Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-19

Ж.Жанчив: Ээждээ эрхлэн өтөлж яваа минь л энэ насны жаргал юм даа

“Өнөөдөр” сониноос 2011 оны намар, сурвалжлагын томилолт өвөртлөн Замын-Үүдийг зорьсон аялал намайг төмөр зам гэх цоо шинэ ертөнцтэй танилцуулсан юм. Галт тэрэг, вагон, зүтгүүр , ер нь энэ салбарын талаар ёстой “А” ч үгүйг хэлэх үү их сонин содон санагдаж билээ. Замын-Үүдэд буухад донж оруулсан дамар малгайг хазгайдуухан тавьж, мотоцикл дээр зүүдэг төмөр хүрээ, резинэн оосортой салхины шил, урт савхин дээлээр гангарсан хүн их содон харагдсан юмдаг. Тэр явдлаас хойш жилийн дараа санаандгүй тохиолоор “Ган зам” сонинд сэтгүүлчээр ажиллаж эхлэв. Анхны томилолтоороо мөн л Замын-Үүд рүү, тэр тусмаа өнөөх сэтгэлд тод үлдсэн эрхэмтэйгээ дөрөв хоног дөрөө харшуулан аялах үүрэгтэй байлаа. Алхаа, хөдөлгөөн хоёр шигээ хурдан шаламгай яриан дундаа алиа хошин хачир хавчуулан тас тас инээж явдаг түүнийг төмөр замчид “Шогшоо Жанчив” хэмээн авгайлдаг. Эдүгээ гавьяаны амралтаа эдэлж байгаа ч хувийн хэвшилд өөрийн хувь нэмрээ оруулсаар яваа ахмад төмөр замчинтай ярилцснаа уншигч та бүхэнд хүргэе.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Та сайхан өвөлжиж байна уу?
-Сайхан өвөлжиж байна. Цар тахлын дэглэмтэй холбоотойгоор тэр бүр гэрээс гарахгүй л байна. Танай сониноор дамжуулан төмөр замчидтайгаа уулзах тохиол бүрдсэнд баяртай байна.
-Таныг мэргэжлээ сольж төмөр замчин болсон гэдэг байх аа?
-Уг нь ч би инженер болох мөрөөдөлтэй явсан хүн. Түүндээ ч хүрсэн, мэргэжлээ солиогүй ээ. Ижий аав минь, надад чанартай боловсрол эзэмшүүлэхийг л зорьж хотод сургасан байх. Хөдөөний хүүхэд учраас аравдугаар ангиа төгсөнгүүтээ төрөлх нутаг Төв аймгийн Лүн сум руугаа явж, тэндээсээ цэргийн албанд татагдсан юм. Холбооны ангид хуваарилагдсан. Алба хааж байхдаа хүнд хийе, бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэл хэчнээн байгаад ч мэдлэг боловсролгүй бол нэмэргүй юм байна гэдгийг илүүтэйгээр ойлгосон л доо. Намайг цэргээс халагдаад ирэхэд нэг танил маань “Чи холбооны чиглэлээр цэргийн алба хаасан хүн. Тодорхой мэдлэг хуримтлуулсан байх. Телевизэд ажиллаад үзэх үү?” гэсэн. Тухайн үед Үндэсний телевиз байгуулагдаад удаагүй байлаа л даа. Ингээд гэрэлтүүлэгч, цахилгааны техникч, гэрлийн техникчээр гурван жил ажилласан. Дараа нь, конкурс өгч, тэнцээд Орос руу явж сурахаар болсон. Тэр үед их сургуулийн элсэлт авахдаа арван жилийн хүүхдүүдээс гадна ажилчдыг бас хамруулдаг байсан юм. Багш нар маань ч инженер болох зорилготой хүүхдүүдийг математик, физикийн хичээлээр сайн шахдаг байсны л ач шүү дээ. Холбооны мэргэжлээр би нэгдүгээрт жагссан ч “Хоёрт жагссан өөрийнхөө хүнийг сургана. Чи нэгэнтээ л шалгалтаа сайн өгсөн юм чинь боловсролын хороон дээр ярьж байж шийднэ” гэсэн. Тухайн үед Геологи уул уурхайн яаманд Төмөр замын инженерийн ангид нэг хуваарь сул байж таарсан. Ингээд л би Ленинград хотын Төмөр замын дээд сургуульд элсэн, 1982 онд ашиглалтын инженерээр төгссөн юм. Шууд мэргэжлээр минь ажиллуулах орон тоо байгаагүй байх. Тухайн үед “Эрэл геофизикийн экспедици” гэж байлаа. Тэнд 300 гаруй авто машинтай баазад механикчаар томилсон. Намайг Оросод төгссөн инженер гэдэг утгаар нь ч тэр үү богино хугацаанд дэвшүүлж баазын дарга болгосон юм даг. Мэргэжлийн бус ажил хийнэ гэдэг амаргүй юм билээ. Найман сарын дараа шиг санагдана, 1983 онд Улаанбаатар өртөөнөөс холбогч, найруулагч гээд л төмөр замчдын дамждаг шат дамжлагаар л ороод явчихсан шүү дээ. 
-Ажлыг хамгийн багаас нь эхлүүлдэг төмөр замчдын уламжлал... Энэ зам хэр бартаатай байсан бэ? 
-Хөдөлгөөний чиглэлээр бол Улаанбаатар өртөөний хамт олон намайг ёстой хүмүүжүүлсэн. Амгаасэд, Сүхээ, Гүр гээд л лут хүмүүс тэр үед ажиллаж байлаа шүү дээ. Өнөөгийн Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Н.Ширнэндугар тэргүүтэй “сайчуул” ч хамт ажиллаж байлаа. Ширнэн маань ч их тусалсан. Нэг удаа “Би салаа зам руу явчих уу?” гэтэл мань хашир “Хөдөлгөөн ихтэй үед чи дов дээрээ л ажилла” гэж байна. Би хэдий инженерээр төгссөн ч түрүүлж ажилласан туршлагатай хүмүүстэй зөрж болохгүй шүү дээ. “За” л гэлээ. Орой ээлжнээсээ буух үед Н.Ширнэндугар “Чи их азтай нөхөр юм аа. Хэн нэгэн нь суман шилжүүлгээ дундын байдалд тавьчихсныг илрүүллээ” гээд “Сумыг дундын байдалд тавьж огт болохгүй, байнга шалгаж байх ёстой” гэхчлэнгээр зөвлөж билээ. Нээрэн л би тэнд гарч таарсан бол тэдэн шиг сайн шалгахгүй вагон “хэвтүүлж” сүйд хийх байсан байх... Ачаа тээврийн чиглэлээр харин АБТЭМА-аас би олон зүйл сурсан. Тэнд байхдаа хүнтэй харилцах харилцаа минь л эвдэрсэн байж магадгүй. Тэр үед “хүмүүжээд” гарсан “хүнд гарууд” ачигчаар ажилладаг байв. Тэдэнтэй эв зүйгээр ярьж байгаад цааш болонгуут “Энэ нэг юм намайг гуйж гувшиж байгаад л явлаа” гэнэ. Харин хашгичиж байгаад явахад “Дарга маань ч харин сайхан үүрэг өглөө дөө” гэх жишээтэй(инээв).
-Таныг Замын-Үүд өртөөг маш сайн удирдсан гэж хууччуул ярьдаг?
-1992 онд “Замын-Үүд рүү яв” гэхэд нь “явахгүй” гэж байж билээ. Зах зээлийн шилжилтийн үе, Замын-Үүдийн нөхцөл байдал хэцүү. Ингээд Я.Товуухорол тийшээ явлаа. Манай Товуу их сайн хүн шүү дээ. Би алба руу шилжиж, ачаа тээврийн ахлах байцаагчаар томилогдов. Тэр үед Төмөр замын техникумд сурч байсан охины маань төлбөр нэхэгдэв. Боловсон хүчнээсээ “Төмөр замд ажилладаг хүний хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төлдөг гэсэн. Намайг түүнд нь хамруулж өгөх боломжтой юу?” гэж асуулаа. Боловсон хүчин над руу хараад инээснээ, “Сайн ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудаа бодлогоор дэмждэг. Болохгүй гэх зүйлгүй шүү дээ” гэж байна. Нөгөөдөр нь С.Жанцандорж дарга дуудаад, “Чи хүүхдийн сургалтын төлбөртэй холбоотой юм яриад байна гэв үү?” гэж байна. “Тиймээ” л гэлээ. “Чи тэгээд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх юм уу?” гэв. Дотроо “Дархан юмуу Эрдэнэт рүү томилох байх. Хангай юм чинь яах вэ дээ. Тэнд нь очоод ажиллая” гэж бодсон. “Биелүүлнээ” гэлээ. “За би дарга нартай зөвлөлдөе. Гараад хүлээж бай” гэж байна. Хэсэг хугацааны дараа дуудаад. “За чи өгсөн үүргийг яг биелүүлнэ биз?” гэж ам аваад, “Тушаал гарна. Чи Замын-Үүд рүү явж ажилла” гэдэг байгаа. Барайгаад л явчихна биз дээ. Эхнэртэйгээ ярьтал, зөвшөөрч байна. Ингээд л ажил сайжруулах гурван жилийн үүрэгтэйгээр Замын-Үүд рүү мордсон доо. Тэнд очоод жирийн харилцаагаар бус ёстой л хатуу зарчмаар үзсэн. Архины асуудал нэлээд яригдана. Төмөр замд намайг муу нэрээр дурсах хүн гарвал тэнд ажилласан цаг үеэс л үүдэлтэй болов уу. Ингэж ажилласныхаа үр дүнг ч гаргаж Замын даргын хаврын үзлэгээс эхлэн “Онц”-оор дүгнүүлсэн. Товуу маань ч нэлээд цэгцэнд оруулсан байсан л даа.
-Хатуу ч үүрэг авч, хатуу ч арга барилаар ажиллаж дээ?
-Ажлын байрандаа архи уусан олон ч хүнд хатуу арга хэмжээ авсан даа. Нэг талаар өөртөө нүгэл хураасан л байх. Гэхдээ “Хамгийн баян хүн гэдэг ижийтэйгээ хамт хөгширч байгаа хүнийг хэлнэ” гэдэг шүү дээ. Би одоо 91 настай ээжтэйгээ хамт байгаа баян хүн. Тэгээд боддог л доо. Хэдий хүнтэй хатуу ширүүн харьцаж явсан ч ор үндэслэлгүй хэлмэгдүүлж байгаагүй л юм болов уу гэж. Архи уудаг хүнтэй адилхан уусан үедээ яривал ойлголцоход дөхөмтэй гэж ярих нь бий. Миний хувьд эрүүлдээ байнга хашхичиж зандарч явсан болохоор согтоод хашгирсан ч чанарын ялгаагүй. Хүмүүс намайг архи уудаггүй гэж ярьдаг ч үнэндээ бол би ууж л байсан. Уухдаа хэмжээнээс хэзээ ч хэтрүүлж байгаагүй. Бүр сүүлд Төмөр замчдын баяраар л нэг удаа согтсон. Оюутан ахуй цагаасаа хойш төмөр замчдын дунд хязгаараа давтал уусан минь ердөө л тэр. 
-Таныг төмөр замчид “Шогшоо Жанчив” гэцгээдэг. Энэ нэрэнд өөрөө ч дасчихсан бололтой харагддаг?. 
-Төмөр замчид өөрсдөө л надад “заасан” шүү дээ. Яагаад вэ гэхээр манай салбарт худал мэдээллээр ажиллаж огт болохгүй. “Өгөгдөхүүн буруу байхад ямар ч зөв томъёогоор бодсон хариу нь буруу гардаг” гэдгийг орос багш нар маань ч заадаг байлаа. Тиймээс ташаа мэдээлэл авахгүйн тулд ажлын нөхцөл байдлыг яг өөрөө биечлэн харах, шалгах ёстой болноо доо. Тэгэхээр хурдан явж, шуурхай шалгах хэрэг гарна биз дээ. Ийм л сонирхолтой хүн дээ, би. Би өөрөө хатуухан арга хэмжээнд орж л явлаа. Нэг тас хийлгэсний дараа бол харинчиг жимбийгээд явчихна шүү. Аав, ээж хоёр минь надад өөрөө өөрийнхөө шийдвэрт бат зогсож, өөрийнхөө хийсэн зүйлд өөрөө хариуцлага хүлээх ухамсрыг л маш сайн төвлөвшүүлсэн юм болов уу. “Хотод төгсөөд их сургуульд явсангүй” гэж загнасангүй. Хэзээ хойно оюутан болох гэхэд минь “Чи чадахгүй” гэж хорьсонгүй. Би ерөөсөө л өөрийнхөө зарчмаар амьдарсан. Хэнд ч харамсах шалтгаангүй.
-Та харьцангуй богино хугацаанд удирдах албан тушаалд томилогдож. Тухайн үеийн удирдлага хэрэгтэй хүнээ зөв олж хардаг байсны л жишээ юм даа?
-Дарга гэдэг албан тушаалд би хожуу очсон шүү. 1994 онд буюу 10-аад жилийн дараа Зорчигч тээврийн албаны орлогч даргаар томилогдсон. Түүнээс өмнөх нь бол бүгд гүйцэтгэх албан тушаал. Дарга гэдэг нэр авснаараа дарга болчихдог юм биш шүү дээ.
-Зорчигч тээврийнхэн таныг их хүндэлдэг. Замын-Үүдийн хатуу зарчим олон эмэгтэй хүнийг удирдахад зохицохгүй байх аа? 
-Манай Зорчигчийн вагон депогийнхон их ажилсаг хүмүүс. Дээр нь, хоорондоо маш сайн уялдаатай. Тэр хэрээрээ мэдээллийг асар богино хугацаанд авна. Нэг үе “Зорчигчийн вагон хоорондын замд их бохир явж байна” гэсэн яриа гарахаар нь гэнэт шалгах санаатай хэрэндээ нарийн төлөвлөгөө зохиогоод суутал тэр дор нь мэдчихэж билээ. Түүнээс хойш ажил шалгах шаардлага гарвал ачааны галт тэрэгний зүтгүүрт сууж яваад л суудлын галт тэрэгтэй зөрөх үед нь гэнэт ордог болсон (инээв). Дарга явах үед ажил сайн, бусад үед олны хэл үгний бай болоод байж болохгүй шүү дээ. Үйлчилгээний ажил ямар ч үед жигд явах ёстой. Ер нь, аливаа дутагдлын үндсэн шалтгааныг нь зөв олж, эрүүлжүүлээд явбал тэгээд л болчихдог. Даргаар ажиллаж байхад матаас их ирнэ л дээ. Тухайн хүнд би “Асуудлыг тэмдэглэж авлаа. Шаардлагатай арга хэмжээг авна. Гэхдээ та зөв бурууг тогтоодог шүүгч биш шүү дээ” гэж хэлдэг байсан. Ер нь, өөрөө л хараагүй бол хүний амаар хэзээ ч шийдвэр гаргаж байгаагүй. Өнөөгийн нөхцөлд бол бодит байдлаас илүү ам дамжсан цуу яриа л хүнийг сүйтгэж, голд нь ортол гомдоож байгаа харагдах юм. Хөндлөнгийн мэдээллийг заавал тулгаж, нягталж байх ёстой.
-Ажлаа хийсэн шиг хийх, амьдралаа тэгш сайхан авч явах хоёрын ялгаа одоо таны насан дээр илүү тод харагддаг байх?
-Эргэж бодно л доо. Өөрийгөө би аавынхаа нэг тал нь юм уу даа гэж боддог. Манай аав ар гэрийнхээ аар саархан зүйлд тэр бүр оролцдоггүй. Малчдын л амьдрал юм болохоор өглөө сэрэхэд адуундаа мордсон байна. Ер нь, байнга л малынхаа араас хөдөө хээр явдаг хүн байсан. Сүүлд багийн дарга, сумын дарга, сум нэгдлийн даргаар ажилласан. Түүний л адилаар манай ар гэрийн амьдрал, хүүхдүүдийн сургалт хүмүүжлийг хань минь л бүхэлд нь аваад явсан. Замын-Үүдэд ажиллаж байхдаа “Эхнэрийг минь аваад ирээрэй” гээд суудлынханд захина. Нөгөөдүүл маань “Байцаагч нарт баригдчихгүй бол тэгье ээ” л гэнэ. Манай хүн аль хэдийнээ баригдчихсан. “Танайхан мөн ч сайн шалгах юм аа” гэсээр бууж ирдэг сэн(инээв). Нэг гэр бүлийн хүмүүс тусдаа ажиллаж амьдрах л хэцүү юм билээ. Гурван хүүхэд минь гурвуул төмөр замчин. Удирдах алба хашиж явахад минь ойр тойрны хүмүүс “Хүүхдээ дээш нь татаач” гэж хэлж л байсан. Харин би “Түүхийгээрээ амьтныг юун татах” гээд л тас эсэргүүцдэг сэн. Өнөөгийн залуусыг хөндлөнгөөс харахад өөрийгөө бүрэн боловсруулаагүй байж л удирдах албан тушаалд очоод, хамт олондоо, ажлынхандаа гологдож харагдах юм. Хүүхдүүд эцгээрээ, ээжээрээ бахархаад л ярьдаг шүү дээ. Манай хүүхдүүдийн хувьд аав нь хүмүүсийг загнаж явсан “ааш муутай” хүн учраас “Би Жанчивын хүүхэд” гэж ярьдаггүй байх. Нэг ёсондоо ч би ажил, ажил гээд амьдралдаа нарийн ороогүй “муу” аав байж ч болох шүү дээ. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Сэтгэгдэл үлдээх