Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-12-16

УБТЗ агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсныг үнэллээ

Монгол Улсын Засгийн газрын түүхий нүүрсийг халж, агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн аюулгүй, эрүүл орчинд аж төрөх нөхцөлийг хангах ажлын хүрээнд УБТЗ-ын оруулж буй бодит хувь нэмрийг үнэлж, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд, Тээвэр зохион байгуулалтын албаны Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга С.Цэвээндорж, Гадаад харилцааны албаны орлогч дарга А.Анар нарыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд УБТЗ анхнаас нь дэмжиж, “Тавантолгой түлш” ХХК-ийн Толгойт дахь сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт өөрийн эзэмшил газраа ашиглуулж байгаагаас гадна нийслэлийн Налайх дүүргийн орчим барьсан зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэрийн төмөр замыг барьж, ашиглалтад оруулсан. Энэхүү төмөр замыг ашиглалтад оруулж, УБТЗ-ын Баян зөрлөгийн замыг өргөтгөн шинэчилснээр шахмал түлшийг төмөр замаар тээвэрлэх бололцоо бүрдэж байгаа юм. Мөн сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийг БНХАУ-ын Эрээн боомтоос тээвэрлэж байна.

Сэтгэгдэл үлдээх