Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-12-10

Ч.Цогтбаяр: Ачаа тээвэр хэвийн явж байхад төмөр замчид ажилтай, орлоготой байх нь гарцаагүй

-Цар тахлыг дотооддоо хумихтай холбоотой УОК, Засгийн газрын тогтоолоор нийслэлд тав хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоолоо. Төмөр замын тээвэр тасралтгүй үргэлжилж байдаг онцлогтой. Энэ амаргүй цаг үед дээрх шийдвэрийн хүрээнд төмөр замчид хэрхэн ажиллахаар болсон вэ?
-Арваннэгдүгээр сарын 11-нд Улсын онцгой комисс хуралдаад 12 тоот тогтоол гаргасан. Тус тогтоолыг үндэслээд УБТЗ-ын хэмжээнд ажиллаж буй бүх цэцэрлэг, Төмөр замын дээд сургууль, Политехник коллеж, Замын хэмжээнд зохион байгуулах байсан бусад сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон. Мөн олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээний газар болох Соёлын төв, спорт заалуудад төлөвлөсөн уралдаан, тэмцээнүүдийг хойшлуулаад байв. Гэтэл Засгийн газар ээлжит бус хурлаараа улсын хэмжээнд зарлаад байсан хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж, 178 тоот тогтоол гаргалаа. Энэ тогтоолоор бүх нийтийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг та бүхэн мэдэх байх. Үүний дагуу салбарын сайд дэргэдээ комисс байгуулан хуралдаж, харьяа байгууллагууддаа хэрхэн ажиллах талаар заавар, зөвлөмж өгч холбогдох тушаал шийдвэрийг хүргүүлсэн. Эдгээр шаардлага, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхээр УБТЗ-ын Онцгой байдлын штаб арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө хуралдаж, тухайн өдрийн 06.00 цагаас 17-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд УБТЗ-ын үйл ажиллагааг хэрхэн хэвийн зохион байгуулах талаар зөвшилцөв. Засгийн газрын тогтоол, УОК-ын шийдвэрээр УБТЗ-ын зорчигч тээврийн үйл ажиллагаа бүрэн зогссон шүү дээ. Хамгийн сүүлийн гурван галт тэрэг өнөө өглөө (арваннэгдүгээр сарын 12) нийслэлд хуваарийн дагуу ирж зорчигчдоо буулгаад буусан. Ахиж зорчигч тээврийн хөдөлгөөн хийгдээгүй. Бүх нийтийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд дамжин өнгөрөх, улс, хот хоорондын ачаа, эрдэс баялгийн экспортын тээврийн хэвийн ажиллагааг ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн хүрээнд зохион байгуулахыг холбогдох Засгийн газрын гишүүн, Төрийн захиргааны газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 178 тоот тогтоолд ч энэ тухай заалт бий. Түүний дагуу тээврийн тасралтгүй ажиллагааг хэвийн явуулна. Өөрөөр хэлбэл, төмөр замчид ажил үүргээ хэвийн гүйцэтгэнэ. Гэхдээ хувь хүн бүрийн эрүүл, аюулгүйн хамгаалах хэрэглэлийг хангуулж ажиллах чухал. Тээврийг хэвийн явуулахад шууд болон шууд бусаар олон төмөр замчин оролцдог. Тэр дундаас ээлжийн ажилтай төмөр замчид хэвийн журмаар ажил, үүргээ гүйцэтгэнэ. Зам, алба, аж ахуй нэгжийн удирдлагууд мөн бүрэн хэмжээгээр ажиллана. Бид мэргэжилтэй ажилчид, инженер, техникийн ажилтнуудаас хэнийг нь ажиллуулах вэ, хэнийг нь чөлөөлөх вэ гэдэгт дүн шинжилгээ хийсэн. Эхний ээлжинд 0-12 насны хүүхэдтэй эх болон өрх толгойлсон эцгийг ажлаас чөлөөллөө. Хоёрдугаарт, нэгэнт ажлын байранд хязгаар тогтоож буйтай холбогдуулаад аль нэг цех, тасгийн 30 хүнтэй хамт олны 30 хувийг нэг өдрийн ээлжинд ажиллуулахаар хуваарь гаргаад удирдлагууд нь хүргүүлэв. Аж ахуйн нэгжийн хувьд байгууллагын дарга, орлогч, ерөнхий инженер гарцаагүй ажиллаж таарах нь. Замын хэмжээнд энэ зохион байгуулалтаар ажиллах бүх хүн хүчний тооцоог гаргаад Зам, тээврийн хөгжлийн яаманд танилцуулсан.
-Нийслэлээс гадна аймаг бүр тус тусын захирамжаар хөл хорионы дэглэм тогтоосон. Тэнд ажиллаж буй төмөр замчдын ажил, үүргийг хэвийн явуулахад ямар зохицуулалт хийсэн бэ? 
-Засгийн газрын нийслэлд тогтоосон хөл хорионы шийдвэрээс гадна өөрийн чинь хэлдгээр орон нутгийн захиргаа бүгд тус тусын харьяалсан Онцгой байдлын комиссоор дамжуулан захирамж гаргасан. УБТЗ-ын хэмжээнд нийт найман аймгийн захирамжийг судалж, тэнд ажиллаж байгаа төмөр замчдынхаа ажлын зохион байгуулалтыг уялдуулах шаардлага гарлаа. Бид үүнийг хийсэн.
-Хөдөлгөөнд шууд оролцож байгаа төмөр замчдын тоог багасгана гэхээр хором мөч, өдөр тутам хийгдэж байх ёстой урсгал үзлэг, шалгалт, засвар арчлалтын чанар орхигдох аюул бий юу? 
-Үнэхээр санаа зовох ёстой асуудал. Хатуу хөл хорионы дэглэм тогтоосон энэ тав хоногийн хугацаанд төмөр замчид нэг хором, өдөр ажлын байрнаасаа холдох эрх байхгүй. Бүх үйл ажиллагаа хуваарийн дагуу, үечилсэн технологийн дагуу хийгддэг. Ямар ч байсан энэ хугацаанд бид тээврийг найдвартай, тасралтгүй зохион байгуулах бүх тооцоог хийсэн. Оновчтой зохион байгуулахаар их л чармайлаа. Аль нэг замын хэсэгт 10 хүн ажилладаг бол тэр 10 хүнээс цөөн тооны хүн л ажиллана. Бид төмөр замчдаа амраачихаагүй. Шаардлага гарвал хооронд нь сольж, ээлжинд оруулж, дэс дараатайгаар ажил үүргээ гүйцэтгэх зохицуулалтууд бий. Ер нь, бригад, мастер, өртөөний дарга, байгууллага, хэлтэс, төв, албад, Замын удирдлагууд тэдгээрийн орлогч, ерөнхий инженерүүд 100 хувь ажил үүргээ гүйцэтгээд ажиллаж байгааг би хэлсэн. Дээр дурдсанчлан, хөдөлгөөнтэй шууд бус холбоотой ажилтнуудаас цэцэрлэг, сургуулийн ажилтнууд 100 хувь сул зогсолтын хэлбэр рүү шилжээд буй. Бусад төмөр замчид хэвийн горимоор ажиллаж байна. Аймаг, орон нутгийн Онцгой байдлын комиссын гаргасан захирамжтай бид өөрсдийн тушаал, шийдвэрүүдээ уялдуулахад Сэлэнгэ аймагт байх манай бүх үйлдвэр ажиллахааргүй хэмжээнд очлоо. Өнөөдөр тэр бүх үйлдвэрүүд бүрэн зогсолт хийсэн. Ганцхан Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн цөөн хэдэн хүн ажлын байрандаа ажиллаж байгааг хэлье. Ихэнхийг нь амраасан. Гэтэл тэнд ТБДҮ, Мод боловсруулах үйлдвэр 100 хувь зогссон байдалтай байгаа. 17-нд ямар байдлаар зохицуулалт хийх шийдвэр гарна түүний дагуу ажлаа аль хувилбар руу шилжүүлэх вэ гэдгээ шийдээд л явна даа.
-Ачаа тээвэр нэмэгдэхийн хэрээр төмөр замын өөрийн үндсэн хөрөнгийн элэгдэл түргэсдэг. Таны хэлдгээр хөдөлгөөнд шууд оролцож байгаа тэр замчин юм уу, холбоочин хүн нэг хоног байтугай нэг хором мөч ажлын байрнаасаа холдож болохгүй тийм эрсдэл Замын хэмжээнд их байгаа болохоор л ингэж асуугаад байгаа юм шүү? 
-Тэгэлгүй яах вэ. Би ойлгож байна. Төмөр замчид гэдэг ямар ч үед ачаа тээврийн үйл ажиллагааг хэвийн явуулахад өөрийн үүргээ бүрэн ухамсарласан улс. Ажлаас түр чөлөөлөгдсөн төмөр замчид заасан маршрутынхаа дагуу л байх ч. Ямар нэгэн байдлаар сэлгүүцэхгүй, гэртээ бэлэн байдалд байна гэсэн тодорхой үүргийг өгсөн. Зарим нэг инженер, техникийн ажилтнууд маань цахим сүлжээгээр ажлаа гэрээсээ явуулаад эхэлсэн. Түрүүнд дурдсан сургуулийн багш нар гэрээсээ цахимаар оюутнуудтайгаа хичээлээ үргэлжлүүлнэ. 
-Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр хилийн боомтуудын үйл ажиллагааг хумих, хяналтыг улам чангаруулахаар боллоо. Ялангуяа, хойд хилийн боомтуудад. Сэжигтэй тохиолдлуудыг харахад ч эрсдэл урд хилийн боомтоос илүү харагдаж байна. Хилээр нэвтэрч ажил үүргээ гүйцэтгэдэг төмөр замчдын хувьд яг ямар журмаар ажиллах вэ. Хил нэвтрэлтийг ямар журмаар зохион байгуулах шаардлагатай вэ?
-Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг хааснаар манай улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөх вий гэж эмээж буй олон хүн байж магад. Эсрэгээрээ огт нөлөөлөхгүй. Тус боомтоор орж ирдэг өргөн хэрэглээний барааны импорт тийм ч их хэмжээнд биш. Харин Алтанбулаг хилийн боомтоор орж ирдэг байсан олон улсын худалдаа, импортын тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэхээр ОХУ-ын талтай хамтран боломжит хувилбаруудыг судалж, зарим нэг шийдэлд хүрнэ. Боомтыг хаах шийдвэр гарсантай холбогдуулаад УБТЗ-ын Сүхбаатар хилийн өртөөнд өөрчлөлтүүд орсон. Хил нэвтэрч ажил үүргээ гүйцэтгэдэг төмөр замчдын хувьд бид өмнөх зохион байгуулалтаараа ажиллана. ОХУ-ын талтай ярилцаад энэ сарын эхнээс хоёр талдаа агентууд биечлэн гарч ажиллахаа больсон. Одоо бол онлайнаар галт тэрэг, ачаа, тээврийнхээ бичиг баримтыг үзэж шалгаад хэвшчихлээ. Гэрээний дагуу ОХУ-ын бригад илчит тэрэгтэйгээ ачаа зөөвөрлөж байна. Тэд Сүхбаатар өртөөнд ирэхдээ тавигдах бүх шаардлагын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтээ хийлгэсэн байх ёстой. Өртөөнд буухгүй. Ямар нэгэн хүнтэй харьцах ч хориотой. Техникийн бичиг баримтыг зөвхөн цонхоор уургаар өгч авалцана. Манай төмөр замчид хамгаалах хувцас, хэрэгсэлтэйгээ уурганд өлгөсөн техникийн бичиг баримтыг авч ойр байрлуулсан тавцан дээр ариутгах учиртай. Ингээд ариутгал хийсний дараа техникийн бичиг баримтыг авах зохицуулалт хийсэн. Буцахдаа ч мөн адил. Тиймээс хойд хилийн боомтод ямар нэгэн асуудал гарахгүй болов уу. Хоёр улсын харилцан тохиролцсон гэрээний дагуу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн манай зүтгүүрийн бригад ОХУ-ын талд гарч ажиллана. Үүнд бэлтгэж, хэрхэн хамтран ажиллах вэ гэдэгт хоёр талын мэргэжилтнүүд саналаа солилцоод эхэллээ. Харин Дорнод аймгийн Эрээнцав боомтыг энэ сарын 16-наас хаахаар болсон байна лээ. 
-Эрээнцав боомтыг хаахаар болсон гэлээ. Гэтэл энэ боомт зүүн гурван аймгийг нефть, нефтийн бүтээгдэхүүнээр хангадаг чухал газар. Хөл хорионоос улбаалаад 16-наас энэ боомтыг хаавал эдгээр аймаг болон УБТЗ-ын Баянтүмэн тасгийн дизель түлшний хэрэгцээ хангалттай байж, тээвэр хэвийн үргэлжилж чадах уу? 
-Эрээнцав боомтыг хаалаа гэхэд нефтийн бүтээгдэхүүн хэвийн орж гардгаараа л явна. Тэнд зорчигч тээвэр л хийхгүй гэсэн үг. 
-Улсын онцгой комиссын шийдвэр богино хугацаанд гэнэт гарñàí. Шөнө нь хуралдаад өглөөний 06:00 цагаас хэрэгжүүлж эхэллээ шүү дээ. Энэ хугацаанд орон нутаг, нийслэлд томилолтоор ажиллаж байсан олон төмөр замчин хөл хорионд ороод наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацчихлаа. Эдгээр улсыг яах вэ? 
-Төвд томилолтоор ажиллаж байгаад хотоос гарах нөхцөлгүй хөл хорионд орсон олон төмөр замчин бий. Ямар ч байсан энэ тав хоногтоо тэдгээр төмөр замчдын томилолтыг сунгаад хэвийн ажилласанд тооцно. Тэдэнд Кейтерингийн үйлчилгээ үзүүлж байгаа. Замын захиргааны зүгээс “Ган зам” зочид буудал болон Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтэст холбогдох үүрэг, даалгавар өгсөн. Төв эмнэлэгт л гэхэд олон төмөр замчин эмчлүүлж байна. Тэдний зарим нь эмчилгээгээ дуусгаад гарах ёстой байсан. Бид эмнэлгийн захиргаанд эмчилгээ нь дууссан ч гаргахгүйгээр хоол ундыг нь бүрэн хариуцаад ажиллах үүрэг өглөө. Төв эмнэлгийнхэн зохих ёсоор ажиллаж байгаад эргэлзэх зүйлгүй. 
-Ажилгүй, сул зогсоод ирэхээр төмөр замчид гэлтгүй нийт иргэдийн дунд цалингийн асуудал хүндээр тусна. Сул зогссон хугацааны цалинг яах вэ гэдэг асуудал. Замын захиргаа энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? 
-Нөхцөл байдал үнэхээр онцгой учраас хөл хорио тогтоосон тав хоногийн хугацаанд цалин хасах асуудал ерөөсөө яригдахгүй. 100 хувь олгоно.
-Магадгүй, байдал хүндрээд хөл хорионы хугацааг сунгахаар бол яах вэ гэдэг санаа зовох ёстой асуудал. Хөл хорионд ороод гацсан төмөр замчдаас гадна тээврийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах төвөгтэй үүрэг төмөр замчдын өмнө байна. Урт хугацаандаа бид яах вэ, ямар хүний нөөцөөр, ажлын ямар технологиор ажиллах вэ гэдэгт бэлэн байдал чухал. УБТЗ-ын Онцгой байдлын штаб дээр дараа дараагийн арга хэмжээний төлөвлөгөөнүүд, бэлэн байдал хангагдаж байгаа болов уу? 
-УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штаб дээр асуудал хүндэрвэл яах вэ гэдгийг бүх талаас нарийн шат дараатай төлөвлөсөн. Төв эмнэлэг л гэхэд өөрийн хүчин чадлаараа ямар хэмжээний ор дэлгэх боломжтой вэ, улсын хэмжээнд ямар туслалцаа үзүүлж чадах вэ гэдэг хүртэл гарчихсан. Тэр бүү хэл, төмөр замчдынхаа дунд оношилгоо, эмчилгээг хэрхэн хийх вэ гээд бүх зүйлийг төлөвлөсөн. Цар тахлын аюул нүүрлэсэн эхний өдрүүдэд л энэ бүхэн бэлэн болсон гэдгийг би танд хэлэх байна. Улсын онцгой комисс ямар байдлаар ажиллаж байна, яг түүний жижиг хувилбар л төмөр замд ажиллаж байна гэж ойлгоход болно. Засгийн газар, Улсын онцгой комиссын өгсөн даалгавар, зөвлөмжийн дагуу бүх зүйлийг бэлтгэсэн. 
-Хөл хорионы хугацааг сунгахвий гэсэн айдас хүн бүрт л байгаа байх? 
-Төр, Засгийн хэмжээнд ямар шийдвэр гарна түүнийг л бид дагана. Энэ тав хоногийн хугацаанд тархалт газар авалгүй намжчихâал сайн сан. 18-аас ажил хэвийн үргэлжилнэ гэсэн хүлээлттэй л байна. Мэдээж, зорчигчийн галт тэрэг явуулахгүй тодорхой хугацаанд барихыг үгүйсгэхгүй. Тэртээ тэргүй бид олон улсын зорчигчийн галт тэрэг явуулахгүй л байгаа биз дээ. Ачаа тээвэр хэвийн явж байхад төмөр замчид ажилтай, орлоготой байх нь гарцаагүй. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх