Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-10-14

Шавь нартаа хүндтэй “багш”

-Багшийгаа “Ган зам” сонинд бичүүлмээр байна. Энэ ганцхан миний бодол биш, бүр шавь нарынх нь хүсэлт” гэж нэг бүсгүй бараг хоёр сарын өмнөөс манай редакц руу утасдлаа. Гэвч нийтлэлийн баатар “Хэн бэ?”. Зорчигч тээврийн төвийн явуулын кассир Зоригтын Туяа. Ингээд саяхны нэг өдөр дүрэмт хувцсаараа ижилссэн кассир бүсгүйчүүд багшийнхаа одон медалийг нь зүүлгээд редакцид минь өргөх шахам аваад ирсэн. Багш нь “Манай энэ хэд намайг шавдуулаад бүр сандаргачихлаа” гэсээр бид “нүүр хагарч” билээ. 
Уулзаад өнгөрөхийн зуурт аль эртний танил шиг сэтгэлд нэг тийм “нуугисан” дулаахан мэдрэмж үлдээдэг хүн байдаг даа. З.Туяа яг л тийм хүн ажээ. Ил цагаан үгтэй, цайлган хайлган сэтгэлтэй энэ эмэгтэйд хэн хүний сэтгэлийг татах увидас байдаг аж. Тийм ч учраас шавь нар нь түүнд зүрхнийхээ угаас хайртай байх нь аргагүй юм даа хэмээн бодож сууснаа нуух юун. 
Зоригтын Туяа удам дамжсан төмөр замчин. Түүний аав Д.Зоригт, ээж М.Түмэнжаргал нар төмөр замчин улс. Аав нь, өртөө, зөрлөгийн дарга, Ашиглалтын албаны хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагч зэрэг ажил алба хашиж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ. Ээж нь Толгойт өртөөнд, дараа нь Улаанбаатар өртөөнд явуулын кассир, суурин тасалбарын нярваар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авчээ. З.Туяа эцэг эхээс дөрвүүлээ, айлын хоёр дахь охин аж. Нэг эгч, хоёр эрэгтэй дүүтэй. Эгч дүүс бүгд л төмөр замчин болцгоожээ. 
Уг нь, бяцхан З.Туяад төмөр замчин болох төлөвлөгөө огт байгаагүй гэдэг. Багаасаа урлаг, спортод хорхойтой, дунд сургуулийн урлагийн үзлэг, спортын тэмцээнээс хоцорч үзээгүй түүнд урлагийн хүн болох мөрөөдөл байв. Дуулна, бүжиглэнэ, ятга, гитар тоглоно. Сагс, волейболд ч чамгүй. Гэвч 1980-аад он одоотой адил мөнгөө л төлчихвөл хүссэн сургуульдаа орж, дуртай мэргэжлээ эзэмшдэг боломж байсан биш. Сургуулиа төгсөөд кино драмын ангид шалгалт өгөөд тэнцсэнгүй. Залуу хүн сургууль ч үгүй, ажил ч үгүй гэртээ суултай биш. Төмөр замын ТМС-ийн билет товарын кассирын курсэд сурч, Амгалан өртөөнөөс 1983 оны арванхоёрдугаар сарын 20-нд ажлын гараагаа эхлүүлжээ. Тэрбээр, төмөр замчдын аливаа ажлыг хамгийн доод шатнаас эхлүүлдэг бичигдээгүй хуулиар үйлчлэгчээр анх ажилд орсон байна. Төдөлгүй, пүүлэгч, агентаар ажиллаж байгаад 1990 онд Улаанбаатар өртөөний Дов дээр ачаа тээврийн оператораар ажиллаж, 1994 оноос явуулын кассир болжээ. Тухайн үед Улаанбаатар өртөө, одоогийн Зорчигч тээврийн төв нэг бүтэцтэй байж. Өнөөг хүртэл явуулын кассираар ажиллахдаа байгууллагын мэргэжлийн аваргаар олон удаа шалгарч, 2000 онд Замын мэргэжлийн аваргын шалгуурыг биелүүлсэн байдаг юм. Тэрбээр, “Эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ чин сэтгэлээ өгч ажилласан хүн л амжилтад хүрдэг дээ. Хэдий багадаа урлагийн хүн болно гэж мөрөөдөж явсан ч төмөр замчин болоод энэ ажил мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ дурлаж, эндээс аз жаргалаа олсон. Өнгөрсөн хугацаанд урлаг уран сайхнаа орхиогүй, дуутай хууртайгаа л явж ирлээ. Биднийг залуу байхад “Бүх ард түмний урлагийн их наадам” гэж болдог байлаа. Түүнд оролцоно. Байгууллага, хамт олны урлаг соёлын арга хэмжээнээс хоцрохгүй. Төмөр замынхаа 50 жилийн ойн караоке тэмцээнд түрүүлж байлаа” хэмээн хуучиллаа. Харин шавь нар нь “Манай багш орос дууг гайхалтай дуулдаг” гэсэн билээ. “Залуудаа сайхан үг аятай шинэ дууг бол нэг л сонсоод цээжилчихдэгсэн. “Харанга”, “Хурд”, “Чингис хаан” хамтлагийн эх орны сэдэвтэй дуунуудад дуртай. Дуулах ч дуртай. Гэхдээ орос дуу түлхүү дуулдаг. Би орос хэлийг бие дааж сурсан. Чөлөөтэй ярьчихна” хэмээлээ. 
Тэрбээр, 10 гаруй шавь төрүүлжээ. Хамгийн гол нь, шавь нар нь бүгд л байгууллага хамт олныхоо дунд ажил мэргэжлээрээ манлайлагчид байх нь гайхалтай. Үүнийг ёстой “Зулын гэрэл тосноос, шавийн эрдэм багшаас” гэхээс яах вэ. 
Отгон шавь Ц.Энхбаяр “Төмөр замын ахмад, залуу үеийнхэн багш шавийн барилдлагатай болдог сайхан уламжлал бий. Түүний дагуу бид энэ хүний шавь болж, ажил амьдралын гараагаа эхлүүлсэндээ маш их баяртай явдаг. Бусад хүмүүс багшийгаа “тэр эгч, энэ эгч” гэцгээдэг. Харин бид багшийгаа “Багш” л гэдэг. Харин багш биднийг “Шавька” гэдгээрээ бусдаас онцгой” хэмээв. 
Л.Шүрэнцэцэг “Багш бид хоёр уг нь нас чацуу. Гэхдээ би олон хүүхэд төрүүлснээрээ багшаасаа түрүүлээд гавьяаны амралтаа авчихсан” гэж ууган шавь нарын төлөөлөл болон эл өдөр иржээ. Түүн шиг багшаасаа урьтаад тэтгэвэрт гарсан шавь нарын тухай яриа ч хэсэг өрнөв.
Ц.Эрдэнэбилэг “Манай багшид хүнийг татах онцгой чадвар бий. Нийтийн вагонд ороод “За, сайн байцгаана уу? Тасалбар шалгаж байна. Тасалбараа бэлдээрэй” гэхэд вагон дүүрэн хүн бүгд үгийг нь сонссон байдаг. Багштай хамт явахад бүх зорчигч тасалбараа бэлдчихсэн. Ажил ч шуурхай явдаг. Бид багш шиг мэндлээд ажлаа эхэлсэн ч хүн бүр дээр очоод л хэлсэн үгээ давтах шаардлага гардаг. Энэ бол үнэхээр онцгой чадвар шүү. Биднийг анх дагалдуулж байхдаа зорчигч бууж суухгүй нь хамаагүй өртөө, зөрлөг, км-ээ цээжилж яв гэнэ. Жишээ нь, Замын-Үүд чиглэлд Шаргын-Овоо хүртэл багшийнхаа хэлснээр унтахгүй явсаар сая л купейндээ орж амарна. Ер нь, биднийг зүгээр суулгаж сургаагүй. Жаахан унтуулж байгаад “Шавька орлогоо тушаагаарай” гээд дуудна. Багшаар “Шавька” гэж дуудуулах нэг их дотно санагддаг” гээд тэд инээлдлээ.
Д.Мөнхцэцэг: “Бид багшаараа бахархдаг. Шавь нар нь бүгд л ажил мэргэжлийн аваргууд, “Хүндэт төмөр замчин, “Тэргүүний төмөр замчин”, “Онц хөдөлгөөнчин” болцгоосон. Биднээс П.Нармандах маань байгууллагын олон удаагийн аварга. Шилдэг шавь нь. Багш бол бидний үлгэр дуурайлал” хэмээлээ.
З.Туяа багш шалгасан тасалбар дээрээ “Z” тэмдэглэгээ хийдэг аж. Хамгийн сонин нь шавь нар нь багшийнхаа тэр тэмдэглэгээг хэлэлцсэн юм шиг өвөлсөн гэнэ.
З.Туяа “Миний шавька нар сайн. Бүгд л гялалзаж явна. Эд маань миний бахархал юм шүү дээ. Энэ дурсгалтай сайхан өдөр би өөрийн багшийнхаа тухай яримаар байна. Би өөрөө мундаг хүний шавь. Миний багш Н.Нэргүй гэж эрэгтэй хүн байлаа. Багш минь намайг энэ ажил мэргэжлийг яавал бүрэн дүүрэн эзэмших вэ. Яавал олны дунд орж, хүмүүст хүрч үйлчлэх вэ гэдгийг надад нэг бүрчлэн зааж сургасан. Миний өдий дайтай яваа минь Н.Нэргүй багшийн минь эрдэм. Багш минь хэдий тэнгэрийн оронд одсон ч би дотроо үргэлж талархаж, дурсаж явдаг. “Ажлаа хурдан шаламгай, гэхдээ чанартай хийж сур. Нийтэч, нээлттэй бай. Олон нийтийн ажилд идэвхтэй оролц. Энэ ажлыг олонтой хүн хийдэг” гэж захьдаг байлаа. Шаардлага өндөртэй хүн байсан. Яг багшийнхаа заавраар би бас шавька нартаа жаахан хатуу шаардлага тавьдаг байсан байж магадгүй” гэлээ. Түүнээс гадна аав нь охиноо төмөр замчин болоход “Төмөр замын хууль гэдэг цусаар бичигдсэн хууль шүү. Нэг л алдаа гаргавал бүх юм буруудна. Тиймээс дүрэм, журмыг ягштал биелүүлж ажиллаарай” гэж захиж байжээ. З.Туяа аавынхаа болон багшийнхаа захиасыг ажил амьдралынхаа зарчим болгон мөрдөж ирсэн байна.
Тэрбээр, “Миний ажил мэндлэхээс эхэлдэг. Ажилдаа гарахдаа хамгийн түрүүнд галт тэрэгний дарга, цувааны үйлчлэгч нартайгаа мэндэлнэ. Дараа нь, зорчигчидтойгоо сайхан мэндлээд тасалбараа шалгаад явчихдаг. “Сайн байна уу? Та аян замдаа сайн явж байна уу?” гэхэд ямар ч хүн дуртай байдаг. Одоо манай кассирууд хүнтэй сайхан мэндчилж хэвшсэн байна лээ” гэж ярилаа. Мөн шавь нар нь багшийгаа нэг харсан хүнээ анддаггүй. Үнэхээр гайхалтай ой сайтай. “Тэр хүн тийм өртөө хүртэл тасалбартай хэрнэ буугаагүй байна” гэдэг. Энэ бол баргийн хүнд байдаггүй чадвар шүү гэцгээв.
З.Туяа “Төмөр замчдын ажлын амжилт багийн ажиллагаа байдаг. Тиймээс бие биенээ ойлгох хүндлэх, нэг нэгэндээ тус дэм болж ажиллах урамтай шүү. Манайх явуулын тасалбарын 50 гаруй няравтай. Бүгд бүсгүйчүүд. Манайхан нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, үнэхээр эвсэг хамт олон шүү дээ. Хүний амьдрал баян. Нэг нь өвдөнө зовно, өнчрөл хагацалтай учирна. Тэр бүрд сэтгэл тавьж, тусалж дэмжиж байдаг. Баяртай сайхан зүйл тохиосон үед өөрт нь тохиосон мэт чин сэтгэлээсээ баярлацгаана. Амь нэгтэй, орчин үеийнхээр бол багаар ажиллах чадвар сайтай хамт олон доо. Ер нь, төмөр замчин хүүхнүүд баргийн зүйлд нугараад, няцаад байхааргүй хатуужилтай байдаг. Энэ чанараар нь би бахархдаг” гэж сэтгэл огшин өгүүллээ. 
Ийм л нэгэн эгэл жирийн төмөр замчин бүсгүй, гэр дүүрэн жаргалтай ээжийн бахархал бол хүү нь. Түүний хүү Т.Мөнхтөр өдгөө гурав дахь үеийн төмөр замчин болжээ. Бэр А.Оюунгэрэл ч төмөр замчин. Тэдний гэрийг ач хүү, хоёр ихэр ач охин нь аз жаргалаар бялхуулдаг гэнэ. 
Тэрбээр, ярилцлагынхаа төгсгөлд “Ажлаа сэтгэлээрээ хийсэн хүнд амжилт заавал ирдэг. Ажил мэргэжилдээ дурлаж ажиллаж байгаарай” хэмээн залууст захьсан билээ.
Ийнхүү “Шавька” нарынхаа хайр хүндлэлд умбасан нэгэн багш, багшийнхаа итгэлийг даасан шавь нартай уулзахад нэн таатай байлаа.
Хайр хүндлэл гэдэг чинхүү сэтгэлээс урсаж, сэтгэлд шингэдгийн жишээ энэ биз ээ.

Сэтгэгдэл үлдээх