Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-05

И.в.Милостных: бидний тогтвортой, найдвартай ажиллагаанаас улс орны амьдрал хамаарна

-Игорь Васильевич, төмөр замчид хүндхэн цаг үетэй нүүр туллаа. Дэлхий нийтээрээ ийм үед ажиллах туршлага байсангүй. Харин УБТЗ нөхцөл байдлыг шуурхай үнэлж, маш хурдан хариу арга хэмжээ авч чадлаа шүү дээ. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Тийм ээ, бид нөхцөл байдлыг цаг алдалгүй зөв үнэлж зохих арга хэмжээг шуурхай авч чадлаа. УБТЗ-аас халдвар авсан анхны тохиолдлыг арваннэгдүгээр сарын 12-нд Сүхбаатарт илрүүлж байсан бол 22-нд ахин найман ажилтан халдвар авсныг тогтоож, 1000 гаруй хүнийг хөл хорионд тусгаарласан. Гэвч бидний ажил мэргэжил бол зорчигч үйлчлүүлэгчдийнхээ төлөө, эх орон, хүн ардад хэрэгцээтэй ачааг шаардлагатай газар, хэрэгтэй цагт нь хүргэж өгөх үүрэг хариуцлагаар тодорхойлогддог. Энэ амаргүй цаг үед бидний тогтвортой, найдвартай нягт нямбай  ажиллагаанаас улс орны амьдрал хамаарна шүү дээ. Үүссэн нөхцөл байдлын үед Замын удирдлагын гол зорилт нь төмөр замчин бүрийнхээ ажлын аюулгүй нөхцөлийг хангах явдал байв. Нийтдээ замын хэмжээнд 73 ажилтан халдвар авснаас таван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 68 хүн эдгэрээд гарсан. УБТЗ-ын нийт 16 мянга шахам ажилтны 99.9 хувь нь шинжилгээнд хамрагдсан. Өнөөдөр бид зайнаас ажил үүргээ гүйцэтгэх бололцоотой ажилтнуудаа алсын зайнаас ажиллуулж байна. Зайнаас ажиллах үйл ажиллагааг зохион байгуулахдаа бүх норм хэм хэмжээг баримтлан холбогдох баримт бичгүүдийг боловсруулсан. 
Бид амралт болоод бусад төлөвлөсөн ажилдаа мөн адил зохих засвар өөрчлөлт оруулав. Өнөөгийн нөхцөлд бид хатуу графикт хандлагаасаа уян хатан төлөвлөлтөд шилжих нь чухал. Энэ асуудлаар бид ажилтнуудынхаа санал хүсэлтийг хангахын төлөө ажилна. Удирдах ажилтан бүрээс өөрийн ажилтнуудынхаа мэдээллийн эх үүсвэр, түшиг тулгуур нь байхыг хүслээ. Хэдийгээр байдал хүнд байгаа ч одоогийн бидний гол зорилт бол хамт олны дундах эрүүл уур амьсгалыг хадгалах явдал юм.
Коронавирустэй тэмцэж буй энэ хүнд цаг үед Замын захиргаанаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар онцолж дурдвал,
-Тусгаарлалтад байгаа ажилтнуудын цалинг бүтэн олгож, коронавирусээр өвдсөн хүмүүстээ тэтгэмж олгож, ажилтнууддаа илүү цагийн мөнгийг нь бүрэн өгсөн.
-Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл-амны хаалт, бээлий, нүдний шил, тусгай комбинзон өмсгөл, халууны шил гэх мэтийг олголоо.
-Өртөөдийн болон хоорондын замууд, хөдлөх бүрэлдэхүүн, ажлын байруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.
-Витамин, эм бэлдмэл олгох замаар ажилтнуудын дархлаажуулалтыг бэхжүүллээ.
-Дотуур байрны оюутнуудад болон 12 хүртэлх насны хүүхэдтэй ажилтнууддаа хүнсний дэмжлэг үзүүллээ.
-УБТЗ өнгөрсөн долдугаар сард дамжин өнгөрөх чингэлэг тээврийнхээ хэмжээг өнгөрсөн оны бүтэн жилийн гүйцэтгэлд хүргэсэн. Үлдсэн хугацаанд өндөр өсөлттэй гарах нь ойлгомжтой боллоо. Оны төгсгөлд хүлээгдэж буй гүйцэтгэл хэдий хэмжээнд хүрэх төсөөлөлтэй байгаа вэ. Ер нь тээврийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн талаар та манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Цар тахлын хүндрэлтэй байгаа хэдий ч УБТЗ-ын бараг бүх төлөвлөгөөт үзүүлэлт амжилттай биелж, өнгөрсөн оныхоо амжилтыг давуулан биелүүллээ. 2020 онд 22.3 сая тонн ачаа ачиж, төлөвлөгөөгөө 3.2 хувиар давуулан биелүүлж,өнгөрсөн оны түвшинээсээ 4.7 хувиар илүү ачилт гүйцэтгэлээ. Ачаа тээврийн хэмжээ ч мөн адил өсөж УБТЗ ХНН үүсэн байгуулагдсан цаг үеэс хойшхи үнэлэхүй хамгийн дээд амжилтыг тогтоолоо. Тээвэрлэсэн ачааны хэмжээ 29.5 сая тонн хүрч, төлөвлөгөөнөөс 4.2 хувиар, 2019 оны түвшинээс таван хувиар давж биеллээ. Тээвэрлэсэн ачааны бүтцээр авч үзвэл дамжин өнгөрөх тээвэр илүү ахицтай өсөж төлөвлөгөөнөөс 11.4 хувиар, өмнөх оноосоо 8.6 хувиар илүү байгаа бол экспортын тээвэр мөн л төлөвлөгөөнөөсөө 7.7 хувийн өсөлттэй, өнгөрсөн оноосоо 10.7 хувиар илүү биелэв. Ачаа эргэлт мөн л төлөвлөгөөнөөсөө болон өнгөрсөн оныхоосоо 7.5 хувиар давж биелэхээр байна.
-Хүнд хэцүү 2020 он улиран одлоо. Ирж буй шинэ онд төмөр замчид хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байна вэ? Тээврийн төлөвлөгөөний урьдчилсан дүр зургийн талаар та зураглахгүй юу?
-2021 оны ачилтын төлөвлөгөө 22.7 сая.тонн буюу 2020 оныхоосоо 1.8 хувиар, ачаа тээврийн хэмжээ 29.9 сая.тонн буюу 2020 оныхоосоо 1.4 хувиар, ачаа эргэлт 19.3 тэрбум.тонн-км буюу энэ оныхоосоо 3.2 хувиар их байхаар төлөвлөж байна.
Зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх эсэх нь тодорхойгүй байгаагаас энэ төрлийн тээврийн хэмжээг 2020 оныхоосоо 27.4 хувиар бууруулж 1 сая 430 мянган зорчигч тээвэрлэхээр төлөвлөөд байгаа.
-Манай төмөр зам 25 сая тонн ачаа тээх хүчин чадалтай. Гэвч бараг 30 сая тоннд дөхүүлэх нь. Энэ бол ганц хоёр биш, таван сая тоннын асуудал. Хүчин чадлынхаа 1/5-тэй тэнцэх нөөцийг хэрхэн яаж гаргаад байна вэ гэдэг сонин. Мэдээж, шинэ технологи, оновчтой зохион байгуулалт, өргөтгөл шинэчлэлтийн ажлуудыг та нэрлэх байх. Голлон нөлөөлсөн хүчин зүйл таныхаар юуг гэж хэлэх вэ? 
-Мэдээжийн хэрэг гол нөлөөлсөн хүчин зүйл гэвэл төмөр замчин бүр өөрийн ажил үүргээ чанартай гүйцэтгэж, УБТЗ-ын хамт олон яг л нэг механизм мэт ажиллалаа. Гэвч, хэрэв бид техникийн шинэчлэлтийн ажлаа хийж гүйцэтгээгүй бол энэ бүхэн хангалттай биш гэдэг нь ойлгомжтой. Бид замынхаа нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа хөгжүүлэхийн тулд маш их ажил хийлээ. Түүний дотор,
-10 ачааны, таван сэлгээний зүтгүүрүүд худалдан авав.
-68.8 км  замын их засвар шинэчлэлт хийлээ.
-17 км замын хүчжүүлсэн дунд засвар хийв.
-2020 км урт шилэн кабель суурилуулав,
-Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод зүтгүүр болон вагоны хос дугуйн засварын шинэ цехийг барьж, ашиглалтад орууллаа.
-Замын-Үүдийн логистикийн төв дээр шинээр хоёр зам тавилаа.
-Хоёр шинэ зам барьж Аршаант өртөөг өргөтгөв.
-Өртөөдийн замыг нь уртасган нэмэлт шинэ замуудыг барьж Чулуут болон Баян өртөөндөд өргөтгөл хийв.
-Замын үүд өртөөний хүлээн, авч явуулах шинэ замуудын барилгын ажлыг хийж өргөн царигийн хоёр зам, нарийн царигийн хоёр замын ажлыг гүйцэтгэв.
-Тээвэр нэмэгдэн хөдөлгөөн эрчимжиж байгааг дагаад төмөр замын үндсэн хөрөнгийн элэгдэл түргэсдэг. Цаашид УБТЗ ямар салбарууддаа нэн тэргүүнд хөрөнгө оруулалт, шинэчлэлт хийх шаардлагатай байна. Цаг тухай бүрт нь шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, хөгжүүлж, шинэчилж байхгүй бол бид урд төлөх байснаасаа ч илүүг төлөх болно шүү дээ? 
-Ирэх жил техникийн шинэчлэлийн хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлсөн.
-Сэлгээний хоёр зүтгүүр худалдан авна.
-12 зүтгүүрийг БАБС /Бүхээгний аюулгүй байдлын систем/-ээр тоноглоно.
-80 км замын их засварыг хийж 72 дугаар км-т нэг гүүрийг шинэчилнэ.
-180 км урттай шилэн кабель суурилуулна.
-Дөрвөн өртөө зөрлөгүүд дээр /Үнэгт, Шатан, Ногоон толгой, Сумангийн зоо/ хүлээн авч, явуулах замуудыг шинээр барина.
-Агуйт болон Нартын хошуу өртөөдийн өргөтгөлийг хийж замуудыг нь уртасгана.
-Эрхэт, Баруунхараа хоорондын замд шинэ зөрлөг барина.
-Сайншандын зүтгүүрийн депод аж ахуйн цех шинээр барина. 
Мөн нийгмийн салбарыг хөгжүүлэх асуудлын хүрээнд 
Салхит өртөөнд 40 айлын тохилог орон сууцыг барьж ашиглалтад оруулна, Хонхор өртөөний 12 айлын орон сууцны дулааныг цахилгаан халаалтанд холбож, Сайншанд өртөөний “Хараацай” хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг хийхээр төлөвлөөд байна.
-Монгол Улсад ковид-19 халдварт цар тахал гарсантай улмаас  БНХАУ-ын боомтууд хөдөлгөөнөө хязгаарлаж, хяналт шалгалтаа чангатгасан. Замын-Үүд өртөө гэлтгүй Замын хэмжээнд ачаатай вагоны хуримтлал нэмэгдээд байна. Энэ хуримтлалаас үүдээд 30 сая тонноос давж биелэх болов уу гэсэн урдьчилсан дүр зурагт арай хүрэхгүй болж байх шиг байна.Цаашид вагон хуримтлалыг хэвийн хэмжээд хүргэх, тээврийг шуурхайлахад дотоодын зохион байгуулалтаас гадна БНХАУ-ын талтай ямар тохиролцоонуудыг хийх шаардлагатай байна вэ? 
-2020 онд БНХАУ-тай хийсэн хоёр талын хилийн зөвлөгөөн дээр өргөн царигаар хоногтоо 14 хос галт тэрэг солилцож байхаар тохиролцсон. 
2020 оны аравдугаар сарын 28-аас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд болсон хоёр талын хилийн зөвлөгөөнөөр 2021 онд өргөн царигаар 20 хос галт тэрэг өгч, нарийн царигаар найман хос галт тэрэг солилцож байх саналыг манай тал тавьсан боловч Хятадын тал энэ нөхцлөөс татгалзлаа. Энэ нь, БНХАУ Эрээн өртөөгөө зайлшгүй хөгжүүлэх шаардлага байна гэдгийг хэлээд байгаа юм. Зөвлөгөөнөөр урьдын адил хоногтоо 14 хос галт тэрэг солилцож байхаар тогтсон. Хэрэв Хятадын тал илүү олон галт тэрэг хүлээн авахад бэлэн байгаа бол бид энд одоогийнхоосоо илүү олон галт тэрэг хүлээлгэн өгөх бололцоо байна.
-Ачаа тээврийн эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор салбар яамны зүгээс ирэх онд Зүүнбаян-Хангийн төмөр замын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. БНХАУ-ын Эрээн өртөөгөөргалт тэрэг солилцох хэмжээг хоёр тал хоногт дээд тал нь 20-иос дээш нэмэгдүүлэх бололцоогүй болов уу Энэ тохиолдолд дараагийн боомт хамгийн боломжтой хувилбар гэж тооцдог.Шинэ төмөр зам УБТЗ-д ямар боломж олгохоос гадна ямар хүндрэл үүсэх вэ? 
-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьснаар ачаа урсгалын дахин хуваарилалтын үр дүнд экспортын болон дамжин өнгөрөх ачааны тээврийн хэмжээ нэмэгдэнэ. Мөн Монголын уул уурхайн орд газруудаас Өвөр Монгол дахь Хятадын аж үйлдвэрийн районуудад нурмаг ачаануудыг хүргэх тээврийн өртөг буурч, хугацаа нь богиносно. БНХАУ-ын Төв болон Өмнөд хэсэг рүү явах дамжин өнгөрөх болон экспортын ачаануудын хувьд Замын-Үүдийн хилийн өртөөний тээх, нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ. Түүнчлэн Дорноговь аймагт шинэ төмөр зам тавьснаар тээврийн хүрэлцээ, нийгмийн хүрээний асуудлууд сайжирч, тус аймгийн ашигт малтмалын шинэ орд газруудыг ашиглах бололцоо нээгдэнэ.
Харин хүндрэлийн хувьд гэвэл байгаль цаг уурын болзошгүй хүндрэлүүд гарч болзошгүй юм.
-Өнгөрч буй 2020 ондЗамын даргын дэвшүүлж байсан дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг 2000-д хүргэх зорилт давж биелэх нь тодорхой боллоо. Ирэх жил илүү их өсгөх боломж хэр байна вэ? 
-Дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний 2020 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн хэмжээ ойролцоогоор 2300 галт тэрэг. Миний түрүүн хэлсэнчилэн Замын Үүд-Эрээний хилийн гарцаарх галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх талаар Хятадын талтай зөвшилцөлд хүрвэл дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг нэвтрүүлэх тоо хэмжээ нэмэгдэх болно.  
-Дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс давсан ч орлогын өсөлт харьцангуй бага. Өсөлтөд нөлөөлсөн гол тээвэр нь уул уурхайн экспортын бүтээгдэхүүн гэсэн дүнг Статистикийн үндэсний хорооны тайланд дурджээ. Дамжин өнгөрөх тээврийн ашиг хаана байна гэж хөндлөнгөөс шүүмжлэх хүмүүс байна. Та энд тайлбар хийхгүй юу? 
-Би зөвхөн тоо цифрүүдийг дурьдая. Эдгээр тоо цифрүүд өөрсдөө хэлээд өгнө. 2020 оны гүйцэтгэлээр дамжин өнгөрөх тээврээс олох хүлээж буй ашиг 77.1 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл тээврийн үндсэн ашиг дамжин өнгөрөх галт тэрэгнүүдийг нэвтрүүлснээр бүрдэж бий болж байгаа юм. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье!
-Би өөрийн зүгээс Улаанбаатар төмөр замынхаа ажилтан бүрт хандан өөрийнхөө эрүүл мэндийг болон ойр дотны хүмүүсээ хайрлан хамгаалж, эмч нарын шаардлагыг биелүүлэн шинэ ондоо аз жаргалтай байхыг хүсэн ерөөе!
Бид бүхнийг даван гарч, бүхнийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх