Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-02-02

Төв эмнэлэг дурангийн хагалгааны шинэ төхөөрөмжтэй боллоо

“25 дугаар суваг” телевизээс өнгөрсөн онд зохион байгуулсан “Сэрэлт-4” реалити шоунд төмөр замын Төв эмнэлгийн мэс заслын тасгийн эмч, ажилтнууд оролцож, улсын хэмжээний томоохон эмнэлгийн шилдэг мэргэжилтнүүдтэй мэдлэг, чадвараараа эн тэнцүү өрсөлдсөнийг уншигч та бүхэн тодхон санаж буй болов уу. Тухайн үед шоу тэмцээний шүүгчид“Төмөр замын Төв эмнэлэг II шатлалынх хэрнээ III шатлалын эмнэлэгт хийдэг мэс заслыг амжилттай хийж ирсэн туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүд нь яах аргагүй хүчтэй өрсөлдөгчид байлаа” гэдгийг онцлон тэмдэглэсэн нь тухайн эмнэлгийн үйл ажиллагааны чанар чансааг тов тодорхой илтгэсэн дүгнэлт байв. Үнэхээр, тус эмнэлгийн хамт олон 2011 оноос дурангийн хагалгааг нэвтрүүлсэн 10 жилийн хугацаанд хэвлийн хөндийн 1300 орчим дурангийн хагалгааг амжилттай хийжээ. Өнөөдөр тус эмнэлэгт нээлттэй хийдэг байсан нийт хагалгааны 95 хувийг ийнхүү дурангаар хийдэг болсон сайн мэдээтэй зэрэгцүүлэн өнгөрөгч долоо хоногийн Даваа гарагт тус эмнэлгийн хамт олон хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шингээсэн иж бүрэн дурангийн мэс заслын цоо шинэ төхөөрөмжөө ашиглалтад хүлээн авсан тухай мэдээллийг уншигчиддаа хүргэе.
Уг аппаратыг Замын 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хүрээнд 350-аад сая төгрөгөөр авсан бөгөөд ашиглалтад оруулсан эхний өдрөө УБТЗ-ын мэс заслын ерөнхий мэргэжилтэн, тэргүүлэх зэргийн эмч Х.Аршабекээр удирдуулсан баг тухайн төхөөрөмжөөр цөсний хүүдий авах мэс ажилбарыг амжилттай хийсэн байна. Германы “Карл Шторц” фирмээс нийлүүлсэн энэхүү тоног төхөөрөмжийг Төв эмнэлэгт ашиглаж эхэлснээр хэвлийн хөндийн бүх төрлийн мэс заслыг дурангаар хийх боломж бүрдэж буй юм. Ингээд тухайн тоног төхөөрөмж дээр ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудтай утсаар холбогдлоо.
Х.Аршабек: Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглах нь олон талын ач холбогдолтой
УБТЗ-ын мэс заслын ерөнхий мэргэжилтэн, тэргүүлэх зэргийн эмч 
-Манай эмнэлгийн хамт олон хэвлийн хөндийн, эмэгтэйчүүд, урологийн дурангийн хагалгааг хийх зориулалт бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий багаж, тоног төхөөрөмжтэй болсондоо туйлын баяртай байна. Багаж сайн бол бүтээл сайн байна шүү дээ. Манай эмч нар ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд дурангийн хагалгаагаар сайн туршлагажсан. Шинэ залуу боловсон хүчнээ ч мөн адил Солонгос улсад мэргэжлийг нь дээшлүүлэн сургаж аваад байгаа. Энэхүү тоног төхөөрөмжийг албан ёсоор хүлээж авсан өдрөө бид танилцах байдлаар цөсний хүүдий авах хагалгааг амжилттай хийлээ. Мэс заслын багийн бүрэлдэхүүнд туслах эмчээр мэс заслын тасгийн эрхлэгч Н.Сайнзориг, мэдээгүйжүүлгийн эмч Н.Янжинлхам, сувилагч Г.Хишигдорж, П.Буяндэлгэр, М.Дармаабазар нар ажилласан. Мөн тоног төхөөрөмжийг нийлүүлэгч компанийн инженер техникийн ажилтан ирж ажилласан. Тухайн аппаратыг Монгол Улсын төрөлжсөн мэргэшлийн томоохон эмнэлэгүүд л ашиглаж байгаа. Энэ дашрамд, манай хамт олныг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн эмнэлгийн захиргаандаа, Хөрөнгө оруулалтыг нь шийдсэн Замын захиргаа болон нийлүүлэлтийг нь хариуцан ажилласан Худалдан авалт, борлуулалтын албаны хамт олонд гүн талархал илэрхийлье” гэв. 
Төв эмнэлэгт өмнө нь хэвлийн хөндийн дурангийн хагалгааны төрлөөс цөсний хүүдий авах хагалгааг хийж байсан арвин туршлагатай. Харин шинэ төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр хэвлийн хөндийн оношлогоо, мухар олгойн хагалгаа, эмэгтэйчүүдийн бага аарцгийн хөндийн бүх төрлийн хагалгааг хийх боломж бүрдсэн байна. Мөн тус эмнэлэгт өмнө нь хийж байсан урологийн хагалгааг энэхүү төхөөрөмжөөр хийх бүрэн боломжтой гээд юниверсал ажиллагаатай юм байна. Төв эмнэлгийн хамт олон Монгол Улсын хэмжээнд хоёр, гуравхан эмнэлэг хийдэг урологийн хагалгааг хийж ирсэн туршлагатай хамт олон. 

Г.Амарбаясгалан:Эмэгтэйчүүдийн мэс заслыг дурангаар хийх боломж бүрдлээ
Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, ахлах зэргийн эмч 
-Сүүлийн жилүүдэд дэлхий даяар мэс заслын салбарт орчин үеийн дэвшилтэд арга, техникүүд эрчимтэй нэвтэрч байгаа. Бид хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай энэхүү тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр төмөр замын эмнэлгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн хагалгаанд дурангийн мэс заслыг нэвтрүүлэх, шинэ залуу эмч нарыг сургах гээд олон талын ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр дурангийн мэс заслын хамгийн давуу тал нь маш нарийн ажилбарыг хийдэг учраас тухайн өвчтөндөө зовиур бага, хагалгааны дараах эмчилгээ, сувилгаа ч хөнгөн байдаг. Дурангийн мэс заслыг хийхэд маш нарийн хялгасан судсыг хүртэл дэлгэцээр томруулж хардаг учраас чанар, үр дүн нь маш өндөр. Энэ аппарат ирэхээс өмнө жижиг мэс ажилбаруудыг нь цөөн тоогоор хийж байснаас эмэгтэйчүүдийн мэс заслыг тэр бүр дурангаар хийдэггүй байсан. Одоо бол уйланхай, үргүйдэл, бага аарцгийн эрхтэний наалдацууд гээд нээлттэйгээр хийдэг байсан бүх төрлийн хагалгааг дурангаар хийх боломжтой боллоо. Гэхдээ, дурангийн мэс заслын эсрэг заалтууд гэж бий л дээ. Ер нь нийт мэс заслыг 100 хувь гэж бодвол 90 хувийг нь дурангаар хийх шаардлага бүрдэж байгаа юм. Би төмөр замын Төв эмнэлэгт 21 дэх жилдээ ажиллаж байна. Шинэ аппараттай болсон, залуу ажилтнуудаа сургаж, мэргэшүүлнэ гээд сэтгэл өндөр байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор үйл ажиллагаа төдийлөн жигдрэхгүй байна. Цаг үеийн байдал сайжирсны дараа үйлчлүүлэгчид ч нэмэгдэнэ. Мэс заслын тасгийнхантайгаа ээлжилсэн байдлаар эмэгтэйчүүдийн мэс заслыг дурангаар хийгээд явна.

Н.Сайнзориг: Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэнд бид баяртай байна
Мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор 
-Би 2003 оноос хойш төмөр замын эмнэлэгт ажиллаж байна. Манай эмнэлэг хамгийн сүүлд 2005 онд Солонгосын хөрөнгө оруулалтаар дурангийн хагалгааны тоног төхөөрөмж авсан. Энэ удаад харин томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хамгийн сүүлийн үеийн аппараттай боллоо. Энэ аппаратыг нэвтрүүлснээр хэвлийн хөндийн бүх төрлийн хагалгаа, урологи буюу бөөр, шээсний замын хагалгаа, үе мөчний хагалаа зэргийг дурангаар хийх бололцоотой боллоо. Өнгөрсөн сарын 25-нд бид уг төхөөрөмжөөр анхны хагалгаагаа амжилттай хийсэн. Энэ төхөөрөмжид хараа, өнцөг гээд бүх зүйлийг цогцоор нь шингээж өгснөөрөө давуу талтай юм билээ. Шинэ төхөөрөмжтэй болсондоо манай Мэс заслын тасгийн хамт олон маш их талархаж байгаа” гэв. 
Дурангийн хагалгаа нь цаг хугацаа хэмнэж, эмчийн ажилбарыг хөнгөвчилдөг төдийгүй өвчтөнд хийх хагалгааны чанар ч сайжирдаг. Энгийнээр тайлбарлавал дурангийн хагалгаа нь өвчтөнд зовиур багатай, учраас хэвлийн хөндийд том хэмжээний шарх, сорви үүсдэггүй, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэдэг, тэр хэмжээгээрээ эмнэлгийн ор хоног багасдаг гээд олон талын ач холбогдолтой юм. Ийнхүү төмөр замчдын эрүүл мэндийг сахин хамгаалагч цагаан нөмрөгтнүүд орчин цагийн дэвшилтэт технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боллоо.

Сэтгэгдэл үлдээх