Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-26

Ю.Нямжаргал: Энэ жил 80 км замд их засвар хийхээр төлөвлөсөн

-Замын аж ахуйн албаны хувьд өнгөрсөн 2020 он их бүтээн байгуулалтын жил байлаа. Улсын хэмжээний томоохон төслөөс гадна өөрийн гол замын их засвар, зарим өртөө, зөрлөгийн замыг өргөтгөсөн гээд ажлын хэмжээг нийт дүнгээр нь харвал түүхэн дээд түвшинд хүрчээ. Эргээд харахаар,УБТЗ 30 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтооход суурь бүтцийн засвар, шинэчлэлийн ажил чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Та албаны даргын хувьд өнгөрсөн 2020 оныг дүгнэвэл юу гэж хэлэх вэ? 
-УБТЗ-ын хувьд 30 сая тонн ачаа тээсэн, өндөр бүтээлийн жил болж өнгөрлөө. Манай төмөр замын техникийн байдал нь ийм хэмжээний ачааллыг даахын тулд дэд бүтцээ хүчжүүлэх, сэргээн засварлах нь хойшлуулшгүй чухал ажил болоод байсан. Замын захиргаа ч дэмжиж, 2020 онд замын аж ахуйд их барилга, их засвар, хөрөнгө оруулалтаар нэлээд хэмжээний хөрөнгө шийдсэн нь тун оновчтой шийдвэр болсон. Учир нь, тээврийн өсөлт өдрөөс өдөрт эрчимтэй нэмэгдэж байна шүү дээ. Замын аж ахуйн албаны 2020 оны ажлыг гурван үндсэн хэсэгт хуваан яримаар байна. Нэгдүгээрт, замын дээд бүтцийг хүчжүүлэх, эрүүлжүүлэх ажлын хүрээнд нийт 68.3 км зам шинэчлэлийн ажлыг Сумангийн зоо-Замын-Үүд-2 хоорондын 1038-1107 км хүртэл гүйцэтгэлээ. Энэ нь, гол замыг төмөр бетон дэр, Р65 зам төмөртэй хүнд даацын замд шилжүүлэх ажил үндсэндээ Замын-Үүд рүү ороод ирлээ гэсэн үг. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зам ашиглалтад орсны 65 жилийн ой 2021 онд тохионо. Энэхүү түүхэн ойтой давхцан их засварын ажил Замын-Үүд рүү орж ирсэн нь бэлгэшээлтэй хэрэг. Замын-Үүдээс цааш улсын хил хүртэл 7.8 км бий. 2021 онд энэ хэсгийг хүчжүүлбэл улсын хойд хилээс урд хил хүртэлх гол замыг шинэчлэх ажил маань 70 хувиас давна. Их засварын ажлаас гадна Замын албаны хэмжээнд 17 км дунд болон 16 км өргөлтийн засварыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн. Ингэхээр 2020 онд УБТЗ нийтдээ их, дунд, өргөлтийн засвар гээд нийт 101.3 км замыг эрүүлжүүлж, хүчжүүлжээ. УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор Ерөнхий хорооноос зарим өртөөдийг өргөтгөх, шинэчлэх шийдвэр гарсныг уншигчид маань санаж байгаа байх. Уг шийдвэрийн хүрээнд 2020 онд Баян, Чулуут зөрлөгт шинээр зам нэмэхээс гадна замыг нь сунгасан. Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу Шахмал түлшний үйлдвэр хүрэх замыг ч барилаа. УБТЗ-ын техникийн хөгжлийн 2030 хөтөлбөрийн дагуу өртөөдийн замын техникийн байдлыг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Дархан-1, Замын-Үүд-2 өртөө, мөн Замын-Үүдийн Логистикийн төвийн зам гээд нийт 14 км замыг шинэчилж, 25 комплекс суман шилжүүлгийг шинээр угсран ашиглалтад оруулав. Тээврийн эрчимтэй өсөлтөөс шалтгаалан замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд өртөөдийн өргөтгөл, шинэчлэлийн ажил ч бас нэлээн эрчимтэй үргэлжилж байгаа. Гол замыг хүчжүүлэхээс гадна Зүүнбаян-Тавантолгойн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын ул шороо, хиймэл төхөөрөмжийн ажил 2019-2020 оны эхэн хүртэл үргэлжилсэн. Энэ үеэс замын дээд цогцыг угсрах ажилд манай замчид ажилласан шүү дээ. Бүтээн байгуулалтын хүрээнд Зүүнбаянд долоон замтай, хоёр том крантай бүхэл бүтэн Үе угсрах бааз шинээр байгууллаа. Ингэснээр 76.1 км зам угсарч бүтээн байгуулалтад нийлүүлсэн. Мэдээж, цаг агаарын байдлаас шалтгаалан машин механизм, техникээ өвлийн горимд шилжүүлж, 29.3 км замыг гар, механик арга хослуулан угсарсан л даа. Энд Замын бүх ангиас нийт 90 гаруй замчин татаж, нэг бригад болгон ажиллуулсан. Цаашид Зүүнбаянгаас VI зөрлөг, VI зөрлөгөөс V, IV зөрлөг гээд нийтдээ 210 км замыг угсрах зорилт тавьсан. Их засвар, их барилгын ажилтай холбоотой товч дурдахад ийм. 
-Гол замыг хүчжүүлэх, өргөтгөж шинэчлэхээс гадна шинэ төмөр замуудын бүтээн байгуулалттай холбоотойгоор замын аж ахуйн туслах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарсан. Эднээс хамгийн ойрын жишээ бол Олон-Овоо-2 төсөл. Тэгэхээр туслах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урт хугацаандаа өөрийн болоод бусад шинэ төмөр замын төслүүдийг түүхий эд, материалаар хангахад бэлтгэл болгож ямар чухал алхмууд, хөрөнгө оруулалт хийсэн бэ? 
-Яг зөв. Миний түрүүнд дурдсан гурван үндсэн хэсгийн хоёр дахь нь энэ. 2020 оны хувьд Замын аж ахуйн албаны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд дорвитой алхам хийсэн жил болсон. Олон-Овоогийн чулуу бутлах үйлдвэрийн хүчин чадлыг бараг хоёр, гурав дахин нэмэгдүүлсэн шүү дээ. Та ч бас сая асуултдаа дурдаад өнгөрлөө. Зүүнбаян-Тавантолгойн бүтээн байгуулалт болон манай УБТЗ-ын их засварын хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор чулууны гарцыг нэмэгдүүлэх шаардлага гарсан. Замын захиргааны дэмжлэгтэйгээр 19 сая шоометр барилгын чулуун нөөцтэй Олон-Овоо-2 ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг УБТЗ-даа шилжүүлж авсан. Тусгай зөвшөөрлийн дагуу Олон-Овоо-2 ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хоёр шинэ эксковатор, нэг шинэ ачигчийг худалдаж авлаа. Энэ нь, буталмал чулууны гарцыг жилдээ 250-300 шоометр болгож нэмэгдүүлэх юм. Ер нь, цаашдаа их засварын хэмжээ ч нэмэгдэнэ. Энэ хэрэгцээг хангах ийм хэмжээний ордтой, түүнийгээ олборлож, боловсруулах ийм хүчин чадалтай үйлдвэртэй болсондоо Замын захиргаанд Замын аж ахуйн хамт олон, замчид туйлын их баярлаж байгаа. Зэрэгцээд Зүүнбаян-Тавантолгойн бүтээн байгуулалтад Хөтөлийн төмөр бетон дэрийн үйлдвэр голлох үүрэгтэй оролцсоор ирлээ. Тус үйлдвэр нийтдээ 76 мянган бетон дэр үйлдвэрлэж улсын хэмжээний энэ бүтээн байгуулалтад нийлүүлсэн. Үүнийг үйлдвэр хагас бүтэн, сайнгүй, технологийн үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулж байж, амжилттай хэрэгжүүллээ. Цаашид ч бетон дэрний хэрэгцээ нэмэгднэ. Иймээс Замын аж ахуйн албанаас бетон дэрийн 30 хэв захиалж, үйлдвэрийн хүчин чадлыг 25-30 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьсан. Та бүхэн мэдэх байх, бид бетон дэрийн хэв худалдан авах тендерт оролцож, БНХАУ-аас хэвээ оруулж ирээд үйлдвэрийн шугамд суурилуулсан. Одоо үйлдвэрийн хоногийн гарц 880 бетон дэр буюу 30 хувиар нэмэгдсэн гэхэд болно. Хөтөлийн төмөр бетон дэрийн үйлдвэрт 800 сая төгрөгийн хөрөнгө оруулсан гэсэн үг. Мөн Мод боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор мод цагаалагч трактор хөрөнгө оруулалтаар худалдаж авсан. Ингэснээр уулын нөхцөлд мод бэлтгэх ажлыг орчин үеийн технологиор аюулгүй зохион байгуулах нөхцөл бүрдэж байгаа юм. Замын аж ахуйн засварын ажлын хэмжээ өсөхийн хэрээр эдгээр туслах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, технологийн шинэчлэл хийх ажлууд давхар шийдэгдсэн. Товчхондоо, ойрын 10, 20 жилд ийм технологийн шинэчлэл хийгдээгүй.Энэ шийдэл нь дараа дараагийн тээврийн эрчимтэй өсөлтөөс үүдэн гарах дэд бүтцийг хүчжүүлэх ажлын суурь нь болох учиртай юм. 
-Та цагийн үеийн нөхцөл байдал, Замын аж ахуйд хийж буй ажлын талаар тухай бүрт нь манай сониноор дамжуулан мэдээлэл өгч байсанд уншигчдынхаа өмнөөс танд талархал илэрхийлье. Тухайлбал, замын техникийн байдлыг сайжруулах хөтөлбөр, байгууллагын соёл, хувь хүний хандлага, хөгжил рүү чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил гээд олныг нэрлэж болохоор байна л даа. Эдгээрийг түр орхиод эдийн засгийн хэмнэлт бий болгосон, шинэ технологи, инновацийн ажлуудаас танилцуулаач? 
-Ярианы гурав дахь үндсэн хэсгийг таны асуусан асуулттай холбон тайлбарлая. Шинэ технологи, инновацийн ажлуудаас хамгийн үр дүнтэй болсон нь зам төмөр тосолгооны шинэ вагон. Манай замчид зорчигчийн хуучин вагоныг шинэчлэн тоноглож, ашиглалтад оруулахдаа орчин үеийн шаардлага хангасан компьютерийн хяналт, өндөр үр ашигтай технологийг ашигласан. Үүний үр дүнд зүтгүүр, вагоны хос дугуйн дэлний элэгдэл 37.3 хувь, хос дугуйн бандаажны элэгдэл 23 хувиар буурсан. Зам төмрийн элэгдлийн эрчимжилт 50 хувь буурсан төдийгүй замчдын ажлыг хөнгөвчилж, гар тосолгоог бүр мөсөн халлаа. Ийм үр дүнтэй вагоныг ашиглалтад оруулаад 2020 оны турш ашигласан нь эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, инженерлэг бүтээл болсон. Өгөөжийг нь ганц замын аж ахуй биш зүтгүүр, вагон гээд хөдлөх бүрэлдэхүүний элэгдэл буурч бусад албад ч хүртэж байна. Дагаад Замын хэмжээнд асар их хэмнэлтийг бий болгож байгааг дурдах нь зөв. Бахархалтай бүтээл. Энэ вагоныг бүтээхийн тулд гадаад компаниуд, ШУТИС-ийн эрдэмтэд, инженерүүд мөн Төв засварын үйлдвэр, Замын II ангийн инженер, техникийн ажилтнууд гээд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Нэгэнт л шинэ технологи, инноваци гээд асуусан болохоор нэг зүйлийг марталгүй нэмэх ёстой л доо. Манай инженерүүд ЗЗМС-ын буталмал чулуу тээвэрлэдэг хоппер дозатор вагоны портыг өндөрлөх ажлыг сэдсэн. Вагоныг ингэж өндөрлөснөөр вагон бүрт зургаан шоометр буталмал чулуу нэмж тээвэрлэх боломжтой болж байгаа юм. Нэг цонхонд 120 хоппер вагон ажилладаг гээд тооцоход эдийн засгийн хувьд ямар их үр өгөөжтэй шийдэл нь харагдана. Дээр нь, манай инженер техникийн ажилтнууд мотовозыг камержуулах, машин механизмыг засварлах, шинэчлэх чиглэлээр олон ШБАЗ гаргасан. Замын уралдаанд ч хоёрдугаар байр эзэлсэн шүү дээ. 2020 оны хувьд замын техникийн байдлыг сайжруулах, туслах үйлдвэрүүддээ хөрөнгө оруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, замчдын бүтээлч хөдөлмөр, замын техникийн байдлыг сайжруулахад чиглэсэн жил боллоо гэж бодож байна. Албаны даргын хувьд сэтгэл хангалуун байгаагаа хэлье. 
-Ганц гол замтай манай төмөр замын хувьд ачаа тээврээ ийн нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн суурь нөхцөл нь замын аж ахуйг сайжруулж, хүчжүүлсний үр дүн шүү дээ. Тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа энэ цаг үед магадгүй 2021 онд ч замын аж ахуйд дахин чухал хөрөнгө оруулалтууд хийгдэх байх. Яг ямар хөрөнгө оруулалтууд төлөвлөж байгаа бол?
-2021 он бас л ялгаагүй өндөр бүтээлийн жил болох нь ойлгомжтой. Юуны өмнө Зүүнбаян-Тавантолгойн бүтээн байгуулалтын дээд цогцын ажлыг бүрэн угсарч дуусгана. Энэ холбосон замаа өргөж чигжих, стандарт шаардлагад нь хүргэх ёстой. Энэ бас чамбай зохион байгуулалт шаардсан ажил. Замчдаас гадна эрчим хүч, дохиолол холбоо, өртөөний байгууламжийн тоног төхөөрөмж гээд иж бүрэн комплекс ажил хийгдэнэ. Мэдээж, манай Замын аж ахуйн алба тэргүүлэх байр суурьтай ажиллаж байгаа. Түрүүнд дурдсанчлан хүн хүчээ нэмэгдүүлэх, ажлаа түргэтгэх, машин механизм түрээслэх, техникийн болоод хүн хүчээ бэлтгэх, аюулгүй байдлаа хангах чиглэлээр олон цогц ажлын бэлтгэлийг хангана. Эдгээр ажлыг бүрэн хийж байж бүтээн байгуулалтыг дуусгана шүү дээ. 2020 оны ажилдаа Замын аж ахуйн алба ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр их, дунд, өргөлтийн ч бай бүх засварын ажлыг нэгдсэн төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулъя гэсэн шийдвэрт хүрлээ. Үүний үндсэн дээр 2021 онд хийх зам эрүүлжүүлэлтийн бүх төрлийн засварын ажлыг зохион байгуулах график боловсруулаад Замын I орлогч дарга И.В.Милостных болон Замын суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош нарт танилцуулсан. Нэгдсэн графиктаа бүх Замын анги болон ЗЗМС-ын саналыг авч технологио уялдуулахыг хичээлээ. Одоо бусад албанд танилцуулаад явж байна. Эцэст нь, албадынхаа саналыг авч графиктаа ахин тодотгол хийж, боловсруулаад Замын даргаар батлуулах юм. 2021 онд 80 км замд их засвар хийхээр төлөвлөсөн. Агуйтаас Наран-Элгэн, Толгойт-Улаанбаатар, Замын-Үүдээс улсын хил хүртэлх замд гээд нийт 80 км замыг шинэчилнэ. Зэрэгцүүлээд дөрвөн өртөө зөрлөгийг өргөтгөх, шинэчлэх ажил бий. Зөвхөн Замын аж ахуйн алба гэхээсээ гадна дохиолол, холбоо, эрчим хүчний ажлууд ч нэлээд байгаа. Замын удирдлага өртөөдийг өргөтгөж, шинэчлэхдээ аль болох иж бүрнээр нь шинэчлэх үүрэг өгсөн. Тиймээс өртөөдийн өргөтгөлийн ажил УБТЗ-ыг хөгжүүлэх 2030 хөтөлбөрийн нэгдүгээр шатны арга хэмжээнүүд энэ жил үргэлжилнэ гэж ойлгох хэрэгтэй. Бэлтгэл ажлаа хангаж байна. 
-Бэлтгэл ажил гэснээс материалын хангалт тулгамдсан асуудал. Замын ангиуд замынхаа арчилгаа, үйлчилгээг хийх гэхээр материалын хангалтгүйгээс шалтгаалаад төлөвлөсөн ажил нь хойшлох, цаг хугацаа алдах, зарим тохиолдолд амжихгүй ч хэмжээнд хүрдэг нь нууц биш шүү дээ. 80 км замд их засвар хийнэ гэдэг амаргүй ажил. Түүний материал хангалт ч тэр. Тэгэхээр их засварын ажилд шаардлагатай материалууд болох зам төмөр, бэхэлгээ гээд урьдчилж бэлтгэх, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд шийдэгдсэн үү?
-Тээврийн хэмжээ эрс өсөж байгаатай холбоотой суурь бүтцийг хүчжүүлэх, эрүүлжүүлэх ажил бол бидний хойшлуулшгүй зорилт шүү дээ. 2021 онд замын их засварт шаардлагатай зам төмөр, бетон дэрийн бэхэлгээ болон бусад гадаад материалыг худалдаад авчихсан. Одоо бид бетон дэр, буталмал чулуугаа л үйлдвэрлэнэ.Нэлээд өндөр ачаалалтай ажиллаж таарах байх. Бий болгосон хүчин чадлаа бүрэн ашиглаж байж бид төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлнэ. Хамгийн чухал нь, Замын захиргаа 2021 оныг “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н жил болгон зарлалаа. Уг тушаалын хүрээнд замчдын аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийг хөнгөвчлөх, эрсдлийг бууруулахад тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөлөө. Юуны өмнө зам засварын технологиудаа чамбай боловсруулж, чанд мөрдөх. Замчдад зориулсан технологийн сургалтыг иж бүрнээр зохион байгуулна. Замын албаны харьяа Сургалтын төвтэй хамтраад замын засвар, арчилгаа үйлчилгээний 30 технологийн дагуу сургалтын материал бэлтгэж байна. Замын ангиудад зам засварын технологи болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг таниулах зорилготой сургалтыг иж бүрнээр зохион байгуулна. Сүүлд нь хэлэхэд, Замын аж ахуйн албаны даргын тушаал гарсан. Уг тушаал нь хамт олны эрэлт хэрэгцээ, хүслийг мэдэрч тэр хамт олонтой илүү ойр ажиллах, хүсэл зорилго, шаардлагыг нь тусгасан шийдвэрийг цаг алдалгүй гаргаж байхад чиглэнэ. Тэгэхээр бид 2021 онд бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийн зэрэгцээ хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд давхар зорилт тавин ажиллана. 
-Цаг зав гарган ярилцсан зочин танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье! 

Сэтгэгдэл үлдээх