Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-26

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 207 км дээд үеийг угсарчээ

Монгол Улсад төдийгүй дэлхийд тэргүүлэх нөөцтэй Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрийг дамжин 240 км үргэлжлэх “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын ажил хором ч сааталгүй үргэлжилсээр 2021 онтой золголоо. Төслийн ажил 2020 оны эцсийн гүйцэтгэлээр газар шороо, жаазан гүүр, дугуй, дөрвөлжин хоолой, мал, амьтны нүхэн гарцын ажлыг тус тус 100 хувь хийж дуусжээ. Дээд үе угсралтыг 207 километрт хийж, үүнээс эхний 100 километрийн гагнуурыг хийж дуусгасан байна. 
Уг төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ руу экспортлох нүүрсний Монголын нутаг дэвсгэр доторх тээврийн зардал тонн тутамд найман ам.доллар болох юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй 32 ам.долларын зардал 24 ам.доллараар буюу дөрөв дахин буурна гэсэн үг. Ингэснээр төмөр замын боомтоор жилд дангаар 30 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломж бүрдэж, нүүрс олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, улсын эдийн засгийг тэлэх өндөр үр өгөөжтэй юм.

Сэтгэгдэл үлдээх