Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-11-24

Байгууллагуудын 50 хувийнх нь материалыг цахим хэлбэрт шилжүүлжээ

-Одоогоор, манайд УБТЗ-ын харьяа 70 аж ахуйн нэгжийн 35252 хадгаламжийн нэгж бий. Үүнээс архивын нийт сан хөмрөгийн 87 хувийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Харин салбар аж ахуйн нэгжээр нь авч үзвэл 70 байгууллагаас 50 хувь буюу 35 байгууллагын архивын баримт материалыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, мэдээллийн нэгдсэн сан үүсгээд байна.
-Замын даргын үзлэгийн үеэр архивын материал нь бүрэн цахимжсан төмөр замын байгууллагууд мэдээллийн нэгдсэн санд холбогдох шаардлагатай гэж ярьж байсан. Хэдэн байгууллага холбогдоод байна вэ? 
-Дархан татах хэсэг манай мэдээллийн нэгдсэн санд холбогдсон. Тус татах хэсгийн хувьд архивын баримт материалыг цахим хэлбэрт шилжүүлэхэд ашиглаж байгаа “AMS” програмыг худалдаж аваад өөрийн байгууллагад нэвтрүүлж, баримт материалаа манайд цаасан болон цахим байдлаар өгч байгаа нь бидний ажлыг маш их хөнгөвчилж байна. Бусад байгууллагуудын хувьд архивын баримтаа зөвхөн цаасан хэлбэрээр өгдөг. Шинэ баримт ирэх бүрт бидний ажил нэмэгддэг.
-Хэрвээ аж ахуйн нэгж байгууллагууд Дархан татах хэсэг шиг мэдээллийн нэгдсэн санд холбогдоод баримт материалаа бүрэн цахим хэлбэрт шилжүүлчихвэл үйлчүүлэгчид лавлагаа материалаа цахимаар авч болно гэсэн үг үү. Ялангуяа, шугам замын төмөр замчид...?
-Цахим хэлбэрт шилжүүлчихлээ гэхээр шууд утсаар болон интернэтээр лавлагаа авч болно гэж ойлгоод байдаг. Яг одоогийн мөрдөж байгаа архивын журмаар бол лавлагаа авах үйлчлүүлэгч өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан лавлагаа авна. 
Ер нь, архивын баримт материалыг цахимд шилжүүлэх ажил улсын хэмжээнд 2012 оноос эхэлсэн. Архивын ерөнхий газраас “АМS” програмын хөгжүүлэлтийг хийж байгаа. Энэ ажил улсын хэмжээнд бүрэн дууссны дараа цахим байдлаар лавлагаа авах боломж бүрдэх юм билээ. Манай архивын хувьд арай хожуу буюу 2016 оноос цахимд шилжүүлэх ажил эхэлсэн ч ажлын явцын хувьд улсын дунджийн түвшинд хүрсэн. Энэ ажил дээр манай нэг ажилтан ажилладаг.
-Цахимаар лавлагаа авах хэмжээнд хүрээгүй ч архивын баримт материалыг цахим хэлбэрт шилжүүлсний ач холбогдлыг тодорхойлбол?
-Юун түрүүнд архивын лавлагаа гаргаж өгөх хугацаа маш их хэмнэгдэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний мэдээллийг оруулаад хайлт хийхэд хүссэн мэдээлэл хэдэн хормын дотор гараад ирнэ. Цаасан хэлбэрээр байгаа материалыг архивын ажилтан нэг бүрчлэн гараар хайдаг. Лавлагаа авахаар ирсэн зарим хүн төмөр замын аль байгууллагад хэдэн онд ажилд орж, хэдэн онд ажлаас гарснаа тодорхой мэддэггүй. Олон жилийн өмнө төмөр замын аль нэг байгууллагад ажиллаж байгаад гарсан хүн тэтгэвэр тогтоолгох үедээ төмөр замд ажилласан хугацааны лавлагаагаа авъя гээд ирдэг. Ингэхдээ аль байгууллагад харьяалагдаж байснаа мэдэхгүй тохиолдол ч гарч байна. Ийм тохиолдолд архивын ажилтнуудын ажил хэд дахин нэмэгддэг. Маш их цаг хугацаа зарцуулж хайгаад тухайн хүний баримт материал гарч ирэхгүй тохиолдолд үйлчлүүлэгч уурлаж бухимдах нь бий. Хэрэв цахимд бүрэн шилжсэн тохиолдолд энэ бүх үйл ажиллагаа хялбаршина. Үйлчилгээ илүү хурдан шуурхай болно. 
-Жилд дунджаар хэдэн хүнд үйлчилж байна. Хүмүүс хэдээс хэдэн оны баримтыг түлхүү хайж байна вэ?
-Манай архив жилдээ мянга гаруй хүнд архивын лавлагаа мэдээлэл гаргаж өгдөг. Үйлчлүүлэгч нар ихэвчлэн тэтгэвэр тогтоолгохоор лавлагаа материал авахаар ирж байна. 1970-2018 оны хоорондох хугацааны материалын лавлагаа авдаг. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд ойн ном, сэтгүүл гаргахаар лавлагаа материал авахаар ханддаг.

Сэтгэгдэл үлдээх