Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-08-18

Ч.Туяа: Бүлэг дүүргэлтийг 20 хүүхдэд барьж ажиллана

-Шинэ хичээлийн жил онцгой нөхцөл байдалд эхлэх нь. Хүүхдийн секторын хэмжээнд шинэ хичээлийн жилийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд цэцэрлэгүүдийн их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд зохих түвшинд хийгдэж байна.
Амгалан дахь “Бамбарууш” цэцэрлэгт нэг бүлэг нэмэх өргөтгөлийн ажил болон “Шувуухай” цэцэрлэгийн дээвэр цонхны засвар хийгдэж байна. “Дэгдээхэй” цэцэрлэгийн дээвэр, хаяавчийн засвар дууссан. “Бүжинхэн” цэцэрлэгийн халаалтыг нэмэгдүүлэх засварын ажлыг эхлүүлсэн. 
Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас 2020-2021 оны хичээлийн жилд онцгой нөхцөл байдалд хүүхдүүдээ хүлээж авах гэж байна. Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрээр хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байх, 3-4 настай хүүхдүүдийн 60 хувийг танхимын сургалтад хамруулах, 5-6 настай хүүхдүүдийг бүрэн хамруулах чиглэл өгөгдсөн. Энэхүү шийдвэрийн хүрээнд зохион байгуудлалтыг сайтар хийх хэрэгтэй байна. Хотын ачаалал өндөртэй цэцэрлэгүүдэд бүлэг дүүргэлтийг 20 хүүхдээр барихын тулд сургалтыг танхимын болон цахим гэсэн хоёр хувилбараар явуулах шаардлага гарч байна.
-Төвийн хэсгийн цэцэрлэгүүдийн ачаалал маш өндөр. Зарим цэцэрлэгийн нэг бүлэгт 50-60 хүүхэд ч байдаг. Тэгэхээр хүүхдүүдээ хэрхэн шингээх вэ? 
-БСШУЯ дагалдах журмуудыг УОК, Засгийн газарт танилцуулж батлуулна. Энэхүү батлагдсан журам болон Нийслэлийн боловсролын газар, тухайн орон нутгийн боловсролын газраас өгсөн зөвлөмж чиглэлийн хүрээнд зохион байгуулалтыг хийнэ. 
-Хүүхдийн секторын хэмжээнд нэг хичээлийн жилд хичнээн хүүхэд элсүүлдэг вэ?
-Өмнөх хичээлийн жилд нийтдээ 4900 гаруй хүүхэд цэцэрлэгт сурч хүмүүжсэн. 27 цэцэрлэгийн хэмжээнд 1400 хүүхэд сургуульд элсэн орж байна. Өнгөрсөн хичээлийн жилүүдэд 1000 гаруй хүүхдийг шинээр элсүүлэн бүртгэж байсан.
-Улаанбаатар зангилааны цэцэрлэгүүдэд бүлэг дүүргэлтийг 20 хүүхдэд бариулахын тулд нэлээд зохион байгуулалт хийх нь. Бусад шугам замын цэцэрлэгүүдийн хувьд ийм асуудал гарах уу?
-Шугам замын цэцэрлэгүүдийн хувьд танхимын сургалтад хүүхдүүдээ бүрэн хамруулах боломжтой байна. Сум тосгоны хэмжээнд сургууль, цэцэрлэгийг бүрэн хэмжээнд ажиллуулах, аймаг нийслэлийн хувьд л хязгаарлалтыг мөрдөж ажиллах чиглэл өгсөн шүү дээ. 
-Анги дүүргэлтийн тоог ингэж тогтоосноор хүүхэд маань цэцэрлэгээс хасагдах нь гэсэн болгоомжлол эцэг эхчүүдэд төрж байна?
-Юун түрүүнд эцэг эхчүүд хорио цээрийн дэглэмтэй холбогдож гарч байгаа түр хугацааны шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдүүдийг шууд цэцэрлэгээс хасаж байгаа хэрэг биш шүү дээ. Онцгой дэглэмийг сулруулсан тохиолдолд бүртгэлтэй хүүхдүүд танхимын сургалтадаа бүрэн хамрагдах боломжтой. 
Үүссэн нөхцөл байдалтай уялдаад одоо ажиллаж байгаа төмөр замчдынхаа хүүхдүүдийг танхимын сургалтад, ахмад настны ач зээ болон хамран сургах тойргийн хүүхдүүдийг цахим сургалтанд хамруулах боломж харагдаж байгаа. Зохион байгуулалт хийгдэх үед дахин сайтар нягталж эцэг эхчүүдтэйгээ ярилцаж танхим болон цахим сургалтад хамрагдах хүүхдүүдийн нэрсийг гаргана. 
-Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэлийг хэдийд, яаж зохион байгуулах вэ?
-Шинээр бүртгэлийг хотын төвийн цэцэрлэгүүдийн хувьд хийх боломжгүй. Шугам замын зарим цэцэрлэгүүд наймдугаар сарын 10-14-ний хооронд шинээр бүртгэх хяналтын тоогоо гаргаж нягтлаад, 24-25-нд бүртгэнэ. Суралцаж буй хүүхдүүдийг олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд утсаар бүртгэнэ. Бүртгэхдээ ар гэрийн судалгаанд үндэслэж, ярилцаж танхимын болон цахим сургалтад суух хүүхдүүдээ ангилна. 
-Өмнөх жилүүдэд хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг цэцэрлэгүүд нэгдсэн байдлаар зохион байгуулдаг байсан. Энэ жил ямар байдлаар зохион байгуулах вэ? 
-Дээр хэлсэнчлэн, дагалдах журмууд гараад ирвэл, хүүхдийн үзлэг, шинжилгээг хэрхэн зохион байгуулах асуудал тодорхой болно.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг эцэг эхчүүдэд цэцэрлэгүүдийн цахим хуудсаар болон багш нар утсаар өгнө. 
-Хүүхдийн секторын харьяа дотуур байрны хувьд хүүхдүүдээ урьдын адил хүлээж авах уу?
-Дотуур байранд хүүхдүүдээ хүлээж авна. ЕБС-ийн хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, танхимаар гурван өдөр, цахимаар хоёр өдөр хичээллэх чиглэл гарсан. Тэгэхээр үүнтэй уялдаад дотуур байрны хүүхдүүдийг гэр рүү нь явуулах, авчрах зохион байгуулалтыг 73 дугаар сургуулийн хичээлийн хуваарьтай уялдуулж хийнэ. 
-Өнгөрсөн хичээлийн жилээс дотуур байрны ачаалал өссөн дуулдсан. 
-Тиймээ, 2019-2020 оны хичээлийн жилд сурагчдын дотуур байрны хүүхдийн тоо өмнөх онуудаас нэмэгдсэн. Энэ нь, 12 дугаар анги төгссөн сурагчдын тоо цөөн, нэгдүгээр ангид орсон сурагчдын тоо олон байсантай холбоотой. Цаашид сурагчдын дотуур байр, цэцэрлэгүүдийн ачаалал өсөх хандлагатай байна. Гэхдээ дотуур байрны хувьд хүчин чадлаас давсан тохиолдол байхгүй Энэ хичээлийн жилд хүчин чадлынхаа хэмжээнд хүүхэд хүлээж авна.
-Замын захиргаанаас зарим цэцэрлэгт өргөтгөл хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шийдвэр гаргасан?
-Бид төмөр замаараа бахархаж байна. УБТЗ төмөр замчдынхаа хүүхдүүдийг сургаж, хөгжүүлэх асуудлыг дээд зэргээр анхаардаг нийгмийн хариуцлагаа өндрөөр ухамсарладаг байгууллага. Хотын цэцэрлэгүүдийн хувьд 2-3 дахин ачаалалтай байдаг. “Ган зам” цэцэрлэгийг барилгыг шинэчилж хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, орчин үеийн сургалтын таатай орчинг бүрдүүлсэн байхаар төлөвлөж зураг төсөв хийгдэж батлагдах шатандаа явж байна. Төлөвлөсөн ёсоор 2021 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна. 
Амгалан дахь “Бамбарууш” цэцэрлэгт нэг бүлэг нэмэх өртгөтгөл хийж байна. Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө өргөтгөлтийн ажил дуусаж, шинэ бүлгээ ашиглалтад хүлээж авна. 
2019 онд Сүхбаатар зангилааны “Бүжинхэн” цэцэрлэг шинэ байртай болсон шүү дээ. Өмнө нь, “Бүжинхэн” цэцэрлэг стандартын бус дөрвөн жижиг байртай, багш нар хоолоо зөөдөг байлаа. 
Энэ дашрамд, Замын удирдлагууддаа хүүхдийн төлөө оновчтой сайхан шийдвэрүүдийг гаргаж холбогдох алба, хэлтэс, салбар нэгжүүдийнхээ удирдлага, хамт олон маань хичээл зүтгэлтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаад Хүүхдийн секторын нийт хамт олон чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье. 
-Өнгөрсөн хичээлийн жилийн бүртгэлийг цахимаар хийснээр төмөр замчдын цэцэрлэгийн насны хүүхдийн судалгааг бодитоор гаргахад их дөхөм боллоо гэж байсан. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдсэн хүүхдүүд хэр байв?
-Цахим бүртгэлийг төмөр замын үндсэн ажилтны хүүхэд, ахмад төмөр замчдын ач, зээ гэсэн хоёр чиглэлээр бүртгэл хийсэн. Энэ судалгаанаас харахад хотын төвийн ачаалал ихтэй цэцэрлэгүүдэд 200 орчим хүүхэд хамрагдаж чадахгүй үлдэж байсан. Тиймээс ч Замын захиргаа энэ байдлыг ойлгоод цэцэрлэгүүдийн өргөтгөлийг шат дараатай хийх шийдвэрийг гаргаад ажиллаж байна.
-Танхимын болон цахим сургалтыг хослуулан явуулахад хүндрэл гарах болов уу?
-Өнгөрсөн 2-5 дугаар сард манай багш нар цахим сургалт явуулж тодорхой хэмжээний туршлагатай болсон байгаа. Цахим сургалт нь багш нарт танхимын сургалт явуулахаасаа илүү ачаалалтай байгаа нь ажиглагдсан. Онцгой дэглэмийн үед танхимын сургалтаа явуулаад, хажуугаар нь цахим сургалтын мэдээллийг давхар хүргэх нь нэг багшид ирэх ачаалал хоёр дахин нэмэгдэнэ.
Гэхдээ аливаа юм хоёр талтай шүү дээ. Цахим сургалт нь багш нарт мэдээллийн технологийн мэдлэг, чадамжаа дээшлүүлэхэд нь эерэг нөлөөлөл үзүүлсэн.Багш нар маань хичээлийнхээ бичлэгийг өөрсдөө хийгээд түүнийгээ цахим хуудсандаа байршуулаад, эргээд хүүхдүүд, эцэг эхчүүдтэйгээ эргэх холбоо тогтоож хичээлээ хүүхэд бүрт хүргэж ажиллахыг хичээсэн. 
Энэ хичээлийн жилийн эхэнд шинэ нөхцөл байдалд ажиллахтай уялдаад багш нарынхаа мэдээллийн технологийн чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг явуулахаар бэлтгэж байна. Мэдээж, энэ сургалт маань бас цахимаар явагдана. 
Төгсгөлд нь хэлэхэд эцэг эхчүүд, асран хамгаалагчид маань багш нартай эргэх холбоотой байж, танхимын сургалтад хамрагдах нь эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж хүүхдээ эрсдлээс хамгаалах, цахим сургалтад хамрагдах нь мэдээллийг хүүхдэдээ бүрэн хүргэх тал дээр маш сайн хамтарч ажиллах шаардлагатай.
Ярилцлага өгсөн танд баяраллаа.

Сэтгэгдэл үлдээх