Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-10-14

Ц.Ганцэцэг: Хань ижил, үр хүүхэд минь надаас гарахааргүй сэтгэлийн хүчийг өгдөг

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Цахим орчинд оруулсан уриалга тань төмөр замчдын дунд үндэсний өв соёлоороо бахархах үзлийг улам бүр нэмэгдүүллээ гэж харсан?
-Баярлалаа. Би 2006 онд Салхит өртөөнд ачаа вагон хүлээлцэгчээр анх ажилд орсноос хойш өнөөдрийг хүртэл УБТЗ-д 14 жил ажиллаж байна. Одоогоос 20 жилийн өмнө Чой.Лувсанжав багшийн нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийг Япон хэл-Монгол судлаач мэргэжлээр төгссөн. Хэдийгээр үндсэн мэргэжлээрээ ажиллах завшаан гаралгүй, эчнээгээр суралцаж төмөр замчин болсон ч Монгол бичиг минь үргэлж сэтгэл зүрхэнд уяатай явдаг.
-Мэргэжлийн сургуулийг нь төгссөн ч тэс өөр салбарт ажиллаж байгаа хүний хувьд байнгын оролдлогогүй бол амархан мартагдах байх. Тэр тусмаа нарийн ур чадвар шаарддаг каллиграф бичлэгээр уран яруу бичиж байгаа нь магадгүй таны хувьд хобби болгон хөгжүүлсэнтэй холбоотой юу?
-Ер нь, би уран зураг, дуу хөгжим гээд урлагт их дуртай хүн. Каллиграф бичлэг сонирхож эхлэхэд хань минь их нөлөөлсөн. 2012 оны шинэ жилээр миний хань “Байгууллагын аварга”-аар тодорч шагнал авах болов оо. Тухайн үед би том хүүгээ төрүүлээд жирэмсний амралттай байсан учраас ханьдаа ямар бэлэг өгөхөө эртнээс бодсон. Ямартаа ч гоё сэтгэгдэл төрүүлэхээр романтик гэнэтийн бэлэг байх ёстой. Ингээд АУЗ Б.Лхагвасүрэн агсны “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгийг каллиграфаар бичиж өгөх санаа төрөв. Энэ санааг олсон цагаасаа эхлэн өдөр бүр бичдэг боллоо. Нэг л сэтгэлд хүрдэггүй. Хань минь ээлжийн ажилтай тул орой ажил руугаа явахад нь хүүгээ унтуулчихаад л бичээд суучихна. Олон ч өдөр ноороглож, их ч цаас урж хаясны эцэст сая нэг юм санасанд жаахан ойртлоо. Нөгөөхөө муутуу цаасан дээр буулган, жаазлаад нуучихлаа. Удалгүй шинэ жилийн баяр болж хань минь шагналаа гардан авахаар үдэшлэгт явлаа. Би ч гэмгүй сайхан үдэж өглөө. Дараа нь, хүүгээ ээждээ үлдээгээд араас нь гарч хамт олных нь дунд бэлгээ гардуулж өглөө. Бичсэн шүлгээ ч бас уншлаа. Намайг бэлгээ өгөөд тайзнаас бууж ирэхэд ажлын маань эгч нар “Ганаа, чи ёстой мундаг байлаа. Ямар гоё юм бэ. Бид сормуусаа унатал уйллаа...” гээд хиймэл сормуусаа барьчихсан гүйж ирээд л баяр хүргэн үнсэцгээж билээ. Тэгэхэд ямар их хөөрч баярласан гэж санана. 
-Үүнээс хойш каллиграф бичлэгээ улам сайжруулахыг эрмэлзэв үү?
-Тэр үдэшлэгээс хойш бас бус захиалга ч авсан гэж байгаа (инээв.сурв) Ингэж л ханьдаа барьсан бэлэг минь нөгөө талаар өөртөө барьсан том урам зориг болж уран бичлэг бичих сонирхол, дур хүслийг минь улам их өдөөсөн дөө. Гэхдээ зарим тохиолдолд өөрийгөө чамлах, бусдаас сэтгэл зовох үе гардаг л юм. Учир нь, би чинь мэргэжлийн зураач, бичээч биш шүү дээ. Тиймээс мэргэжлийн хүн үзвэл юу гэх бол гэхээс жаахан эмээдэг. Гэсэн хэдий ч урлаг соёлд дуртай зандаа хөтлөгдөөд бүр мөсөн хаяж бас чаддаггүй. Би Монгол бичгээс гадна чөлөөт цагаараа тэмдэглэл хөтлөх дуртай. Нэг хэсэг шүлэг, яруу найраг оролдож “Ган үзэг” тэмцээнд ч нэг удаа орж үзсэн. Та хэрэв санаж байгаа бол “Захидлаар танилцсан бүсгүй” нэртэй өөрийн бичсэн нийтлэлээ 10 гаруй жилийн өмнө “Ган зам” сонинд өгч нийтлүүлж байлаа. Сүүлийн үед харин шүлэг зохиол ер оролдсонгүй. Хэтдээ боломж гарвал урлагийн зах зухаас суралцах юмсан гэх далдхан бодолтой явдаг. Ингэж чадаж гэмээнэ илүү эрх чөлөөтэй бичиж, сэтгэх байх.
-Каллиграфаар бичихэд танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Юун түрүүн өөрийгөө маш сайн төвлөрүүлж чаддаг. Хэрэв ямар нэгэн зүйлд сатаарах буюу тав тухгүй орчинд бол санасандаа хүртэл бичнэ гэж хэзээ ч байдаггүй юм шиг санагддаг. Харин бичиж байх явцад илүү өөрийнхөөрөө сэтгэж, бодож өөрөөр хэлбэл дотоод ертөнц минь яг л байгаагаараа гарч ирэх шиг тийм сайхан мэдрэмж төрдөг. Бичиж дууссаныхаа дараа эргээд харахад Монгол хүн гэдгээ улам их мэдэрч омогшино оо. Би ханз үсгийг тодорхой хэмжээнд гадарлана. Бийрээр бас бичиж үзсэн. Яг үнэндээ Хятад, Япон ханзны бийрийн бичлэг гэж дэлхийд алдартай мундаг том соёл бий шүү дээ. Гэхдээ яагаад ч юм ханзны бичлэг миний сэтгэлд ер хүрээгүй. Мэдээж, би өөрийн зүгээс байж болох бүхий л хэлбэр дүрс, хэмжээ, тэр ч бүү хэл бичихэд урамтай, эвтэй байж болох ханзаа хүртэл сонгон бичиж үзсэн. Гэвч Монгол бичиг шиг сэтгэгдэл төрүүлээгүй. Үнэнийг хэлэхэд, сүүлийн гурван жил бараг бичсэнгүй. Би дээр хэлсэн шүү дээ. Өнөө л мэргэжлийн бус гэдэг шалтгаанаар жаахан эмээх болсон. Энэ бол миний цэвэр хобби болохоос ном дүрмийн дагуу хэн нэгнээр заалгаагүй зүйл. Дээр нь, жинхэнэ урлагийн гэж өөрийгөө дүгнэх эрх надад байхгүй. Хүмүүс намайг үнэлж, бас итгэж байхад би түүнд нь бийр бэх нийлүүлэх төдий хандаж болохгүй биз дээ. Үгүй ядаж л би хожим харамсах болно. Харин өөрийн сонирхлын хүрээнд бас ур чадвараа сайжруулж, хөгжүүлэх үүднээс эвхмэл болон бусад сонин сайхан бичгийг сонирхон туршиж байгаа. Магадгүй, “Одоо л болох нь” гэж бодсон цагтаа “Надад тийм зүйл бичээд өгөөч” гэж хандсан нэгнийг цааш гэхгүй бичнэ гэж боддог.
-Ханьдаа гэнэтийн бэлэг барьсан дурсамж тань их гоё сэтгэгдэл төрүүллээ. Нууц биш бол та хоёрын анх танилцсан түүхийг хуваалцаж болох уу?
-Миний ханийг Баатарцогтын Энхсайхан гэдэг. Шарын гол, Дархан өртөөдөд жижүүр, ХАБЭА-н инженер, Салхит өртөөний дарга зэрэг албанд ажиллаж байгаад 2017 онд эрүүл мэндийн шалтгаанаар групп тогтоолгосон. Ханьтайгаа анх танилцсан дурсамж их хөгжилтэй. Би 2009 онд Дархан өртөөнд ажиллахаар шилжиж очоод байлаа. Яг намайг очих үеэр хань минь ээлжийн амралтаа авсан байв. Би ч яах вэ дагалдан хүн шинэ газар, шинэ хамт олон гээд л дасаж сурах зүйл ихтэй, нэг хэсэгтээ л амьсгаа өндөр гүйлээ. Энэ зуурт шинэ хамт олны ярианаас “Энхсайхан гэж мундаг жижүүр байх нь” гэсэн анхны сэтгэгдэлтэй болов. Зөвхөн өртөөнийхөн ч гэлтгүй машинч, вагон үзэгч нар хүртэл “Энхсайхан хэзээ ажилд орох вэ?”, “Ээлж таарчихаасай, мундаг жижүүр шүү. Цуг гарахад урамтай байдаг” гээд л түүнийг үгүйлэн дурсах ярихыг олонтаа сонссон хэрэг л дээ. Нэг өдөр ажилдаа ирээд зааварчилгаа авахаар дадал ёсоор хамгийн эхний ширээнд суулаа. Дарга орж ирэнгүүтээ “За, Энхсайханы амралт сайхан уу?” л гэж байна. “Аан, нөгөө лут хүн нь ажилдаа орж дээ” гэж бодохтой зэрэгцэн яагаад ч юм сэтгэл хөдлөөд явчихав. Эргээд харах ч зүрх хүрсэнгүй. Ингээд зааварчилгаа авч ажилдаа гарахдаа зэрвэс харвал жигтэйхэн алаг нүдтэй хөөрхөн бор залуу байна(инээв). Ингээд нөгөө мундаг жижүүртэй Дархан-2 өртөөнд ээлжинд гарлаа. Тэр өдрийн ээлжийг ч ёстой үзүүлээд өгсөн дөө. Цуг гарч байгаа ээлж, хамт олны уур амьсгал хичнээн сайхан байсан гэж санана. Үнэхээр л бусдын магтаад байсан тэр ур чадвар, зохион байгуулалт, хамгийн гол нь хүнтэй харилцаж буй харьцаа нь маш зөв, боловсон, шийдэмгий. Дээрээс нь миний хань чинь хүнгэнэсэн сайхан дуутай нэгэн. Би радио станц, чанга яригчаар ханийнхаа ярихыг сонсох их дуртай байв. Нэг удаа бид хоёр Дархан-1,2 өртөөнд тусдаа ээлжинд гарахад би ДНЦ-ийн холбоогоор ханийнхаа ярихыг нь сонсох гэж жижүүрийн дэргэд таг сууж байгаад цочитлоо загнуулж л явлаа. Ханийнхаа хоолойнд уяраад үндсэн ажлаа мартчихгүй юу(инээв). Ингээд л бид хоёр удалгүй нэгэн гэр бүл болж тэр сайхан дуу хоолойг нь 10 жил сонсож явна даа. 
-Таны үг, өгүүлбэр бүхнээс “миний хань”, “хань минь” гээд л нэг тийм агуу их нандин энхрийлэл нэвт шувт ханхлах шиг. Нэлээд хэдэн жилийн өмнө таны ханийг аюулт өвчнөөс аврах хандивын аян төмөр замчдын хэмжээнд өрнөж байсныг ч сая саналаа. Гэхдээ л та хоёр тэр хар бараан бүхнийг даваад гарсан байна шүү дээ. Энэ бол яах аргагүй бие биенээ хайрлаж хүндлэх сэтгэлийн хүч юм болов уу?
-Тийм ээ. Миний хань 2017 оны өвөл Энэтхэг улс руу явж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд ороод ирсэн. Мэдээж, тэр цаг үеийг төсөөлж хэлэх ч юм биш. Ёстой л нөгөө “хөмөрсөн тогоо”-н доор орчихсон юм шиг л хүнд хэцүү өдрүүд өнгөрсөн дөө. Гэхдээ яагаад ч юм миний сэтгэлд үнэхээр л нэг итгэл, найдварын гэрэл гэгээ асаад байсан. Магадгүй “цайчихсан” гэдэг шиг нэгэнт тэр хэцүү мэдээг сонсчихсон болохоор би одоо яах вэ? Ханийхаа төлөө юу хийж чадах вэ? Ямар нэгэн гаргалгаа заавал байгаа даа гэдэгт сэтгэл шулуудчихдаг юм билээ. Хамгийн гол нь, хань минь тэвчиж, тэсэж гараасай л гэж дотроо залбирч байв. Биднийг Энэтхэг явах зорилгоо биелүүлэхэд ханийн минь эгч, донор болсон дүү минь, гэр бүл, ангийнхан нь, үе үеийн найз нөхөд, хамт олон гээд маш олон хүн тусалсан. Тэр хүмүүсийн сэтгэл зүрх, урам зориг үнэхээр биднийг амьдрах итгэлтэй болгож, зоригжуулсан. Эмэгтэй хүн хэдийгээр сул дорой боловч сэтгэл дотроос ундран гарах тэр их хүч чадал, тэсвэр тэвчээр бол үр хүүхэд, хань ижил нь юм байна гэдгийг би тэр үед сайн ойлгосон. Магадгүй, би эх хүн болоогүй байсан бол энэ бүгдийг даван туулах зүрх зориг минь хэдийнээ мохох байсан биз. Одоо ч гэсэн миний дотор “Амьдрал минь 10 жилийн өмнө 00-с эхэлж байсан. Гэр бүл минь л эрүүл саруул, амар амгалан байвал дахиад бүгдийг 00-с эхлэхэд торох зүйл байхгүй. Бүх зүйл сайхан болсоны дараа энэ хүнд хэцүү өдрүүдээ “Тэр хэдэн жилүүдэд мөн ч хэцүү байж билээ” гэж эргээд аз жаргалтайгаар дурсана. Тийм өдөр заавал ирнэ” гэсэн сайхан бодол үргэлжид намайг урагш чиглүүлдэг. Хүний амьдрал хатуудаа хатуу ч зөөлөндөө бас зөөлөн шүү. Амьдрал ийм л сайхан...
-Таны сайхан дурсамжид хөтлөгдөөд нэг л мэдэхэд энэ сэдэв рүү хазайчихлаа, уучлаарай. Одоо хоёул үндсэн сэдэв рүүгээ оръё. Та дээр тэмдэглэл хөтөлдөг тухайгаа цухас дурдсан. Өөр ямар зүйлд чөлөөт цагаа зориулахыг эрмэлздэг вэ?
-Тэмдэглэл бичих, бийрийн бичлэг хийх, шүлэг яруу найраг оролдох гээд би ер нь, хэзээний л бичиг цаасны хоббитой, аль болох үзэг цаастай л зууралдах гээд байдаг нэгэн. Гэхдээ сүүлийн үед сонирхохгүй юмгүй болоод байгаа(инээв). Хөгжим тоглож сурах, юм оёх, гадаад хэл сурах, иог фитнессээр хичээллэх гээд л... Ёстой зав нь байдаг бол алх дөш бариад ч явчихаас сийхгүй. Ямар нэгэн хэм хэмжээнд өөрийгөө барихыг хүсдэггүй, сонин хүн л дээ. Үнэнийг хэлэхэд, энэ бүхэнд зориулах зав хомсхон ч дуртай юмандаа хүн жаахан ч болов зав гаргадаг л юм. “Хийх хүн аргаа олж, хийхгүй хүн шалтаг олно” гэдэг шүү дээ. Харин энэ бүхнээс арай илүү нь миний хэдэн дэвтэр. 1997 онд хайрт аавыгаа бурхан болсноос хойш би өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Одоо эргээд харахад анхандаа хүүхэд зангаараа тоочиж бичдэг байсан бол цаг хугацаа улиран одохын хэрээр өөрийн бодол саналаа эргэцүүлэн, хаа нэгтээ сэдэв, гарчиг тавин бичдэг болсон байна. Энэ нь, миний амьдралын бас нэгэн амт, хачир юм уу даа. 
-Амьдралынхаа амттай, сургамжтай, бас гэгээлэг дурсамжийг манай уншигчидтай харамгүй хуваалцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

Ц.Ганцэцэгийн тэрлэсэн дөрвөн мөртөөс
Нутгийн минь уулс нөмөрлөхийн цагт 
Нууцхан нялхарч тандаа эрхэлмээр
Гараасаа хөтлүүлж сэтгэлээ амраан
Ганц ч болов эрхлэхсэн дээ, аав минь... 
 /2003.04.23/
*** *** ***
Уулсын дайтай нөмөрлөх эрийн сүлд хийморьтой
Уртын дуу хайлах шиг учиг мэргэн сургаальтай
Асури тэнгэрийн дор нэр нь мөнхөд дуурсагдах
Ашид хүмүүн гэвээс эр хүн та билээ 
 2004.03.18
*** *** ***
Хэнийг нь үл мэдлээ ч зүрх минь чамд тэмүүлсээр 
Хэзээг нь хэлж мэдэхгүй ч сэтгэл минь чамайг хүлээсээр
Төөрч будилахын завсарт тэнэсэн сум шиг учрахгүй ч
Төөрөг тавилан нэгдэж чамдаа хүрэх нь учиртай... 
 2005.05.05
*** *** ***
Өөдсийн чинээ охин ээжийн өвөрт үнэгчилж
Өргөө гэрийн жавар бүүвэйн дуунд нь үргэж
Шивэрч орсон бороо ган тайлан буух мэт
Шинэхэн баривчийн энгэр сүүн дуслаар дэвтсэн юм 
2006.04.15

*** *** ***

Сартай шөнийн тэнгэрт хүслийн дуу аяламаар
Сайхан залуу чихэнд хайрын үг шивнэмээр 
Гэгээн саруул үдшийг хормын төдий саатуулмаар 
Гэнэхэн сэтгэлийн анир гэгэлзэж нялхараад сонихон... 
/2006.08.21/

Сэтгэгдэл үлдээх