Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-10-14

Д.Түвшинбаяр: Хэмнэлттэй үйлдвэрлэлийн гол зарчим нь алдагдлыг тодорхойлж, шалтгааныг илрүүлэн арилгах

-Зүтгүүрийн аж ахуйн алба ачаа болон суудлын хөдөлгөөнд хоногт 64-өөс илүү зүтгүүрээр тээвэрт үйлчилж байна. Тээврийн хэмжээ нэмэгдсэн энэ цаг үед хоногт ажиллах зүтгүүрийн паркийг ийм өндөр хэмжээнд барих амаргүй байж таарна. Ямар хүндрэлүүд гарч байна вэ? 
-Цаг үеэ оносон тун зүйтэй асуулт. Тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах гол үүргийг Зүтгүүрийн аж ахуйн алба хүлээдгийг та юу эс андах вэ. Өнөөдрийн байдлаар бид ачааны хөдөлгөөнд хоногт 54 зүтгүүрээр үйлчилж байна. Зорчигчийнхтойгоо 64. Гол хүндрэлтэй асуудал нь, засварын гүйлт хэтэрсэн тэрэгнүүд нэмэгдэх хандлагатай боллоо. Хугацаат засварт орох ёстой тэрэгнүүд хугацаандаа орж чадахгүйгээс болж гэмтэх, саатахаас гадна засварт зогссон хойно нь нэмэгдэл олон ажил хийх шаардлагатай болдог. Үүний улмаас засварын зогсолтын хугацаа нь уртассан. Энэ бол техникийн хувьд тохиолдож байгаа хүндрэл. Нөгөө талд нь бид засварчдаа орхигдуулж болохгүй. Яагаад гэхээр ачааны паркийг 54-өөр барихын тулд засварчдаа маш их шахаж ажиллах шаардлага гарч байна. Хүн хүч хүрэлцэхгүй үед амарч байгаа ээлжээ дуудаж илүү цагаар ажиллуулах асуудал энэ гурван татах хэсэгт ердийн үзэгдэл болсон. Үнэндээ, гүйлт хэтэрсэн, томоохон эвдрэл гэмтэл гарсан тэргийг хугацаанд нь гаргахын тулд хүний хүчээр л “зодож” байна шүү дээ.
-Таны ярианаас харахад гүйлт хэтэрсэн илчит тэрэгнүүд нэг өдөр нам зогсвол яах вэ гэдэгт санаа зовж байна шүү. Өнөө тээврийн тасралтгүй ажиллагааг тасалдуулах хамгийн өндөр эрсдэл энэ юм биш үү? 
-Бас ч бүх юмыг гүйлттэй холбож болохгүй. Засварын чанартай холбоотой асуудал ч бий. Аливаад ямар хүчин зүйлээс болов гэсэн шинжилгээ, дүн анализ хийх чухал. Эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд алба юу хийж байна вэ гэвэл, манайх долоо хоногт хоёр удаа гурван татах хэсгийнхээ илчит тэрэгнүүдийн гүйлтийг хянадаг. Гүйлтийнх нь хэмжээнд үндэслээд ямар тэрэг салгах вэ гэдгийг долоо хоногоор төлөвлөчихдөг. Харамсалтай нь, засварт салгасан тэргийг бүрэн гарсан хойно л дараагийн тэргийг салгахгүй бол парк унах эрсдэлтэй. Замын захиргаа, Зүтгүүрийн аж ахуйн албаны хувьд гүйлттэй илчит тэрэгнүүдийн гүйлтийг дарахын тулд ОХУ-аас хоёр тэрэг нэмж түрээсээр аваад ашиглаж байгаа. Гэхдээ бас санасанд хүрэхгүй л байна. Надад байгаа мэдээллээр ахиад нэг тэрэг нэмж түрээслэхээр яригдаж байгаа юм билээ. Түрээсийн илчит тэргээр гүйлтээ дарж болно л доо. Нэг эрсдэл бий. Өнөөдөр түрээсээр өгч байгаа тэрэгнүүд өөрөө техникийн байдал маш тааруу. Нууцгүй хэлэхэд, ОХУ-аас түрээсээр ашиглаж байгаа илчит тэрэгнүүдийн техникийн байдлыг манай засварчид л сайжруулдаг. Урьд нь бид ОХУ-аас 7-8 түрээсийн тэрэг ашиглаж байсан туршлагатайг та бүхэн мэднэ. Одоо цар тахлын улмаас тэр бүр илчит тэрэгнүүдийг шалгаж авах боломжгүй. Нэгэнт ороод ирсэн юмыг буцаах хэцүү. Хүнд гэмтэл байхгүй л бол жижиг санамжуудыг нь хийгээд гаргадаг. Ер нь, тэргийг бүрэн ашиглаж байж л техникийн байдлыг мэдэх боломжтой. 
-Өөрөөр хэлбэл, түрээсээр ашиглаж байгаа тэрэгнүүдийн техникийн байдал муу байгаа нь засварчдын ажлын ачааллыг нэмэгдүүлэх нэг нөхцөл болоод байна гэж ойлгож болох уу?
-Тийм. Нэг ийм жишээ байна. 554 дугаартай илчит тэрэг аравдугаар сарын 7-нд засварт зогссон. Өнөөдрийн /аравдугаар сарын 9/ 09:00 цагт өгөх ёстой. Гэтэл 15:00 цагт гарч байх жишээтэй. Засварт зогсохдоо гүйлтгүй, санамжтай явж байв. Гэтэл Оросууд гүйлтээ ирүүлсний дараа засварын гүйлт нь хэтэрчихснийг мэдсэн. Засварт салгаад чадлыг нь тохируулах гээд реостат хийлээ. Бас л зөндөө санамж гарсан. Түрээсийн гурван илчит тэрэг ашигладаг. Гурвуулаа долоо хоногт хоёроос доошгүй удаа эвдэрч саатна. Бодох л хэрэгтэй асуудал. 
-Зүтгүүрийн аж ахуйн албанд тулгамдаад буй эрсдэлтэй асуудлын тоонд засварын чанар яах аргагүй тооцогдох байх. Сүүлийн жилүүдэд татах хэсгүүдэд шилжилт хөдөлгөөн ихээр ажиглагдах болсон. Шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн нь засварын чанартай холбоотой юу?
-Товчхондоо, би таны асуултад тийм гэж хариулна. Энэ жил Замын удирдлагын зүгээс манай засварчдыг дэмжихийн тулд хэд хэдэн чухал шийдвэр гаргасан. Үүнд бид талархах ёстой. Нийт зүтгүүрчдийнхээ өмнөөс “Ган зам” сониноороо дамжуулаад Замын удирдлагадаа талархснаа илэрхийлье. Хэрэв та мэдэж байгаа бол Засварын чанарыг дээшлүүлэх зорилгоор А-150 тоот тушаал гарсан шүү дээ. Энэ тушаал УБТЗ-ын Зүтгүүрийн аж ахуйн албаны засварын үйл ажиллагааг сайжруулах, чанарын урамшууллыг засварчдад олгох зорилготой. Ямар үзүүлэлтээр олгох вэ гэвэл нэгдүгээрт, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал. Үүн дотроо гологдол, дутагдал, тасалдлыг бууруулсан байх. Мэдээж, өмнөх сар, жилийн үзүүлэлтүүдээсээ буурсан байх нь чухал. Хоёрдугаарт, төлөвлөгөөт бус засвар буюу хоорондын засварын тоог бууруулсан. Гуравдугаарт, засварчдын өөрсдийгөө хянах хяналтын хуудас хөтөлсөн байх зэрэг үзүүлэлтүүдээр дүгнээд урамшуулна. Гэхдээ зарим нэг заагтай. Юу гэхээр энэ нь гурваас дээш зэрэгтэй засварчдад хамаатай. Техникийн нарийн үйл ажиллагаанд гурваас дээш зэрэгтэй засварчид л оролцдог. Зэргийг нь ингэж ялгаж өгснөөр бага зэрэгтэй засварчид зэргээ ахиулах хүсэл эрмэлзэлийг бий болгох нэг хөшүүрэг болно. Мөн А-630 гээд мастер, машинч, өндөр зэрэгтэй засварчдын цалинг нэмсэн тушаал бий. Энэ тушаал засварын чанарыг сайжруулахад маш их дэм үзүүлнэ. 
-Цалин, урамшуулал нэмээд үр дүн харагдаж байна уу. Зүтгүүрчид хэрхэн хүлээж авч байна вэ?
-Эдгээр цалин, урамшууллыг нэмснээр дагаад маш их хариуцлага тухайн хүнд ногдож байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Дагаад өндөр хариуцлага, ажлын хандлагаа өөрчлөх шаардлага үүснэ. Хяналтын хуудсанд III зэргээс дээш зэрэгтэй засварчин л “Би энэ ажлыг хийсэн” гэдгээ баталгаажуулж, гарын үсэг зурах систем юм. Замын даргын А-630 тушаалаар манай өндөр зэрэгтэй засварчдын цалин машинчдын цалингийн хэмжээнд хүрсэн. Өндөр зэрэгтэй засварчин машинч, туслах машинч болох гэж Ашиглалтын цех рүү шилждэг явдал буурна. Дээрээс нь А-150 гээд хүн өөрөө хичээх л юм бол нэмэлт орлого бий болгож чадах, урамшууллын систем нэвтэрсэн. Инженерүүд маань хүртэл мастер хийх сонирхолтой болжээ. Өмнө нь, мастер хийх хүн олддоггүй байлаа. Хэдэн өндөр зэрэгтэй засварчнаас гуйж байж мастер хийлгэнэ. Нөгөөх нь хэдэн сар ажиллаж үзчихээд цалин бага, хариуцлага ихтэй гээд халшраад больчихдог. Өнөөдөр Улаанбаатар татах хэсэгт нэг сайн залуу инженер өөрийн хүсэлтээр мастер болчихсон ажиллаж л байна. Би танд нэг тоон үзүүлэлт танилцуулъя. Албаны хэмжээнд гологдол эхний есөн сараар 31 нэгж, зурмагийн тасалдал 296 нэгжээр буурсан. Энэ бол Замын удирдлагын тушаал, шийдвэрийн л үр дүн. 
-Зүтгүүрчдийн бүтээмжийг нэмэгдүүлэх А-516 тоот тушаал батлагдсан. Энэ нөгөө талаараа өнөө засварын ажлыг чанаржуулах ажлын нэг хэсэг гэж ойлгож болох уу? 
-Тэгэлгүй яах вэ. Бүтээмжтэй ажиллана гэдэг бидний хувьд ерөөсөө чанарын асуудал. Зүтгүүрийн бригадад чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх ёстой гэдэг нь чанартай засварласан зүтгүүрээр л хангах тухай ойлголт. Та бүхэн юуны төлөө ажиллаж байгаа билээ, хэний төлөө ажиллаж, цалин хөлс авч байгаа юм гээд ажлынх нь мөн чанарыг нь ойлгуулахын тулд засварчиддаа сургалт, семинар зохион байгуулаад л явна. Өмнө нь, засварчин хүн үүнийг л хийх ёстой гээд сэтгэлгээг нь хайрцаглаад ур чадварыг нь хаачихсан. Төлөвлөгөөг нь хүртэл дээрээс нь тавиад өгдөг. Одоо үгүй. “Та нар цех тасгаараа ярьж байгаад өөрсдөө ажлаа төлөвлө. Түүнийг чинь танай татах хэсгийн удирдлага батлана гээд ярьж, хэлж байгаа. Бүтээмжийн хувьд татах хэсэг дотроо зөвшилцөж байгаад Бүтээмж, чанарын нэгдэл байгуулаад үйл ажиллагаагаа сайжруулахын тулд юу хийх ёстой юм бэ гэсэн санал, санаачилга гарга. Түүнийг чинь удирдлагын зүгээс дэмжиж өгч байгаа хэрэг шүү” гэдгийг ойлгуулах чухал. Ингэвэл засварын үйл ажиллагаанд ахиц гарна. Гарсаар ч байгаа. Долоо хоног бүр засварын селектороор төлөвлөгөөт засварын явц, төлөвлөгөөт бус засварт орсон тэрэгний талаар танилцуулдаг. 2020 оны эхний найман сарын байдлаар бүх татах хэсэгт төлөвлөгөөт бус засварт орсон илчит тэрэгний тоо буурсан үзүүлэлт гарсан. Дагаад төлөвлөгөөт бус засварт зогссон илчит тэрэгний зогсолтын цаг ч буурлаа.
-УБТЗ-д компанийн менежмент нэвтрээгүй, хариуцлагын тогтолцоо нь хэт хуучинсаг, заавал хэн нэгнийг буруутгах ёстой юм шиг ханддаг гэсэн шүүмжлэл бий. Та үүний талаар ямар бодолтой явдаг вэ? 
-Компанийн засаглалд шилжээгүй аль нэг байгууллагад юунаас болов гэхээсээ илүү хэн хийчих вэ гэсэн хуучинсаг арга барил харагдаад байдаг нь үнэн. Манай албаны хувьд энэ хуучинсаг арга барилыг өөрчлөх эхлэл тавигдаад явж байна. Аливаа асуудлын шалтгааныг нь олъё. Нэн түрүүнд шалтгаан. Тэртээ тэргүй бид шалтгааныг нь үнэн зөв олоход буруутай этгээд гараад ирнэ шүү дээ. Гэтэл шалтгааныг тодруулах асуудалд манай зарим мастер, хүлээн авагчид хангалтгүй ажиллаад байдаг. Яагаад гэхээр өөрсдийнхөө шалтгааныг нь тодруулж чаддаггүй асуудлыг бусдаар, эсвэл техникийн шалтгаан гэж тооцдог. Энэ бүхнийг байхгүй болгохын төлөө л ажиллаж байна. Би нэг ийм жишээ татах дуртай. Үйлдвэрийн дарга газар тос тусчихсан байхыг харж. Яагаад энд тос тусав гээд ийш тийш гүйлгэж харвал дээхнэ талд нь нэг төмөр хоолойн залгаасаар тос доош тусчээ. Чангалгаа нь хэвийн. Задлаад үзлээ. Асуудал жийргэндээ. Жийрэг нь чанарын шаардлага хангаагүй байж таарав. Яагаад чанаргүй жийрэг нийлүүлчих вэ гээд жийрэг нийлүүлсэн үйлдвэр рүү хандаж гэнэ. Жийрэгний үйлдвэр асуудлыг судалж үзээд тодорхой хугацаанд материалгүй болохдоо чанаргүй түүхий эдээр жийрэг хийсэн байж таардаг. Миний хэлээд байгаа нөгөө асуудлын мөн чанарыг тодруулах ажил чинь ердөө л энэ. Манлайлагч, эсвэл удирдагч хүн аливаа нэгэн саатал, зөрчил дутагдлын мөн чанарыг олохын төлөө ингэж явах ёстой болохоос биш хэн нэгнийг буруутгах, хариуцлага тооцох биш. Бид нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй. Засварын ажлыг сайжруулна, бүтээмжийг нэмэгдүүлнэ гэхээр том техник ч юм уу багаж хэрэгсэл нэвтрүүлнэ гээд буруу ойлгоод байдаг. Тэр буруу. Өөрийн чинь хийж буй үйл ажиллагаанд ямар алдагдал байна, тэрийгээ л зөв тодорхойл. Оросын төмөр замуудад хэрэгжээд байгаа хэмнэлттэй үйлдвэрлэлийн гол зарчим ерөөсөө л энэ шүү дээ. 
-Гурван татах хэсэг маань засварын хүчин чадлын хувьд харилцан адилгүй. Хийж байгаа ажлын хэмжээ дамжаа ч аль алинд нь харилцан өөр. Тэгэхээр таны яриад байгаа цалин, урамшууллын систем гурван татах хэсэгт харилцан өөр өөр байх юм уу, жигд байхаар зохицуулж байгаа юм уу? 
-Зэргээр цалинжиж байгаа учраас зэргийнхээ тарифаар л явна. Тэр чанарын урамшуулал бүгдэд нь ижил. Бүтээмжийн асуудал Улаанбаатар татах хэсэгт туршилтын журмаар хэрэгжиж байна. Гэхдээ үлдсэн татах хэсгүүддээ ийм ажил зохион байгуулж байгаа шүү гэдгээ танилцуулсан. Ер нь, бүтээмжийг нэмэгдүүлэх гэдэг бидний ярьдгаар кайзен буюу сайжруулалтын систем нэвтэрч байгаа хэрэг л дээ. Нэг ёсондоо хүн бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэсэн стандарт жишиг. Одоо Улаанбаатар татах хэсэгт бүтээмж, чанарын 27 нэгдэл ажиллаж байгаа. Бага багаар ахиж л байна. Хүмүүсийн ойлголт бас их зөрүүтэй нь харагдсан. Тийм учраас албаны зүгээс нийтэд нь биш цех цехээр нь очиж улам сайн ойлгуулах шаардлагатай гэж үзсэн. 
-УБТЗ мөд 40, 50 сая тонн ачаа тээх хэмжээнд хүрнэ. Бид ийм хэмжээнд хүрч үйлчлэх, магадгүй үүнээс илүү байхын тулд Зүтгүүрийн аж ахуй яаж хөгжих, юу руу зорих ёстой юм бэ?
-Энэ асуудал 2003-2004 оноос яригдаж байсан л даа. Тэр үед Зүтгүүрийн аж ахуйн албыг ашиглалт засвараар нь салгах санаа гарч байв. Ер нь, ирээдүйд салах ёстой. Гадны улсуудын жишээг харахад засварын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын ихэнх нь менежментийн хувьд хувьчлагдчихсан байдаг. Барууны улс орнуудад ч дандаа тийм. Үйлдвэрлэгч компаниуд нь өөрийн бүтээгдэхүүний засвар үйлчилгээг бүхий л “амьдрал”-ынх нь туршид хариуцдаг тогтолцоо руу шилжих хандлага бий болсон. Бид үүн рүү л явах ёстой. Урьд нь бид ОХУ руу 4-5 илчит тэрэг явуулж засуулдаг байсан бол одоо засварын газрууд хүлээж авахаа байсан. Хамгийн сүүлд бид 2016 онд 2ТЭ116УМ-16 серийн илчит тэргийг Воронежид засварлуулсан. Түүнээс хойш гадаад руу илчит тэрэг явуулаагүй. Ирээдүйд өөрсдийнхөө хүч, нөөц бололцоонд тулгуурлаад илчит тэрэгнийхээ засвар, үйлчилгээг хийх шаардлага үүснэ. Тийм учраас цаашид бид өөрсдийн засварын бааз дээр түшиглэн илчит тэргэнд их засвар хийх цогц хөтөлбөр боловсруулах шаардлагатай. Одоо байгаа тоног, төхөөрөмж, багаж, хэрэгсэл, хүн хүчээр томоохон засвар хийх боломжгүй. Байр савны хувьд ч тэр. Их засварт нөлөөлж болох бүх хүчин зүйлийг тооцоолж үзсэний хүчинд нэгдсэн цогц хөтөлбөр гаргах болов уу. 
-Цаг зав гарган сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх