Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-30

Газар хөдлөлтийн дараа замчид шуурхай үзлэг хийжээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 тоот тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон тэмдэглэх болсон. Уг өдөр улс орон даяар газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалт сурталчилгаа, үзүүлэх сургуулийг зохион байгуулдаг. Харин энэ жил уг өдөр гуравдугаар сарын 25-нд тохиож, улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өнөө жилийн хувьд байгаль эх бидний “бэлэн байдал”-ыг шалгаж буй мэт гуравдугаар сарын 24-ний 22.46 минутад Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төвөөс 16 км зайд 5.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд хүртэл мэдрэгдсэн билээ.

Уг газар хөдлөлт нь төмөр зам дагуу бүс нутагт болсон тул замын суурь бүтцийн хэвийн байдал, ГТХАБ-д нөлөөлсөн эсэхийг Замын III ангийн дарга Б.Ариунболдоос тодруулсан юм.
-Говьсүмбэр аймгийн нутагт болсон газар хөдлөлт хэр хүчтэй мэдрэгдэв? ШУА-ийн Одон орон, гeофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбараас уг бүс нутагт өмнө нь ийм хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй гэж мэдэгдсэн?
-Гуравдугаар сарын 24-ний 22.46 минутад Говьсүмбэр аймагт газар хөдлөлт мэдрэгдсэн. Мэргэжлийнхэн газар хөдлөлтийн төв цэгийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төвөөс хойш 16 км-т 5.5 магнитут буюу 6-7 баллын хүчтэй хөдөлсөн гэж байна. Бидний хувьд газар хөдлөлт болсны дараагаас ангийн хэмжээнд шуурхай арга хэмжээ авч, өртөө, зөрлөгийн зам сум, ойр хавийн томоохон гүүрүүдэд үзлэг хийсэн. Харанхуй байсан учраас тууш шалгалт хийх боломжгүй байлаа. 
Мөн тухайн үед аялалд явж байсан галт тэрэгнийн зүтгүүрийн бригадуудтай холбогдож, 5.5 магнитутын хүчтэй газар хөдөлсөн тул хоорондын замд аялахдаа сонор сэрэмжтэй явж, ямар нэгэн дуу чимээ гарах зэрэг байдал илэрвэл даруй мэдээлэхийг сануулж, хамтарч ажилласан. Тухайн шөнө аялалд явсан зүтгүүрийн бригадуудаас бидэнд ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Энэ нь хоорондын замд ГТХАБ-д нөлөөлөх ноцтой гэмтэл саатал гараагүй юм байна гэж ойлгогдсон. Гэсэн хэдий ч гуравдугаар сарын 25-ны өглөө 07.40 минутаас зам сум болон хоорондын замын тууш шалгалтыг эхлүүлсэн. Ялангяа, Говьсүмбэр аймаг, Лүн, Оорцог-Энгэр, Наран-Элгэн зөрлөгийн замын хэсгийнхэн хоорондын зам, өртөөний замд тууш шалгалт, мөн гүүр хоолой, хиймэл төхөөрөмжид гэмтэл гарсан эсэхийг шалгасан.
Мөн ангийн инженер техникийн ажилтнуудыг шугам замд явуулж, 25 метрийн урттай томоохон гүүрүүдэд үзлэг хийлгэсэн. Ийм томоохон гүүрүүд манай ангийн хэсэглэлд нэлээд хэд бий. Айраг-Бор-Өндөрийн хоорондын замд 13, 14, 27, 28, 30, 48 дугаар км дэх гүүрийг Замын хэсгийн мастерууд, гол замын 666, 675, 689, 713, 747 дугаар км-үүд дэх гүүрүүдийг Замын ангийн инженер техникийн ажилтнууд шалгасан. Ямар нэгэн гэмтэлгүй хэвийн байнгааг тогтоосон. 
Замын хэсгүүд үзлэг шалгалтыг мөн өдрийнхөө 10.40 минутад бүрэн хийж,“Зам сум, хоорондын зам, гүүр хоолой хиймэл төхөөрөмжид гарсан гэмтэлгүй, хэвийн байна ” гэдэг мэдээ ирүүлсэн. Бид мэдээллийг даруй Замын аж ахуйн албандаа явуулсан. 
-“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн өмнөх өдөр нэлээд хүчтэй газар хөдөлсөн нь та бүхэнд энэ чиглэлээр аюулгүй байдлаа хангах дадлага туршлага болох шиг боллоо?
-Тэгж хэлж болно. Байгалийн гамшигт үзэгдэл хэлж ирдэггүй. Тэр дундаа дэлхий нийтэд газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх арга технологи одоогоор байхгүй байна. Тиймээс улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд манай ангийн хамт олон ОБЕГ-аас зохион байгуулсан цахим сургалтад хамрагдлаа. Мөн аймгийн Онцгой байдлын комиссоос байгууллагуудын газар хөдлөлтийн үед гамшгийн төлөвлөгөөний дагуу ажиллах баг, штабын бэлэн байдлыг шалгаж, зөвлөгөө зөвлөмж өглөө. Газар хөдлөлтийн үед өөрсдийгөө хамгаалах мэдлэг олгох сургалт боллоо. Ер нь, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, аюулгүй байдлын талаарх мэдлэг сул байдгийг энэ үеэр ажиглалаа. Тиймээс газар хөдөлсөн үед хэрхэн аюулгүй байдлаа хангах, барилга байгууламжаас хэрхэн гарч аюулгүй газарт очих вэ зэрэг чадвар дадлыг хүн бүр мэддэг байх ёстой юм байна. Цаашид энэ талаар анхаарч ажиллаж, бэлэн байдлыг дээшлүүлье гэсэн төлөвлөгөөтэй байна. 

Газар хөдлөлтийн дараа замчид ажилласан
Замын аж ахуйн албаны ерөнхий инженер Н.Лхагвадорж:
-Газар хөдлөлтийн хүч 4 баллаас дээш гарсан тохиолдолд төмөр замын гүүр хоолой, хиймэл төхөөрөмжид үзлэг шалгалт хийх дүрэмтэй. Тэр дагуу Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дараа Замын III ангийнхан нийт 48 гүүр, зам сум, хоорондын замд тууш үзлэг хийсэн. Гарсан гэмтэлгүй, хэвийн байсан.
-БЗД-ийн 25 дугаар хорооны нутагт төмөр замын гүүрийн доогуур шуудуу ухсан тохиолдол гарсан. Тухайн буруутай компани нөхөн сэргээлтийг хийсэн үү?
-“Эко констракшн”-ний гүүрийн доогуур шуудуу ухах үйл ажиллагааг бид зогсоосон боловч бидний шаардлагыг хүлээж авалгүй байсаар ийм байдалд хүрсэн. Энэ асуудлаар Тээврийн цагдаагийн алба, Төмөр зам дахь Цагдаагийн газарт албан ёсоор хандсан. Энэ сарын 25-нд Замын аж ахуй хариуцсан орлогч дарга К.Р.Белош,Замын албаны дарга Ю.Нямжаргал нар тухайн гүүрэн дээр очиж, газар дээр нь ажилласан. Энэ үеэр нөхөн сэргээж засварлаагүй байсан. 

Тээврийн хяналтын албаны замын аж ахуй хариуцсан байцаагч Д.Даваажаваас асуулаа
-Миний мэдэж байгаагаар өмнө нь газар хөдлөлтийн улмаас замд гэмтэл саатал гарч, ГТХАБ-д ноцтой нөлөөлж байсан тохиолдол гарч байгаагүй. Гэхдээ нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй. Газар хөдөлтийн хүчээс хамаарна. Тэгэхээр газар хөдлөлтийн дараа замчид зам сум, гүүр хоолой, хиймэл төхөөрөмжийн байдалд шуурхай үзлэг шалгалт хийх ёстой. Манайхан энэ дагуу шуурхай ажилласан байна билээ.
-Говьсүмбэр аймагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд 3 орчим баллынхүчтэй мэдрэгдсэн гэж мэргэжлийнхэн үзэж байгаа. Гэтэл тухайн үед нийслэлд төмөр замын гүүрийн доод талыг барилгын “Эко контракшн” компани зөвшөөрөлгүй ухсан байсан шүү дээ? 
-Энэ бол маш ноцтой асуудал. Гүүрийн доод талын хүчитгэсэн бүтээцийг бүрэн эвдэж, шуудуу ухсан байсан. Тухайн гүүрний нөхцөл байдалтай би газар дээр нь Замын II ангийнхантай хамт очиж үзсэн. Барилгын компанийхантай уулзсан. БЗД-ийн 25 дугаар хорооны Засаг даргатай ч уулзсан. Төмөр зам дахь Цагдаагийн газарт Замын II анги энэ хэргийг шалгаж, манай хохирлыг барагдуулж өгөөч гэсэн хүсэлтийг албан ёсоор гаргасан. Ийм байдалтай үед газар хөдлөлт болсон нь маш эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн. Азаар нийслэлд чичирхийлэл сул мэдрэгдлээ. Цаашид төмөр замын аюултай бүс дотор дур мэдэн суваг шуудуу ухах, барилгын ажил хийх байдлыг хэрхэвч гаргаж болохгүй. 

Монгол газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй бүс нутагт багтдаг.
ШУА-ийн Одон орон, гeофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын эрхлэгч М.ӨЛЗИЙБАТ“Гуравдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Баянталсумаас хойш 16 км-т болсон газар хөдөлт нь голомтдоо 6-7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Нийслэлд урьдчилсан тооцооллоор 3-5 баллын чичирхийлэл мэдрэгдсэн. 2021 он гарсаар Монгол орны газар нутаг, хил орчмын бүс нутагт нийтдээ 58 мянган газар хөдлөлт болсон байна. Үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт 14 удаа болсон. Бидний хийсэн судалгаагаар Говьсүмбэр аймагт урьд өмнө нь ийм хүчтэй газар хөдлөлт огт болж байгаагүй. Ерөнхийдөө Монгол орон Төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй бүс нутагт багтдаг” хэмээн хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ ярьсан билээ. Мөн газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх боломжгүй бөгөөд хүн ам ихээр суурьшсан нийслэлд 6-7 баллын хүчтэй газар хөдлөлт болбол нийтэд зарлан мэдээлэх төхөөрөмж ажиллах автомат горимтой гэсэн юм. Тиймээс газар хөдлөлтийн гамшиг ослоос өөрийгөө болон гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийг хамгаалах мэдлэг чадвар дадалд хүн бүр суралцах ёстой гэдэг зөвлөгөөг өглөө.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй бүс нутагт амьдарч байгаа бидэнд аюул хол биш гэдгийг давхар сануулсан үзэгдэл Говьсүмбэр аймагт тохиолоо.

Сэтгэгдэл үлдээх