Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-12-10

МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо нэг удаагийн хамгаалах хэрэгсэл хандивлав

Төмөр замын тээврийн тасралтгүй ажиллагаа болон нийгмийн салбарт өдрөөр болон ээлжинд ажиллаж байгаа ажилтнуудыг болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос 400 мянган маск, халдвар хамгааллын 1000 хувцас, нүүрний 1000 хаалт, 5000 бээлий зэрэг нийт 54.577.309 төгрөгийн үнэ бүхий зүйлсийг өчигдөр (Даваа гарагт) болсон Замын шуурхай хуралдааны үеэр Замын удирдлагад хандив болгон гардууллаа. Энэ үеэр МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа “Дэлхий нийтэд цар тахал гарснаас хойш өнөөг хүртэл манай холбоо нийгмийн түншлэлийнхээ хүрээнд ажил олгогчтойгоо хамтран шаардлагатай арга хэмжээнүүдийг шат шатанд нь хэрэгжүүлж ирлээ. Энэ бол УБТЗ-ын цаашдын үйл ажиллагааг улам идэвхжүүлж байгаа явдал, нөгөө талаасаа энэ хүнд хэцүү үед хөдөлмөрчдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж буй нэг хэлбэр юм. Бидний хандивлаж буй нэг удаагийн хамгаалах хэрэгслийн тухайд үйлдвэрлэгчтэй нь гэрээ хийж, чанарын шаардлага хангасан, зах зээлийн үнэлгээнээс даруй хоёр дахин хямдаар авсан. Замын захиргаа нэн чухал шаардлагатай байгаа хэсгүүдэд хуваарилах байх. Бид өмнө нь 120.000 маскийг анхан шатны хороодоороо дамжуулан тараасан ч бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тийм ч тохиромжтой биш байсан учраас Замын захиргаагаар дамжуулан хуваарилах нь илүү үр дүнтэй гэж үзсэн. Ер нь, үйлдвэрчний байгууллагын хамгийн гол зорилт бол нийт гишүүдийнхээ ажлын байрыг авч үлдэх, тэдний хөдөлмөрлөх эрх ашигтай холбоотой аливаа асуудлуудыг шийдвэрлэх юм. Ялангуяа, онцгой нөхцөл үүссэн энэ үед бидний урьдчилан тооцоолоогүй маш олон асуудал гарч байна. Тэр ч утгаараа ажилчдын хөдөлмөрлөх эрх, цалин хөлстэй холбоотой асуудлыг бид “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хамтын гэрээ”, “Дотоод журам” болон бусад хууль, эрх зүйн хүрээнд шат шатанд нь шийдээд явж байна. Цаашид ч энэ зарчмыг барина. Нийт гишүүдийн хувьд ажлын байр хамгийн чухал учраас төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах чиглэлийг дэмжиж ажиллана. Одоогоор цалин хөлстэй холбоотой нэгдсэн шийд гараагүй. Энэ сарын 10-ныг хүлээсэн байдалтай байна. Хэрэв 10-наас хойш нөхцөл байдал илүү хүндэрвэл аль аль тал нь тодорхой шийдвэрт хүрэхээс өөр аргагүй болно. Энэ тохиолдолд шударга ёсны зарчмыг баримтална. Өөртөө илүү эрсдэл тээж, илүү өндөр ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг нэн түрүүнд нь тавих ёстой” гэв. 
Дашрамд дурдахад, анхан шатны 40 гаруй ҮЭ-ийн хороод дотоод нөөц бололцоогоороо 53.040010 төгрөгийн үнэ бүхий ариутгал, хамгаалах хэрэгсэл, 112.462.350 төгрөгийн үнэ бүхий дархлаа дэмжих витамин, хүнсний бүтээгдэхүүн, 11.404.868 төгрөгийн тэтгэмж, тусламж, унааны хөнгөлөлт зэргийг шийдвэрлэжээ. Түүнчлэн, дээрх хороодын дарга нар өдөр бүр ZOOM апликейшн ашиглан онлайнаар хуралдаж, тулгарсан хүндрэл бэрхшээл, цаг үеийн мэдээллээ солилцож байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх