Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-05

Замын-Үүдийн төмөр замчид нэг хүн шиг ажиллаж, цар тахлын голомтыг хумилаа

Төмөр замын тээврийн үйл ажиллагааг цар тахлын онцгой байдлын үед тасалдуулалгүй, найдвартай үргэлжлүүлэхийн төлөө хүнд нөхцөлд ажиллаж байгаа төмөр замчдын тухай цахим сурвалжлагыг “Ган зам” сонин цувралаар нийтэлж байна. Энэ удаад мөн эрсдэлтэй орчинд, хилийн өртөөний хүнд нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж буй Замын-Үүд зангилааныхны ажил байдлыг сурвалжиллаа. 
Тус зангилааны хувьд Замын-Үүд өртөөний найм, холбооны нэг ажилтнаас ковид-19 халдвар илэрснээр арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн 16 хоног ажилтнуудыг ажлын байранд нь тусгаарлан ажиллуулжээ. Улмаар ковид-19 халдвар илэрсэн ажилтнуудын ажилласан түүхийг сумын онцгой комисст гарган өгч, ойрын болон дам хавьтлуудыг цаг алдалгүй тодорхойлсон байна. Ингэснээр ажилчдыг хавьтлаар нь ангилан гэр болон ажлын байранд тусгаарлажээ. Ажлын байранд тусгаарласан нь нэгдүгээрт ачаа тээврийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоёрдугаарт мэргэжлийн боловсон хүчний нөөцөө хадгалж үлдэх, гуравдугаарт халдвар хамгааллын дэглэмийг сахиж, орон нутгийн иргэдтэй холихгүйгээр шинжилгээнд хамруулах нөхцөлийг бүрдүүлсэн нь тээврийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлсөн байна. Дээрх хугацаанд зангилааны хэмжээнд нийт 528 төмөр замчин тусгаарлагдан ажилласан тухай тус зангилааны дарга Н.Тэнгэс ярилаа. Тэрбээр,
-Замын-Үүд зангилаа, тэр дундаа өртөө халдварын голомт болсон энэ үед бид яаралтай арга хэмжээ авч ажилласны хүчинд газар авахуулаагүй. Ажилчид тусгаарлагдсан хугацаандаа гэртээ харилгүй ажлын байрандаа амарч байсан. Бид энэ үед тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаалж хамгийн бага орон тоотой ажиллалаа. Замын-Үүд өртөө гэхэд л хоёрхон ээлжээр 88 хүн тусгаарлагдсан. Тэд тулаа буюу 12 цаг ажиллаад 12 цаг амрах хуваариар ажилласан. Гэхдээ хоёроос дээш шөнийн ээлжинд ажиллуулах нь эрсдэлтэй тул гурав дахь шөнөөс нь өмнөх өдрийн ээлжийг таллаж ажиллан шөнийн ээлжийг зөрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол авсан.Тусгаарлалтын хугацаанд нь 4-5 удаа PCR шинжилгээнд хамруулахад нэмж халдвар бүртгэгдээгүй гэлээ. 
Ийм үед ажилтнуудын сэтгэл санааг дэмжин Замын-Үүд өртөөний олон нийтийн сүлжээнд эерэг уур амьсгалтай мэдээлэл тавьж, аав, ээж нь тусгаарлалтад ажиллаж байгаа дөрвөн ажилтны хүүхдүүдэд хамт олны зүгээс гарын бэлэг хүргүүлэх зэрэг арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулжээ. Түүнчлэн, Шаргын-Овоо зөрлөгт байрлаж буй Зам засварын машинт станцын ажилтнуудаас шинжилгээ авч, халдваргүйтгэл хийсэн байна. Мөн Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостныхын 244А тоот цахилгааны дагуу “Баяндэмбэрэл” ХХК-иар өдөр бүр долоон объектийн 54 ажлын байр, үйлчилгээний гурван зааланд, хилээр нэвтрэн орж ирж байгаа зүтгүүр, вагон, чингэлэг, хөдлөх бүрэлдэхүүнд тухай бүрт нь ариутгал халдваргүйтгэл хийлгэж байгаа аж. Ажилчдын дархлааг дэмжих талд захиргаа, ҮЭ-ийн хороод анхааран ажиллаж Д, С витаминыг хүн тус бүрт өгч, тусгаарлагдан ажилласан ажилтнуудад илүү цагийн нэмэгдлийг ч олгосон байна. Зорчигч тээврийн үйл ажиллагаа бүрэн зогссон тул найман ажилтныг хөрвөн ажиллах чадварт сургаж, гэрт тусгаарлагдсан болон бага насны хүүхэдтэй, чөлөөлөгдсөн ажилтны оронд ажиллуулж байгаа ажээ. Мөн онцгой тохиолдолд ажиллуулах зорилгоор өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад, хуучин ажиллаж байсан хүмүүсийн судалгааг гаргажээ. 

Н.Тэнгэс: Халдвар авсан ажилтнууд ХӨСҮТ-д бүрэн эмчлүүлсэн
Зангилааны дарга:
-Зорчигчийн вагон депогоос манайд тусгаарлах байрыг нэмэгдүүлэх зорилгоор 18 үйлчлэгчтэй тасалгаат есөн вагон явуулсан. Тусгаарлагдан ажилласан бүх ажилчдыг “Жинчин” төвийнхөн маань өдрийн гурван хоолоор хангаж, алдагдаж буй энергийг нь нөхөх ажлыг чин сэтгэлээсээ хийлээ. Мөн худалдааны салбар цайны газруудыг хүнсээр, ажилчдыг хэрэгцээт бараа материалаар хангаж маш сайн ажиллалаа. Энэ мэтчилэн манай зангилааны нийт аж ахуйн нэгж байгууллагынхан яг л нэг хүн шиг байж ажил үүргээ гүйцэтгэсэн. Галт тэрэг солилцооны хувьд ч мөн өөрчлөлт орсон. Өртөөний 18 агент Эрээн өртөөнд 20-оод хоног тусгаарлагдан ажиллалаа. Мөн Хятадын талын 11 агент манай Замын-Үүдэд тусгаарлагдан ажилласан. Машинч нар энэ хугацаанд зочид буудал, вагон болон деподоо байрласан. Аялалд явахад нь хил хамгаалахынхантай хавьтал үүсгэхгүй байх үүднээс бүхээгийг нь битүүмжлэн лацдаад галт тэрэг солилцож байна. Одоогийн байдлаар Шадар сайдын 05 албан даалгаварт “Хил гарч ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтнуудыг тусгаарлах байранд байлга” гэсэн захирамжийн дагуу Эргэх депогийн 42 хүний бүрэлдэхүүнтэй машинч, эмч нар “Жинчин”-д байрлан ажиллаж байна. Бусад нь буюу 1300 гаруй төмөр замчин ажил-гэр маршрутаар ажиллаж байгаа. Халдвар хамгааллын дэглэмийн хувьд 14898 ам метр талбайд байнгын халдваргүйтэл хийлгэж, ээлжийг зайнаас хүлээлцүүлж, зааварчилгааг том зааланд хүн хоорондын зайг баримтлан өгч байна. Мөн халдвар хамгааллын бодис, хувцас хэрэгслийн нэг сарын нөөцийг тогтмол бүрдүүлдэг. Тусгаарлалтад ажиллах үед үйлчлүүлэгч компаниуд, аж ахуйн нэгж байгууллага, цех хамт олон, хувь хүмүүсээс тусламж дэмжлэг нэлээд ирлээ. Тухайлбал, БНХАУ-ын Эрээн өртөөнөөс Замын-Үүд өртөөнд суугаа консулын газраас болон Солонгос улсад ажиллан амьдарч байгаа манай төмөр замчдаас мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Ер нь, сум орон нутагтай нягт хамтран ажилласны үр дүнд халдварын голомтыг богино хугацаанд хумилаа. Замын-Үүд суманд ажилласан хошууч генерал Лхагважаваар ахлуулсан УОК-ын бүрэлдэхүүнд Тээвэр зохион байгуулалтын Чингэлгийн хэлтсийн дарга Алтаншагай багтаж ирсэн. Энэ хүн биднийг тусгаарлалтад байх хугацаанд мэдээ мэдээлэл, зөвлөмжөөр маш сайн хангасан. Харин халдвар батлагдсан ажилтнууд маань ХӨСҮТ-д 14 хоног эмчлүүлж, сувилалд долоо хоног амраад 25-наас гэрийн тусгаарлалтад орсон.

Г.Ганбаатар: Залуус маань ямар ч бэрхшээлийг даван туулж чадахаа харуулсан
Замын-Үүд өртөөний вагон бичигч:
-Замын-Үүд өртөөний тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд бид ажлын байрандаа тусгаарлагдан онцгой нөхцөл байдалд байнгын хяналтан дор хоёр ээлжээр ажилласан. Байгууллагын зүгээс ажилчдын эрүүл мэндэд маш сайн анхаарч, хамгаалах хэрэгсэл, байр, хоол хүнс, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр бүрэн хангаж байлаа. Цар тахлын энэ хүнд хэцүү үед бид ч ажилдаа алдаа дутагдал гаргалгүй, маш сайн ажиллах шаардлага тулгарсан. Тиймээс ч дор бүртээ халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зөвлөгөөг бүрэн биелүүлж байсан. Манай өртөөний ажил жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Ажилчдын ихэнх хувийг залуу боловсон хүчин эзэлдэг. Энэ онцгой үед залуус маань бүгд эрч хүчтэй байж, сэтгэл санаа нэгдэн ажиллахад ямар ч бэрхшээлийг даван туулж чадахаа харуулсан. Мөн бидэнд урам зориг өгч байсан удирдлагууд, нийт ажилчдадаа баярлалаа.

Ц.Гангантогос: Хүн бүр замналын дэвтэр нээгээд өдөр болгон хөтөлж байгаа
Шилжүүлэн ачих ангийн ачаа вагон хүлээлцэгч:
-Тусгаарлагдан ажиллах хугацаанд байгууллагуудын уялдаа холбоо маш сайн байсан. Удирдлагуудын зүгээс ч ажилчдаа нэн тэргүүнд анхаарч, халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн, хэрэгслээр бүрэн хангаж өгсөн. Өдөрт гурван удаа амт чанар сайтай хоол, өглөө оройдоо аарц, чацарганы шүүсээр тасралтгүй үйлчилсэн. Одоо тусгаарлалтаас гарсан хэдий ч ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулах байдал буураагүй байгаа. Энэ дашрамд УБТЗ-ын шат шатны нийт удирдлагууддаа талархал илдэрхийлье. Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг таслахгүй байх хариуцлагатай ажлыг бид гурван ээлжээр гүйцэтгэж байна. Ачаалал ч ихтэй ажиллалаа. Шилжүүлэн ачин ангийн дөрвөн талбайд нийт 130 гаруй хүн тусгаарлагдаж ажилласан. Харин одоо гэр-ажил маршрутаар ажиллаж, хүн бүр замналын дэвтэр нээгээд өдөр болгон хөтөлж байгаа.

Ж.Ганхуяг: Эрээн рүү илчит тэрэгний дөрвөн хаалгыг лацдаж явуулдаг
Замын-Үүд Эргэх депогийн I цувааны зааварлагч машинч:
-Депогийнхон арваннэгдүгээр сарын 19-нөөс хойш өнөөг хүртэл тусгаарлагдан ажиллаж байна. Машинч, туслахаар нь нэг нэг өрөөнд оруулсан. Ээлжээс бууж буй бригад илчит тэгргээ халдваргүйтгүүлсний хойно дараагийн ээлж ороход дөрвөн хаалганы гуравыг нь лацдаж байгаа. Тэгээд Монголын гааль дээр гаалийнхан үлдсэн нэг хаалгыг гаднаас нь лацдаснаар хил гардаг. Харин Хятадын тал галт тэрэг хүлээж авах хугацаа нь янз бүр байдаг. Ихэвчлэн 1-2 цаг хүлээлгэж байна. Энэ нь, Эрээн өртөөний өргөн царигийн гурав, нарийн царигийн нэг замаар галт тэрэг хүлээн авч, бүх замаа эзэлгээтэй болгож байж хил гаалийн үзлэг нь явдаг билээ. Үүнээс нь болж удаан зогсдог. Ингэсээр буцаж Замын-Үүддээ иртэл ойролцоогоор 6-7 цаг болдог. Илчит тэргэн дотор ариун цэвэрийн өрөөгүй нь л жаахан хүндрэлтэй байдаг. Бусдаар бол ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хувцас хэрэгсэл, хоол, ундны хувьд хангалттай. 

Сэтгэгдэл үлдээх