Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-02-02

Тоон үзүүлэлт бүрийн ард үйлчлүүлэгч байгууллага, төмөр замчин бүрийн оролцоо бий

Тээвэр зохион байгуулалтын алба УБТЗ-аар үйлчлүүлэгч байгууллагуудтай жил бүр хийдэг “Үйлчлүүлэгчдийн зөвлөгөөн”-өө нэгдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Тээвэр зууч болон транзит тээвэр эрхлэгч, экспортын болон, нефть импортлогчдоос гадна орон нутгийн нүүрс тээвэр гээд дөрвөн үндсэн хэсэгт хуваан төр, хувийн хэвшлийн 200 гаруй байгууллагын төлөөллийг оролцуулав. Ингэхдээ өнгөрсөн оны тээврийн үзүүлэлт, хүндрэлтэй асуудлаа дүгнэн ярилцахын хажуугаар 2021 оны тээврийн төлөвлөгөө, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. УБТЗ энэ онд 30.5 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөний биелэлтийг хангуулахын тулд дээрх үйлчлүүлэгч байгууллагуудтай харилцан тохиролцож, нягт хамтран ажиллах, аливаад нэгдмэл байр суурьтай хандах явдал чухал юм. Өнөөдөр төмөр замын салбарт 16000 гаруй хүн хөдөлмөр эрхэлж, нийгмийн баталгаагаа хангадаг. Улс орны хамгийн том ажил олгогчийн хувьд УБТЗ эдгээр хүмүүн капиталын цалин, орлогыг тогтвортой байлгаж, нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг зорьдог билээ. Тээвэрлэлт бүрээс орж ирэх мөнгөн урсгал нь төмөр замчдаас гадна УБТЗ-ын тогтвортой хөгжлийг хангахад нэн шаардлагатай. Тиймээс дээрх уулзалтыг жил бүр тогтмол зохион байгуулдаг юм. Юуны өмнө дөрвөн үндсэн хэсэгт зохион байгуулсан зөвлөгөөнийг тус бүрээр нь авч үзвэл зохилтой. 

Оргил ачааллын үед эрэлтийг хангаж чадахгүйд хүрэх эрсдэл бий
УБТЗ өнгөрсөн онд 30 сая тонн ачаа тээвэрлэж, 22 сая тонн ачаа ачсаны 11.2 сая тонныг орон нутгийн тээвэр эзэлнэ. Түүнээс 8.6 сая тонн нь нүүрс тээвэр бөгөөд 6.9 сая тонныг орон нутагт, 1.7 сая тонныг экспортод гаргасан байна. Мөн Шарын гол, Шивээ-Овоо, Багануурын уурхайтай гэрээ байгуулан ажиллаж, нийт орон нутагт ачсан нүүрс тээврийн 6.7 сая тонн буюу 97.4 хувийг Дулааны цахилгаан станцуудад хаяглан илгээжээ. Харин станцуудын хувьд УБТЗ-д төлөх төлбөрөө цаг тухайд нь барагдуулаагүйн улмаас тээврийн тасралтгүй үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төмөр замчдын цалингийн санхүүжилтэд хүндрэл учруулсан “зовлон” бий. Энэ тухай Дулааны цахилгаан станцуудад удаа дараа албан бичгээр мэдэгдсэн байдаг. Нөгөө талд нь уурхайд ч нүүрс гаргалтгүй, нөөц байхгүй, техникийн эвдрэл гэмтэлтэй гэх саатлаар УБТЗ-аас хоногт өгсөн вагоныг дутуу ачсан тохиолдол удаа дараа гаргажээ. 2021 онд уурхайдаас ирүүлсэн ачилтын захиалга 7.2 сая тонн болж, өмнөх оны хэмжээнээс даруй 480 мянган тонноор өслөө. Гэсэн хэдий ч он гарсаар нэгдүгээр сарын 28-ны байдлаар Шивээ-Овоогийн уурхай техник хөлдсөн, Шарын голын уурхайд техник эвдэрсэн, нөөцгүй шалтгаанаар долоо хоног нүүрс гаргаагүй. Өгсөн вагоныг дутуу ачсан зөрчил гарчээ. Зөвлөгөөний үеэр оператор компанийн хувиар УБТЗ өөрийн зүгээс тулгамдаж буй асуудлаа танилцуулав. УБТЗ нь ачааны 1768 хагас вагонтойгоос бараг бүгд орон нутгийн нүүрс тээвэрт “хүчин зүтгэдэг”. Тэдний 50 хувь нь 31, үлдсэн нь 32-оос дээш жил ашиглагдсан, өндөр насжилттай вагонууд. Эдгээр нь жилээс жилд тээвэрт тэнцэхгүй болж байгаагаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахад тун бэрх болсныг дуулгалаа. Замын захиргаанаас шинээр вагон худалдан авах боломжгүй гэдгээ удаа дараа зарласан тул эрчим хүчний нүүрс тээврийн ид оргил ачааллын үед тээврийн эрэлтийг хангаж, жигд зохион байгуулахад хүндрэлтэй болсон. Тээвэрлэлтийг хэвийн хэмжээнд зохион байгуулахад ачааны 670 хагас вагон нэн шаардлагатай байгаа юм. Тиймээс уурхай, Дулааны цахилгаан станцуудыг өөрсдийн хэрэглээнд зориулсан дундын эзэмшлийн хагас вагонтой болох асуудлыг Эрчим хүчний яаманд тавих саналаа илэрхийлэв. Зөвлөгөөний төгсгөлд, УБТЗ-ын зүгээс нүүрсний зөөвөрлөлт, нөөц, техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч төлөвлөгөөний дагуу өгсөн вагоныг цаг хугацаанд нь ачих талаар анхаарч ажиллахыг зөвлөлөө. 

Нефть импортлогчид өөрсдийн салбар зам, савны хэмжээнд тохируулан ачилтаа зохион байгуулах шаардлагатай
2019 онд УБТЗ-аар 28279 вагон буюу 1.690.820 тонн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн бол 2020 онд 28060 вагон буюу 1.656.131 тонн болжээ. Хэдий цар тахлын нөлөөгөөр нефть, нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ үл ялиг буурсан ч зах зээл дэх газрын тосны үнийн уналттай холбоотойгоор импортлогчид хямд үнээр нөөцлөх хандлагатай байгаа гэнэ. Төмөр замын хэмжээнд нийт 33 үйлчлүүлэгч байгууллагын 51 агуулах, сав байгаа боловч өөрийн салбар замын фронт, савнаас илүү их хэмжээгээр нефтийн бүтээгдэхүүн импортолж, өртөөний зам дээр ачаатай вагоны хуримтлал үүсгэдэг хүндрэл гарсаар байна. Ийм байдал нь бусад үйлчлүүлэгчдэд хэвийн үйлчилгээ авахад сөргөөр нөлөөлөх болсныг албаны эх сурвалжууд дурдлаа. Улмаар 2019 онд аюултай ачаанд нээлтэй 14 өртөө байсныг өөрчилж, 2020 онд Сүхбаатар, Ерөө, Дархан, Замын-Үүд гэсэн дөрвөн өртөөг нэмж аюултай ачаанд нээлттэй өртөө болгон зарласан. Нефтийн бүтээгдэхүүнтэй вагонуудын буулгалтын хэмжээг өртөөдөөр задлан харвал нийт ачааны 56 хувь нь Толгойт өртөөнд буусан статистик гарчээ. Харин Аршаант, Дархан, Эрдэнэт, Замын-Үүд, Сайншанд, Чойр зэрэг өртөөдөд ердөө 4-10 хувь нь л буудаг аж. Хамгийн их буулгалттай Толгойт өртөөнд өнгөрсөн онд 15748 вагоныг гаалийн бүрдүүлэлт хийх, буулгах савгүй, хаяг солих, борлуулалтгүй шалтгаанаар 551808.8 цаг зогсоожээ. Өөрөөр хэлбэл, нэг вагоныг дунджаар 35.04 цаг зогсоосон байна. Үүнээс шалтгаалан зам ашиглалтын төлбөрт 1.232.604.900 төгрөг төвлөрүүлсэн аж. Мөн хилийн өртөөдөөр нефтийн бүтээгдэхүүнтэй орж ирэн хаяг солилт хүлээн зогссон вагонуудын судалгааг хийхэд Сүхбаатар өртөөнд хаяг солихоор хүлээгдэж нийт 904 вагон 89274.3 цаг зогсчээ. Энэ нь, нэг вагоны гаалийн бүрдүүлэлт хийх хугацаа 98.7 цаг гэсэн тооцоотой “мөргөв”. Урд хилийн өртөө Замын-Үүдэд энэ байдал Хятадын төмөр замын нэг вагонд гаалийн бүрдүүлэлт хийхэд дунджаар хоёроос 34 хүртэл хоногоор зогсоосон байх юм. Үүнээс шалтгаалан Хятад вагоны сул зогсолтын төлбөрт 2019 онд 2.6 тэрбум төгрөг төлж байсан бол 2020 онд 8.84 тэрбум төгрөгийг хүлээн авагч компаниуд төлсөн байх жишээтэй. Дээрх шалтгаануудаар нэг вагоныг салбар замд удаан зогсоох нь өртөөдийн боловсруулах хүчин чадалд сөргөөр нөлөөлөх болж. Иймд импортлогчдыг өөрсдийн салбар зам, шилжүүлэн ачих, буулгах савны хэмжээ, багтаамжийн хүчин чадалдаа тохируулан ачилтаа зохион байгуулах, Гаалийн дүгнэлтийг богино хугацаанд гаргуулах талаар хандаж, асуудлыг нааштай шийдвэрлүүлэх шаардлагатайг сануулж буй хэрэг юм. 

УБТЗ ашиггүй тээврээс татгалзана
Эхлээд, 2020 онд экспорт, импортын чингэлэг тээвэрлэлттэй холбоотой хийсэн ажлаас товч дурдъя. Экспорт, импорт, транзит тээврийн чингэлэг боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бүс нутгийн ложистикийн төвд 623.849.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.Мөн Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн II талбайд импортын чингэлэг ачих ажлыг зохион байгуулж, шилжүүлэн ачих, хүргэх хугацааг хоёр дахин багасгав. Шилжүүлэн ачих ангийн чингэлэг хадгалах талбайн багтаамжийг 576 TEU-ээс 5200 TEU хүртэл нэмэхээс гадна шилжүүлэн ачих хүчин чадал нь хоногт гурван галт тэрэг байсныг 12 болгон нэмэгдүүлэв. 2020 онд нийт 13 вагон оператор компанийг тээвэрт оролцуулсан нь өрсөлдөөнийг бий болгож, ложистикийн зардлыг бууруулсан байна. УБТЗ нь Европын гурван улсын ачааг дамжин өнгөрүүлдэг байсан бол 2020 онд 10 хүртэл /Финлянд, Чех, Польш, Унгар, Герман, Беларусь, Австри, Украйн, Итали, Голланд/ нэмэгдүүлжээ. Экспорт, импортын чингэлэг тээвэрлэлтэд тулгарч буй хүндрэл гэвэл Тээвэр зуучийн байгууллагууд олон улсад мөрдөгдөж буй дүрэм журмын хүрээнд ажилладаггүй, захиалгаа цаг хугацаанд нь өгдөггүй, тасралтгүй ажиллах горим байхгүйгээс хүндрэл үүсгэдэг ажээ. Дамжин өнгөрөх тээврийн хувьд УБТЗ 2020 онд 4.2 сая тонн ачаа тээвэрлэсэн. Тээвэрлэлтэд зуучийн байгууллагуудтай холбоотой үүссэн хүндэрлээр, Олон улсын дүрэм журмыг мөрдлөг болгохгүй дур мэдэн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд саад болдог, Гэрээний заалтыг зөрчиж УБТЗ-д хохирол учруулдаг, Гадаадын компаниудын захиалгын дагуу УБТЗ-ын дүрэм, журмыг дур мэдэн зөрчиж тэдгээрийн хүслийг тулган шаарддаг. Улмаар коридорын өрсөлдөх чадварыг сулруулдаг, Монгол Улсын эрх ашгийн төлөө бус зөвхөн өөрсдийн компанийн эрх ашгийг хамгаалж, тээврийн тасралтгүй байдлыг алдагдуулдаг зэргийг нэрлэв. Тиймээс УБТЗ-ын зүгээс дараах саналыг Тээвэр зуучийн байгууллагуудад хүргүүлсэн юм. Нэгдүгээрт, Хоосон чингэлгийн буцаах зааврыг УБТЗ-ын заавраар гүйцэтгэх, Эрээнээс бусад өртөөгөөр бичиг баримт хийж илгээх. Хоёрдугаарт, УБТЗ-д ашиггүй хөдлөх бүрэлдэхүүнээр тээвэр хийхгүй бөгөөд ашиггүй тээврээс татгалзана. Гуравдугаарт, тэгш болон сондгой талд тээвэрлэлтийг ачаатай гүйцэтгэнэ. Дөрөвдүгээрт, Тээвэрлэлтийг СМГС-ын дагуу явуулна. Тавдугаарт, УБТЗ-ын технологийн дагуу ажиллахгүй байгууллагатай хамтрахгүй. Зургадугаарт, хоосон чингэлгийн буцаах зааврыг УБТЗ-ын заавраар гүйцэтгэх, эсвэл Эрээнээс бусад өртөөгөөр бичиг баримт хийж илгээх гэсэн саналуудыг дэвшүүлжээ. 

Уул уурхайн Экспортын тээвэрлэлтэд гарч буй хүндрэл
2020 онд экспортоор 11.264.2 мянган тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэснийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.458.3 мянган тонн ачаа илүү тээвэрлэж 114.3 хувийн биелэлттэй ажиллав. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийг оновчтой, түргэн шуурхай зохион байгуулахаар УБТЗ дараах хэд хэдэн үр дүнтэй ажлыг хийжээ. БНХАУ руу төмрийн хүдэр, нүүрс зэрэг ачааг 50 вагонтойгоор нэг маршрутаар илгээгч, нэг хүлээн авагчтайгаар бүлэг тээврийн бичиг баримттайгаар тээвэрлэлээ. 2020 оны аравдугаар сард ОХУ-аас ачааны 400 хагас вагон түрээслэх гэрээ хийж, тус ондоо эхний 262 вагон, он гарсаар 72 гээд нийт 334 вагон тээвэрт ашиглаж эхлэв. Ачилтын захиалга гүйцэтгэлийг хянах зорилгоор АТҮЦС програмаар захиалга хүлээн авч үйлчлүүлэгчдэд “шилэн” байдлаар харуулдаг болсон байна. Дээрх ажлын үр дүнд галт тэрэг солилцоо хөнгөвчлөгдөж, тээврийн бичиг баримт боловсруулалтын хугацаа 80 хувь хурдассан. Хувийн эзэмшлийн 50 вагоныг бүлгээр тээвэрлэсэн тохиолдолд тээврийн хөлснөөс 0.3 хувийн маршрутын хөнгөлөлт олгодог болсон нь экспортлогчдын талархлыг хүлээв. ОХУ-аас вагон түрээслэснээр 57 галт тэрэг 2850 вагоноор 185250 тонн ачаа тээвэрлэж, ачилтын хэмжээг нэмэгдүүллээ. УБТЗ-д өөрийн эзэмшлийн 2072 хагас вагон тээвэрт явдаг. Эднээс 1250 вагон орон нутгийн эрчим хүчний нүүрсний тээвэр болон бусад ачаанд, 822 нь экспортын нурмаг ачаанд ашиглагддаг аж. Экспортын тээвэрт явдаг нэг вагоны дундаж эргэлт 14.5 хоног, ачилтад 31.44 цаг буюу 1.3 хоног, буулгалтад 72-96 цаг буюу 2-4 хоног зогсдог гэсэн судалгаа бий. Ерөнхийдөө уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж буй 157 аж ахуйн нэгжээс 32 нь А лицензтэй, үлдсэн 125 нь ачаа зуучлагч байгууллага бөгөөд үүнээс шалтгаалан ачааны нийлүүлэлтийг тогтоосон хугацаанд хийдэггүй, ачилтын захиалгыг бодитоор өгдөггүй хүндрэл гардаг. Өөрийн эзэмшлийн ачилтын салбар зам болон вагонгүй. Эзэмшигчийн салбар замууд нь 50 вагон зэрэг ачих техник, технологийн хүчин чадалгүйгээс гурваас дөрвөн удаа сэлгээ хийн вагон тавьж өгч ачилт хийдэг бэрхшээл байна. Салбар замд вагон тавьж өгөх татаж авах гэрээнд заасан технологит хугацаанд ачилтыг хийж гүйцэтгэдэггүй, удаашруулдаг гэсэн үндсэн хүндрэлүүд гарсаар байна. Экспортлогчдын зүгээс 2021 онд 23.970 мянган тонн ачаа тээвэрлүүлэх захиалга өгснөөс экспортод 13.082 мянган тонн, орон нутагт 10.888 мянган тонн ачих захиалга ирүүлжээ. Ачаа тээврийн хэмжээ “хоолой”-д тулсан, техник технологийн хүчин чадлаас үүдээд экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх хүчин чадалтай уялдуулах шаардлага үүссэн. Учир нь, Монгол-Хятад улсуудын хилийн хэлэлцээрээр Эрээн-Замын-Үүдийн хилийн гарцаар хоногт 14 галт тэрэг солилцохоор заасан. Үүнээс 10 галт тэргийг экспортын уул уурхайн бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, нүүрс болон бусад ачаанд. Үлдсэнийг транзит ачаа эзэлдэг. Энэ хэмжээг УБТЗ-аас нэмэгдүүлэх боломжгүй. Хэрэв Хятадын төмөр зам болон ачаа хүлээн авагч байгууллагуудаараа дамжуулан галт тэрэг солилцоог нэмэгдүүлсэн тохиолдолд УБТЗ тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулах боломжтой юм. УБТЗ 100 гаруй аж ахуй нэгжид өөрийн үйлчилгээг үзүүлдэг. Тэднээс нүүрсний уурхай, Дулааны цахилгаан станцууд, Төмөрлөгийн үйлдвэр гэх мэт томоохон аж ахуйн байгууллагууд нь үндсэн үйлчлүүлэгчид тооцогдоно. Зарим нэгээс нь дурдвал “БТЕГ” ХХК, Багануур, Шарын гол, Шивээ-Овоо, Эрдэнэт, Дархан төмөрлөгийн үйлдвэр, “Монросцвемет” ХХК, Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станц гээд дээр дурдсан аж ахуйн нэгжүүдийг нэрлэж болно. Төмөр зам бол Монгол Улсын тээврийн салбарын үндсэн бүрдэл хэсэг бөгөөд нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх салбар билээ. Нийгэмлэгийн статистик тоон үзүүлэлт бүрийн ард үйлчлүүлэгч байгууллагууд, төмөр замчин бүрийн үүрэг, оролцоо байж улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Уул уурхайн бүс нутгийг Дэлхийн эдийн засгийн төвүүдтэй холбон оршдог нь манай төмөр замыг улам онцлогтой, идэвхтэй оролцоотой болгосоор ирлээ. Өнөөдөр Тээвэр зуучуудийн нөлөөгөөр чингэлэг тээврийн өсөлт, хүлээлтээс хэтрэв. Жилийн өмнө мянга гарч байсан чингэлгийн хязгаарыг бид даваад зогсохгүй 167103 мянган TEU хүрч түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өнөөдөр УБТЗ-ын сүлжээнд өдөрт дөрвөн чингэлгийн галт тэрэг аялах нь бараг хэвийн хэмжээ болжээ. 2021 онд транзитын хувьд Монголын нутгаар дамжуулах ачааны захиалга ойролцоогоор 10 сая гаруй тоннд хүрсэн. 4500 орчим чингэлгийн галт тэрэг. Гэхдээ бодитой долоон сая тонн ачаанд илүүтэй анхаарна хэмээн Замын захиргаа мэдэгдсэн. Экспортын захиалгын хувьд 20 орчим сая тонны захиалга байна. Гэхдээ биднийг хязгаарлаж буй хүчин зүйлээс хамаараад 11.4 сая тонныг л тээвэрлэнэ. Нийт дүнгээрээ УБТЗ 30.5 сая тонн ачаа тээвэрлэж, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө, 16000 мянган төмөр замчны нийгмийн баталгааг хангана. 

Сэтгэгдэл үлдээх