Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-04-08

А.Туулсайхан: Анх хараад л... “Миний заяаны хань юм байна” гэж бодсон

-Та хоёр хоёулаа Сэлэнгийн унаган хүүхдүүд юм байна. Нутагтаа танилцаж, гэр бүл болцгоосон уу?
А.Т: -Юуны өмнө, манай гэр бүлийг зочноор урьсан “Ган зам” сонины редакцийн хамт олонд талархал илэрхийлье. Би Сэлэнгэ аймгийн Орхон сумынх. Дунд сургуулиа төгсөөд 2006 онд ТЗДС-д элсэх хуваарь авсан. Миний голч оноо өндөр болохоор хэд хэдэн мэргэжил санал болгосон. Тэдгээрээс замын инженер гэдэг мэргэжил миний бодож төлөвлөсөнтэй их ойрхон санагдсан болохоор шууд авсан. Цаг хугацаа үнэхээр хурдан юм. Нэг л мэдэхэд сургуулиа төгсөөд 15 жилийг ардаа орхиж. Энэ мэргэжлийг сонгоход ээж, аавын минь зөвлөгөө их нөлөөлсөн. Би өөртөө тохирсон, зөв мэргэжлээ сонгожээ гэж боддог. Мэргэжил минь намайг ханьтай минь учруулсан шүү. 
Х.Т: -Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумынх. Анх бага эмчийн мэргэжил эзэмшсэн хүн шүү дээ, би. Сумандаа жил орчим хугацаанд ажиллаад нөхөртэйгөө танилцсан. Ингээд ар гэрийн амьдралаас шалтгаалж төмөр замын салбар руу орсон. Долоо дахь жилээ ажиллаж байна.
-Оюутны ширээ, ажлын талбар хоёрын хооронд зааг ялгаа их байсан биз?
А.Т: -2012 оны долдугаар сард Замын даргын тушаалаар ангиасаа дөрвүүл Замын VI ангид томилогдож байлаа. С.Галсандорж даргатай уулзаж, ажлын ярилцлагад ороод Бэлэндалай зөрлөгт гуравдугаар зэргийн замчнаар очсон доо. Бэлэндалай зөрлөгөөс би анх удаа галт тэргэнд сууж үзсэн учраас энэ зөрлөгөөс ажлаа эхэлсэн маань их бэлгэшээлтэй санагдаж билээ. А.Ахатхаан мастер намайг тосож авсан. Мундаг мастер шүү дээ, Замын хэмжээнд нэртэй хүн. Салхит-Эрдэнэтийн замд өргөлтийн засвар өрнөж байсан үе. Дадлагын оюутан биш жинхэнэ замчин болсон хүн өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангахаас эхлээд хариуцлагатай, маш хянуур ажиллахыг хичээсэн. Номыг нь заалгасан инженер хүн бусдад үлгэрлэх хэрэгтэй гэж бодож байж билээ. Тухайн үед өргөлтийн бригадыг ахалж байсан Даваадорж гэж туршлагатай, Замын мэргэжлийн аварга хүнээс замчин хүн юуг анхаарах, хөдөлгөөний болон аюулгүй ажиллагааны дүрэм журам ажлын талбарт хэрхэн хэрэгждэг, замчдын ажлын зохион байгуулалт гээд нэг бүрчлэн суралцсан даа.
-Замчны ажил амаргүй. Биеийн хүч, сэтгэлийн тэнхээний шандсыг шалгадаг гэхэд нэг их буруудахгүй байх. Мэдлэгээс гадна бяр дутах үе хэр тохиож байв?
А.Т -Би намхан нуруутай болохоор хөгжилтэй зүйл их тохиолддог байв. Ажил удирдаж байгаа мастерууд маань намайг нэлээд ахимаг насны замчинтай хуваарилчихсан. Хоёул 06.00-20.00 цаг хүртэл 14 цагийн хугацаанд 25 ширхэг дэр мод сольж байж билээ. Эргээд бодоход тэр үе дурсамжтай сайхан байдаг.
-Замчин залуутай анх хаана танилцав, хойноосоо их гүйлгэсэн байхаа?
Х.Т: -Манай ээж “Ган зам” дэлгүүрт ажилладаг байв. Зуны амралтаар ээжийнхээ ажилд тусалж, цэвэрлэгээ үйлчилгээг нь хийнэ. Заримдаа дэлгүүрт нь сууж борлуулалт хийнэ. Тэр үед төмөр замын тосгонд “Дэлгүүрийн охин” гэдэг нэртэй байв шүү дээ. Манай хүн дөрөвдүгээр сард Замын мастераар ирснээр анх тааралдсан. Албан ёсоор танилцахаасаа өмнө маш урт мессэжүүд илгээдэг байв. Дараа нь, эмнэлэг дээр тариа хийлгэнэ гээд л том, том дуслууд авч ирдэг болсон. Үнэн хэрэгтээ зүү, тариураас маш их айдаг хүн байсан юм билээ. Надтай уулзахын тулд л тийм арга сэдсэн гэдэг юм. (инээв).
-Гэргий болох хүнээ анх харсан мэдрэмж эрчүүдэд их үнэтэй санагддаг?
А.Т: -Анх хараад л. Энэ ерөөсөө л миний заяаны хань юм байна гэж бодсон. Анхны харцаар дурласан гэх үү. Эр хүн нэгэнт дурласан бол тухайн бүсгүйг өөрийн болгохын төлөө бүх аргыг хэрэглэнэ шүү дээ. Өөрөөс гарч болох бүхий л арга хэмжээг хэрэгжүүлсэн дээ. Маш шийдэмгий алхмуудыг, шуурхай хийсэн гэж боддог./инээв/
А.Т:- Замчдын амьдрал гэдэг цаанаа л бүлэрхүү, элгэмсэг дулаан. Замчид ч найрсаг хүмүүс байдаг юм? 
-Манай Салхит-Эрдэнэтийн төмөр замын амьдрах орчин бусад хэсэглэлийг бодвол орчин нөхцөл илүү сайн. Ялангуяа, замчдын халуун ус, технологийн орон сууцыг маш сайн шийддэг нь залуу боловсон хүчний хувьд илүү давуу тал л даа. Бэлэндалай зөрлөгийн дараа 97 дугаар зөрлөгт бригадын даргаар томилогдсон. Тэр үед өвөл болчихсон. Тухайн хэсэгт замын овойлт их гардаг учраас ГТХАБ-ыг хангахад маш нарийн ажиллагаа шаарддаг, ажил ихтэй. Замын хэсгийн хоёр байшингийн нэгэнд нь гал түлээд л амьдардаг байв. Нөгөө байшинд нь таван замчин, нэг тор засагч, бригадын дарга гээд л ёстой халуун амьдрал өрнөнө дөө. 08.00 цагт зааварчилгаа аваад л замдаа гарцгаана. Ирж, очихын 10 км замд явган алхаж ажилладаг болохоор орой 19.00 цагийн орчимд гэртээ орцгооно. Өдөржин ажиллаад хүйтэн гэрт орох ч ганц бие хүмүүсийн хувьд таагүй л дээ. Хэдий буйдхан зөрлөг ч гэлээ хамт олондоо эвсэг уур амьсгал бүрдүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхийг эрмэлзэнэ. Энэ үед хамгийн гол түшиг болдог хүмүүс нь олон жилийн туршлагатай, ахлах замчид байдаг. Тэр цагаас хойш алслагдсан замчдынхаа нийгмийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой гэсэн үзэл баримтлалтай болсон доо(инээв)
-Төмөр замчин хүний гэргий нарт ажлын онцлогийг ойлгох, амралтын хугацаанд зөв амраах гээд бас ч үгүй хариуцлага “ногддог” шүү дээ?
Х.Т: -2014 онд Замын VI ангийн нярваар ажиллаж эхэлсэн. Удалгүй замчин болсон. Жил зургаан сар замчнаар ажиллахдаа нөхрийнхөө ажлын онцлогийг бүрэн мэдэрсэн дээ. Өглөө үүрээр ажилдаа гараад 23.00 цагт гэртээ орох үе ч замчин хүнд байдаг гэдгийг өөрөө хийж байж л ойлгодог юм билээ. Анх 16 дэр мод солих үүрэг аваад ажлын цаг дуустал дөрвөн мод үлдчихсэн. Их л хэцүү санагдаж билээ. Эхний нэг сард бол үнэндээ халширсан. Түүнээс хойш ажилдаа дасчихсан даа. Өмнө нь, ажил 08 цагт эхэлж, 17.00 цагт тарна гэж ойлгодог байв. Нэг хэсэгтээ манай хүн Салхитад, би Орхонтуулд ажилласан.Би Орхонтуулаас галт тэргэнд суугаад 02.00 цагийн орчимд ирэхэд Туул ажлын өрөөндөө яг л ажлын өдөр шиг сууж байна. “Хүүе, яасан орой ажиллаж байх юм бэ. Гэртээ харихгүй юм уу?” гэхээр “Ажил ихтэй байна аа” гэнэ. Тэгээд л нэг гэр бүлийн хүмүүс хамт байж, би ханиа халамжлах ёстойг мэдэрсэн дээ. Намайг замчин байхад ээж утсаар ярихдаа “Хүний хийж байгаа ажлыг чи чадахгүй яах юм бэ” гэж ширүүлнэ. Харин Туул руу ярихдаа “Охин минь ядарч байна уу. Замчнаар ажиллаж чадах нь уу?” гээд л асуудаг байсан гэсэн. Цаана нь ээжийн хайр яваад байна шүү дээ(инээв)
-Албан ажлынхаа зэрэгцээ, туслах аж ахуй эрхэлдэг гэж сонссон юм байна?
А.Т: -Тиймээ, бид урин дулааны улиралд туслах аж ахуй эрхэлдэг. Салхитаас ойрхон болохоор ажлын бус цагаараа туслах аж ахуй руугаа явдаг. Ялангуяа, манай хэсэглэлд байгаль цаг уурын нөхцөл илүү таатай шүү дээ. Хүнсний ногоо тарьж болно. Туслах малчин аваад мал аж ахуй эрхэлсэн ч болно. Бидний хувьд аав ээж маань аж ахуйтай учраас тэднийхээ ажилд туслах, аж ахуйг нь өргөжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулаад явдаг. Энэ маань цалингийн орлого дээр нэмэлт болдог юм.
-Амьдрал баян, өчигдрөөс өнөөдөр нь үнэтэй гэж ярьдаг л даа. Гэвч мартахын аргагүй дурсамж залуу хүмүүст их тохиолддог шүү дээ?
Х.Т: -Би замчин байхдаа амралтын өдөр дэр мод солихоор болов. Хоёр хүн өдөрт 30 дэр мод солих нормтой, дээр нь хүн хүч муутай болохоор нөхрөө туслуулах санаатай хамт явлаа. Нөхрөөрөө хүч нэмэгдүүлсэн хүн ажлыг гялалзуулна гэсэн бодолтой. Гэтэл манай хүн хажууд зогсоод шургуулсан дэр модыг харснаа “Хүүе, наад дэр модоо буцаагаад гарга. Наадах чинь өндөрдчихлөө” гэнэ. Гаргаад буцааж хийтэл “Одоо дахиад сайн чигж” гээд л... Тэгснээ холоос очиж зам төмрийг нь харснаа “Дахиад гарга. Овойчихож” гээд арай хийж оруулсан дэр модыг маань хэд хэдэн удаа авахууллаа. Ийм хэмнэлээр явбал 30 дэр мод мөн ч хол санагдаж билээ. Хамт явсан замчин маань надтай хамт өнжин дүрэм журмын хатуу шаардлага доор ажиллаад орой буцаж явахдаа “Дахиж нөхрөө хэзээ ч бүү авчираарай” гэж унтууцаж билээ. Түүнээс хойш ажилдаа туслуулах тухай бодохоо ч больсон(инээв)
А.Т: -Бид хоёрын хувьд ажил, амьдралаа зааглаад сурчихаж дээ. Ажлын байранд би тавих ёстой шаардлагаа л тавина. Эхнэр маань дүрэм журмын хүрээнд ажилтны өнцгөөр л хүлээж авна. Замчин хүн, дараа нь аж ахуйн эрхлэгч болсон ч адилхан. Зарим тохиолдолд эхнэртээ энгийн ажилтнаас хоёр дахин өндөр шаардлага тавьдаг талтай. Эхнэр маань заримдаа “Чи намайг арай л илүү шахаад байх шиг” гэдэг ч үе бий. Гэхдээ эхнэр нөхөр гээд бие биенийхээ ажилд хүндэтгэлгүй хандвал хамт олны ажил ч сулрах учраас энэ талд хэн хэн нь хариуцлагатай ажиллахыг зорьдог.
-Тэс өөр мэргэжлийн хүнд төмөр замчин нөхрийн зарчимч шаардлагыг хүлээ авах амаргүй байсан байх?
-Тийм шүү. “Коммунист зантай” гээд л гомдоллодог байв. Төмөр замын салбарт чигээ олоход нөхрийн минь тус мэдээж маш их л дээ. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ байнга асууна. Гэхдээ нөгөө талдаа манай хүн албан ажлын хүрээнд маш няхуур. Зарим нь манай хүнийг ширүүн харцтай гэдэг. Уг нь бол миний хань дотроо их зөөлөн хүн шүү дээ. Уурлаж бухимдахгүйгээр даацтай үг хэлж чаддаг хүн гэж би боддог. Ганц хоёрхон үгнээс нь энэ хүн юу хүсээд байна вэ гэдгийг шууд ойлгодог. Манай хүний шаардлага ер нь хатуу даа.
-Залуу гэр бүлд нэг тийм бяцхан “гоморхол” яваад байдаг шүү дээ. Ялангуяа, эмэгтэйчүүдэд?
Х.Т: -Тийм, тийм. Би заримдаа ханьдаа “Ёстой мэдрэмжгүй шүү” гэж гоморхож байтал гэнэт санаанд оромгүй сюрприз барина. (инээв). Гэхдээ миний хань их романтик. Өглөө ажилдаа явахдаа, орой ирэхдээ хүү бид хоёрыг байнга үнсэнэ. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг байнга бүрдүүлэх гэж хичээдэгт нь би баярладаг.
А.Т: -Би уг нь эхнэрээ баярлуулах юмсан гэж үргэлж боддог. Ялангуяа, тэмдэглэлт өдрүүдээр өөрийнх нь дуртай зүйлийг авч өгөх, гэнэтийн бэлэг барих гэж хичээнээ. Би өөрийнхөө хэмжээнд “Үзүүлээд өглөө дөө” гэж боддог ч зарим тохиолдолд сэтгэлд нь хүрдэггүй юм шиг билээ. Тийм үед “Дараа нь ёстой баярлуулна даа” гэж боддог. Уг нь “Би ийм зүйлд баярладаг. Чи ингэвэл илүү их баярлана” гэдэг ч юмуу жаахан дэмжлэг үзүүлчихвэл би ч “Үзүүлээд өгнө” л дөө. (инээв).
-Танай гэр бүлийн алсын зорилгыг сонирхож болох уу?
А.Т: -Хүний мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Бидний хувьд эхний ээлжинд ажил мэргэжилдээ амжилттай, мэдлэг боловсролоо үргэлж дээшлүүлэхийг зорьдог. Мөн ажлын хажуугаар туслах аж ахуйгаа өргөжүүлээд наад зах нь 10 хүнийг цаашлаад 100 хүнийг ажлын байртай болгох юмсан гэх хэтийн зорилготой явдаг. Ер нь, нийгмийн хариуцлагатай гэр бүл байхыг хичээдэг.
Х.Т: -Очиж үзээгүй орон байхгүй хэмжээнд хүртэл аялбал хамгийн гоё. Би гэр бүлтэй болохоосоо өмнө Австри явах зорилготой, виз хүртэл гарчихсан байсан. Гэсэн ч манай хүн явуулаагүй. “Чамайг Австри руу ажил хийлгэх гэж биш. Аяллаар явуулна” гэсэн.
-Гэр бүлд амар амгалан байна гэдэг аз жаргал юм даа. Түүнээс гадна үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарахаас эхлээд олон асуудал урган гардаг л даа?
А.Т: -Аз жаргалтай гэр бүлийг бий болгохын тулд бие биедээ хүндэтгэлтэй ханддаг, ажил мэргэжлийн онцлогийг нь маш сайн ойлгодог байх нь хамгаас чухал юм болов уу. Би хүүхдэдээ хатуу зарчим тулгадаггүй. Аль болох өөрийнхөөрөө байж, өөрийн гэсэн үзэл баримтлалтай. Өөрийнхөө үзэл бодолд тууштай хүн болоосой. Хамгийн гол хайраар дутаахгүй өсгөхийг л зорьдог доо.
Х.Т: -Нэг удаа манай хүн надад “За, миний буруу биш байсан ч намайг уучлаарай” гэж хэлсэн. Залуу хүнд хүсэл мөрөөдөл хязгааргүй. “Би ингэмээр байна. Тийшээ явбал болчих гээд байна” гэх ч юм уу олон зүйлийг би нөхрөөсөө шалгаадаг л даа. Тэр бүхнийг манай хүн чимээгүй сонсоод л байдаг. Тэгээд хамгийн боломжтойг нь хэрэгжүүлнэ гэж амладаг. Нэг амласан бол миний хань хэзээ ч орхиж байгаагүй. Заавал хэлсэндээ хүрдэг. Тэр занд нь би маш их хайртай. Миний хүүг аав нь хүмүүжүүлээд байх шиг санагддаг. Бид гурав орой гэртээ галт тэрэг болж тоглох дуртай. Ар араасаа хэлхэгдээд “Анхаараарай. Галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжлоорой” гээд л хөгжилддөг. Төмөр замын тосгонд амьдарч байгаа гэр бүл бүхэн ийм л дүр зурагтай байдаг байхаа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргалын дээдийг хүсье.

Сэтгэгдэл үлдээх