Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-10-20

М.В.Васильев: Монгол олон улсын тээврийн зангилаа болох боломжтой

-Сайн байна уу? Васильев Максим Викторович. Танд энэ өдрийн мэнд хүргэе! Монгол-Оросын “Найрамдлын сар” тохиосон өдрүүдэд тантай уулзаж байгаа нь завшаантай хэрэг. УБТЗ бол хоёр орны найрамдалт харилцааг илэрхийлэх цорын ганц байгууллага болж үлдсэн. Та Монголд ажиллаж амьдарч мөн ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж суугаа хүний хувьд энэ байгууллагын ирээдүйг хэрхэн хардаг вэ?
-Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө танай сониноор дамжуулан Монголын нийт төмөр замчдад Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны сарын мэнд дэвшүүлье. Манай хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд энэ байгууллагын оруулж буй хувь нэмэр үнэлж баршгүй. Таны хэлсэнчлэн, одоогийн байдлаар УБТЗ нь ОХУ-ын Монгол дахь цорын ганц хамтарсан томоохон үйлдвэр болж үлдсэн гэдгийг би ахин хэлмээр байна. Гэхдээ Эрдэнэт болон Монголросцветмет үеийн үед бидний найрамдлын бэлгэдэл болж дурсагдах нь дамжиггүй. Та бидний хамтын ажиллагаа чухал гэдгийг таны асуултаас харж болохоор юм. Монголын хөдөө аж ахуйн салбар, тээвэр, эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо, аж үйлдвэрийн салбарт ОХУ-ын системийн оролцоог тодорхойлсон шинэ “жишиг цэг” бүрдүүлэх талаар тэр дундаа төрийн дэмжлэгтэйгээр бид хамтдаа бодох хэрэгтэй болж. Үүний тулд хоёр улсын аж ахуйн нэгжүүд болон Засгийн газар ялгаагүй үйл ажиллагаагаа чиглүүлж байгаад би хувьдаа баяртай байдаг. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд олон шинэ төсөл, хөтөлбөрүүд хэлэлцэхээр төлөвлөсөн. Харин Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/ XXIII хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 7-нд хийнэ. Өнгөрсөн онд 70 жилийн ойгоо тэмдэглэсэн УБТЗ-ын хувьд тэдний хэтийн төлөв хүн бүрт тодорхой болсон биз. 1949 онд УБТЗ-ыг байгуулсан өвөг дээдсийнхээ ухаан, алсын харааг гайхан бишрэхээс өөр аргагүй. Монголын нутаг дэвсгэрээр Орос болон Хятадыг холбох хуурай замын хамгийн дөт чиглэлийнхээ хувьд УБТЗ нь Евразийн худалдааны эргэлтийг бодитой өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ. 
2030 он гэхэд жилд 54 сая тонн ачаа тээвэрлэхийн тулд тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Төмөр замын шинэ чиглэл бий болгох талаар ч хэлэлцүүлэг өрнөх боллоо. Цаашид Орос-Монгол-Хятадын эдийн засгийн шугамыг бий болгох хөтөлбөрийн хүрээнд төв, хойд, баруун болон зүүн чиглэлийн төмөр замын маршрут хурдацтай хөгжих бүрэн үндэс бий. Мэдээжийн хэрэг эдгээр зорилтыг хэрэгжүүлэх нь Монгол, Оросын хоёр талын баримт бичиг, дүрэмд туссан менежмент, сүлжээ, стандарт, хөгжлийн нэгдмэл байдлын зарчмуудыг хатуу дагаж мөрдөхөөс хамаарна. Шинэ төмөр замын төслүүдийг эхлүүлэхээс өмнө гол замынхаа чанартай байдал, менежментийн чанарыг хангахтай холбоотой хуучин санхүүгийн шийдэгдээгүй асуудлуудыг шийдэж дуусгах нь зөв болов уу.
-Манай хоёр орны худалдаа ихээхэн алдагдалтайг та мэднэ. Сүүлийн жилүүдэд бүр ч нэмэгдэх хандлагатай. Худалдааны алдагдлыг бууруулахад юу хийх шаардлагатай вэ. Ямар ч улс гадаад худалдаагаа тэнцвэртэй түвшинд байлгахыг зорьдог шүү дээ. Монгол, ОХУ-д худалдаанд ямар шинэ боломжууд бий гэж та хардаг вэ?
-Монголын чанартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн нь ОХУ-ын болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын зах зээлд эрэлттэй байгаа хэдий ч үүнээс урьтаад Монгол Улсын болон ОХУ-ын худалдааны тэнцлийн сөрөг балансын талаар ярих нь илүү зөв байх. Мэдээж, үүнд томоохон, тууштай, сайн зохион байгуулалт, зохицуулалттай ажил шаардагдах болно. Дүрмийн дагуу Худалдааны төлөөлөгчийн газар нь улс эх орныхоо эдийн засгийн гадаад бодлогыг хэрэгжүүлэгчийнхээ хувьд өөрийн орны экспортын бүтээгдэхүүнийг дэмжих нь түүний гол зорилго. Монгол Улс энэхүү байгууллагын боломж, чадавхийг хурдан хугацаанд олж харж, зөв үнэлсэн гэдгийг тэмдэглэхэд таатай байна. Монгол дахь Оросын худалдааны төлөөлөгчийн газар нь 2017 оноос үйл ажиллагаагаа сэргээж, Улаанбаатар хотод нээгдсэн. Үүний дараахан буюу 2019 онд Монголын талын санаачилгаар ЗХУ, БНМАУ-ын хооронд 1957 онд байгуулсан худалдааны хэлэлцээрт зохих өөрчлөлтүүдийг оруулсан байдаг. Ингэснээр Монгол Улс Владивосток хотод өөрийн худалдааны төлөөлөгчийн газраа нээх эрх зүйн нөхцөл бүрдсэн юм. ОХУ-ын Алс Дорнодын Холбооны тойрогт Өвөрбайгалийн хязгаар нутаг болон Буриад багтах болсон учир Монгол Улсын газар нутгийн 2/3-той нь уг тойрог хиллэх болсон гэдгийг уншигчдад сануулъя. Саяхан Монгол Улсын Гадаад харилцааны яамны хөрш орнуудын газрын дэд захирал Д.Хасарыг Орос дахь Монголын худалдааны төлөөлөгчөөр томилсон. Түүний мэдлэг, арвин туршлага нь таны яриад байгаа чухал зорилтыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна. Бидний зүгээс түүнд бүх талын туслалцааг үзүүлэх болно.
-Уучлаарай, миний хувьд Монголын экспортын бүтээгдэхүүнд тавьсан ОХУ-ын татвар хэтэрхий өндөр, хил гаалийн хяналт шалгалтыг хөнгөвчлөхгүй бол хоёр улсын хооронд хийж буй худалдааны эргэлт 95:5 гэсэн харьцаанаасаа хөдлөхгүй юм шиг санагддаг? 
-Мэдээж хэрэг, Орос, Монголын худалдааг тэнцвэржүүлэх үүднээс нөхцөл байдлыг мэдэгдэхүйцээр сайжруулах нь юу юунаас илүү чухал. Ялангуяа, манай хоёр улс бол эдийн засгийн хувьд харилцан уялдаатайгаар бие биенээ нөхөж ирсэн. Танай сонины уншигчид болон нийт Монголчуудын ойлгох хэрэгтэй нэг зүйл байна. Энэ нь, Монголын экспортын бүтээгдэхүүнд тавьсан ОХУ-ын татвар хэт өндөр байдаг гэсэн ойлголт. Тийм зүйл байхгүй. Олон улсын эрх зүйн хувьд Евразийн эдийн засгийн холбоо гэж олон улсын байгууллага бий. Үүнд ОХУ-аас гадна дөрвөн гишүүн улс багтана. Евразийн эдийн засгийн холбоо нь бараа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн эрх чөлөө болон эдийн засгийн салбарт тус бүрийн зохицуулалт, нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаардаг. Юуны өмнө, энэ байгууллага гишүүн улсуудынхаа хил гааль, тарифийн зохицуулалтыг байнгын ажиллагаатай Евразийн эдийн засгийн комисс гэх байгууллагаар шийдвэрлүүлдэгтэй холбоотой. Тиймээс цаашид Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын яриа хэлэлцээ амжилттай хөгжихөөс олон зүйл шалтгаална. Өнгөрсөн есдүгээр сарын 11-нд Евразийн эдийн засгийн холбооны зөвлөл болон Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны гэрээний хэтийн төлөвийг судлах хамтарсан судалгааны бүлэг байгуулахаар шийдсэн гэдгийг энд тэмдэглэе. Энэ бүлгийн анхны уулзалтыг он дуусахаас өмнө зохион байгуулахаар төлөвлөсөн. Монгол дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар нь Монголын эдийн засгийн дипломат албанд энэхүү чухал чиглэлд ихээхэн амжилт гаргахыг хүсэн ерөөе. 
-Дамжин өнгөрөх тээвэр бол Монгол Улсад орж ирж буй валютийн урсгалыг нэмэгдүүлэх нэг суваг гэдгийг та мэднэ. Энэ төрлийн тээврийг нэмэгдүүлэх сонирхол Монголчуудад их. Би таниас юу гэж асуух гээд байна вэ гэхээр ОХУ, БНХАУ-ын худалдааны бараа эргэлт ойрын жилүүдэд 200 тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий. Хүссэн, хүсээгүй бид энэ хоёр том гүрнийг холбож байгаагийн хувьд худалдааны бараа эргэлтийн тодорхой хувийг өөрийн нутгаар дамжин өнгөрүүлж эдийн засгаа тэтгэх боломжтой шүү дээ? 
-Энэ үнэн. Ерөнхийдөө, Монгол Улсын дамжин өнгөрөх боломж асар их бөгөөд энэхүү боломж нь Монгол Улсыг орчин үеийн олон улсын тээврийн гол зангилаа төв болгох боломжийг бүрдүүлдэг. Хэдийгээр Монгол Улс газар зүйн хувьд далайд гарцгүй ч стратегийн хувьд маш ашигтай байрлалтай. Азийн цээжинд хоёр том гүрэн болох ОХУ, БНХАУ-ын дунд оршдог. Дамжин өнгөрөх хуурай газрын зам нь илүү тав тухтай гэдэг нь дэлхий нийтэд ойлгомжтой болсоор байна шүү дээ. УБТЗ-ыг шинэчилж, хөгжүүлэхтэй зэрэгцэн “Сибирийн хүч-2” байгалийн хий дамжуулах магистрал шугамыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх талаар улс төрийн дээд түвшинд тохиролцоонд хүрсэн. Энэхүү дамжин өнгөрөх мега төсөл нь Монгол Улсын эрчим хүч, аж үйлдвэрлэлийг бараг бүхэлд нь өөрчилж, Улаанбаатарт болон бусад хотуудын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэж чадна. Хийн хоолойг тавих хамгийн тохиромжтой чиглэлүүдийн нэг бол яах аргагүй УБТЗ-ын гол зам дагуу.
-Дамжин өнгөрөх тээврээс эдийн засгийнхаа багагүй хувийг бүрдүүлдэг улс орнууд бий. Жишээлбэл, Голланд, Беларусь, Казахстан гээд. Монгол дамжин өнгөрүүлэх потенциалаараа эдгээр улсуудын хэмжээнд хүрэх боломж байгаа юу? 
-Зөвхөн дамжин өнгөрүүлэх нь өөрөө нийгэм, эдийн засгийн хөгжлийн хамгийн чухал зорилтуудыг шийдвэрлэхэд дөхөм болох суурь. Бидний бодлоор энэхүү зорилтын тоон утга нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олсон.Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх томоохон боломжийг бид харж байгаа.
-Ирэх жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохионо. Энэ хүрээнд хоёр орны найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ямар арга хэмжээнүүд төлөвлөж байгаа вэ. Манай уншигчдад сонирхуулаач?
-Ийм хүндтэй түүхэн ой нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бие даасан томоохон үйлдвэр, технологийн төслүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн таатай уур амьсгалыг бий болгоно. Эдийн засгийн асуудлуудыг соёл, нийгэм, мэдээллийн бүрэлдэхүүн хэсэгтэй нь нягт уялдуулж өгдөг “Орос-Монголын санаачилга” цуврал арга хэмжээг дахин зохион байгуулах болно. Уг арга хэмжээг сурвалжлахад өөрийн хувь нэмрээ оруулахыг танай редакцийн хамт олноос хүcье. 2021 онд цар тахлын тархалт буурч, гайхалтай ойг өргөн хүрээнд тэмдэглэх боломжтой болно гэж найдаж байна.
-Цаг зав гарган сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх