг зохион, Монголын Үндэсний Телевизээр цацуулан их л хөөр хөгжөөн болон “бадарч” л явлаа. Тэгэхэд тэмцээнд оролцсон нэг жаахан худалдагч охин, хөтлөгчийн “Зүр гур хоёрын дундаас юу гардаг вэ? гэсэн асуултад “гөлчгий” гэж хариулан олны инээдэм болж, сүүлдээ нөгөө охин маань бид хоёрт “Энэ хэсгийг хасуулаад өгөөч. Аав ээж минь үзээд, ийм тэнэг охин төрүүлж хэмээн гомдоно” гэж уйлаад бөөн юм болсон доо. Нэгэнт хийгдсэн нэвтрүүлгээс хасаж болдоггүй гэж хэчнээн учирлаад, аргаа барахдаа Өнөрөө маань “нэг шил юм” барин нэвтрүүлгийн найруулагч н.Баяраас /Одоогийн “Мөнгөтэй зочин” нэвтрүүлгийн санаачлагч/ ихэд хичээнгүйлэн гуйж, “Хүнтэй суух гэж байгаа юм, хөөрхий, нэр хүндэд нь халтай” хэмээн ятгаж, итгүүлсний эцэст арайхийн хасуулж билээ. Ийм л хүний төлөө гэсэн бүтэн сэтгэлтэй, бүлээн нөмөртэй явсан хүн дээ. Сайншандын вокзал дээр согтуу жолоочийн машинд мөргүүлчихсөн мөртлөө намайг хориглон “эрчүүдийн яриагаар” асуудлыг дор нь шийдэж, залуу насны минь ааг омгийг зөөллөн, “хөглөж л явлаа даа” бидэн хоёр. Хөх хотод намайг хүнд мэс засалд ороход тэнд сурдаг оюутан хүүгээрээ өдөр болгон эргүүлж, өөрөө утсаар ярьж “Юу хэрэгтэй байна” гэдэгсэн. Бидэн хоёрын нөхөрлөл бол хөгжилтэй, баяр баясалтай, бие биенээ дэмжсэн, түшсэн, ухаарал хайрласан гэгээн гэрэлт дурсамж болон үлдэж дээ. Гэр бүлийнх нь хүн их сургуулийн багш. Ухаалаг сайхан бүсгүй бий. Гурван сайхан хүүхэдтэй. Хэд хэдэн ач зээтэй болсон. Тэдэндээ харин ч “амиа тавина” даа. Өнөрөө маань олон сайхан найз нөхөдтэй. Яруу найрагч Л.Ганзул агсантай их дотно. Зулынхаа шүлгэнд уярчихсан дундаа “нэг юмтай” сууж л байх. Яруу найрагт хачин дуртай сан. Нэгэн удаа Сүхбаатар аймагт бэрээ гуйхаар очихдоо худ ургийнхандаа “Манай найз нар том яруу найрагчид байдаг” хэмээн “онгирч” л дээ. Л.Ганзул бид хоёр худуудад нь утсаар цаг шахам шүлэг уншиж “тэр том албыг” давж байв. Манай “Ган зам” пресс төвийнхний бүгдийнх нь найз гэхэд хилсдэхгүй. Нөгөөдүүл нь Өнөрөө ах гээд тун чиг сайн. Хэдэн сурвалжлагчаа томилолтоор явуулахдаа “Өнөрөөтэй газар” /Ч.Өнөрбилэгийн ажиллаж байгаа зангилаанд/ бол хоол унд, байр, буудалд санаа зовохгүй дээ. Эд маань ч гэртээ байгаа юм шиг Өнөрөөгийнд байх. Өнөрөөтэй шугам замаар хамт явахад хаана ч дайллага, цайллага тасрахгүй. Зарим нь ирээд уулзсангүй, ярьсангүй хэмээн тунирхлын үг дайна. “Энэ маань ч ийм мундаг хүн, тэр маань ч тийм сайхан хүн, Зориг чи бичнэ шүү” гэнэ дээ. Тэр олон сайхан хүнийг нь бичиж амжаагүй ч, сэтгэлийг нь таньж чадсаан, чинийхээ. Нэг удаа өөрийнх нь хүсэлтээр Албаных нь “АСТ”- ны үгийг бичихдээ: 
“Галт тэрэгтэй Худалдааны бурхан
Ган замаар довтолгож явна
Ажилчин түмнийхээ хэрэгцээг хангахаар 
Амсхийх завгүй яарч явна” хэмээн нэлээн урт сунжруу шүлгэрхүү юм хэлхээд өгсөнд ихэд баярлан “ Нээрэн ч манайхан галт тэрэгтэй худалдааны бурхан даа” хэмээн энд тэнд уулзахдаа үргэлж хэлэх дуртай үгийнх нэг болсон доо. Би ч найзыгаа “Худалдааны бурхан” гэж бодож явлаа. Тэгж ч бодохоор бурханлиг хүмүүн. Хүн явахын учрыг үргэлж сануулж, хатууг зөөллөж, бурууг засаж, зөвийг дээдэлж, бусдад гэрэл гэгээ цацаж явсан анд минь хошин шогийн мэдрэмж их өндөртэй. Зохиолч, сэтгүүлч Л.Сэнгээ гуай “ Төмөр замчдын хачиртай хөрөг” хэмээх уран элэглэлийн номондоо:
“Умард Америкаас эрдэм сурав, дэвшсэнгүй
Урд хилээс эд бараа суйлав, баяжсангүй
Вагон хөлөглөж наймаанд шогшив, хөлжсөнгүй
Ногоон хармаалж саятан болохыг хүсэв, амжсангүй
Нас буянаа тогтоож, намба суухын цагт харин 
Нарлаг Зүүнхараа минийх болох нээ” хэмээн бичсэнд тун чиг дуртай сан. Заримдаа, хамтдаа суухдаа “Миний тухай элэглэлийг унш даа” гэнэ. Би ч маяг донж оруулан уншихад баяртай нь аргагүй сэтгэлийн таашаал эдлэнхэн суудагсан. Өөрөө бичдэггүй л болохоос үгийн, яруу найргийн торгон мэдрэмжтэй хүн байсан шүү. Оросод дээд боловсрол эзэмшиж, Америкийн Сан-Франциско хотод номын дуу сонсон “эрдмээ зузаалж” асан тэрбээр төмөр замын төлөөлөгчөөр Эрээн хотод ажиллан вагон хөлөглөн эд бараа зөөж, Жинчин, Сайншанд, Зүүнхараа, Дархан худалдааны төвүүдийг удирдан төмөр замынхаа төлөө сэтгэл буруугүй зүтгэж явахдаа өөрийн ашиг сонирхлыг хэзээ ч дээгүүр тавьж байгаагүй гэдгийг мэдэх хүний хувьд би ам бардам хаана ч хэлнэ. Хүнлэг, нөхөрсөг, өр зөөлөн, гэгээн төрхөө сэтгэлд үлдээгээд, дурсамжийн цэнхэр хэвнэг нөмрүүлэн тэнгэрийн оронд буцлаа даа, эрхэм анд минь.
Мөнх бусын утгыг сануулан буцсан найз минь
Мөнхрөлийн гэгээн хутгийг олох болтугай.
Сэтгүүлч, яруу найрагч Өлзийбүрэнгийн Батзориг

Сэтгэгдэл үлдээх