Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-12-16

Ц.Лувсан: Төмөр замчид ямар ч хүнд үед үүргээ биелүүлсээр ирсэн, цаашид ч нэр төртэй биелүүлнэ

-Хүндхэн цаг үе таарлаа. Төмөр замаар дамжин халдвар тархсан гэх шалтгаанаар хэд хэдэн тулгуур өртөөний хөдөлгөөнчдийг тусгаарлав. Үүнээс болоод эдгээр өртөөд хэвийн үйл ажиллагаа явуулах хүндрэлтэй тулсан ч дутагдалтай орон тоог шуурхай нөхөж, тээврийг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж байна. Харьцангуй шинэ нөхцөл байдал шүү дээ. Ийм үед ажиллах туршлага төмөр замчдад байгаагүй ч санасныг бодоход маш хурдан маневр хийж чадсан нь сайшаалтай. Одоо нөхцөл байдал дээрдсэн гэж бодож байна?
-Дэлхий нийтийг цочроосон аюулт цар тахал арваннэгдүгээр сарын дунд үед дотоодод тархсанаар тасралтгүй үйл ажиллагаатай манай байгууллагад маш хүндээр туслаа. Хилийн томоохон өртөөд болон ачааны ажиллагаа ихтэй өртөөдийн 700 гаруй ажилтан ойрын хавьтал гэсэн шалтгаанаар тусгаарлагдаж, нарийн мэргэжлийн ажиллах хүчээр дутагдсан. Харьцангуй шинэ нөхцөл байдал гэдэг үнэн. Амаргүй ч үе. Таны хэлдгээр бидэнд ийм үед ажиллах туршлага байсангүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эрсдэлд бэлэн байж, шуурхай зохион байгуулалт хийж чадсан нь сайшаалтай хэрэг. Тээврийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд бид тодорхой зохицуулалт хийх шаардлага гарсан нь мэдээж. Тухайлбал, Сүхбаатар өртөөнд бололцоотой өртөөдөөс хүн хүч татаж, халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөн тусгай вагонд байрлуулав. Замын-Үүд өртөө, Шилжүүлэн ачих ангид ажилчдыг нягтаршуулсан графикт оруулж, хоёр ээлжийн ажилчдыг ажлын байранд нь тусгаарлан ажиллууллаа. Бусад өртөөдөд өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд, ажиллаж байсан, хөрвөн ажиллахаар бэлтгэгдсэн хөдөлгөөнчид ажиллаж, тээврийн тасралтгүй байдлыг хангаж буйг хэлье. Тэдэнд тогтмол зааварчилгаа өгөх, сургаж дадлагажуулах, аюулгүй байдлыг нь хангахад туршлагатай төмөр замчид, албаны байцаагчдыг татан оролцуулсан. Сүхбаатар, Улаанбаатар өртөөдийн шуурхай удирдлагын баг гэхэд Тээвэр зохион байгуулалтын албаны удирдах ажилтан, байцаагч нараас бүрдэв. Албаны удирдах ажилтнуудад өртөө, Шилжүүлэн ачих ангийг хариуцуулан онлайнаар хуралдаж, мэдээлэл солилцохоос гадна шийдвэрийг шуурхай дамжуулах, үүрэг даалгавар өгөх зэргээр зохицуулалт хийлээ. Гүйцэтгэлд нь хяналт тавьснаар бидний хийсэн зохицуулалт илүү үр дүнтэй болсон. Цахимаар хуралдсан хурлын тоо л гэхэд 85-д хүрч маш олон асуудлыг шийдвэрлэжээ. Гэвч бүх зүйл өргөс авсан шиг шийдэгдчихээгүй нь ойлгомжтой. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар өртөөнд байдал хүнд байгаа. Бусад өртөөнд тусгаарлалтаас гарсан ажилтнууд ажилдаа эргэн орсноор байдал тогтворжиж эхэлсэн. Энэ хүнд хэцүү үед төмөр замчин хүний сэтгэл, хатуужил, тэвчээр, зориг гарган халдварын голомтод ажиллаж буй нийт төмөр замчдадаа талархаж буйгаа “Ган зам” сониноороо дамжуулан уламжилъя. Манай ахмадууд “Төрөлх байгууллагадаа хэрэгтэй үед туслахад хэзээд бэлэн” гээд залуучуудаа орлон “гялалзаж” явааг харах бахархам юм. Тэдний хүчээр тээвэр хэвийн үргэлжилж байгааг та харсан биз. Төмөр замын удирдлага бат найдвартай, шуурхай байж хүндрэлийг давахаар багаараа ажиллаж буйг нийт төмөр замчдадаа дуулгая.
-Таны хэлдэг зөв. Олон мянган төмөр замчны нийлмэл хөдөлмөрийн үр дүнд тээвэр тасралтгүй хэвийн үргэлжилдэг. Аль нэг газар нь доголдох учиргүй. Тэр тусмаа тээвэр зохион байгуулалтын ажил. Найдвартай удирдлага нь төмөр замын тээврийн тогтвортой ажиллах үндэс шүү дээ. Та төмөр замын нэгдсэн удирдлагын онцлог, ажиллах зарчмын талаар товчхон танилцуулаач? 
-Нэгдсэн удирдлага, ашиглалтын ажлын гол зорилго нь төмөр замын тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг бүрэн ашиглан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад оршдог. Энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлснээр зах зээлийн эдийн засгийн харилцаа хэвийн ажиллах үндэс болдог юм. Эдийн засгийн бусад салбартай харьцуулахад төмөр замын үйл ажиллагаа салбарынхаа бүх тогтолцооны өвөрмөц шинжийг агуулдаг. Ерөнхийдөө хөгжлийн явц нь удирдлагын зохион байгуулалтын үндсэн зарчмыг тодорхойлж ирсэн. Маш ойлгомжтойгоор тайлбарлахад, төмөр замын тээврийн ашиглалтын бүх салбар хэсгүүд нь нийтлэг технологиор харилцан үйлчилж, галт тэрэгний хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангахын сацуу тээвэрлэлтийн процесст оролцогч олон талуудын үйл ажиллагааг зохицуулна. Энэ нь, нийт төмөр замын сүлжээг хамран төвлөрсөн, нэгдмэл, тасралтгүй удирдлагаар хангах үндэс болдог. Ийм удирдлага зорчигч, ачаа барааг онцгой байдал, гамшгийн үед тэргүүн ээлжинд тээвэрлэх боломжийг олгодог хэрэг. Үйлдвэрлэл, аж ахуйн цогцолборыг найдвартай удирдах нөхцөлийг бүрдүүлсэн энэхүү бүтэц нь олон жилийн туршлагаар боловсруулагдсан эд. Ерөнхийдөө төмөр замын тээврийн онцлог удирдлагын нэгдмэл чанар, нэг захирамжит шинж юм. Ингэж байж дотоодын болон экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийг дэмжин улс орны эдийн засгийн өсөлтөд түлхэц өгнө. Өөрөөр хэлбэл, төмөр зам нь гадны ч тэр дотоодынх ч бай бусад тээврийн салбарын шударга өрсөлдөөнийг дэмждэг нь хэнд ч ойлгомжтой. Өнөөдөр төмөр замын удирдлага өөртөө итгэлтэй, олон талаас нь харж тооцсон, зоримог шуурхай шийдвэрийг гарган ажиллаж байгаа тул төмөр замчид энэ хүнд үеийг амжилттай даван туулна гэдэгт итгэж болно. 
-Манай Улсын эдийн засагт тээврийн салбар, тэр дундаа төмөр замын гүйцэтгэх үүрэг өндөр. Олон нийтийн цахим сүлжээгээр зарим нэг улс төрийн өндөр албан тушаалтнууд баталгаагүй мэдээлэл хийсэн. Та энэ салбарын “гал тогоо”-нд ажиллаж байгаагийн хувьд төмөр замын салбар бодитоор манай улсын эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэдгийг маш товчоор тайлбарлаач?
-Улс орны хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа төрийн түшээдэд гүйцэд хянагдаагүй мэдээлэл очсоноос буруу ташаа ойлголт бий болсон болов уу. Төмөр замчид тайлбар хийж, нэр төрөө сэргээнэ гэж дайрахаас илүүтэй урдах ажлаа чанартай гүйцэтгэж сурсан “ясны” хүмүүжилтэй улс. Нэг талаар ийм маш том дутагдалтай гэх үү дээ. Төмөр замын салбар нь Монгол Улсын хувьд стратегийн хамгийн чухал салбаруудын нэг зайлшгүй мөн. Тийм ч учраас ажил үүрэг нь ямар хэмжээнд явна гэдгийг улс, нийтээрээ ярьдаг. Монгол Улсад аж үйлдвэр, уул уурхайн олборлолт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, гадаад, худалдаа, дамжин өнгөрөх ачаа урсгал эрс нэмэгдэж байна. Өсөн нэмэгдэж буй энэхүү ачаа барааг төмөр замгүйгээр хамгийн хямд, өндөр бүтээмжтэй тээвэрлэх ямар ч боломжгүй. Төмөр замгүйгээр бүтээн байгуулалт өрнүүлэх, дулаан цахилгаан, эрчим хүч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангахаас эхлээд улсын орлогыг бүрдүүлдэг томоохон салбаруудын ачаанууд, дамжин өнгөрөх тээврийг эрхлэх ямар ч боломжгүй. Төмөр замчид энэхүү хүндтэй бөгөөд эрхэм үүргээ маш сайн ухамсарладаг хамт олон учраас үеийн үед улс орны эдийн засгийн гол хөшүүрэг болсон тээврийг ямар ч хүнд үед үүрч ирсэн, цаашид ч энэ үүргээ нэр төртэй биелүүлэх болно. 
-Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, зорчигчийн галт тэрэгний аяллыг зогсоогоод байна. Энэ нь, үлдсэн хугацаанд гол орлого бүрдүүлдэг ачаа тээврээ түлхүү явуулах орон зайг бүрдүүллээ. Оны эцэс гэхэд тээврийн хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэх боломж хэр байна вэ?
-2020 онд зорчигч тээвэрлэлт төлөвлөсөн хэмжээнээс ихээхэн буурсан үзүүлэлттэй гарах нь. Тодорхой хэлбэл,төлөвлөгөө 72 хувийн биелэлттэй гарахаар байна. Харин ачаа тээврийн хувьд дээрх алдагдлыг нөхөх, экспортын тээврээс бүрдэх орлогын хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Энэ онд 29.5 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж, арванхоёрдугаар сарын 10-ны байдлаар 28.2 сая тонн ачаа тээвэрлэв. Үүнээс дамжин өнгөрөх тээвэр 4046, орон нутгийн 10450, экспортын 10800, импортын 2851 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Дамжин өнгөрөх тээвэр галт тэрэгнийхээ тоогоор 2164-т хүрлээ. Эдгээр тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тээвэрлэлт зургаа орчим, дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг 68 хувиар өссөн дүн гарав. Тээвэрлэлтийн төлөвлөгөө биелэх бүрэн боломжтой.
-Манай улс дотооддоо цар тахлын халдварыг алдсантай холбоотойгоор БНХАУ-ын боомтууд хөдөлгөөнөө хязгаарлаж, хяналт шалгалтаа чангатгалаа. Замын-Үүд өртөө гэлтгүй Замын хэмжээнд ачаатай вагоны хуримтлал нэмэгдсэн. Энэ хуримтлалыг хэвийн хэмжээд хүргэх, тээврийг шуурхайлахад ямар зохион байгуулалтын ажил хийж байна вэ? 
-Өмнөх саруудад Эрээн өртөөний талтай өргөн царигаар хоногт 14-15 хос ачааны галт тэрэг солилцож байсан бол өнөөдөр 12-13 галт тэрэг болж буурлаа. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. БНХАУ-ын тал хорио цээрийн дэглэмээ чангатгаснаар хил, гаалийн үзлэг шалгалтын хугацаа уртассан. Хилийн зөрлөг дээрээ шинэ зам барих цонхны ажил өдөр бүр хоёроос гурван цаг үргэлжилдэг. Арваннэгдүгээр сард огцом хүйтэрснээс төмрийн хүдрийн баяжмал вагон дотроо хөлдсөн зэрэг шалтгаанаар өргөн царигаар солилцох галт тэрэгний тоо буураад байгаа юм. Эрээн өртөөгөөр хүлээлгэн өгөх тэгш чиглэлийн ачааг 2400-2600 вагон орчимд барихад тасралтгүй, жигд хэвийн явж байв. Өнөөдрийн байдлаар 4400 вагон, 90 орчим галт тэрэг өртөөдөд зогсож буй нь хүндрэлтэй нөхцөлийг үүсгэлээ. Бидний зүгээс ачаатай вагоны хуримтлалыг хэвийн хэмжээнд оруулах талаар БНХАУ-ын холбогдох газруудтай ажиллаж ирсэн. Тээвэрлэлт, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-ын талтай тохиролцон “open top” чингэлэгтэй ачааг өргөн царигаар Эрээн өртөөнд хүлээлгэж өгдөг. Чингэлэг суларсны дараа Хятадын тал нарийн царигаар манайд хүлээлгэн өгч байлаа. Одоо үүнийг өөрчилж, өргөн царигаар хүлээн авна. Мөн экспортын хоосон чингэлэг ачсан галт тэргийг нарийн царигаар Эрээнд өртөөнд хүлээлгэн өгөх технологийг амжилттай туршиж, эхний галт тэргүүдээ солилцсон. Өөрөөр хэлбэл, өргөн царигийн галт тэрэг солилцоонд нэг нитка буюу “зураас” суларч түүгээр бусад ачаатай галт тэргээ явуулна гэсэн үг. Эхэлж чадсан юм чинь цаашид тогтмолжуулж чадвал тээвэрлэлтийн хэмжээ үр ашгаа нэмэгдүүлэх сайхан боломж гэж харж байгааг та бүхэндээ дуулгая.
-Авто тээврээс вагон руу, вагоноос авто машин руу гэхчлэн холимог тээврийг хөгжүүлэх замаар ачаатай вагоны хуримтлалыг бууруулах, вагон эргэлтийг сайжруулдаг жишээ бий. Ийм ложистикийн шийдлүүдийн талаар та ямар бодолтой байдаг вэ? 
-Холимог тээврийг манай УБТЗ өнгөрсөн онд эхлүүлээд тээвэрлэлтийн хэмжээгээ нэмэгдүүлсэн шүү дээ. Цаашид ч энэ тээврийг дэмжиж ажиллана. Учир нь, 2020 онд 28 сая тонн ачаа ачуулах захиалга бидэнд ирснээс 22.3 саяыг л вагоноор хангаж байна. Эрээн-Замын-Үүдийн төмөр замын боомтын хүчин чадал, тэр дундаа Эрээн өртөөний хүчин чадлаас шалтгаалан 5-6 сая тонн экспортын ачааг тээвэрлэж чаддаггүй. 2020 онд 154.000 тонн экспортын нүүрс, төмрийн хүдрийг төмөр замаар Замын-Үүд хүртэл тээвэрлэж цааш автомашинаар Эрээн рүү гаргасан. Энэ тээврийг дэмжиж, хэмжээг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Хилийн авто боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж, хүчин чадал нь нэмэгдэж байгаа тул илүү олон сая тонн ачааг дээрхээр тээвэрлэж, орлогыг бүрдүүлэх боломжтой юм. Энэ бол маш чухал тээвэр.
-Зам, тээврийн хөгжлийн яаманд байгуулсан Шуурхай бүлгийн хуралдаанаар УБТЗ-д чингэлгийн галт тэргийг оновчтой зохион байгуулах үүрэг өгчээ. Үүнийг Эрээн өртөөнд хуримтлагдсан импортын ачааг чингэлэгт ачиж, төмөр замаар тээвэрлэх, түүнийг оновчтой зохион байгуулах хэрэгтэй гэсэн чиглэл өгчээ гэж ойлгож болох уу? 
-Арваннэгдүгээр сарын сүүлчээс тэгш чиглэлийн ачааны хуримтлал нэмэгдсэн нь дамжин өнгөрөх чингэлгийн тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл үүсгээд байгааг дээр хэлсэн. Тэгш чиглэлийн галт тэрэг Эрээн өртөөнд чингэлгээс сулраад хоосон орж ирэхээр нь Замын-Үүд ложистикийн төвөөс дамжин өнгөрөх сондгой чиглэлийн чингэлгүүдийг ачиж, ОХУ, цаашилбал Европ руу тээвэрлэдэг. Энэ технологи нь вагоныг хоёр талд нь ачаатай тээвэрлэх маш үр дүнтэй арга юм. Манай энэ туршлагыг хоёр талын коридор хүртэл туршиж эхэлсэн. Замын даргаас уг технологийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч тээвэрлэлтээ өндөр ашигтай байхаар зохион байгуулахыг үүрэг болгож, бүх талын дэмжлэг туслалцаа, шийдвэрийг гаргаж өгсөн. Үүний үрээр дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо 49, тээвэрлэсэн чингэлгийн хэмжээ 58 хувиар нэмэгдээд байгаа юм. Өндөр ач холбогдолтой тээвэр учраас ЗТХЯ хүндрэлээс богино хугацаанд гарах, Замын-Үүдээс ачигдахаар хүлээгдэж буй чингэлгийн тоог бууруулж, шуурхай ажиллах, өргөн царигаар хүлээлгэн өгөх чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Үүрэг даалгаврыг биелүүлэхээр нэгдсэн зохион байгуулалтад орж, сүүлийн хоногуудад дамжин өнгөрөх чингэлгийн 4-5 галт тэргийг Эрээн өртөөтэй солилцоод байна.
-Ойлголоо. Хөл хорио тогтоосон эхний өдрүүдэд импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа бүтээгдэхүүн АБТЭМА-д ихээр хуримтлагдаж, бараагаа татан авч чадахгүй байгаа асуудал яригдаж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-АБТЭМА-ийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй шүү дээ. Гааль, татварын хөнгөлөлттэй холбоотой терминал дээр ачааны бөөгнөрөл үүссэнийг тав хоногийн дотор хэвийн байдалд нь оруулсан. Энд манай Гаалийн хэлтэс, АБТЭМА-ийнхан маш сайн ажилласныг хэлэх хэрэгтэй. Ачаа хүлээн авагч нар тээвэрлэж ирсэн ачаагаа авахгүй, гаалийн төлбөр, тооцоогоо хийхгүй талбай, агуулах эзлүүлж байсан нь гаалийн татварын хөнгөлөлттэй холбоотой асуудал байсан юм. Ийм нөхцөлд ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийж, ачааг эзэнд нь шуурхай горимоор олгоход анхаарсан. Гаалийнхантай хамтран тодорхой шийдлүүдийг гаргуулж чадсан шүү манай Гаалийн хэлтсийнхэн.
-Дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс давсан ч орлогын өсөлт харьцангуй бага. Өсөлтөд нөлөөлсөн гол тээвэр нь уул уурхайн экспортын бүтээгдэхүүн гэсэн статистикийн дүн гарчээ. Дамжин өнгөрөх тээврийн ашиг хаана байна гэж хөндлөнгөөс шүүмжлэх хүмүүс байна. Та үүнд тайлбар хийнэ үү? 
-Тоон болон чанарын үзүүлэлтүүд биелж байгааг дахин хэлэхийг хүсэж байна. 2020 оны эхний арван сарын байдлаар гарсан орлогын мэдээнээс зарим нэг тоог дурдах хэрэгтэй байх. УБТЗ-аар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.2 хувиар өсөж, орлого 20.2 хувиар нэмэгдсэн. Үүнээс чингэлгийн тээврийн хэмжээ 58.4 хувиар өсөж, орлого 83.6 хувиар нэмэгдсэн гэж мэдээнд дурдсныг танд хэлэх нь зүйтэй. Өнгөрсөн жилд дамжин өнгөрөх тээврийн орлогын 40 орчим хувийг чингэлэг тээвэрлэлтийн орлого бүрдүүлж байсан бол энэ онд 60 орчим хувийг чингэлэг тээврийн орлого бүрдүүлэв. Товчхондоо, өссөн дүнтэй. Харин экспортын ачааны тээвэрлэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.9 хувиар нэмэгдэж, орлого нь 18.5 хувиар өсчээ. Эндээс харахад, УБТЗ төлөвлөсөн хэмжээндээ тээврээ хийж, орлогоо бүрдүүлж байгаа юм байна гэж ойлгож болно.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!
-Баярлалаа. Төмөр замчид энэ хүнд цаг үеийг хамтын хүчээр амжилттай давна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх