Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-09-08

Ю.Нямжаргал: Замчид суурь бүтцийн техникийн байдлыг сайжруулах зорилтыг амжилттай хэрэгжүүлж байна

-Замын захиргаа өнөө жилийн их засварын хэмжээг нэмэгдүүлсэн. Магадгүй гадна талд манайхаар дамжих транзит тээврийн сонирхол өссөн, нэвтрүүлэх ачааны өсөлт дээд хэмжээнд хүрсэн зэрэг нөлөөлсөн байх. Хөдөлгөөний эрчим ихтэй цаг үед юу юунаас илүү замын аж ахуйн эрсдлийг бууруулахаар зорьсон нь үнэхээр цаг үеийн шаардлага байсан биз? 
-Мэдээж, энэ шалтгаанууд зүй ёсны хэрэг. УБТЗ-ын тээврийн үзүүлэлтүүд урд жилийнхээс өсөлттэй яваа. Жилийн эцэс гэхэд 30 орчим сая тонн бүр түүнээс ч дээш ачаа тээх зорилттой ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Энэ их тээврийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд замын техникийн байдлыг сайжруулах үүрэг замчдад ногдсон. Юуны өмнө Замын аж ахуйн албаны хэмжээнд хэд хэдэн чиглэлээр дорвитой ажил хийж эхлүүлснийг хэлэх хэрэгтэй. Замын захиргаа энэ онд 40 км замд их засвар хийхээр төлөвлөсөн ч хөдөлгөөний эрчимжилтээс үүдээд замын аж ахуйг бэхжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үүний илрэл нь өнөө жилийн их засварын хэмжээг нэмэгдүүлсэн явдал. Есдүгээр сарын 1-ний байдлаар Сумангийн зоо-Нартын хошуу хоорондын 38 км замд их засвар хийгээд дууссан бол цааш Шаргын-Овоо, Замын-Үүд хүртэл үргэлжлүүлнэ. Ингэсэн тохиолдолд 2020 оны их засварын хэмжээ 68 км болж нэмэгдэх юм. Ийн нэмэгдүүлж буй нь хугацаа хэтэрсэн км-үүдийн тоог бууруулах Замын захиргааны “нүдээ олсон” шийдвэр. Ганц энэ жил ч биш. 2021 онд 80 км замд их засвар хийхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдээсээ улсын хил хүртэл, нааш эргээд Оорцог Энгэр-Мааньт-Багахангай чиглэлд их засвар хийнэ. Харин бидний хувьд ирэх жилийн их засварт шаардлагатай зам төмөр, бетон дэрийн материалууд, суман шилжүүлгийнхээ захиалгыг өгөх зэргээр бэлтгэл ажлаа хангаад эхэллээ. Зарим нэгтэй нь гэрээ байгуулах түвшинд ажиллаж байгаа гэдгийг хэлье. Ондоо багтаад материалаа татаад дуусах байх.
-Их засвараас гадна төлөвлөгөөт ямар ажлууд гүйцэтгэж байна. Баян зөрлөгийг өргөтгөх асуудал яригдаж байсан. Ажил ямар гүйцэтгэлтэй байгаа вэ?
-Гол замын их засвараас гадна манай албаны төлөвлөгөөт ажил болох хүчжүүлсэн дунд засвар 10 км замд хийнэ. Долоон км замд чигжээс нэмэх бол 16 км замд өргөлттэй засвар хийх ёстой. Оны эхний гурван улирлын дараах байдлаар төлөвлөгөө бүрэн биелүүлсэн үзүүлэлт гарлаа. Замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Баян, Чулуут зөрлөгийг өргөтгөх ажил ид өрнөж байна. Нийт 100 гаруй мянган шоо метр газар шорооны ажил гүйцэтгэх хуваарьтай. Дээр нь, 7.6 км зам, 10 ширхэг Р-65, 1/11 маркийн суман шилжүүлэг шинээр угсарна. Есдүгээр сард багтаад дуусгана. 
-Дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж байгаа нь Замын-Үүд өртөөний нэвтрүүлэх хүчин чадлыг чинээнд нь тулгасан. Өнөөдрийн байдлаар тус өртөөнд ихээхэн хэмжээний ачаатай вагоны хуримтлал үүсээд байгаа мэдээлэл бий. Замын-Үүд өртөөг өргөтгөх ажлын явц ямар хэмжээнд байгаа вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч? 
-Тээврийн хэмжээ эрс нэмэгдсэн, вагон хуримтлал хүндэрч байгаатай холбоотойгоор Замын захиргаа Замын-Үүд-2 өртөөний IX, Х замыг шинээр барих үүрэг өгсөн. Одоогоор ул шорооныхоо ажлыг гүйцэтгэж, дөрвөн сум шинээр угсраад байгаа. Үеэ газар дээр нь угсраад есдүгээр сарын 18 гэхэд Замын комисст хүлээлгэж өгнө. Энэ зам ашиглалтад орсноор өртөөний замын ачааллыг бууруулж, сэлгээ, хөдөлгөөн зохицуулалтын ажилд дэмжлэг өгсөн техникийн арга хэмжээ болох учиртай. 
-Ер нь, Замын захиргаа өртөө зөрлөгүүдээ өргөтгөж, хүчжүүлэн гол замынхаа тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг өсгөхөөр зорьж байгаа гэж ойлгож болох уу. Танай албаныхан Дархан-1 өртөөг бас хүчжүүлэхээр ажиллаж байгаа шүү дээ? 
-Товчхондоо тэгж ойлгож болно. Бид хоорондын замд байгаа бетон дэрийг татаж өртөө, зөрлөгийн замыг хүчжүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, Замын-Үүд-1 өртөөний замуудыг энэ маягаар хүчжүүлээд эхэлсэн. Замын-Үүдээс гадна Дархан өртөөний замын техникийн байдлыг сайжруулах ёстой. Дархан-1 өртөөний XV замыг үндсэндээ шулуутгаад суман шилжүүлгийг нь хүчжүүлэхээс гадна ул шороог өргөтгөх цогц ажил гүйцэтгэлээ. Цаашид уг өртөөний хоёроос гурван замыг шинэчилнэ. Импортоор 10 ширхэг суман шилжүүлэг ороод ирвэл Дархан-1 өртөөний өргөтгөлийг жилдээ багтаад дуусгачих зорилготой. Асуулттай холбоотойгоор нэмж хэлэхэд, манай алба 2019-2021 он хүртэлх гурван жилд өртөөдийн замыг сайжруулах, хүчжүүлэх хөтөлбөр боловсруулаад ажиллаж эхэлснийг мэдэх биз. Хөтөлбөрийнхөө хүрээнд замын хэмжээнд нийт өртөө, зөрлөгийн 30 хувьд төмөр бетон дэр, суман шилжүүлгийн арын тохойг хүчжүүлэх, эпюр нэмэх зэрэг техникийн арга хэмжээнүүдийг авсан. Энэ онд л гэхэд нийт замын 60-70 хувьд техникийн байдлыг нь сайжруулахаар Замын ангиуддаа үүрэг болгоод ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд бүх өртөө, зөрлөгийн замын техникийн байдлыг сайжруулж, хүчжүүлж дуусах болов уу гэж харж байгаа. Гол нь өртөөний замыг сайжруулснаар тээх, нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэхээс гадна галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, дэр модны аж ахуй муугаас болоод гардаг эрсдэл болох хурд бууруулах, өртөөний зам хаах зэрэг асуудлыг таслан зогсоож чадна. Нэг үгээр өртөөн дэх галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдах юм. 
-Та бид хоёр сүүлд уулзахад “Замын аж ахуйн эрсдэлтэй км-үүдийг бууруулахаар ажиллаж байгаа” гэж ярьж байсныг санаж байна. Гол нь, Замын ангиуд өөрсдийн хүчээр гүйцэтгэнэ гэж. Энэ төслийн явцын талаар манай уншигчдад мэдээлээч?
-Хэрвээ та санаж байгаа бол төслийн хүрээнд Замын I ангийн Орхон-Энхтал хоорондын замын 80-89 дүгээр км-т техникийн байдлыг сайжруулсан. Нийт 10 км замд 50 хоногийн хугацаанд 55 нэр төрлийн замын засварын ажил гүйцэтгэж, их эрсдэлтэй байсан 10 км замыг дунд эрсдэлтэй болголоо. Энэ төслийг манай Замын I ангийн инженерүүд технологи, төлөвлөлт талаас нь нарийн сайн боловсруулж, зам засварын тооцоог хийсэн. Үүнийгээ баталсан графикийн дагуу шуурхай биелүүлж ажилласны дүнд Замын анги өөрсдийн хүчээр замынхаа техникийн байдлыг сайжруулж болдог юм аа гэдгийг харууллаа. Ерөнхийдөө төслийг алба зохион байгуулж, хянахаас гадна Замын оношилгооны төвийн зам хэмжигч, сэвийн вагоны нарийн бичлэгүүдэд үндэслэн дүгнэлт хийж, төсөлд хамтран ажилласан. Ингэснээр замчид бид их эрсдэлтэй замынхаа техникийн байдлыг төсөл хэрэгжүүлэх замаар иж бүрэн сайжруулах нэг ёсны томоохон туршлага хуримтлуулсан хэрэг. Энд хуримтлуулсан туршлагаа бид бусадтайгаа хуваалцах үүднээс наймдугаар сард Замын аж ахуйн албаныхаа бүх аж ахуйн нэгжийн мастер, инженер, ангийн удирдлагыг тус ажлын фронтод урьсан. Тэднийг төсөлтэй танилцуулан зөвлөгөөн хийж, арга хэмжээгээ бодитой, зохион байгуулалтаа шинэ түвшинд гаргая гэсэн шийдвэрт хүрсэн байдаг. Төслийн үр дүнтэй танилцсаны дараа Замын ангиудад замын техникийн байдлаа сайжруулах үүрэг даалгавар өглөө. Жишээлбэл, Замын I анги замын уулзварын шавар сагалтыг эрүүлжүүлэх технологи боловсруулж, долоон км-т энэ ажлыг хийх үүрэгтэй. Замын II ангид бага радиустай тахирыг төмөр бетон дэрээр хүчжүүлнэ. Замын III анги техникийн байдал хангалтгүй 565, 574, 575 дугаар км-үүдэд иж бүрэн цогц засвар хийх чиглэлтэй. Замын IV анги Замын-Үүд өртөөний I, III, IV, V замыг хүчжүүлэх, Замын VI анги томоохон гүүрүүдийн ойртох хэсгийг сайжруулах үүрэг чиглэл авсан байна. Энэ бүхнийг яриад байгаагийн цаад учир нь юу вэ гэхээр, замчид бид өөрсдийн үндсэн үүрэг болох замын техникийн байдлаа сайжруулахын тулд анги бүрийн эрсдэлтэй цэгүүдэд судалгаа хийж, үүндээ үндэслэн төсөл боловсруулах явдал маш чухал. Ингэж төсөл боловсруулснаар өөрсдийн хүчээр хүндрэлтэй асуудлаа шийддэг арга барилд Замын ангиудаа чиглүүлэх юм. 2020 онд Замын хэмжээнд замын аж ахуйн техникийн байдлыг сайжруулах зөвлөгөөн зохион байгуулж гол зам дээр их, дунд, өргөлтийн зэрэг төлөвлөгөөт засваруудаас гадна урсгал засварын хүрээнд эрсдлийг бууруулах, замчдынхаа хүч бололцоо, чадварыг дээшлүүлэх томоохон зорилтыг авч хэлэлцэж, шийдвэр гаргахаар төлөвлөсөн. Энэ онд Замын I, II ангийн 70 жилийн ойтой. Ирэх 2021 онд Замын албаны 70 жилийн ой ч тохионо. Тийм учраас 2020, 2021, 2022 он Замын албаны хувьд замын техникийн байдлыг сайжруулж, шинэчилсэн өндөр бүтээлийн, хөгжил дэвшлийн жил байх болно гэдэгт итгэлтэй байна. 
-Замын техникийн нөхцөлийг сайжруулахад гүүр хоолой, хиймэл төхөөрөмжийн шинэчлэлийг орхигдуулж болохгүй. Бороо хур их үед зам угаагдах, түүнээс болоод галт тэрэгний хөдөлгөөний найдвартай тасралтгүй ажиллагаа тасалдах асуудал үүсдэг. Сүүлийн үед төмөр замчдаас үл шалтгаалан зам угаагдах аюул гарах боллоо. Учир нь, төмөр зам дагуу барьж буй авто замын гүүр хоолойнууд нь үерийн усны урсацыг өөрчилж, зарим тохиолдолд огт тооцоолоогүй газраар үерийн ус орж ирэх аюул бий. Үүнийг яаж шийдэх вэ?
 -Байгалийн гамшигт үзэгдлийн хор хөнөөлийг бууруулах, галт тэрэгний хөдөлгөөнийг хамгаалахын тулд чамбай тооцоо судалгаатай, тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулах шаардлага үүссэн нь ойлгомжтой. Манай албаны инженерүүд Зураг төслийн төвийн инженерүүдтэй хамтраад Айраг-Бор-Өндөрийн замд комисс гаргаад ажиллуулсан. Комиссын гаргасан үр дүнг албан дээрээ зөвлөлдөөд цаашид үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллах вэ гэсэн төлөвлөгөө гаргаад Замын удирдлагад танилцуулахаар ажиллаж байна. Өөрийн чинь асуусанчлан, төмөр замын дагуу барьж буй авто замын гүүр хоолойгоор орж ирэх үер усны аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс хамтарсан ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллалаа. Салбарын яаманд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж, цаашид техникийн арга хэмжээ авах үүрэг даалгавар өгсөн. Яамны зүгээс өгсөн үүрэг, манай албаны зүгээс хийж буй хяналт шалгалтын дүнг нэгтгээд дараа дараагийнхаа ажилд тусгаад явах зорилготой. 
-Таныг Замын аж ахуйн албаны даргаар ажиллах болсноос хойш хүнээ сургах, замчдаа мэдлэгжүүлэх, туршлагажуулах гээд хүн рүү хандсан бодлогын арга хэмжээ нэлээд анзаарагддаг. Ингээд харахаар таны түрүүнээс хойш яриад байгаа замын техникийн байдлыг сайжруулахад хамгийн их нөлөөтэй суурь хүчин зүйлийг замчин дээр төвлөрүүлсэн нь ойлгогддог. Миний санаж байгаагаар танай албаны хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байгаа ажлын байрны соёл л гэхэд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад шаардагдах хамгийн энгийн зүйл юм байна. Тийм үү? 
-Би таны дүгнэлттэй санал нэг байна. Дээр дурдсан их хэмжээний зам засварыг гүйцэтгэхэд замчдын хүчээр л ард нь гарна. Тиймээс л замчдынхаа ажлын байрыг тохижуулах, сайжруулах, ХАБЭА-н дүрэм журмыг мэддэг, түүнийгээ мөрддөг, сахилга баттай байх зэрэгт энэ соёлыг нэвтрүүлэх нь зүйтэй юм. Шийдвэр нь бол аль 2018 онд гарсан. Энэ ажилд А.Оргодол даргатай Замын IV ангийнхан санаачлагатай байж, чамгүй ажлыг хийлээ. Үүнийг ганц ангийн хэмжээнд бус албаны түвшинд дэмжээд бусад анги, аж ахуйн нэгжүүддээ ч хэрэгжүүлэх нь зөв. Залуу, шинэ инженер, мастер, бригадын дарга нар олон боллоо. Эдгээр хүмүүстээ дэлхийн шилдэг менежмент, ажлын байрны соёл болох 5С хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага хэрэгцээ бий. Албаны даргын 2020 оны наймдугаар сарын 3-ны 9 тоот тушаалаар ажлын байрыг гэрчилгээжүүлэх тушаал гарсан байдаг. Тушаалын зорилго аливаа ажлын байр, албан байгууллагыг 5С хөтөлбөрийг хэрэгжүүлсэн түвшинээр нь гэрчилгээжүүлэх. Тухайлбал, 1-3С бол ажлын байрны эмх цэгц. 4,5С-ийн гэрчилгээг ажлын байр бус байгууллагын хэмжээд олгоно. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стандартыг хэвшүүлсэн байх нь 4С-ийн шаардлага. Сахилга батыг төлөвшүүлсэн байх нь 5С-ийн шаардлагыг хангана. Хажуугаар нь, энэ гэрчилгээ маань тодорхой хэмжээний мөнгөн урамшуулалтай. 1С-ийн шаардлагыг биелүүлсэн хүн дараа дараагийн шаардлагыг биелүүлэх эрмэлзлийг бий болгохын тулд бага ч гэсэн мөнгөн урамшууллаар дэмнэж байгаа хэрэг л дээ. Ойрын 4-5 жилдээ албаны хэмжээнд нийт ажлын байрны эмх цэгц, сахилга бат, дүрэм журам тодорхой хэмжээгээр сайжирч төлөвшсөн хамт олон болохоос гадна ийм ажлын байрны соёл албаны хэмжээнд бүрдэнэ. Үүнийг бид зорилготой, зохион байгуулалттай, туйлбартай хэрэгжүүлснээр чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO стандартыг албаны хэмжээнд хэрэгжүүлэх суурь болно. Ингэж л замчдаа дэмжиж, харж зохион байгуулж байна даа. 
-Дэлхий нийтэд тохиолдсон цаг зуурын бэрхшээлийн нөлөөгөөр уламжлалт сургалтын арга хэлбэр өөрчлөгдөж байна. Энэ үед замчдаа сургах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Сургалтын хувьд цаг зуурын энэ зовлон бэрхшээлээс үүдээд замчдадаа тусгайлан ХАБЭА, эрсдлийн чиглэлээр зохион байгуулж байна. Тухайлбал, зам чөлөөлөөгүй шалтгаанаар яаралтай тоормос хийсэн тохиолдлуудыг тэдэнд хүргэх, эрсдлийг нь ойлгуулах, танин мэдүүлэх зорилгоор сургалтынхаа арга хэлбэрийг нэлээд өөрчилсөн. Толгойт дахь замчдын сургалтын төвийн инженер, багш нар Замын аж ахуйн албатай хамтраад замчдад зориулан түрүүн дурдсан чиглэлээр сургалтын материал бэлдэн яаралтай тоормос хийсэн тохиолдлуудыг бичлэгээр үзүүлж, түүний аюул, эрсдлийг таниулах сургалт хийлээ. Уг сургалтаа бататгах зорилгоор энэ сард замчдадаа хэрэгтэй хэд хэдэн сэдвийг сонгоод сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Ийм амьд сургалт зохион байгуулах маш чухал. Эргээд замчдаа эрсдлээс хамгаалах, анхааруулах ажлыг давхар хийж байгаа хэрэг. Учир нь, тээвэр эрчимжиж хөдөлгөөн урьд урьдынхаас илүүтэй нэмэгдэх болсон. Замчдын маань ажлын байр энэ аюултай бүсэд байдаг шүү дээ. 
-Ярилцлагынхаа төгсгөлд, та их бүтээн байгуулалтад оролцож буй төмөр замчдын талаар мэдээлэл өгөөч?
-Төр засгийн шийдвэрээр шинэ төмөр замын их бүтээн байгуулалтад УБТЗ голлох үүрэгтэй ажиллаж байна. Замын дээд цогцыг угсрахаас гадна томоохон 27 гүүрийг барих ажлын гүйцэтгэгчээр УБТЗ ажиллаж байгаа. Гүүрийн ажлыг есдүгээр сард дуусгах чиглэлтэй. Үүнтэй холбоотойгоор Зүүнбаян дахь Үе угсрах баазад төсөлд шаардлагатай ихээхэн хэмжээний зам төмөр, суман шилжүүлэг, сумын төмөр бетон ялуу гэх зэрэг материалууд буусан. Бүтээн байгуулалтыг хэвийн үргэлжлүүлэх, эрчимжүүлэхэд материал хангамжийн хувьд ямар нэгэн асуудалгүй. Зүүнбаян дахь Үе угсрах бааз бүрэн хүчин чадлаараа буюу Замын даргын үүрэг даалгаврын дагуу өдөрт нэг км зам угсарч байна. УБТЗ-ын төслийн нэгж болон манай замчдыг ая тухтай ажиллах бололцоог хангахын тулд Зүүнбаян өртөөний барилгыг иж бүрэн засварласан. Тэнд замчид байрлаж, амарч хооллохоос гадна сургалтын болон зааварчилгааны танхимуудад суух бололцоог Замын захиргаанаас бүрэн шийдэж өглөө. Үүнээс гадна манай Замын аж ахуйн алба Замын ангиудаасаа шилдэг 100 гаруй замчинг нэгэн цуваа болгож бүрдүүлээд механик-гар аргаар зам угсрах ажлыг гүйцэтгэж эхэлснийг танай сонин өмнө нь мэдээлсэн. 40 орчим км зам угсарна.
Ингэхийн тулд механик-гар аргаар ажиллах технологийг боловсруулж, шаардлагатай механизм, ажил хөнгөвчлөх тоног төхөөрөмжийг туршаад амжилттай ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Бид бүтээн байгуулалтад оролцож буй замчдынхаа хотхныг Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын 76 дугаар км-т байгуулсан. Төр засгаас итгэл хүлээлгэж өгсөн нэр төртэй үүргийг замчид маань урам зоригтой гүйцэтгэж байгаад би хувьдаа баяртай байна. Энэ ажил ес, арав, арваннэг, арванхоёрдугаар сард үргэлжлэх болов уу. Төсөлд манай замчид, вагончид, зүтгүүрчид гээд нийт төмөр замчид гар нийлэн оролцож байгааг хэлэх нь зүйтэй биз ээ. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.Таны цаашдын ажилд амжилт хүсье. 

Сэтгэгдэл үлдээх