Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-12-10

Хилийн төмөр замууд цахимаар хуралдлаа

Дэлхий дахинд үүсээд буй цар тахлын улмаас Монгол Улс, ОХУ, БНХАУ төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн болон  Хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөнийг анх удаа цахимаар энэ сарын 17-20-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож, 2021 онд хилийн төмөр замуудаар тээвэрлэх ачаа, зорчигч тээвэрлэлтийн талаар санал солилцон өсөн нэмэгдэж буй тээврийн урсгалыг дагаж бий болсон олон тулгамдсан асуудлыг хамтран шийдэх талаар хэлэлцлээ. Зөвлөгөөний үеэр хилийн өртөөдийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулж, нарийн царигаар Эрээн-Замын-Үүд хилийн өртөө хооронд 5000 тонноос ихгүй жинтэй галт тэрэг тогтмол аялуулах, Монгол-Орос, Хятад-Монголын хооронд цахим мэдээлэл солилцоог ашиглалтад оруулсантай холбоотойгоор шаардлагатай техникийн асуудлыг шийдвэрлэх, хилийн  төмөр замууд ачаа, зорчигч тээвэрлэлт, түүнд оролцож буй вагонуудыг ашиглах талаар Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн төмөр замуудын хэмжээнд мөрдөгдөж байгаа хэлэлцээр, дүрмүүдийг мөрдлөг болгон ажиллах, Сүхбаатар-Наушки хэсэглэлд галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй байдлыг хангахын тулд талууд сондгой чиглэлийн ачааны галт тэрэгний зүтгүүрийг тэгш чиглэлийн зорчигчийн галт тэргэнд явуулах зэрэг асуудлууд дээр санал нэгдлээ. Мөн хөрш зэргэлдээ төмөр замуудын Улаан-Үүд-Наушки хэсэг, Эрээн-Жинин хэсэглэлд тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг санал болгов. Улаанбаатар төмөр зам урд талдаа Эрээн-Замын-Үүд хилийн боомтоор нарийн царигаар хоногт найман хос галт тэрэг, Замын-Үүд-Эрээний өргөн царигаар хоногт 20 хос галт тэрэг, хойд талдаа Сүхбаатар-Наушки хилийн боомтоор 14 хос галт тэрэг дамжуулах хүчин чадалтай байгаа тухай хөрш зэргэлдээ төмөр замууддаа танилцууллаа. 

Сэтгэгдэл үлдээх