Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-09-01

Н.Тэнгэс: Зорчигч тээвэрт ашигладаг нөөцийг ачаа тээвэр рүү шилжүүлсэн нь манайд ашигтай

-Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан улс орнуудын эдийн засгийн салбарт олон өөрчлөлт гарч байна. Хилийн боомт гэдэг утгаараа худалдаа эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явц танай өртөөний ачаа тээврийн үзүүлэлтэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Тийм шүү. Ачааны шинж чанарын хувьд 2020 онд ихээхэн өөрчлөлт гарсан. Тэр дундаас БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн чингэлэг тээврийн хэмжээ эрс нэмэгдсэн. Бид одоо нарийн царигаар хоногт зургаан галт тэрэг хүлээн авах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хагас жилийн байдлаар нарийн царигаар нийт 961 галт тэрэг хүлээн авсны 72 хувийг нь чингэлгийн галт тэрэг эзэлж байна. Үүний 41 хувийг нь транзит, 31 хувь нь импортын чингэлэг. Үндсэндээ, БНХАУ-аас хүлээн авдаг ачааны галт тэрэг чингэлэг рүү шилжиж, холимог ачаа төмөр замын тээвэрт хурдацтайгаар нэмэгдэхэд хүрлээ. Өргөн царигаар мөн ялгаагүй хоногт 5-6 галт тэргийг манай талд хүлээлгэн өгч байгаа. 
-Ачааны бүтцийн хувьд ямар төрлийнх зонхилж байна вэ?
-Өргөн царигаар хүлээлгэн өгч байгаа ачааны бүтцийн хувьд төмрийн хүдэр, нүүрс тэргүүтэй уул уурхайн бүтээгдэхүүнүүд нэмэгдсэн. Цар тахал гарсантай холбоотойгоор зорчигч тээврийн хөдөлгөөн багассан. Иймээс зорчигч тээвэрт ашигладаг нөөцийг ачаа тээвэр рүү шилжүүлсэн. Энэ нь, нэг талдаа ашигтай тээврийг нэмэгдүүлэх бололцоог олгосон гэж ойлгож болно.
-Цар тахлын хорио цээр тогтоосноос хойш танай зангилааны төмөр замчдын хувьд эрсдэл өндөртэй бүсэд ажил үүрэг гүйцэтгэхээр болсон. Онцгой байдал зарласнаас хойш үүрэг гүйцэтгэх арга барил ч эрс өөрчлөгдсөн байх?
-Өнгөрсөн найман сарын хугацаанд манай төмөр замчид онцгой нөхцөлд ногдсон үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байна. Улсын онцгой комиссоос манай ажилтнуудад хандаж “Та бүхэн маш өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа учраас, хорио цээртэй холбоотой гаргасан дүрэм, журам, заавар зөвлөмжийг маш нягт мөрдөх хэрэгтэй” гэдгийг байнга анхааруулж байгаа. Энэ ч утгаараа үйл ажиллагаа болон халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд сахих шаардлагатай болсон. Ялангуяа, БНХАУ руу гарч ажил үүрэг гүйцэтгэдэг ачаа комерийн агент, техникийн агент, машинч нар буюу “хөлөг ажилчид” маань ачаагаа тээвэрлэж гаргах, хоосон вагоноо буцааж татах зэрэг ажлыг өдөр шөнөгүй гүйцэтгэдэг. Эдгээр ажилтныхаа эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлийн ажлыг Замын-Үүд зангилааны хэмжээнд онцгой анхаарч байгаа. Хамгаалах хувцас хэрэглэлийн нөөцийг бүрдүүлэх, аюултай нөхцөл үүссэн үед хэрхэн ажиллах дарааллыг боловсруулах зэргээр хэд хэдэн гамшгийн төлөвлөгөөг гаргасан.
-Онцгой дэглэм тогтоосон бүсэд ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой сөрөг нөлөө хэр гарч байна вэ?
-Замын-Үүд зангилааны хэмжээнд зорчигч тээврээр маш их алдагдал хүлээж байна. 2020 оны эхний хагас жилээр л гэхэд 32 хувийн биелэлттэй гарсан. Өмнө нь, бид 135 мянган зорчигч тээвэрлэдэг байсан бол одоо 32 мянган зорчигч л тээвэрлэж байх жишээтэй. Энэ нь, хил хаасантай холбоотойгоор олон улсын зорчигчийн галт тэрэг зогссон, хил дамнасан худалдаа эрхэлж амьдралаа залгуулдаг хүмүүсийн урсгал эрс багассантай шууд холбоотой.
-Нөгөө талаасаа худалдааны салбарт давуу талууд ч бий болж байх шиг ?
-Цар тахлын нөхцөл байдал үүсснээс хойш хүн төрөлхтний амьдралын хэв маяг, байгууллагуудын үйл ажиллагаанд олон өөрчлөлт гарч байна. Үүнд бид дасан зохицохоос өөр аргагүй. Дээр дурдсанчлан, зорчигч тээврийн хэмжээ буурсан ч нөгөө талдаа ашигтай тээврийн үзүүлэлт сайжирсан. Үүнийг бид илүү боломж болгон ашиглах ёстой. Яаж вэ гэхээр зорчигчийн галт тэрэгний аялал байхгүй үед Эрээн өртөөтэй хийх галт тэрэгний солилцоогоо хоногт хоёр галт тэргээр нэмэгдүүлэх боломжтой. Товчхондоо 14 галт тэрэг солилцох технологидоо 16 галт тэрэг солилцох боломж бүрдсэн. Энэ боломжийг ашиглахын төлөө манай зангилааны төмөр замчин бүр хичээн ажиллаж байна. Дээрээс нь, ачааны бүтэц цаг үеэ дагаад өөрчлөгдсөн. Өмнө нь, манай өртөө шилжүүлэн ачих байгууламждаа тулгуурлан шилжүүлэн ачдаг байсан бол одоо бизнес эрхлэгчид чингэлэг тээвэр рүү шилжээд задгай тээвэр хийх хэлбэр нь багассан. Нөгөөтэйгүүр цар тахлын нөхцөлөөс үүдэн төмөр замд уламжлал болгон зохион байгуулдаг үзлэг шалгалт, сургалт семинарын аргачлалыг ч бас өөрчлөх хэрэгтэй болсон. Ерөнхийдөө бид өмнөд хөршийнхний баримталдаг “Гарсан хүндрэл бэрхшээл бүрийг давуу тал болгон ашигла” гэсэн зарчмыг мөрдлөг болгож байна.
-Чингэлэг тээврийн өсөлтийг хангах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Бид нэн тэргүүнд транзит чингэлгийг богино хугацаанд шуурхай тээвэрлэх шаардлага тулгарч байна. Учир нь, ачаа илгээгч нарын хувьд ачаа бараагаа илүү дөт замаар шуурхай тээвэрлэхийн тулд манайхыг сонгож байгаа юм. Тэгэхээр бидний зүгээс ачаа нийлүүлэгчдийнхээ тээврийг Монголын нутгаар маш богино хугацаанд шуурхай тээвэрлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ бол ажиллагаа багатайгаар тээвэрлэх боломжтой, өндөр ашигтай тээвэр шүү дээ. Ер нь, цаашид манай өртөөний хөгжил чингэлэг тээврээс хамаарах болов уу гэсэн дүр зураг ажиглагдаж байгаа. 
-Төмөр замын тээврийн ололт амжилт хөршийн төмөр замуудын хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг шүү дээ. Энэ ч утгаараа гурван улсын төрийн тэргүүнүүд “Эдийн засгийн коридор” байгуулах тухай санамж бичиг байгуулсан. УБТЗ ХНН-ийн хувьд ч хоёр талын төмөр замуудтайгаа олон удаа уулзалт хэлэлцээр хийсэн. Эдгээр бодлогын үр дүн мэдрэгдэж байна уу?
-Монгол Улсын хувьд далайд гарцгүй, хоёр том гүрний дунд оршдог газар зүйн байрлалтай учраас өөр ямар ч сонголтгүй. Тэгэхээр бид хөрш төмөр замуудынхаа хэтийн бодлогыг маш сайн судлах ёстой. Жишээ нь, БНХАУ “Нэг бүс-нэг зам” гэх маш том амбицтай бодлогыг Ази Номхон далайн хэмжээнд хэрэгжүүлээд явж байгаа. Энэ хүрээнд манай Олон улсын тээвэр зуучийн төв БНХАУ-аас хийгддэг авто машины тээврийг дунд нь ямар нэгэн шилжүүлэн ачилтгүй тусгай хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр цариг солиод өргөн царигаар оруулж ирдэг шинэ үйлчилгээ нээсэн. Энэ тээвэр сард нэг удаа аялж байна. Цаашид долоо хоног бүрт нэг удаа аялдаг болгох хэрэгцээ бий. Түүнээс гадна транзит чингэлгийн урсгал ихээхэн анхаарал татаж байна. Өмнө нь хойноос урагш чиглэсэн энэ төрлийн тээвэр зонхилж байсан бол одоо энэ харьцаа тэнцүү болж эхэлсэн. Энэ нь, ОХУ БНХАУ хоорондын худалдаа эдийн засгийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр манайд шинэ боломжууд бий болж буйн нэгэн жишээ юм. Тэгэхээр бид шинээр хөгжиж байгаа дээрх тээврүүдийг зүй зохистой, нэр хүндтэйгээр авч явах ёстой.
-Монгол Улсыг дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээ нэмэгдэхийг дагаад Эрээн, Наушки өртөөний техникийн хүчин чадал бага, тээврийн бичиг баримт бүрдүүлэлттэй холбоотой удаашрал гардаг зэргээр “гацаа” үүсгэх цөөнгүй хүчин зүйлүүд гардаг. Энэ талаар нөхцөл байдал ямар байна вэ?
-Дээр дурдсанчлан, манай тээврийн бүтэц өөрчлөгдөж буйтай холбогдуулан Эрээн өртөө тодорхой зохион байгуулалтуудыг хийж байна. Тухайлбал, тус өртөөнд чингэлгийн маш том байгууламж барьсан. Хараахан ашиглалтад ороогүй байгаа ч ашиглалтад оруулсных нь дараа Эрээн өртөөний чингэлэг боловсруулах хүчин чадал 2-3 дахин нэмэгдэх боломжтой. Замын-Үүд өртөөний хувьд Бүс нутгийн логистикийн төвийг өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн ашиглаж байна. Энд чингэлгийг боловсруулах, хуримтлуулах зориулалт бүхий томоохон терминал ашиглалтад орсон. Тэгэхээр Замын-Үүд, Эрээн өртөөд энэхүү шинэ тээврийг хийх бэлтгэлийг аль аль талдаа анхаарч байгаа.
-2019 оны зургадугаар сарын 14-нд Эрээн хотод болсон хоёр улсын төмөр замын хэлэлцээрийн үеэр Хятадын төмөр замын ерөнхий компанийн дэд захирал Гуо Жусүе тухайн оныхоо есдүгээр сарын 15-нд Эрээн өртөөнд шинэ буулгалтын талбай ашиглалтад оруулах амлалт өгсөн. Энэ талбайн ашиглалт одоо хэр байна вэ?
-Цар тахалтай холбоотойгоор би Эрээн өртөө рүү гаралгүй хагас жил боллоо. Намайг хамгийн сүүлд тус өртөөнд ажиллахад таны дурдсан талбайг ашиглалтад оруулчихсан байсан. Гэхдээ зориулалтыг нь тухайн үед амласнаасаа арай өөрөөр буюу төмрийн хүдэр буулгаж, ачих хэлбэрээр ашиглаж байна билээ. Хэрэв чингэлэг тээврийн хэмжээ энэ эрчээрээ он гартал өссөөр байвал энэ талбайн хэрэгцээ шаардлага маш их гарна. Тийм ч учраас бидний зүгээс тухайн талбайг зориулалтынх нь дагуу ашиглах боломжтой эсэх талаар байнга санал тавьдаг. Хэрэв тус талбайг анх ярьснаараа ашиглавал манай чингэлэг боловсруулалтад томоохон ахиц гарах юм.
-Транзит тээвэр маш амжилттай явж байгаа гэж ойлголоо. Импортын тээврийн хувьд ямар үзүүлэлттэй байна вэ?
-Дотоод тээвэр ч мөн адил өсөлттэй байгаа. Ялангуяа, 2013 оноос хойш зогсонги байдалд байсан цементийн тээвэр энэ оноос эргэж сэргэсэн. Энэ нь улс оронд барилга, бүтээн байгуулалтын ажил дахин идэвхжсэнтэй холбоотой. Зөвхөн цементээр ч зогсохгүй барилга, бүтээн байгуулалттай холбоотой олон төрлийн ачааны хэмжээ мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн. 
-Тээвэр энэ хэвээр өссөөр байвал танай өртөөний техникийн хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарах байх?
-Саяхан УБТЗ-ын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч Г.Ганболд, Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Л.Бямбасүрэн нар хүрэлцэн ирж Замын-Үүд өртөөг цаашид хэрхэн хүчжүүлэх талаар ажилласан. Өртөөний хамт олны хувьд дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Үүнд замуудаа нэмэх, терминалууд, саравч талбайг шинээр барих зэрэг цогц арга хэмжээний төлөвлөгөөгөө танилцуулж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг авсан. Ер нь, Замын-Үүд өртөө өөрт байгаа бүх хүчин чадлаа шавхсан. Одоо зөвхөн техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж байж л тээврийн өсөлтийг давна. 
-Чухам ямар байдлаар техникийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж харж байна вэ?
-Юун түрүүнд хоногт 14-өөс дээш галт тэрэг солилцож байгаа нөхцөлд Замын-Үүд-2 өртөөг өргөтгөх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, тус өртөөнд хүлээн авах явуулах замыг хоёроор нэмэгдүүлэх санал гаргаж дэмжүүлсэн. Хоёрдугаарт, нарийн царигийн төмөр замын асуудал. Бид Хятадын талд хоногт 14 галт тэрэг хүлээлгэн өгч байхад Хятадын талаас манайд зургаагаас илүү галт тэрэг өгч чадахгүй байна. Энэ нь, нэг талаасаа манай өртөөний хүчин чадал өнөөг хүртэл гар ажиллагаатай байгаатай холбоотой. Тэгэхээр нарийн царигийн өртөөг цахилгаан төвлөрүүлэлтэд холбож, өргөтгөх шаардлага тулгарсан гэсэн үг. Замын-Үүд-1, 2 өртөөг бид 2013-2015 онд боломжийнхоо хэрээр өргөтгөсөн. Гэхдээ технологийн хувьд орхигдсон зүйл бас бий. Тиймээс тухайн үед зураг дээрээ дутуу хийсэн ажлыг гүйцээн, хөгжлийн бодлогодоо нэмж тусгасан. Үүнд Замын-Үүд-1 өртөөнд вагон ялгах, хуримтлуулах зориулалт бүхий зам нэмэх, зүтгүүрийн ашиглалтыг сайжруулах зорилгоор хоосон явалтыг багасгах, зам нэмэх зэрэг арга хэмжээнүүд бий. Шилжүүлэн ачих байгууламжийн тухайд 2020 онд нэгдүгээр талбай дээр өндөрлөсөн саравч барьснаар битүү вагонтой ачааг шилжүүлэн ачих хүчин чадал нэмэгдэнэ. Мөн Логистикийн төв дээр калмарыг ажиллуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор нарийн, өргөн царигийн замуудыг барих шаардлагатай болсон.
-Хорио цээртэй холбоотойгоор зарим ажилтны ачаалал нэмэгдэх, заримынх нь цаг дутах зэрэг асуудал гарч байгаа байх. Хөдөлмөр зохион байгуулалтын чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор боломжтой бүх чиглэлээр зардал бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, бид Эрээн өртөөтэй ачаа тээврийн маш их хэмжээний бичиг баримт солилцдог. Иймд цаасны зардлыг багасгаж, ачаа тээврийн бичиг баримтыг цахимжуулах ажлыг эхлүүдээд байна. Эрээн өртөөнийхөн цахим бичиг баримт солилцох ажлыг туршилтаар хэрэгжүүлээд явж байгаа. Манай өртөөний хувьд ч мөн ялгаагүй орон нутгийн тээврийн бичиг баримтаа цахимжуулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Түүнээс гадна хөдөлмөр зохион байгуулалтын тухайд зорчигч тээвэр буурсантай холбоотойгоор зарим ажилтны нормт цаг дутаж байгаа учраас ажилтнуудаа чадавхжуулах, шаардлагатай тохиолдолд өөр ажлын байранд хөрвөн ажиллах боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарч байна. Тодруулбал, 2020 онд Замын-Үүд өртөө нийт 23 ажилтныг 2-3 албан тушаалд хөрвөн ажиллах боломжтой болгон бэлтгэсэн. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх