Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-12

Тээш тээврээр үйлчлүүлэгчдийн тоо өсөв

Ковид-19 цар тахлын улмаас зорчигч тээврийн хөдөлгөөн тодорхойгүй хугацаагаар зогссон ч тээш тээврийн үйлчилгээ үргэлжилж байна. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш гурван чиглэлд тээш тээврийн вагон тогтмол аялж байна. Тээшийн вагон Эрдэнэт чиглэлд Даваа, Лхагва, Бямба гарагт 20.30 цагт, Сүхбаатар чиглэлд Мягмар, Пүрэв, Баасан, Ням гарагт 10.00 цагт, Замын-Үүд чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Ням гарагт 17.00 цагт Улаанбаатараас аялж байгаа юм. Тээшээр УОК-оос өгсөн чиглэлийн дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, хүнсний бараа бүтээгдэхүүн, мөн шугам замын төмөр замчдын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс энэ сарын 8-ны хооронд нийт 116 вагон, 47246 байр, 717.2 тонн ачаа тээвэрлээд байна. Өөрөөр хэлбэл, Зорчигч тээврийн төвийнхөн өдөрт 25-60 тонн ачаа хүлээн авч, боловсруулалт хийж байгаа аж. Үүнийг цар тахал дэгдэхээс өмнөх гурван жилийн тээш тээврийн хэмжээтэй харьцуулбал, даруй нэг дахин өссөн үзүүлэлт ажээ. “Манай тээш тээврийг үйлчлүүлэгчид хамгийн аюулгүй, найдвартай гэдэг үүднээс сонгож байна” хэмээн Зорчигч тээврийн төвийн дарга Х.Байгалмаа ярилаа.

Сэтгэгдэл үлдээх