Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-02-09

УБТЗ-ын 2020 оны мэргэжлийн аваргууд

ШИЛДЭГ ДАРГА
Олон улсын тээвэр зуучлалын төвийн дарга Дашдамбын Амарбаясгалангийн удирдсан тус төв нь 2020 онд таван тэрбум 260 сая төгрөгийн орлоготой ажиллажээ. Орлогын төлөвлөгөө 102.1, ашгийн төлөвлөвлөгөөг гурван тэрбум 120 сая төгрөг буюу балансын ашиг 104.4 хувиар тус тус биелүүлжээ. Тайлант хугацаанд импортын чингэлгийн тээвэрлэлт 115.4 хувиар, импортын вагон илгээлтийн тээвэр 217.3 хувиар, дамжин өнгөрөх тээвэр 25.8 мянган чингэлэг, орон нутгийн тээвэр гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн авто тээврээр 1439 чингэлэг ачааг тээвэрлэн, 744 чингэлгийг ачиж буулгажээ. Түүнчлэн, БНХАУ болон гуравдагч орноос Тяньжин боомтоор дамжин Улаанбаатар хүртэл автомашиныг JSQ загварын тусгай зориулалтын вагоноор Эрээн өртөөнд хос дугуйг сольж, шилжүүлэн ачилт хийхгүйгээр шууд тээвэрлэх төслийг санаачлан, хэрэгжүүлснээр нийт 12 шууд галт тэрэг Тяньжинээс Улаанбаатар хүртэл аялуулж, 444.8 сая төгрөгийн орлого оруулсан юм. 

ШИЛДЭГ ИНЖЕНЕР
Дохиолол холбооны II ангийн ерөнхий инженер М.Энхтайван 2020 онд холболтын байгууламж, пост, кабель, тэжээл, радио, технологийн холбоо, чанга яригч болон хээрийн байгууламж зэргийн их засварыг хийсэн байна. Мөн 282 дугаар км хүртэл II шилэн кабель, Аршаант өртөөний цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламжийг шинэчлэх V, VI замын өргөтгөл, Чулуут зөрлөгийн хүлээн авах явуулах III зам, сунгалт, Баян зөрлөгийн өргөтгөл болон зам сунгалт, 384 дүгээр км дэх гармын өргөтгөлийн ажлыг удирдан зохион байгуулжээ. Түүнчлэн, өртөө зөрлөгүүдийн хэмжээнд анх удаа хувьсах гүйдлийн сумын таван утаст схем ашиглан хувьсах гүйдлийн хөдөлгүүр бүхий цахилгаан шилжүүлэгчүүдээр Аршаант өртөөг тоноглож, өртөө зөрлөгүүдэд цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламжид ашигладаг гал хамгаалагчуудын оронд анх удаа автоматуудыг суурилуулах ажлыг эхлүүлж туршилт, судалгааны ажлыг амжилттай хийжээ. 

МЭРГЭЖИЛТЭН
Зорчигч тээврийн бодлого хариуцсан инженер Никитчук Никита Игоревич нь олон улстай харилцах харилцааг сайжруулж зорчигчийн галт тэрэг болон дамжин өнгөрч байгаа ОХУ, БНХАУ-ын зорчигчийн галт тэргийг саадгүй өнгөрөх зорчигч нараас гарсан санал гомдолгүй ажиллалаа. Олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран ажиллаж, жил бүр зорчигч тээврийн алдаа оноотой зүйлийг судалж зөв чиглүүлэн хамтран ажиллах тал дээр өндөр бүтээмжтэй ажилласан байна.

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАГЧ
Тээвэр зохион байгуулалтын албаны Галт тэрэгний хөдөлгөөний ахлах диспетчер Шагдарсүрэнгийн Даваажав нь 2020 онд 30 сая тонн ачаа тээвэрлэн түүхэн дээд амжилтыг тогтооход гар, бие оролцож ажиллалаа. Энэ нь, өнгөрсөн оноос 1.9 сая тонноор илүү гарсан байна. Эрээн-Замын-Үүд өртөөд хооронд галт тэрэг солилцоог нэмэгдүүлэн ажиллаж хоногт дунджаар 669 вагон буюу 14.02 галт тэрэг хүлээлгэн өгсөн байна. Энэ нь, өнгөрсөн оноос 19739 вагон 464 галт тэрэг илүү өгсөн үзүүлэлт аж. Цаг үеийн онц шаардлагатай ачааны тээвэрлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэн Сүхбаатар өртөөнөөс 5800 тонн, Дархан, Салхит өртөөнөөс 5000 тонн жинтэй галт тэргийг аялуулж байна.

ӨРТӨӨНИЙ ЖИЖҮҮР
Толгойт өртөөний жижүүр Ёндон-Ойдовын Пүрэвбат нь 2020 онд ээлжиндээ ачилтад 2013 вагон тавьж төлөвлөгөөг 132.1 хувь, буулгалтад 10103 вагон тавьж төлөвлөгөөг 147.5 хувиар тус тус биелүүлсэн. Давхардсан тоогоор 3105 удаа салбар замд ажиллан хүнд жинтэй урт бүрэлдэхүүнтэй 556 галт тэргэнд, онцгой болгоомж шаардсан 416 вагон тавьж өгөн, татан авахдаа сэлгээний ажлыг оновчтой зөв төлөвлөн зөрчил дутагдалгүй технологийн дагуу гүйцэтгүүлэхэд хяналт тавин ажиллажээ. Орон нутгийн вагоны явуулалтаар 11418 вагон буюу төлөвлөгөөг 164.6 хувь, транзит вагоны явуулалтаар 45310 вагон буюу төлөвлөгөөг 107.9 хувь, нийт 56728 вагон ээлжиндээ найруулан явуулж төлөвлөгөөгөө 111.13 хувиар биелүүлсэн байна. 

ГАЛТ ТЭРЭГНИЙ НАЙРУУЛАГЧ
Зүүнхараа өртөөний галт тэрэгний найруулагч Төрбатын Батсүх нь хэсэглэлийн хэмжээнд сэлгээний ажлыг оновчтой зөв зохион байгуулж, Зам, алба, өртөөний удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан. Зүүнхараа өртөөний орон нутгийн вагоныг ачилт буулгалтын ажиллагаанд тавьж өгөх, татаж авах, галт тэргийг технологит хугацаанд нь найруулан өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан үр бүтээлтэй ажилладаг.

АЧАА ВАГОН ХҮЛЭЭЛЦЭГЧ
Замын-Үүд өртөөний ачаа вагон хүлээлцэгч Жамбалын Ганболд нь 2020 онд ачаатай 1062 галт тэрэг 48994 вагоны тээврийн бичиг баримтад үзлэг хийж Хятадын төмөр замд хүлээлгэн өгсөн. Үзлэг хийх явцдаа 157 вагоны тээврийн болон хавсралт бичиг баримтын зөрчлийг илрүүлэн акт тогтоож, зөрчлийг галт тэрэгнээс салгалтгүйгээр арилгуулсан байна. Хятадын төмөр замаас 1127 галт тэрэг 49978 вагонд биет байдал болон бичиг баримтын үзлэг хийж хүлээн авсан. Үзлэг хийх явцдаа 2109 вагонд цэвэрлэгээ хийлгэж, 279 вагоны тээврийн бичиг баримтад засвар хийлгэсэн байна. Цар тахлын үед Эрээн өртөөнд нийт 16 хоног тусгаарлагдан ажилласан бөгөөд ОХУ-ын Наушки өртөөний мэргэжил нэгт ачаа вагон хүлээлцэгч, дамжуулах конторын ажилтнуудтай хамтран ажиллаж ачаа, вагон, галт тэрэг солилцоог зөв зохион байгуулахад ээлж хамт олноо зөв удирдан чиглүүлжээ.

МАШИНЧ
Сайншанд татах хэсгийн машинч Алтангэрэлийн Чулуунбаатар 2020 онд 2.023 цаг ажиллан 206 аялал хийж, 134.093.271 бохир тонн/км ажил гүйцэтгэн, 31832 литр дизелийн түлш хэмнэж, байгууллагад 42.044.342.24 төгрөгийн бодит орлого оруулан, техникийн аяллыг 90.29 хувь, техникийн хурдыг 104.11 хувьд тус тус хүргэж ажиллажээ. Мөн 78 удаа хүнд ачаа тээвэрлэн 365.012 төгрөгийн ашигтай ажиллаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг бүрэн хангаж ажилласан. Замын хэмжээнд 30 сая тонн ачаа тээвэрлэхдээ нийт 33616.330 сая тонн/км ажил гүйцэтгэснээс Сайншанд татах хэсгийн Ашиглалтын цехийн хамт олон 14405.701 сая тонн/км-ийн ажил гүйцэтгэсэн нь Замын хэмжээний ажлын 42.8 хувийг эзэлж байна.

ТУСЛАХ МАШИНЧ
Дархан татах хэсгийн туслах машинч Сүхбаатарын Улсболд нь ГТХАБ-ыг бүрэн хангаж гологдол зөрчил, зурмагийн тасалдалгүй, хөдөлмөрийн болон технологийн сахилга, хөдөлмөр хамгаалал, дүрэм журмын зөрчилгүй ажилласан. 2020 онд 53.565.851 бохир тонн/км-ийн ажил гүйцэтгэж, 47.282 км гүйлттэй, 12.792 литр түлш хэмнэж, техникийн хурдыг 106 хувь, А-58-г 98 хувьд хүргэж, 1744 цаг ажилласан. Мөн илчит тэрэгний санамж илрүүлж, ТО-2 үзлэг болон төлөвлөгөөт засварт илчит тэрэгний техникийн байдлыг сайжруулах зорилгоор Дархан татах хэсгийн зүтгүүрийн бригадуудын дунд зарласан “Илчит тэрэгний санамж бичих” уралдаанд хамт олноо хошуучлан ажилласан байна.

ЗАМЫН МАСТЕР
Замын III ангийн XI хэсгийн мастер Батжийн Оюундарь нь зам засварын өдөр тутмын арчилгааг чанартай хийж, замын баллыг 11 нэгжээр тогтвортой барьж, өөрийн хариуцсан хэсэгт гологдол, хөдөлмөр хамгааллын осолгүй ажиллаж байна. Хэсгийнхээ замчдад техникийн хичээл заах хэлбэрийг сонирхолтой болгож, мэдлэгийн түвшинг ангилан чадвартай замчдад сургууль төгссөн шинэ залуу боловсон хүчнийг хариуцуулан хооронд нь мэдлэг, чадвар, дадлага туршлагаар нь өрсөлдүүлэн дүгнэж, хэсэг дотроо байр эзлүүлэн урамшуулсан нь ихээхэн өгөөжтэй ажил болов. 

БРИГАДЫН ДАРГА
Замын VI ангийн II хэсгийн бригадын дарга Дэмчигбатын Даваадорж нь өөрийн хариуцдаг км-тээ урсгал засварыг сар, улирал, жилээр төлөвлөн тогтмол 100-гаас дээш хувиар биелүүлжээ. Түүний хариуцдаг замын профилийн хувьд нийт 18 км-ээс 10 км-т нь овойлт гардаг 23-25, 30-32, 35-38 км-үүд, өгсүүр, уруудуур нь 16-18 мянганы удирдах хэвгий бөгөөд энэ замд замын баллыг тогтвортой барих, өвлийн улиралд замын онцлогт тохирсон арчилгаа үйлчилгээг хийж ажиллахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Замын баллыг сүүлийн гурван жилд тогтвортой арчилж, 2020 онд гуравдугаар зэргийн гэмтэлгүй, үүрэггүй цэгийг сүүлийн хоёр жилд гаргалгүй ажиллажээ. 

ЗАМЧИН
Замын II ангийн X хэсгийн ахлах замчин Бямбацэрэнгийн Бадамдорж нь өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд чанартай гүйцэтгэдэг, ажилдаа дадлага туршлагатайгаас гадна хэсэгтээ ажиллаж буй шинэ залуу ажилчдыг галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх чиглэлд дадлагажуулан сургахад санаачилгатай ажилладаг. Тэрбээр, сүүлийн есөн жил өвлийн улиралд мөлхөн үзэгчээр ажиллаж цавтай хавчаар 39, ДС60-ын хурц гэмтэлтэй тоонолж дөрөв, 14-ийн гэмтэл 24 болсон хөндлөн цавыг зургаан удаа илрүүлж, ГТХАБ-ыг найдвартай хангаж ажиллажээ.

ВАГОН ҮЗЭГЧ, ЗАСВАРЧИН
Вагон ашиглалтын депогийн Улаанбаатар ТҮГ-ын вагон үзэгч, засварчин Доржготовын Мөнхбаяр нь 1277 дугаар галт тэрэгний нэг вагоны авто тохируулагч гэмтсэнээс хос дугуй гацаж зорогдсон, 2655 дугаар галт тэрэгний нэг вагоны триангелийн үзүүрийн цөн гэмтсэнээс хос дугуй гацаж зорогдсон, 2561 дүгээр галт тэрэгний нэг вагоны агаар хуваарилагч гэмтсэнээс хос дугуй халж өнгө хувирсан зэрэг гэмтлийг илрүүлжээ. Тэрбээр, ШБАЗ болон бүтээлч ажлын чиглэлээр сүүлийн үед ихээр гарах болсон резбагүй холболтын эд ангиудын үзүүлэнг өөрөө санаачлан хийж, ажилтнуудыг сургаж дадлагажуулах материаллаг баазаар хангасан байна.

ВАГОНЫ ЗАСВАРЧИН
Зорчигчийн вагон депогийн цахилгаан аккумуляторын цехийн цахилгаан тоноглолын засварчин Морозовын Мурат нь жилд дунджаар 200 гаруй, давхардсан тоогоор 3000 орчим вагоны цахилгаан тоноглолыг засварлажээ. Тухайлбал, цахилгаан самбарын бичиглэл 10 вагонд, ус нэрэгч аппаратны шингэний залгуур /ШБАЗ/, 3000В-ийн вагон хоорондын холбоос пинч хоёр, нийтийн вагоны тамбурын гэрэл 16, П-21 маркийн нийтийн вагоны цахилгаан насос нэг, 2ГВ-003 төрлийн генератор нэг, тасалгаат вагоны гэрлийн унтраалга тав, тасалгаат вагоны сахлын машины хувьсгуур хоёр, ПК-45 маркийн 5А-ийн шилэн гал хамгаалагч 50, вагон хоорондын нам хүчдлийн холбоос пинч 50 ширхгийг тус тус сэргээн засварлаж, 32 кВт-ын генератор, тасалгаат вагонуудын умформерийн мотор зөөвөрлөх тэргэнцэр санаачлан хийжээ. 

ХУУЛЬЧ
Хууль зүйн албаны эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга Төмөрбаатарын Бат-Эрдэнэ нь УБТЗ ХНН-ийн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах журам болон УБТЗ ХНН-ийн үндсэн хөрөнгийг данснаас хасах журмыг боловсруулах, Ерөнхий хороогоор хэлэлцүүлэн батлуулахад идэвхтэй оролцжээ. Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу ХНН-ийн дүрмийн санд Монгол Улсын Засгийн газраас оруулсан хувь хөрөнгөд тооцогддог төмөр замын бүх шугамын дагуух зурвас газар, техникийн барилгын газруудын ашиглах эрхийг баталгаажуулж, ХНН-ийн нэр дээр гэрчилгээ гаргуулах ажлыг анх эхлүүлж, нийт төмөр замын зурвас газрын 85 хувь болох 24000 га газрын газар ашиглах эрхийг баталгаажуулах ажлыг удирдан ажилласан байна.

САНХҮҮЧ
Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны орлого бүрдүүлэлт, шинжилгээний хэлтсийн дарга Шаравдоржийн Анхбаяр нь Татварын ерөнхий хуулийн өөрчлөлтийн хүрээнд Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, салбар нэгжийн нягтлан бодогч нар санхүүгийн програм хангамжаасаа татварын нэгдсэн системд онлайн холбогдож е-баримт шивэх боломжийг бүрдүүлсэн. Мөн Замын хэмжээнд тээврийн тооцоонд ашиглаж байсан 42 нэр төрлийн хатуу тооцоот маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цаасгүй технологийг нэвтрүүлэх зорилтыг 2020 онд тавьж ажилласны дагуу СМГС падаан болон орон нутгийн замын хүснэгт, элдэв хураамж, санамжийн дугаарлалтыг цахимаар дугаарлах арга зүй, журмыг боловсруулж, бүх бичиг баримтыг цахимаар дугаарлан ачаа тээврийн тооцоог хийж байна.

ЗҮТГҮҮРИЙН ЗАСВАРЧИН
Улаанбаатар татах хэсгийн Туслах тоноглолын цехийн ахлах засварчин Ядамдоржийн Мөнхболд Модернизацийн цех шинээр нээгдэхэд кузов засварчнаар орж ажиллан 2М62ММ-051, 015, 746, 033, 041 илчит тэрэгнүүдэд 5-26ДГУ хөдөлгүүр суурилуулсан. Мөн 2ZAGAL төслийн хүрээнд 001-010 илчит тэрэгнүүдэд Супер скид дизель хөдөлгүүрээр тоноглох, 2015 онд 2ТЭ116УМ-029 илчит тэрэгний хоёр секцэнд Швед улсад үйлдвэрлэсэн HS-5800 маркийн турбо компрессорыг шинээр суурилуулж, тоноглох анхны модернизацийн ажилд цехийн залуу засварчдын хамт гүйцэтгэсэн.

ХОЛБООНЫ МЕХАНИКЧ
Дохиолол холбооны II ангийн дохиолол төвлөрүүлэлт хориглолын Шалган турших тасгийн механикч Батсүмбийн Наранболд 2020 онд тусгай графикийн дагуу өртөө, зөрлөгүүдийн гэрлэн дохионы лампыг шалгаж, 70 МСП мотор, гармын 12 МСТ мотор засварлан явуулжээ. Мөн өртөө, зөрлөгийн хуучин ДГА-н тос масло сольж, ангийн автомашин болон ДГА-н хураагуурын судалгаа гаргаж, хугацаа дууссан хураагуурыг сольж, 10 өртөө, зөрлөгийн стативын монтаж цэгцлэж, хатаж муудсан кембрик сольсон байна. Ангийн бүх эйр кондейшний судалгааг гаргаж засварлан, гармын мотор шалгах 380в стенд ажилд оруулж, бага оврын зөөврийн гурван фазын хувьсах гүйдлийн мотор шалгадаг стенд хийжээ.

ГАГНУУРЧИН СЛЕСАРЬ
Эрчим хүч, ус хангамжийн II ангийн гагнуурчин слесарь Борын Эрхэмбаяр нь Сайншанд 630 кВА чадалтай нөөц цахилгаан үүсгүүрт дээвэр сүүдрэвч болон трансформаторын хамгаалалтын торон хашаа хийж, Чойр ЦШС-ний хэсгийн Скв №5 гүний өрөмдмөл худгийн цооногийг хийн компрессороор угааж, ус түгээх худгуудын барилгад урсгал засвар хийжээ. Мөн Сайншанд станцын 10Кв хуваарилах байгууламжийн дөрвөн хаалга хийж, Сайншанд станцын хуучин түлш насосны өрөөг засварлан, халаалт агаар сэлгэлтийг шинээр хийжээ. Сайншанд хэсгийн дулааны узелийн хуучин шугамыг сольж, мөн шинээр СК40, СК13 дээр узель болон бүх үзлэгийн худгуудад таг бэхлэх, узель дулаалах, шар худгийн ашигладаггүй цооногийг угаан устай болгож, насос суурилуулан мод усалгааны шугам холбосон байна. 

ГАЛТ ТЭРЭГНИЙ ҮЙЛЧЛЭГЧ
Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Боргилын Энхтуяа нь жил бүр борлуулалтын төлөвлөгөөг 100-гаас дээш хувиар биелүүлж, хамт олны уралдаанд тогтмол тэргүүн байрт шалгардаг шилдэг ажилтны нэг юм. Тэрбээр, вагоны тамбурт түүхий нүүрсний хог шигшигч, үйлчлэгчийн ажлын хормогч зэргийг санаачлан хийсэн байна. Мөн вагоны үйлчлэгчийн заавал мэдэх 10 зүйлийг жижиг гарын авлага болгон цувааныхандаа өгч, цувааныхаа нийт найман вагонд хаягдал материал ашиглаж гацаа гаргагч түлхүүр хийж байршуулжээ. Өвлийн улиралд илүүдлийн хоолойг гэсгээх үед халуун усанд түлэгдэх эрсдлээс сэргийлж хөлдүү гаргагч грилкний гадарт хаягдал материал ашиглан уут хийсэн нь ХАБЭА-н шаардлагад нийцсэн ажил болжээ.

АЧАА ХАМГААЛАГЧ
Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалах салааны ачаа хамгаалагч Түвдэндоржийн Ууганбаяр ГТХАБ-ыг сайтар хангаж, ДЦС-3, 4-д түрэгдсэн 4015 удаагийн 41124 вагоны 2682560 тонн нүүрстэй вагоныг хамгаалж, ямар нэгэн зөрчилгүй ажиллажээ. Мөн “Нүүрс” ажиллагаанд 42 удаа оролцож Туул, Хонхор, ДЦС-3, 4-өөс гарсан вагон дахь үлдэгдэл 51 тонн нүүрсийг журамлан хурааж, холбогдох даргын тушаалаар шаардлагатай төмөр замын байгууллагад тушаажээ. Тэрбээр, нүүрсний хулгай хийж, ГТХАБ-д ноцтой хохирол учруулж болзошгүй хүмүүст шаардлагыг зөв тавьж, давхардсан тоогоор 891 хүний нэр хаягийн бүртгэл хийж саатуулсан байна. 2020 онд 25200 ачаа вагон хамгаалсан нь 2019 оныхоос 4800 нэгжээр өссөн үзүүлэлт юм.

ТЭЭШИЙН НЯРАВ
Зорчигч тээврийн төвийн тээшийн ахлах нярав Чимэддамбын Батцэцэг нь хамт олноо хошуучлан 2020 онд гаалийн хяналтын бүс бүхий олон улсын тээшийн агуулахыг засварлаж, орон нутгийн явуулалтын агуулахад хоёр камер суурилуулж, Тээшийн цехийн тасалбар, тээш, орлогын няравын өрөөнд үлээдэг халуун хөшиг тавьжээ. Мөн зорчигчдын хүсэлтийн дагуу гар тээшинд Голомт банкны пос машиныг ашиглаж эхэлсэн. Байгууллагын аж ахуйн чиглэлээр ашиглаж байсан агуулахыг чөлөөлж, олон улсын агуулахад ашиглаж байсан цахилгаан пүүг холбон тээшийн явуулалтын агуулах болгосноор явуулалтын хоёр агуулахыг урд, хойд чиглэлд тус тусад нь хаягжуулж, тээшийг хүлээн авч байна.

КРАНЧИН
Төмөр бетон дэрний үйлдвэрийн гүүрэн кранчин Оросоогийн Отгонбаяр 2020 онд 90000 тонн ачааг кранаар зөөвөрлөж, 820 вагонд ачиж, буулгах ажлыг хийж, 740 вагонд бетон хийц эдлэл ачихад нийт 246 цаг хэмнэжээ. Вагоны зогсолтын хугацааг нормт цагаас 1-2 цаг хэмнэсэн байна. Бетон дэр 144000 ширхэг буюу 40320 тонн, гүүр хоолойн бетон хийц эдлэл 4080 тонн ачааг цехээс гаргаж бэлэн бүтээгдэхүүний талбайд хураажээ. Тэрбээр, төмөр бетон дэрний бүслүүр бэхэлгээний хомут бэлтгэх төхөөрөмж хийн Оюуны өмчийн газраар баталгаажуулан №777, мөн ККС12.5 маркийн вандан краны дугуйн хэсэгт нэмэлт гар тормоз санаачлан хийж №2729 дугаарын гэрчилгээг тус тус авсан байна. 

БАГШ
Хүүхдийн секторын харьяа “Улиасхан” цэцэрлэгийн багш Алтансүхийн Болорболд нь 2600 гаруй хүүхдийг сургуульд бэлтгэн оруулсан бөгөөд түүний дааж авсан бүлгийн хүүхдүүд авьяас, чадвараараа олон уралдаан тэмцээнд тэргүүлжээ. Тэрбээр, шүлгийг зургаар унших аргачлалыг хойд бүсийн багш нарт тэргүүн туршлага болгож, мөн “Халдварт өвчнөөс сэргийлье” зурган ном хийж орон нутгийн телевизээр зөвлөгөө болгон нэвтрүүлж, “Багшийн хөгжлийн дэвтэр”-ийг санаачлан бүтээж, тоглонгоо зурах аргачлалыг нэвтрүүлж, наамлаар хийх бүтээл-гарын авлага хийжээ. Мөн эцэг эх, багш, хүүхдийн өдрийн дэглэмийг хэрэгжүүлэх зорилгоор нээлттэй самбар гаргаж, 3D хэлбэрийн үзүүлэнгүүд шинээр санаачилжээ. 

БАРИЛГАЧИН
БЗАҮ-ний ангийн Төмөр бетон эдлэхүүн, вакум цонхны цехийн мастер Чинбатын Мөнхчимэг нь 2020 онд их барилга, их засвар, Төмөр замын болон гадны байгууллага, хувь хүмүүсийн 180 албан тоотоор ирсэн захиалгыг байгууллагын дарга, ерөнхий инженерийн цохолттой хүлээн авч, гүйцэтгэх график гарган батлуулж, цаг хугацаанд нь чанарын гологдолгүй, стандарт норм дүрмийн дагуу үйлдвэрлэн, нийлүүлжээ. Түүний хариуцсан хоёр цех нь 2020 онд үйдвэрлэлийн төлөвлөгөөг 104 хувиар биелүүлж, 55.3 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. 

СУВИЛАГЧ
Төв эмнэлгийн Сайншанд тасгийн сувилагч Мунягийн Нарантуяа нь 2020 онд хуваарийн дагуу 11 аж ахуйн нэгж, байгууллага болон шугам замд нийт 30 удаа 2381 ажилтан, тэдний гэрийнхэнд сургалт хийжээ. Мөн “Давсны хэрэглээг бууруулах” долоо хоногийн “Таны худалдан авдаг хүнсэнд хэр их давс нуугдаж байгааг мэдэх үү” сэдвийн хүрээнд ӨЭМТ-ийн эмч нартай хамтран, албан байгууллага, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид, иргэдэд чиглэсэн мэдээллийг цахим хаягт байршуулж, шинэ ажилтнуудад осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж, осголт хөлдөлтөөс сэргийлэх сургалтыг “Талст зам” ӨЭМТ-тэй хамтарч хийсэн байна.

ЖОЛООЧ
Мод боловсруулах үйлдвэрийн жолооч Дамбын Гансүх нь үндсэн ажлынхаа зэрэгцээ бригадын даргаар ажиллаж, дэр модны гуалин бэлтгэх төлөвлөгөөг тогтмол 106-157 хувиар биелүүлж, мод унагаалт, цагаалга, тайралтын технологийг чанд мөрдөж ажилласнаар гуалингийн гарцыг нэмэгдүүлж, стандарт, чанарын үзүүлэлтийг 1.3-1.5 хувиар дээшлүүлжээ. Тракторчнаар ажиллах хугацаандаа техникийнхээ засвар үйлчилгээг нормт хугацаанд нь чанартай гүйцэтгэж, сэлбэг хэрэгсэл, агрегатуудын ашиглалтын нормыг тогтмол давуулан, жил бүр элэгдлээс 152.3 мянга, шатах тослох материалаас 310.5 мянган төгрөг хэмнэсэн байна. 

ТОГООЧ
Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтсийн ахлах тогооч Нарантуяагийн Уранчимэг нь удаа дараа ШБАЗ уралдаанд шинэ бүтээлээр оролцож, хамт олноо манлайлдаг ажилтан юм. Өнгөрсөн онд Бууз, банш, хэрчсэн гурилийн цех нь нийт 11 тонн бууз, хуушуур, 16.6 тонн хэрчсэн гурил, 1.1 тонн банш үйлдвэрлэж, 2020 оны ШБАЗ-ын уралдаанд оролцсон эко буузыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Мөн шинээр ногоо хэрчих комбайн, мах, ясны хөрөө, мах хэрчигч, мантуун буузны машин, банш хэвлэгч, ногоо хэрчигч, котлет хэвлэгч, гурил хэрчигч, савалгааны машин зэргийг бүрэн эзэмшиж, технологийг жигдрүүлж, сайжруулан ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх