Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-10-27

“ИНЖЕНЕР-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийг 2019-2029 онд хэрэгжүүлнэ

Энэ хөтөлбөрийн зорилго нь салбарын инженер, техникийн ажилчид, эрдэмтэн, судлаач нарын судалгаа, шинжилгээний ажил, ном, бүтээл туурвилыг дэмжих, бүтээлийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, хөгжүүлэх, сурталчлан таниулах, салбарын мэргэжилтэн, инженерүүдийг чадавхижуулах зорилгоор олон улсад сургах, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах, мэргэшүүлэх, туршлага судлах, сургалт, семинарт хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулахад чиглэж байна. Салбарын инженер, техникийн ажилчид, эрдэмтэн, судлаачдыг дэмжих, урамшуулах, шилдэг инженер шалгаруулах, бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, үзэсгэлэн зохион байгуулах үйл ажиллагааг таван жил тутамд нэг удаа зохион байгуулах ба тус ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. 
Үүнд: 
1. 2019 онд “ИНЖЕНЕР-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийг эхлүүлж Монгол Улсад төмөр зам үүсэн байгуулагдсаны 81 жилийн ой, УБТЗ ХНН-ийн 70 жилийн ойн баяраар УБТЗ ХНН-ийн Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар, ахмад төмөр замчин Ч.Лхагвасүрэн, Улаанбаатар зүтгүүрийн депогийн ерөнхий инженер Б.Баттулга, Дохиолол холбооны III ангийн кабель хариуцсан програмист инженер Д.Отгонбаяр, Замын III ангийн төмөрчин токарьчин Ч.Ариунболд нарыг шилдэг инженерээр шалгаруулж бүтээлийг сурталчлан үзэсгэлэн гаргасан.
2.Төмөр замын ажил мэргэжлийн онцлогийг харуулсан 40 гаруй видео контент бүтээж олон нийтийн сүлжээгээр түгээж, сурталчлан ажилласан.
3.Оюутан, залуу инженер, судлаач нарыг дэмжих, урамшуулах зорилгоор видео контентийн уралдаан зарлаж, урамшуулсан. 
4.Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд жил бүр мод тарьж Төвийн нэрэмжит “Инженер-Ирээдүй” төглийг бүтээн байгуулах ажлыг эхлүүлсэн. 
Салбарын мэргэжилтэн, инженерүүдийн мэдлэг, ур чадвар, суралцах арга барил чиг хандлагыг нэмэгдүүлж, хос мэргэжилтэй болгох зорилгоор “ГТХЗНТ” УТҮГ нь ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуультай санамж бичиг байгуулан төмөр замын инженер болон төмөр замд ажилладаг бусад мэргэжлийн инженерүүдийг 2020-2025 онуудад “Мэдээллийн систем ба технологи” мэргэжлээр 2.5 жилийн магистрын эчнээ хөтөлбөрт суралцуулж хамтран ажиллаж байна. Энэ сургалтын ач холбогдол нь алсын зайн сургалтыг нэвтрүүлж ажлаа хийнгээ давхар онлайн хэлбэрээр сурах, эдийн засгийг тодорхой хэмжээгээр хэмнэх зэрэг олон боломжийг бүрдүүлж байгаагаараа давуу талтай юм.
“ГТХЗНТ” УТҮГ, УБТЗ ХНН, ТТЗ ХХК-ний мэргэжилтэн, инженерүүдийг 2020 оны наймдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 04-ний хооронд 30 цагийн мэдээлэл технологи, орос хэлний бэлтгэл сургалтад хамруулж, сертификат олгон, аравдугаар сарын 7-ноос магистрын I семестрийн хичээлийг онлайн хэлбэрээр Эрхүү хотын зам харилцааны улсын их сургуулийн доктор, профессор багш нар орж байна. “Мэдээллийн систем ба технологи” мэргэжил эзэмшснээрээ програм хангамж,техник хангамж боловсруулах, үйл явцыг хөгжүүлэх, мэдээллийн технологи болон системийг хөгжүүлэх, өөрчлөх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, төсөл удирдах зэрэг ур чадвартай, олон салбарт ажиллах чадвартай болох юм. 

Сэтгэгдэл үлдээх