Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-23

И.В.Милостных: Төмөр замчдын 90 орчим хувь нь “Спутник-V” вакцин хийлгэх хүсэлт гаргасан

УБТЗ өөрийн зардлаар ОХУ-д үйлдвэрлэсэн “Спутник-V” вакцинаар нийт төмөр замчдаа дархлаажуулахаар шийдвэрлэснийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Төв эмнэлэгт Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных уг вакцины хамгийн эхний тунг хийлгэлээ. Вакцинд хамрагдах журмын дагуу тэрбээр асуумж бөглөж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны дараа эмч мэргэжилтнүүд вакцин хийлгэхэд харшлах шинж тэмдэггүй гэж үзснээр вакцин хийлээ.
Үүний дараа Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостныхоос цөөн асуултад хариулт авсан юм.

-Юуны түрүүнд Замын удирдлага болон Монгол ажилчдын нэг төлөөлөл “Спутник-V” вакцины эхний тунг хийлгэж үзэх нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан. Үүний дагуу эхний тунгаа хийлгэлээ. 
-Төмөр замчдыг вакцинжуулах ажлын хүрээнд хэдэн хүн тун вакцин хийхээр тооцов?
-Бид төмөр замчдыг 100 хувь вакцинжуулах, мөн дээрээс нь ахмад төмөр замчид болон ТЗДС, Политехникийн коллежид суралцаж байгаа оюутнуудаа 100 хувь дархлаажуулна гэж шийдвэрлэсэн. Мөн шаардлагатай бол төмөр замчдынхаа хүсэлтийн дагуу тэдний гэр бүлийн гишүүдийг вакцинжуулах ажлыг хэрэгжүүлнэ. Урьдчилан тооцсноор 28 мянган хүнийг тус бүр хоёр тунгаар буюу 56 мянган тунгаар дархлаажуулна. Дархлаажуулалтыг дөрөв, тавдугаар сард зохион байгуулж, хоёр сарын хугацаанд багтаан дуусгана. Зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай бүх ажилчид, оюутнууд, ахмадууд ямар нэгэн айдасгүйгээр сонгуульдаа оролцоход бэлэн байна гэдэгт бид найдаж байгаа.
-Манай орны хувьд “Спутник V” вакцинаар ажилчдаа дархлаажуулж байгаа цөөн байгууллагын нэг нь УБТЗ. Энэ вакциныг яагаад сонгох болов? 
-“Спутник V” вакциныг сонгосон шалтгаан нь төмөр замчдын дунд судалгаа явуулсан. Үүнд бараг бүх ажилчид хамрагдсанаас 90 орчим хувь нь “Спутник V” вакцин хийлгэх хүсэлтэй байсан. Ахмад төмөр замчид маань ч энэ вакциныг хийлгэхийг хүссэн. Энэ удаа би АТҮТ-ийн жолооч Ш.Мөнхдалайтай хамт вакцин хийлгэлээ. Бид Орос, Монгол хүний төлөөлөл болж вакцины эхний тунг хийлгэж байгаа юм.
-Вакцинжуулалтыг хүмүүс сайн дурын үндсэн дээр хийлгэж байгаа шүү дээ. Энэ мөчид та төмөр замчдад хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Мэдээж, вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр л хийлгэнэ. Гэхдээ төмөр замчин болгон нэг зүйлийг ойлгох ёстой. Вакцин хийлгэж ковид-19-өөс өөрийгөө хамгаалахгүй бол энэ аюулт өвчин таны ажил, амьдралд маш ноцтой нөлөөлж болзошгүй байна. Наад зах нь, гэр бүлийн орлогод ноцтой нөлөөлж эхэлж байгааг бид мэдэрлээ. Гэхдээ үнэхээр вакцин хийлгэх боломжгүй, өөрөөр хэлбэл ямар нэгэн эсрэг заалттай хүнд вакцин хийж болохгүй гэдгийг бид ойлгож байна. Тиймээс манай эмч мэргэжилтнүүд вакцинд хамрагдах хүмүүсийн эрүүл мэндэд онцгой анхаарч, нягталж шалгах болно. Харин бид вакцинжуулалтыг эрчимтэй зохион байгуулж, төмөр замчдыг идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Хэнд ч заавал “Спутник-V” вакцин хийлгүүл гэж тулгаагүй. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар Хятад, Англи, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн вакцинаар ард иргэдийн дархлаажуулалтыг хийж байгаа. Тэгэхээр зарчмын хувьд манай төмөр замчид хүссэн вакцинаа хийлгэх боломжтой. УБТЗ энэ вакциныг ямар ч үнэ төлбөргүй хийж байгааг онцлоё” хэмээв.

Сэтгэгдэл үлдээх