Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-04-08

Илчит тэрэгний паркийг зуны тээвэрт бэлтгэж эхэллээ

УБТЗ-ын даргын А-102 тоот тушаалын дагуу хөдлөх бүрэлдэхүүнийг зуны тээвэрт бэлтгэх комиссын үзлэг энэ сарын 5-наас зургадугаар сарын 5-ны хооронд үргэлжилнэ. Энэ удаа Замын хэмжээнд гол зам, сэлгээ, зөөврийн нийт 121 илчит тэргийг бэлтгэх аж. Ингэхдээ гол замын буюу хоёр секцийн том тэрэгнүүдийн зогсолтын хугацаанд 24, сэлгээний тэрэгнүүдэд 12 цаг нэмж өгсөн байна. 
Дархан татах хэсэг: 29 илчит тэргийг зуны тээвэрт бэлтгэх бөгөөд гол замын 2ТЭ116УМ серийн 12, 2ТЭ116 зургаа, М62УМ, 2М62ММ тус бүр хоёр, сэлгээний ТЭМ18ДМ, ТЭМ2 зэрэг илчит тэрэгнүүдэд ТО-3, ТР-1 засвар үйлчилгээг хийхээр төлөвлөжээ. 
Улаанбаатар татах хэсэг: 52 илчит тэрэг буюу 82 секцийг зуны тээвэрт бэлтгэнэ. Эдгээрийн 35 нь гол замын ачаа, зорчигчийн илчит тэрэг байх бол 17 нь сэлгээний тэрэг. Татах хэсгийн дарга П.Энхмөнхийн хэлж буйгаар тэрэг бүрт зогсолтын цаг нэмж өгсөн нь ТО-3, ТР-1 засвар, үйлчилгээг чанартай сайн хийхэд дөхөм болжээ. 
Сайншанд татах хэсэг: 40 илчит тэрэг бэлтгэнэ. Ингэхдээ гол замын 2ТЭ116УМ, зөөврийн 2М62ММ, М62УММ, сэлгээний ТЭМ2, ТЭМ18, ТЭМ18ДМ, түрээсийн СKD4B илчит тэргийг зуны тээвэрт бэлтгэнэ. 

Сэтгэгдэл үлдээх