Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-09-30

Х.Амгалан: Төмөр замын хөгжлийг тодорхойлогч залуустаа би бүрэн итгэдэг

-УБТЗ ХНН-ийн цалин хөлс, шагнал урамшуулал, идэвхжүүлэлтийн системийг шинэчилэх шаардлага бий болсныг та жилийн өмнө ярьж байсан. Энэ асуудлын хүрээнд 2020 оны эхнээс Замын удирдлагын тодорхой тушаал шийдвэрүүд гарч, эхнээсээ хэрэгжээд эхэллээ. Энэ сэдвээр хоёулаа яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө “Ган зам” сонины уншигчид, төмөр замчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Жилийн өмнө тантай ярилцаж байсан нийгэмлэгийн өмнө тулгамдаад байсан асуудал-сорилт ажил хэрэг болох шатандаа гарч, хэрэгжиж эхэлсэн таатай мэдээллийг уншигч түмэндээ хүргэж байна. Замын удирдлага УБТЗ ХНН-ийн цалин хөлс, урамшуулал, идэвхжүүлэлтийн системийн шинэчлэх хүрээнд 2020-2021 онд энэ чиглэлээр хэрэгжүүлэх үзэл баримтлалын төслийг боловсруулж, олон арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөж байна. Энэ төслийн хүрээнд 2020 онд хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээнүүдийг тодорхойлон, Замын даргын А-150, А-516, А-630 тоот тушаалууд гарч, зарим ажлууд хэрэгжиж эхэлсэн. 
Үүний гол зорилго нь төмөр замчдын урам зоригийг нэмэгдүүлэх, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх, нэр хүндийг өсгөх, төсвийн зарцуулалтыг оновчлох, материал-техникийн нөөцийн хэмнэлтийг бий болгох, үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх юм шүү дээ. Энэ нь, орчин үеийн хэллэгээр нийгэмлэгийн “хүний капитал”-ыг урамшуулах, үнэлэх, сургах, зузаатгах, шинэчлэх ажлууд нэлээд эрчимжилттэй явагдана. Ажилтан хүний гүйцэтгэсэн ажлын чанар, хандлага, хариуцлага нь түүний хөдөлмөрийн хөлсийг тодорхойлдог, ажилтан хүн эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, хариуцсан ажилдаа элгэмсэг хандах зүй тогтоолыг бий болно гэж үзэж байна. Эцэст нь, энэ бүхэн УБТЗ-ын үйл ажиллагаанд эерэг нөлөөллийг бий болгох юм. 
-Замын даргын 2020 оны А-150 тушаалаар батлагдсан “урамшууллын систем”-тэй адил тогтолцоо МИАТ-д байдаг. Тэдний засварчдын ур чадвар Монголд төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг. УБТЗ-д энэ системийг нэвтрүүлж эхэлж байгаагийн хувьд үр дүн гарч байна уу?
-Тийм ээ, МИАТ-ийн онгоцны засварын төвийн үйл ажиллагаанд энэ систем үйлчилдэг. Тэд олон улсын стандартын дагуу онгоцонд засвар, үйлчилгээг хийж, гадны мөнгөн урсгалыг Монгол Улс руу чиглүүлж, ажиллагсдынх нь хөдөлмөр олон улсын жишгээр үнэлэгдэж байна. Ер нь, энэ систем нь хөгжингүй улс орнуудын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт өргөн хэрэглэгддэг ажлын чанар нь ажилтны цалин урамшууллыг тодорхойлдог жишиг тогтолцоо юм. Иймээс Монгол Улсын төмөр замын салбарт, тэр дундаа УБТЗ ХНН-д нэвтрэх ёстой системүүдийн нэг юм. Бид тухайн системийг нутагшуулахдаа илчит тэрэгний эд ангийн засварын үйл явцад хэмжилтийн хүлцэл, чанарын хяналт, шалгалтад хяналтын хуудсыг ашиглах, засварласан ажилтны хөдөлмөрийг үнэлэх, үнэлгээг баталгаажуулах, засварчдын тогтвор суурьшилтай ажиллах, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, технологийн мөрдөлт, засварын ажлын чанарыг нэмэгдүүлэхийг гол зарчмаа болгож байна. Өөрөөр хэлбэл, “Cheking list” буюу хяналтын хуудасны дагуу ажлыг гүйцэтгэсэн мастер, засварчид илчит тэрэгний засварт баталгаа гаргаж, тухайн хуудсаар хүлээлгэн өгч дараагийн засварын хугацаа хүртэл бүрэн хариуцан, гүйцэтгэлийн үр дүнгээс хамааран урамшуулал авах тогтолцоог бий болгох гэж байна.
Өнгөрсөн хугацаанд үр дүнгийн хувьд бидний хүлээж байснаас илүү үр дүн гарсан. Тухайлбал, 2019 онд хоорондын засвар, графикийн тасалдал зэрэгт суурилсан манай төлөвлөгдөөгүй засвараас шалтгаалсан шууд алдагдал зургаан тэрбум төгрөгт хүрч байсан. Энэ алдагдлыг бид 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2-3 дахин багасгах урьдчилсан тооцооллыг хийгээд байна. Эхний зургаан сард гарсан үр дүн ч үүнийг баталсан. Ийм үр дүнд хүрэхийн тулд татах хэсгийн ажилтнуудад хагас жил буюу хэрэгжсэн дөрвөн сарын хугацаанд нийт 201.4 сая төгрөгийн урамшуулал олгоод байна.
-Тухайн нөхцөл шалтгааныг зөв олж, оновчтой бодлого хэрэгжүүлэх нь хамгаас чухал шүү дээ. Ийм арга барилаар ажиллая гэдгээ хэрхэн тодорхойлов?
-Энэ тогтолцоог УБТЗ ХНН-ийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор Нийгэмлэгийн хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалтын салбарын хэсэгт 2-3 жилийн өмнөөс удирдах, гүйцэтгэх, туслах шатны ажилтнууд буюу алба, салбар нэгжийн дарга, инженер, эдийн засагч, техникч, мастер, засварчин, ажилчид бүгд хамтран нэг баг болон өнөөгийн нөхцөл байдал, тулгарч байгаа сорилт, дэвшүүлэх зорилго, зорилт, боломж, төрөл бүрийн эрсдэл, урьдчилсан үр дүнг талаар судалгаа, шинжилгээг хийж эхэлсэн. Аливаа зүйл, ялангуяа бодлогын чанартай шийдвэрийг гаргахдаа хамтын хүчээр “Долоо хэмжиж, нэг огтлох” гэсэн зарчмаар явахгүй бол эрсдэл гэдэг зүйл бодит болж хор уршиг гардаг учир хоёр жил гаруй хугацааг судалгаанд зарцуулж, эцэст нь нэвтрүүллээ. Хамтын хүчээр хийсэн энэ ажлын үр дүнд сүүлийн таван сарын хугацаанд зүтгүүрийн эвдрэл гэмтлийн тоо эрс багассан.
-Замын даргын А-630 тоот тушаалын дагуу хэрэгжүүлж буй урамшууллын системийн талаар тодруулж ярина уу?
-Урамшууллын энэ тогтолцоо нь ажилтнуудын бүтээлч саналыг дэмжих, тэдний саналыг үнэлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх замаар хөдөлгөөний, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг сайжруулах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалтыг боловсронгуй болгох, автоматжуулах, бүх төрлийн нөөцийг хэмнэх, ажилтнуудын хөгжил ёс зүй, хөдөлмөр зохион байгуулалтыг дээшлүүлэхэд тус тус чиглэнэ. Богино үгээр хэлбэл, энэ тогтолцоог чанар, бүтээмж, хандлага, үр дүнгийн тогтолцоо гэж шууд хэлж болно. Чанарын тогтолцооны сайн жишгийг судлахаар баг бүрэлдэхүүнээрээ “Спирт бал бурам” ХХК, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гээд олон байгууллагын туршлагыг судалсан. Эрдэнэт үйлдвэр чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлээд 10 жил болж байна. “Ажилтан бүрийн хандлага өөрчлөгдвөл ажиллах нөхцөл ч сайжирдаг. Ажиллах нөхцөл сайжирвал ажлын чанар дээшилж, ажлаасаа авах сэтгэл ханамж ч өсдөг. Ажилдаа сэтгэл ханамжтай бол ажлын байрны эрсдэл, алдаа дутагдал арилдаг” гэдгийг тэдний туршлагаас бид нүдээрээ үзлээ. Иймээс ч Замын удирдлага энэ сайн туршлагыг нэвтрүүлэх нь удирдлагын багийн гол ажил гэж үзсэн юм. 
Энэ тогтолцоог Замын хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл Улаанбаатар татах хэсэгт туршилтын журмаар хэрэгжиж байна. Энэ хугацаанд бүх эрсдэл, тохиолдлуудад хүний нөөц, эдийн засаг, инженерингийн тооцоолол хийнэ. Ингээд технологийн, эдийн засгийн, нийгмийн үр ашиг гарах эерэг нөхцөл бүрдэнэ гэсэн үед нийгэмлэгийн бусад салбар болох ачаа, зорчигчийн вагоны засвар, үйлчилгээ, суурь бүтэц, дохиолол, холбоо, эрчим хүчний объектуудын арчилгаа цаашлаад туслах үйлдвэр, нийгмийн салбаруудад хэрэгжүүлж, “мөөг мэт тарих” юм. Чанар, бүтээмжийн ард ажилтан хүний “хандлага” ямагт илэрч байдаг. Ажилтан хүний хандлагыг сайжруулахын тулд тэдний бүтээлч саналын гүйцэтгэл, үр дүнг үнэлэхдээ нотолгоо, бодит түвшинд хүрсэн, шударга, ил тод зарчмыг баримтлах нь зүйтэй юм. Энэ байдлыг ч бид уг системд тусгаж ажиллана. 
Өнөөдөр Улаанбаатар татах хэсэгт А-630 тушаал 2020 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш нийт 11 бүтээлч санал гарч, дөрвөн санал төслийн хэмжээнд хэрэгжиж байна. 
-Замын даргын А-630 тоот тушаалын хувьд УБТЗ ХНН-ийн цалингийн сүлжээг шинэчлэх эхний шат хэрэгжиж байгаа, үүнд, мастер, машинч, засварчдын үндсэн цалинд өөрчлөлт орсон талаар та ярианы эхэнд цухас дурдсан?
-Үүнийг ярихын өмнө карьер гэдэг ойлголтын талаар хэлмээр санагдлаа. Өргөн хэрэглэгддэг утга нь ажил, албан тушаал ахих дэвших. Ер нь хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж л байвал ямар нэг хэмжээгээр карьер хийж байна гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, тэр хүн хөдөлмөрлөх явцдаа байнга суралцаж, мэргэжлийн ур чадвар нь дээшилж, туршлагажиж байдаг. Мөн амжилттай карьер хийнэ гэдэг нь зөвхөн албан тушаал ахина гэсэн үг биш, эзэмшсэн мэдлэг, мэргэжлийн дагуу хүн дуртай ажлаа хийж, түүндээ сэтгэл ханамжтай байхыг ч хэлнэ. Энэ “сэтгэл ханамж” гэдэг асуудал нь цалин хөлстэй шууд холбогдоод явдаг. Гэтэл УБТЗ ХНН-ийн цалингийн сүлжил нь нэлээд хуучирсан өнөөгийн өнгө төрхөд нийцэх, өнөөдрийн залууст өсөж дэвжих хүсэл тэмүүлэлд, нөлөөлөх чадамж нь бага байна. Ийм нэг жишээ байна л даа. ОХУ-д их, дээд сургууль төгсөж ирчихээд, туслах машинчаар ажиллах сонирхолтой, түүнээс дээш дэвшиж, өөрийгөө улам хөгжүүлэх хүсэл эрмэлзэл байхгүй.
Мастерын өндөр хариуцлагатай, ажлын байранд залуус ажиллах сонирхолгүй байсан. Учир нь, тэднийг идэвхжүүлэх хөдөлмөрийн хөлсний нөлөөлөл байхгүйтэй холбоотой. Харин А-630 тоот тушаалаар шийдвэр гарснаар бага, дунд тушаалын зарим ажлын байрны цалингийн сүлжилд хэсэгчилсэн өөрчлөлт орсноор хэн илүү хөдөлмөрлөнө тэр хүн өндөр цалин хөлс хүртэнэ гэсэн тогтолцооны эхлэл тавигдаж байна. Энэ ажлын үр дүнгээр Замын хэмжээнд мастер, машинч, туслах машинч, V, VI зэрэгтэй засварчин зэрэг 3000 гаруй ажилтны цалин хөлсөнд өөрчлөлт орсон. Цаашлаад Замын удирдлагын зүгээс цалингийн сүлжилд шинэчлэл хийх энэ чиглэлийн хоёр, гурав, дөрөвдүгээр шатны ажлыг 2021 онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ энэ нь хөрөнгийн асуудлаас шалтгаалан хэрэгжинэ.
-Нэг үе бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчнээ Солонгос руу алдах нь Замын захиргааны “толгойн өвчин” болох хэмжээнд хүрсэн. Дээрх бодлого хэрэгжиж эхэлснээр энэ асуудал нэг мөр шийдэгдэнэ гэж ойлгож болох уу?
-Тиймээ, бэлтгэгдсэн боловсон хүчнээ гадаад улс орон төдийгүй төмөр замын бусад байгууллага руу алдах асуудал Замын удирдлагын өмнө тулгамдсан асуудал мөнөөс мөн байсан. Дэлхийн нийтээр цар тахал гарч, хилийн хорио бий болсноос гадаад улс орон руу чиглэсэн урсгал багассан. Иймээс л бид энэ урсгалыг хаахын тулд дээр дурдсан бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлж байна. 
Энэ далимд нэг зүйлийг залууст хэлмээр санагдлаа. Цар тахлын нөлөөгөөр, дэлхий даяр төдийгүй Монгол Улсын ихэнх байгууллага санхүүгийн хямралд орж, үүд хаалгаа барьж байна. Харин УБТЗ ХНН жил бүр транзит ачаа тээвэрлэлтийнхээ хэмжээг өсгөж, үүнийхээ ачаар дөрвөн жил дараалан ажиллагсдынхаа үндсэн цалинг 10 хувиар өсгөлөө. Жилийн ажлын үр дүнгийн шагнал урамшууллын хэмжээг үндсэн цалингаас 200 хувиар тооцон олгох шийдвэрүүдийг гаргалаа. Энэ шийдвэрүүдийг гаргаж, хөрөнгийг зарцуулснаар нийгэмлэгийн хөдлөх бүрэлдэхүүн, суурь бүтцийг шинэчлэх боломжийг багасгадаг ч удирдлагын зүгээс цаашид ч үргэлжлүүлэх хандлагыг барьж ажиллана гэж төлөвлөж байна. нийгэмлэгийн ажиллагсдын 70.2 хувийг 40 хүртэлх насны залуус эзэлж байна. Замын захиргаанаас залуусын тогтвортой, сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бодлого барьж ажилладаг. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд та бүхэн дэмжлэг болон ажиллаарай гэж залуустаа хэлмээр байна.
-Сайхан үг залуучууддаа хэллээ. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд тухайн ажлыг хариуцах баг хамт олны ойлголт, мэрийлт мэдээж хамгаас чухал байх?
-Тэгэлгүй яах вэ. Цалин хөлс, шагнал урамшуулал, идэвхжүүлэлтийн системийг шинэчлэх асуудалд хамт олноо хошуучлан манлайлан оролцсон хүмүүсийг онцгойлон дурдмаар байна.
Зүтгүүрийн албаны эдийн засагч Б.Алтанцэцэг олон жил УБТЗ ХНН-д ажиллаж байна. Ажлын гүнд залуустайгаа мөр зэрэгцэн орж, ажлынхаа алдаа оноог маш зөв олж харж, асуудлыг тавьдаг, ажлын гүйцэтгэлийг өндөр түвшинд хийдэг сайн боловсон хүчин. Мөн Улаанбаатар татах хэсгийн эдийн засагч Б.Цолмон, Г.Ундрах, тус татах хэсгийн чанарын асуудал хариуцсан хэлтсийн дарга И.Сайнбаатар, Дархан татах хэсгийн орлогч дарга Г.Энхтайван, Сайншанд татах хэсгийн дарга Б.Мөнх-Оргил нарын залуу дарга нар байна. Түүнчлэн, сургалтын инженер А.Сүрэнжав, Т.Эрдэнэбилэг, ерөнхий инженер Ш.Хүрэлбаатар, ахлах жижүүр Б.Батбаатар нарын залуусыг дурдмаар байна. Тэдний нуруун дээр л бүх ажил явж байна шүү дээ. Эдгээр залуусаа сургах чиглэлээр би чадлынхаа хэмжээнд ажиллана, дэмжинэ.
Үүнээс гадна, дээр дурдсан гурван тушаалын төслийн шийдвэрийн боловсруулалт, тооцоо, төсөл дээр Замын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батболд, Төлөвлөлт, эдийн засгийн албаны дарга З.Энхбаяр, орлогч дарга Д.Ундармаа, инженер Г.Саранцацрал нар онцгой үүрэг гүйцэтгэлээ. Эдгээр залууст маш их талархсанаа танай сониноор дамжуулан илэрхийлье. Тэднээс залуу хүний эрч хүч, авьяас чадвар үнэхээр мэдрэгддэг. Мэдээж хэрэг, үүн дээр манай орос мэргэжилтнүүд болох Замын эдийн засаг-санхүү хариуцсан орлогч дарга С.Я.Усольцева, Зүтгүүрийн албаны дарга Н.А.Гук нарын оролцоо дэмжлэг их байдаг. 
Ерөнхийдөө нийгэмлэгийн цалин, хөлсний тогтолцооны хуучирсан системийн мөсний захаас цуурч эхэлж байна. Энэ бол том амжилт. Намайг Замын орлогч даргын ажлыг хүлээж авахад, Замын дарга хамгийн түрүүнд энэ бүх асуудлыг бид хамтран шийдвэрлэх хэрэгтэй. Хүн капиталыг зөв үнэлэх, үүнээс өгөөжийг хүртэх асуудал нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудал болсныг хэлж, үүрэг өгсөн. Энэ асуудал нь нэг дор шууд шийдчихэж болдоггүй үндэс сууриар нь олон талаас нь судалж байж, хийх том ажил юм байна.
-Сүүлийн жилүүдэд зүтгүүрийн парктаа чамгүй шинэчлэлийг хийгээд авлаа. Одоо вагоны паркийн асуудал үлдээд байх шиг байна?
-Тиймээ, бид зүтгүүрийн паркийн хүчин чадлыг өөрийн хөрөнгөөр шинэчлэх ажлыг сүүлийн дөрвөн жилд нэлээд эрчимжүүлсэн. 2019-2020 онд 13 зүтгүүрээр парк шинэчлэл хийгдлээ. Гэхдээ өнөөдөр зүтгүүрийн парк 43.9 хувь, ачааны вагоны парк 46.9 хувь, зорчигчийн вагоны паркийн 73.5 хувь тус бүр ашиглалтын хугацаа хэтэрсэн байна. Зүтгүүрийн паркийг бүрэн шинэчилсэн тохиолдолд 99 хувийн баталгаа гаргана. Ачааны вагоны байнгын дутагдалтай байдал, тухайлбал, улс орны нэн тэргүүний хэрэгцээт зарим тээвэрлэлт, тэр дундаа ургацын тээврийг хурдан шуурхай, цаг хугацаанд нь зохион байгуулахад жил бүр хүндрэл учруулсаар ирсэн. Жишээ нь энэ жил гэхэд энэ тээвэрт зориулан 180 битүү вагон, зориулалтын 60 буудай тээвэрлэх вагон нийт 240 вагон нэн түрүүнд шаардлагатай байна. Гэхдээ өнөөгийн санхүүгийн эх үүсвэрийн нөөц боломжийг тооцоолон ашиглаж байгаа техникүүдээ засаад, зөв ашиглаад, үр шимийг нь гаргах хэрэгтэй. Нэг зүтгүүрийг 25 жил, цаад тал нь 35 жил тээвэрт явуулдаг гэхээр нэмэлт засвар хийж ашиглалтын хугацааг нь уртасгана гэсэн үг шүү дээ. Бид одоогоор ийм хэлбэрээр явж байна. Мөн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод засварын шинэ цех ашиглалтад оруулснаас эхлээд засварынхаа бааз суурийг одоогоор тодорхой хэмжээнд сайжруулаад байна л даа. 
-Төмөр замд хэтэрхий олон хяналт шалгалт байдаг нь ажилтан хүнд дарамт болж байна гэх яриа мэр сэр байдаг. Бидний дээр ярьсанчлан, засварчин өөрийнхөө хийсэн ажилд баталгаа өгч, өөртөө хяналт тавьдаг болсноор магадгүй зарим төрлийн хяналт шалгалтын тоо багасах уу?
-Миний хувьд хяналт шалгалт бүрд биечлэн оролцдоггүй л дээ. Тийм болохоор чухам ямар төрлийн шалгалт дарамт үүсгэх хэмжээнд хүрээд байгааг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг манайх шиг байгууллагын хувьд хяналт шалгалт зайлшгүй байх л ёстой. Ингэж байж л хөдөлгөөний, хөдөлмөрийн аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагааг бүрэн хангана шүү дээ. Харин хийж байгаа хяналт шалгалт нь үр дүнтэй, хүндээ хүрдэг байх хэрэгтэй. Тухайн хүнийхээ ажлынх нь гүнд ороод юу нь болохгүй байна, яавал болох вэ гэдэгт зөвлөмж хүргүүлж, туслалцаа, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Түүнээс биш зүгээр л бичиг цаас, дүрэм журам шалгах төдий явдаг. Юм л болбол арга хэмжээ авах гээд байдаг хандлага байж болохгүй. Нөгөө талаасаа, шалгалтыг дарамт гэж хардаг хүн эхлээд өөрийгөө эргэж харах хэрэгтэй. Зүв зүгээр байгаа хүнийг заавал шалгаад байдаггүй шүү дээ. Тодорхой стандарт шаардлагыг нь хангаж чадахгүй байгаа учраас л хангуулахын тулд шалгадаг. 
-Боловсон хүчнээ бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр тодорхой ажил хийх шаардлагатай байгаа тухайд түрүү жил хоёул ярилцсан. Энэ чиглэлээр Замын захиргаа ямар зарчим баримталж байна вэ?
-УБТЗ ХНН-ийн цалин хөлс, шагнал урамшуулал, идэвхжүүлэлтийн системийг шинэчлэхтэй уялдан боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах асуудал давхар яригдаж байна. Бид зүтгүүрийн паркийн шинэчлэх, хүчжүүлэх гэж олон ярьдаг. Тэгвэл түүний адил “хүний парк”-ийг ашиглах, засварлах, шинэчлэх, хүчжүүлэх бодлогыг Замын удирдлагын нэг гол зорилт юм. Өөрөөр хэлбэл, нийгэмлэгийн хэтийн төлөвийн зорилго, зорилтуудтай уялдан, ажилтнуудын мэдлэгийг тухай бүр зузаатгах, шинэ ажилтнуудыг сургах, сурах эрмэлзэл зорилготой боловсон хүчинд хөрөнгө зарцуулж, үр өгөөжийг нь хүртэх зэрэг ажлыг дэс дараалалтайгаар хийхээр төлөвлөж байна. Иймд хүний нөөцийг оюутан болох үеэс эхлэн сонгон шалгаруулалтыг зөв хийж, ажилд орох үед нь зөв, дадал зуршлыг хэвшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Ийм арга хэмжээнүүдийг авч эхлэхгүй бол, сургууль төгссөн залуусын чадамжийг харж байхад хамгийн наад зах нь орос хэлний мэдлэг нь хүртэл тааруу байна. Энэ нь, харь хэлийг эзэмш гэж тулгаж байгаа биш наад зах нь төмөр замын тээврийн салбарт хэрэглэж байгаа ихэнх техник, технологи, арга, аргачлал Оросын эрдэмтдийн бүтээл байдаг юм. Бид үүнийг ойлгож, уншиж, ашигладаг байх ёстой. Бидний үед бол Орост сургууль төгсөхдөө Оросын уран зохиолыг уншиж, оросуудтай уран зохиолынх нь хэллэгээр ярьдаг байлаа шүү дээ. Гэтэл одоо мэргэжлийн номоо ч уншиж чадахгүй хүн олон байна. Ийм хэмжээний мэдлэгтэй хүмүүс ороод ирэхээр тэднийг яаж сургах вэ гэдэг нь бидний хувьд бас нэгэн асуудал болоод байна. Вагоны аж ахуйн албаны хувьд маш чадвартай инженерүүдтэй. Гагцхүү эдийн засагчдынх нь чадамж арай сул байна уу даа гэж хардаг. Зүтгүүрийн аж ахуйн албаны хувьд эдийн засагч, инженерүүд аль аль нь чадварлаг. Дээрх арга хэмжээнүүдийн хувьд Вагоны аж ахуйн албанаас эхлүүлэх саналтай байсан. Гагцхүү бодлогын чанартай ажлыг практикт нэвтрүүлэхэд, эрсдэлийг үнэлэхэд д инженер, эдийн засагчид нь толгойлон ордог юм байна шүү дээ. Иймээс л өнөөдөр Зүтгүүрийн аж ахуй алба уухайлан гардлаа. Мэдээж чадвартай залуус олон бий. Үүнийг үгүйсгэж болохгүй. Наад зах нь дээр дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд хүчирхэг хос хэлтэй, мэргэжлийн өндөр чадвартай шат шатанд ажилладаг залуусын баг гүйцэтгэлээ. 
-УБТЗ ХНН 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрөө боловсруулсан. 10 жилийн дараа гэхэд таны харж байгаагаар хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалтын салбарын ажиллагсдын ажлын нөхцөл, техникийн хөгжил ямар хэмжээнд хүрэх вэ?
-2030 он гэхэд УБТЗ ХНН-ийн гол замаар хамгийн багадаа 56.7 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж бид 2018 онд боловсруулсан хөгжлийн бодлогодоо тусгасан.
Гэвч сүүлийн үеийн транзит тээвэрлэлтийн өсөлтийн чиг хандлага, ачаа урсгалын байдал, Монгол Улсын төмөр замын сүлжээний өргөтгөх ажлын хурд, Замын удирдлагын хэрэгжүүлж буй оновчтой менежментийн бодлогоос хамааран 2025 он гэхэд 54.1 сая тонн түүнээс дээш хэмжээнд хүрч болох таамаглалыг дэвшүүлээд байна. Хэрэв энэ таамаглал биелсэн тохиолдолд гол замын гуравны нэг хэсэг нь хос замтай болж, зүтгүүрийн паркийн өнөөгийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Ажлын байр 2000 орчим хүнээр нэмэгдэх юм. Хамгийн гол нь УБТЗ ХНН-ийн өнөөгийн хэрэгжүүлж буй бодлогыг дэмжин Монгол Улсын Засгийн газраас Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шугамыг УБТЗ ХНН-д барих, ашиглах эрхийг өгөх, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн суурь бүтцийг ашиглан, операторын үүргийг гүйцэтгэх чиглэлийг гаргаад байна. Биднийг нөр их ажил хүлээж байна. 
Замын удирдлагын энэ бүх хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажил нь Монгол Улсын сайн сайхны төлөө, төмөр замчдынхаа  ажилдаа аз жаргалтай ирж, орой гэртээ аз жаргалтай ордог болох нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа. Эхлэлийг нь ч бид амжилттай тавиад эхэллээ. Төмөр замчин бүр дөрвөн жилийн дараа 54.1 сая тонн ачаа тээвэрлэхэд бэлэн байх хэрэгтэй. Ингээд бодохоор ийм хэмжээний ажилтай, ачаа тээвэрлэлттэй байлгаж байгаа Замын удирдлагадаа бид талархал илэрхийлэх ёстой. Төгсгөлд нь өөрийгөө ямагт хөгжүүлэхийг эрмэлздэг, ажилдаа бусдыг хошуучлан оролцдог, чин сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөдөг залуустаа хандаж, “Та нар бол төмөр замын ирээдүйг авч явах чухал хүмүүс. Залуу үеийнхэн та нарт бид бүрэн итгэж байна. Хэзээ ч бүү ухар. Юунаас ч бүү ай. Нэгэнтээ л зөв хөгжлийн зам руугаа орсноос хойш үргэлж, хөгж, урагшил” гэж л хэлье дээ. Төмөр замчид минь зөв хандлагыг өөрийн ажлын байран дээр гаргаж, нэгдсэн нэг хүчээр зүтгэсэн тэр үед УБТЗ ХНН хөгжиж, төмөр замчин бүрийн ажил, амьдрал өөдлөн дэвшиж, сайхан болох цаг улам ойртож байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх