Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-02-09

Мэндчилгээ

Нийт төмөр замчдадаа, ахмад буурлууддаа, эргэх цагийн жамаар учран золгож буй үхэр жилийн мэндчилгээ дэвшүүлж, замчин айл бүрт аз жаргал, сайн сайхан бүхнийг бэлэгдэн цэнхэр хадаг барин мэндчилж байна. Хөсөгөө хураадаг хулгана жилд байгаль, нийгмийн шинж чанартай хөндлөнгийн зовлон бэрхшээл цөөнгүй тохиолдсон хэдий ч төмөр замын ноён нуруу хотойгоогүй, харин ч ойрын ирээдүйн хөгжилд зориулагдах оюун санааны болоод материаллаг хуримтлал зузаарч ирлээ. Улсын хэмжээнд төмөр замын салбарт бүтээн байгуулалтын цар хүрээ өргөжин тэлж, ажлын байр нэмэгдэв. Улаанбаатар зүтгүүрийн депо, Улаанбаатар өртөө, Толгойт өртөө, Төв засварын газар, Ачааны болоод Зорчигчийн вагон депо, Чулуун завод, ТЗДС, Барилга орон сууцны алба зэрэг олон газарт хөдөлмөр хөнгөвчилсөн, ур ухаан шингэсэн оновчтой санал бүтээлүүд үйлдвэрлэлд нэвтэрч үр дүнгээ өгч байна. Мэдлэг оюун шингэсэн, шинэ санаачлага олноор гарч, ажилд эрчимтэй нэвтэрч байх нь цаг үеийн өнгийг тодорхойлж байх учиртай бөгөөд гагцхүү тэдгээрийг тухай бүрт нь хөхиүлэн урамшуулж байх нь чухал билээ. Төмөр замын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг дэнсэн дээр тавьсан юм шиг хэмжиж, судлан тогтоох явдал чухал байна. Энэ нь дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг эгзэгтэй цэг дээр татаж, бас оновчтой зөв ашиглахад гол түлхүүр нь болох учиртай юм. Цагаан сарын босгон дээр манай төмөр зам оныхоо ажлыг дүгнэж, тэргүүний байгууллага, шилдэг ажилтнуудаа тодруулдаг уламжлалын дагуу дүнгээ гаргаж, Замын-Үүд өртөө, Улаанбаатар зүтгүүрийн депо, Дохиолол холбооны II анги зэрэг байгууллага эхний байруудад шалгарч, Зүтгүүр, Вагон, Холбооны албад тэргүүлсэн дүн гарчээ. Тээвэр зуучийн төвийн захирал Д.Амарбаясгалан, Галт тэрэгний хөдөлгөөний диспетчер Ш.Даваажав нарын зэрэг 28 төмөр замчин хөдөлмөр зүтгэлээрээ бусдаасаа шалгарч, Замын “Хүндэт самбар”-т төмөр замчны нэр алдар, мэргэжил, шударга хөдөлмөр, сэтгэл, зүтгэл нь олны нүдэн дээр товойж гарлаа. Төмөр зам, оюун санаа, нийгэм, тээвэр үйлдвэрлэлийн бүхий л салаа мөчирт шударга ёс бэхжиж, ариун цагаан хөдөлмөр ундарч байх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 
Ганзам зурайж, галт тэрэг жирийж байг. 
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ ТЭЭВЭРЧИН Р. РАШ 

Сэтгэгдэл үлдээх