Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-10

С.Мөнх-Алдар: УБТЗ-д стандарт нэвтрүүлснээр өрсөлдөх чадвар эрчимтэй нэмэгдэнэ

Стандарт гэж байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны наад захын шаардлагыг тогтоож өгсөн баримт бичиг
-УБТЗ-ын хэмжээнд стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байна. Тиймээс хоёул энгийн тодотгол хэсгүүдээс яриагаа эхлэе. Ер нь, стандарт гэж юу вэ, ямар шаардлагаар стандартыг нэвтрүүлэх болсон бэ? 
-Энгийн хэдэн голлох сегментээр тайлбарлая гэж бодож байна. ISO гэдэг үг нь “Олон улсын Стандарчлалын байгууллага” гэсэн нэр томъёоны товчлол бөгөөд энэ байгууллага нь дэлхийн 160 гаруй орны гишүүнчлэлээс бүрдсэн, 300 гаруй техникийн хороогоор дамжуулан стандарт боловсруулагч, түгээгч дэлхийн хамгийн том байгууллага бөгөөд стандартыг шинэчлэх, боловсронгуй болгохын тулд дэлхийн улс орны төлөөллүүд өөрийн орны хууль эрх зүйн орчин, арга барил, онцлог зэргийг дэвшүүлж, тухайн батлах гэж буй стандарт тохирох эсэх, талаар хэлэлцдэг. Өнөөдөр олон улсын стандартчиллын тогтолцоо хөгжөөд 150 орчим жил болж байна. Олон улсын 35 мянган орчим стандартыг дэлхийн 185 гаруй орон дагаж мөрдөж байна. Монгол Улсын хувьд 6500 орчим стандарт байдаг бөгөөд эдгээрийн 35 орчим хувь нь олон улсын стандартын түвшинд хүрсэн гэсэн мэдээлэл бий. Одоогийн байдлаар Олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага байна. Монгол Улсад стандарт болон түүнтэй холбоотой харилцааг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулиар зохицуулж “Стандартыг бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичгийг хэлнэ “ гэж тодорхойлсон байдаг. Тодруулбал, стандарт гэдэг нь хэм хэмжээ, шаардлага тогтоосон баримт бичиг. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулъя, гарах алдаа дутагдлыг бууруулъя гэсэн зорилт тавиад хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэрэгслийн эрэлд гардаг ба энэхүү эрлийн эцсийн цэг бол тогтолцооны стандарт байдаг. 
-УБТЗ ХНН-д өнөөдрийн байдлаар хэдэн стандарт нэвтрээд байна вэ?
-УБТЗ-ын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэхийн тулд стандартын тогтолцоонуудыг өөрийн байгууллагадаа нэвтрүүлсэн олон туршлага бий. Тухайлбал, анх 2013 оноос Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр зорилт тавин ажилласны үр дүнд Эрчим хүч, ус хангамжийн I анги, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Зорчигчийн вагон депо, Вагон ашиглалтын депо, ОУТЗТ зэрэг газар ISO 9001, 45001, 14001 зэрэг олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Мөн Дархан татах хэсэг, Улаанбаатар, ЭХУХ-ийн I анги гэх мэт байгууллагууд стандартын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Замын захиргаанаас ч энэхүү асуудалд онцгой анхаарч 2019 оноос УБТЗ-д менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, нэвтрүүлэх ажлын хэсгийг тушаалаар томилсон.
-Олон улсын стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн ач холбогдол юунд оршдог вэ? 
-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс өөрийн орны өрсөлдөх чадварын индексийг тодорхойлох олон төрлийн судалгааг тодорхой шаталбартайгаар хийж харьцуулалын дүнг нийтэд тайлагнадаг. Хамгийн сүүлд буюу 2019 онд гаргасан дээрх тайланд дэлхийн 63 улсыг харьцуулсан бөгөөд нийт 332 үзүүлэлттэйгээс 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлдэг. Эдгээр 235 үзүүлэлтийн 143 статистик мэдээлэл 92 нь санал асуулгаас бүрддэг. Стандартын менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлсэн байгууллагуудын өрсөлдөх чадвар жил тутам 10-15 хувиар өсөж тэр хэрээр байгууллагын чадавхи бэхжиж байгаа нь олон жишээ судалгаанаас батлагдаж байна. Дашрамд дурдахад, УБТЗ ХНН нь олон улсын төмөр замуудын өрсөлдөх чадварын үзүүлэлт гаргадаг байгууллагуудын листэнд 2014 оноос хойш бичигдэн харьцуулагдаж ирсэн. Үүнд УБТЗ 62-73 дугаар байрт бичигддэг ба нийтдээ 153-168 үзүүлэлтээр дүгнэдэг буюу голлох 65-70 орчим үзүүлэлт нь стандартын тогтолцоотой холбоотой байдаг.  Тэгэхээр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд бид байраа ахиулах зайлшгүй шаардлагатай.

Стандарт нэвтрүүлсэн л бол байнгын сайжруулалт хийх технологитой
-Ер нь, стандартын тогтолцоог үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн тохиолдолд байгууллагын менежментийг сайжруулахад шууд нөлөөгөө үзүүлдэг гэж ойлгож болох уу? 
-Дийлэнх нь менежментийн стандартыг зөвхөн бараа бүтээгдэхүүний чанарын тухай асуудал мэтээр хүлээн авдаг. Гэтэл менежментийн стандарт нь сүүлийн 50-иад жилийн хугацаанд үргэлж шинэчлэгдэж ирсэн. ISO гэхэд 100 жилийн түүхтэй. Анх 1901 онд гарч ирэх үед бүтээгдэхүүний чанарт анхаарч байсан бол 1954 онд олон улсын байгууллагаас бүтээгдэхүүний чанар удирдлага солигдох, анхаарал сулрах төдийд алдагдаж байна хэмээн дүгнэлт хийсэн. Тиймээс байгууллагын менежментийн баг буюу удирдлага өөрөө маш сайн байх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, удирдлагын тогтолцооны стандартыг бий болгосон. Анх Англи улс ISO 9001 олон улсын стандартыг олон улсын стандарчиллын байгууллага буюу ISO-д санал тавьж, улмаар 1979 онд чанарын удирдлагын техникийн хороог байгуулсан байдаг. Ингээд 1987 онд олон улсын ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандарт анх удаа гарсан. Үүнээс хойш нийт таван удаа шинэчлэгдэж, хамгийн сүүлд 2015 онд ISO 9001: 2015 стандарт гарсан. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр стандарт нэвтрүүлсэн, болчихсон гэж ойлгож болохгүй. Цаг үетэйгээ нийцэн байнгын хувьсан өөрчлөгдөж, шинэчлэн сайжруулагдаж байдаг тасралтгүй үйл явц юм. 
-Монгол Улсын стандартыг хаанаас баталдаг вэ. Олон улсын стандартын төрлүүдийн талаар товч мэдээлэл өгнө үү?
-Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу Монгол Улсын стандартыг баталдаг эрх бүхий субъект нь Стандартчиллын үндэсний зөвлөл юм. Уг зөвлөлийг Засгийн газраас томилдог. Дээр дурдсан зүйлсээ нэгтгээд энгийнээр тайлбарлвал Монгол Улсын стандарт гэдэг нь сонирхогч тал боловсруулж, Стандарт, хэмжилзүйн газрын дэргэдэх тухайн салбарын техникийн хороо, Стандартчиллын үндэсний зөвлөлөөр дэмжигдэн батлагдсан MNS ... гэсэн дугаар бүхий баримт бичгийг хэлдэг. Түүнчлэн www.estandard.mn вэб хуудсаас түлхүүр үгээр, дугаараар, ангилалтын кодоор хайлт хийж стандартыг бүрэн эхээр нь үзэж, шаардлагатай мэдээллээ авах боломжтой. Монгол Улсын стандарт MNS 5021:2007, MNS ISO 9001:2016 гэх мэт тэмдэглэгээтэй байдаг. Энд MNS Монгол Улсын стандартын товчилсон тэмдэглэгээ, 5021, 9001 гэдэг нь стандартын бүртгэлийн дугаар. 2007, 2016 гэдэг нь баталсан оныг илэрхийлдэг. Стандарт нь олон улсын, бүс нутгийн, үндэсний, байгууллагын гэх зэрэг төрөл байдаг. Олон улсын стандарт нь Олон улсын стандартчиллын хамтын нөхөрлөлийг бүрдүүлэгч Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) , Олон улсын стандартчиллын байгууллага (ISO), Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC)-ын гишүүн орнуудын хүрээнд боловсруулж, зөвшилцсөн баримт бичиг юм. Бүс нутгийн стандарт гэдэг нь тухайн бүс нутгийн хэмжээнд оролцогч орнууд боловсруулж, зөвшилцсөн баримт бичиг юм. Үүний жишээ нь Европын стандарт юм. Европын Холбооны гишүүн орнуудын хооронд нэгдсэн нэг зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чөлөөт шилжилтийг бий болгоход нэгдсэн шаардлага тогтоох зорилгоор Европын стандартыг анх бий болгосон. Европын стандартыг CEN, ETSI, CEN-ELEC гэсэн төрөлжсөн гурван байгууллага боловсруулдаг. Үндэсний стандартад тусгагдаагүй үзүүлэлт, шаардлагад зохистой хэм хэмжээг илүү нарийвчлан тодорхойлох, үндэсний стандарттай уялдуулан хөгжүүлэх боломжоор хангах зорилгоор байгууллагууд өөрийн байгууллагын стандартыг боловсруулдаг. Байгууллагын стандартыг тухайн байгууллага боловсруулж, дарга, захирлын тушаалаар батлан, Стандарт хэмжилзүйн газарт бүртгүүлэн хэрэглэдэг.

Аль ч ахуйн нэгж хүссэн стандартаа Судалгаа шинжилгээний төвөөс авч болно
-УБТЗ-д бүртгэлтэй стандартуудыг бусад аж ахуйн нэгжид хэрэглүүлэх, ашиглуулах эрх зүйн боломж бий юу?
-Ямарваа нэг байгууллага тухайн чиглэлийн ч юм уу эсвэл тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийн тулд тэрхүү стандартыг эрх бүхий байгууллагаас албан ёсоор худалдан авсан байх ёстой. Энэ бүртгэлийг үндэслэн хэрэгжүүлж эхэлсэн огноог тооцдог. Тиймээс нэн тэргүүнд судалгаанд үндэслэн нэвтрүүлэхээр зорьж буй стандартыг худалдан авах шаардлагатай. Манайх дотроо олон салбар нэгжтэй хэдий ч УБТЗ ХНН гэсэн нэг дээвэр дор зангидагдсан нэг л байгууллага. Тиймээс УБТЗ ХНН нийгэмлэгийн нэр дээр стандартын худалдан авалт хийж бүртгэлжүүлсэн бол бусад байгууллагад адил хүчинтэй байх ба дотоод салбар нэгжийн хаана ч ашиглаж болно. УБТЗ ХНН-д хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр ажиллаж буй бүх стандартыг 2020 оноос нэг цэгт төвлөрүүлж бүртгэлжүүлэн удирдаж байгаа. Энэ нь манай төвд төвлөрч байгаа. Одоогоор ISO серийн буюу олон улсын гурван стандарт, MNS серийн 12 чиглэлийн үйл ажиллагааны 740 стандарт бүртгэлтэй байна. Энэ оны нэгдүгээр сард Стандарт хэмжилзүйн газарт хүсэлт илгээж, харилцан зөвшилцсөнөөр өөрийн салбар нэгжүүддээ тусгай тэмдэг дарж баталгаажуулсны үндсэн дээр стандартуудыг хувилан тарааж хэрэглүүлэх зөвшөөрлийг авсан. Иймээс УБТЗ-ын салбар нэгжүүд үйл ажиллагаандаа шаардлагатай байгаа стандартыг Судалгаа шинжилгээ технологийн төвд хүсэлт илгээснээр нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хуулбарлан авч өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж болно гэсэн үг. Харин цааш нь дамжуулж хуулбарлах олшруулахыг хориглодог. Мөн байгууллага аж ахуйн нэгжүүдийн стандартын сангийн бүртгэлтэй танилцаж сонголт хийх боломжтой.
-Манай УБТЗ нь стандартыг баталгаажуулж гэрчилгээжүүлдэг улсын байгууллагаар баталгаажуулалт хийлгэнэ гэсэн. Энэ талаар тодруулбал ач холбогдол нь юунд оршиж байна вэ? 
-Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь холбогдох стандарт болон тогтоосон үзүүлэлт шаардлагад тохирч байгааг нотлох ажиллагааг баталгаажуулалт гэх бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн технологи үйл ажиллагаа тогтворжиж, чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, түүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах, материал түүхий эд, нөөц баялгийг зүй зохистой ашиглахад баталгаажуулалтын ажил ихээхэн ач холбогдолтой байдаг л даа. Нөгөөтэйгүүр стандартуудаар гэрчилгээ олгож баталгаажуулдаг, аудитын үйлчилгээ үзүүлдэг гадаадын болон дотоодын маш олон байгууллагууд байдаг. УБТЗ-д МНТ нэвтрүүлэх ажил Замын даргын тушаалаар эхлээд багагүй хугацаа өнгөрч байна, энэ хугацаанд зөвлөн туслах үйлчилгээний чиглэлээр туршлагатай, нэр хүндтэй нэлээд хэдэн байгууллагатай уулзалт зохион байгуулсан. Эдгээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нь мөн адил баталгаажуулалт, аудитын үйлчилгээ үзүүлдэг байгаа юм, уулзалтын төлөв байдал болон өөрийн ажлын туршлага, алдаа оноон дээрээсээ дүгнэхэд улсын байгууллага буюу Засгийн газрын тохируулагч агентлаг СХЗГ-аас баталгаажуулалт, аудитын үйлчилгээ авах нь бидний хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны жинхэнэ бодит үр дүн, цаашлаад зах зээл дэх байгууллагын нэр хүнд зэргийг тодорхойлоод байгаа юм. 
-Стандартыг тогтвортой нэвтрүүлснээр ямар үр дүн гарах вэ?
-Стандарт нь тогтвортой хөгжлийн гурван чиглэл болох байгаль орчин, эдийн засаг, нийгмийг шийдлүүдээр хангаж байна. Өөрөөр хэлбэл,  Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд бүх төрлийн нөөцийг зохистой зарцуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, нэгдмэл байдлыг бий болгох арга зүйгээр хангагч хэрэгсэл болж, стандарт тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Стандарт бидний өдөр тутмын хэрэглээний энгийн бүтээгдэхүүнээс эхлээд эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал, удирдлагын тогтолцоо, нийгмийн хариуцлага гээд маш өргөн хүрээг хамарч байдаг. Тухайлбал, стандарт нийгэмд гэхэд удирдлагын тогтолцооны стандартууд болох ISO9001, ISO22000, ISO14001, ISO27001, ISO39001, ISO50001 зэрэг стандартууд нь нийгэмд бүх салбарт хэрэгжиж байна. Түүнчлэн, Нийгмийн хариуцлагын удирдамж MNS ISO26000-2012 стандарт батлагдсанаар тогтвортой байдалд хүрэхийн тулд байгууллагуудыг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх арга зүйгээр хэрхэн хангаж байна. Уг стандартыг хэрэгжүүлснээр тухайн байгууллага нь нийгэм, хүний болон хөдөлмөрлөх эрх, байгаль орчин, хууль зүй, шударга ёс, улс төр, цаашлаад үндэсний болоод олон улсын хэмжээнд мөрдөж буй хэм хэмжээг сахин биелүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, тогтвортой байдлыг бий болгох боломжтой юм. Одоогийн байдлаар, УБТЗ ХНН-ээс нийт дөрвөн багц, долоон байгууллагын стандартыг боловсруулж дуусгаад техникийн зөвлөлөөр баталгаажуулан ЗТХЯ-д хүргүүлсэн. Замын даргын тушаал гарсны дараа стандарт мөрдөгдөж эхэлнэ. 

Стандарт нэвтрүүлэхэд төмөр замчин бүрийн оролцоо чухал
-УБТЗ цаашид олон улсын стандартын итгэмжлэл авах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр ямар бодлого барьж байна вэ?
-Байгууллагууд ISO9001, ISO50001 гэх мэт стандартууд нэвтрүүлж байна. Хоол үйлдвэрлэлийн салбар нь “Манайх хүнсний аюулгүй байдлын...”, орон нутаг дахь байгууллагууд нь “Манайх байгаль орчны стандарт нэвтрүүлнэ” гэдэг ч юм уу бүхий л газар стандарт ярьдаг болж. УБТЗ-д ISO9001 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн таван байгууллага бий. Эдгээр нэг стандарт нэвтрүүлсэн байгууллагыг нэг зургаар, нэгдсэн бодлогоор зангидах гэхээр болдоггүй. Учир нь, өөр өөрийн зөвлөх үйлчилгээтэй, янз бүрийн асуудлаар хандахаар нэгдэж өгөхгүй, аливаа ажил нь үр дүнгүй болоод байгаа юм. Яах вэ, тухайн байгууллага дотроо өөрчлөгдсөн байж болно. “Манайд шинэ стандарт нэвтэрсэн” гээд нэр томьёонууд нь өөрчлөгдөж, бичиг баримт нь цэгцрээд, гарын авлагатай болоод байдаг. Гэвч төмөр замын стандартын тогтолцоо системээрээ өөрчлөгдөөгүй цагт яагаад ч тэр өөрчлөлт нь нөлөөлөхгүй. Цаашид стандартаа хэрэгжүүлж ч чадахгүй. Төмөр замд босоо удирдлага, өвөрмөц тогтолцоо байгаа учраас түүнтэй нийлж чадахгүй байгаа юм. Мөн төмөр замын олон байгууллага “чанар...” гэж ярьдаг, зарим нь чанар хариуцсан баг, менежер, мэргэжилтэнтэй болсон. Гэхдээ бодлого, системийн чиглэлд бүрэн ажиллаж чадахгүй байна. Яагаад гэвэл тэдний ажиллах боломж хязгаарлагдмал. Төмөр замын хэмжээнд бүх зүйлийг нэг том зургаар харах хэрэгтэй шүү дээ. Бид УБТЗ ХНН гэсэн нэг л байгууллага. Энэ ч үүднээсээ Замын даргын 2020 оны зургадугаар сарын 23-ны А-473 тоот тушаалаар менежментийн нэгдсэн тогтолцоо болон чанар бүтээмжийн системийг нэвтрүүлэх ажлыг хийх цөм багийг шинэчлэн томилсон байдаг. Энэ багийг Замын ерөнхий инженерийн орлогч дарга Ш.Нямсүрэн ахалж манай Судалгаа шинжилгээ технологийн төв хариуцан ажиллахаар алба, салбар нэгжийн төлөөллүүд оролцон хэрэгжүүлэхээр заасан. Энэ ажлын хэсгийн зорилго бол УБТЗ-д стандарт нэвтрүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор хангах, тогтолцооны системийг Замын хэмжээнд нэвтрүүлэх юм. Долоон чиглэл 42 зүйл бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлээд явж байна. Эхний хоёр чиглэлийн ажил хийгдээд одоо гурав дахь чиглэлийн ажил буюу байгууллага салбар нэгжийн хэмжээнд хийгдэх судалгааны ажил энэ гуравдугаар сараас эхэлж байгаа. Ямар судалгаа хийх ямар ажил зохион байгуулах талаар чиглэл боловсруулан хүргүүлсэн ба байгууллага аж ахуйн нэгжүүд үүн дээр ач холбогдол өгч ажиллахыг хүсэж байна.
-Мэдээж энэ агуулгын хувьд ч, бүтцийн хувьд ч том өргөн хүрээтэй ажил. Иймд мэргэжлийн байгууллагуудтай хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа вэ? 
-Сайн төлөвлөлт бол тухайн ажлын 30 хувийг хийсэн гэсэн үг. Иймээс бид төлөвлөлт дээр онцгой анхаарал хандуулж нэлээд судалгаа шинжилгээг хийсэн. Ажлын хэсгээрээ нийтдээ найман удаа хуралдаж хэлэлцүүлэг хийснээс гадна олон улсын дөрвөн байгууллагатай, улсын үндэсний хоёр байгууллагатай, дотоодын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 20 орчим байгууллагатай уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлж судалгааг хийсэн. Энэ бүгдээс дүгнэлт хийн бид өөрийн бэлтгэгдсэн хүний нөөцийн чадавхид тулгуурлан менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг явуулах нь зүйтэй, харин 40-50 орчим хувьд зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтарч ажиллана гэсэн шийдэл гаргаад байгаа. Энэ дагуу ч зохион байгуулах ажлаа төлөвлөсөн ба нийт гарах зардлаа ч 50-иас дээш хувиар хэмнэх юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Стандарт хэмжилзүйн газраас тус газрын дарга Б.Билгүүн болон холбогдох хэлтсийн удирдлагууд УБТЗ-ХНН-ээс Замын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батболд болон Судалгаа шинжилгээ технологийн төвийн холбогдох ажилтнууд оролцсон хамтын чөлөөт хэлэлцүүлгийг хийсэн. Уг хэлэлцүүлгээр Монгол улсын Стандарт хэмжилзүйн газар болон УБТЗ ХНН хамтран хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулан ажиллах санал гарсан. Энэ саналыг УБТЗ-ын Нэгдүгээр орлогч даргад танилцуулж дэмжсэн бөгөөд одоо хууль эрх зүйн судалгаа хийгдэж байна. Ингэснээрээ бид менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх ажлын үүд хаалга нээгдэж байна гэж ойлгож болно. УБТЗ гэдэг нэг л байгууллага ийм учраас бүгд нэг цонхоор харж, нэг системээр үйл ажиллагааг зохион байгуулна гэж ойлгох хэрэгтэй. 
-Замын хэмжээнд олон улсын стандарт нэвтрүүлэхэд хэр хугацаа шаардах вэ?
-УБТЗ-ын хэмжээнд дээр хэлсэнчлэн чиглэл чиглэлийн стандартуудыг цогцоор нь нэгтгэж МНТ нэвтрүүлэн хэрэгжүүлэх эхлэлийг тавих, цаашид хөгжүүлэн үр нөлөөг сайжруулан удирдан зохион байгуулах, үйл ажиллагааны цар хүрээг нэмэх гэх мэтчилэн олон шат дамжлага бүхий ажлыг хэрэгжүүлэхэд хүн хүчний болон цаг хугацааны нөөц маш их шаардагдана. Бид одоогийн байдлаар туршлага, судалгаа шинжилгээнд үндэслэн 2023 он гэхэд Замын хэмжээнд МНТ-г нэвтрүүлнэ гэсэн зорилго тавьж төлөвлөгөө, зорилтуудаа тодорхойлон ажиллаж байна. Энэ нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд УБТЗ-ын ажилтан бүрийн оролцоо нэн чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.  
-Төмөр замын салбарт стандарт нэвтрүүлсний ач холбогдол нь хэрхэн гарахыг товчоор тайлбарлахгүй юу?
-Стандартууд бол үйл ажиллагааны бүтээмж болон үр дүнг сайжруулах батлагдсан, шалгарсан арга. Стандартууд байгууллагуудад үйл ажиллагааныхаа үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, эрсдлээ бууруулах, тогтвортой байдлыг хангах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэргээр ач тусаа чиглэл бүрээр өгөх судалгаа гарсан байгаа. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх