Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-09-01

Төв засварын үйлдвэрийн үйлдвэрлэл, борлуулалт өсжээ

Covid-19-ийн хорио цээрийн дэглэмээс шалтгаалан манай улсад гадаадаас импортолдог болон дотоодод үйлдвэрлэдэг металл хийцийн сэлбэг, материалын нийлүүлэлтэд хүндрэл учрах болжээ. Тиймээс УБТЗ-ын Төв засварын үйлдвэр энэхүү эрэлтийг хангах чиглэлээр үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд тус үйлдвэрийн хамт олон төмөр замын болон гадаад зах зээлийн захиалгат үйлдвэрлэл, борлуулалтаа нэмэгдүүлжээ.
Тухайлбал, ЗЗМС-ынхан Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг гар аргаар угсрах болсонтой холбогдуулан шаардлагатай багаж хэрэгслийг үйлдвэрлэн нийлүүлээд байна. Тус үйлдвэр гадаад зах зээлд 10-20 сая төгрөгийн борлуулалт хийдэг байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. 
Үүний зэрэгцээ Металл хийцийн лабораторио итгэмжлүүлэхээр Стандарт хэмжил зүйн газарт холбогдох материалаа хүргүүлж, үйлдвэрийн “Зохион бүтээх товчоо”-г байгуулан ажиллаж байна хэмээн үйлдвэрийн дарга Д.Ариунбаатар ярилаа.
Замын захиргааны хөрөнгө оруулалтаар Төв засварын үйлдвэрт энэ онд лист нугалагч, 250 тонны хэвлэгч машин, улайсгагч зэрэг тоног төхөөрөмжийг авч өгчээ. Ирэх жилийн төлөвлөгөөнд лазерийн зүсэгч, компьютерийн удирдлагатай токарийн машин, Хайлах цехийг индукцийн системд шилжүүлэх ажлыг тусгаад байгаа гэнэ. Ингэж техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хийснээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх аж.

Сэтгэгдэл үлдээх