Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-12-10

Чиглэл бүрт хэрэгжүүлэх ажлуудыг даалгав

Улсын Онцгой комиссын арваннэгдүгээр сарын 11-ний 12 тоот тогтоол, Зам, тээвэр хөгжлийн сайдын А/214 тушаалын хүрээнд арваннэгдүгээр сарын 11-ний 02.00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн галт тэргээр зорчих хөдөлгөөнийг хаасантай холбогдуулан УБТЗ ХНН-ийн хэмжээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан цахилгааныг Замын I орлогч дарга И.ВМилостных гаргав. Үүнд, дээрх хугацаанд урьдчилан худалдаж авсан тасалбарын үнийг шимтгэлгүйгээр буцаан олгох, аяллыг цуцалсан тухай мэдээллийг үйлчлүүлэгчид хүргэх. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор хүүхдээ асрах шаардлагаар ажилдаа ирж, чадаагүй ажилтнуудын цалинг тухайн өдөр ажилласнаар тооцож бүтэн олгох, арваннэгдүгээр сарын 11-нээс хойш зохион байгуулахаар төлөвлөсөн урлаг, спорт, үзвэр, сургалтын үйл ажиллагааг цуцлах шийдвэр гаргасан юм. Үүний зэрэгцээ алба, хэлтэс, салбар нэгжүүдийн ажилчдыг онлайнаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгаас томилолтоор ирсэн ажилтнуудыг 14-ний өдөр хүртэл ажилласнаар тооцож, гадуур сэлгүүцэхгүй, байрлаж буй байрандаа байж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг үүрэг болгов. Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн хаасантай холбоотойгоор Улаанбаатар хотод орох, гарах зүтгүүрийн машинчийн бүхээгт томилгоот бүрэлдэхүүнээс өөр гадны хүн зорчуулах эрсдлээс урьдчилан сэргийлэх ажилд ЦХОБ-ныхан хяналт тавьж ажиллах юм. Алба, хэлтэс, салбар нэгжийн албан өрөөнд нэвтэрч байгаа ажилтнуудад маск зүүхийг шаардах, биеийн халууныг нь хэмжих ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээг хорио цээрийн дэглэмийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх