Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-03-02

Төмөр замчдын халуун сэтгэлийн хандивыг хүргэж өгөв

ЦХОБ-ын албаны Толгойт цэрэгжүүлсэн хамгаалах салааны харуул Э.Өлзийхишигийн гэр бүлд тохиолдсон харамсалтай явдалд сэтгэлийн дэм болох үүднээс Толгойт зангилааны хамт олны санаачилгаар нийт төмөр замчдын дунд хандивын аян зарласан билээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 23-нд дээрх хандивын хүрээнд цугларсан мөнгөн тусламжийг Толгойт өртөөний ҮЭ-ийн хорооны дарга О.Батдорж, Толгойт цэрэгжүүлсэн хамгаалах салааны дарга Ц.Дашзэгвэ, Толгойт өртөөний технологи сургалт хариуцсан инженер Б.Хэрлэнбат нар хүлээлгэж өглөө. Хоёрдугаар сарын 10-14-ны хооронд тав хоног үргэлжилсэн дээрх аяны хүрээнд нийт 31.293.400 төгрөг цугларсан аж. Энэ тухайд тухайн аяныг гардаж өрнүүлсэн Толгойт өртөөний технологи сургалт хариуцсан инженер Б.Хэрлэнбат фэйсбүүкийн шууд “Live” сүлжээ ашиглан хандивын дансны үлдэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм. Энэ үеэр Толгойт цэрэгжүүлсэн хамгаалах салааны харуул Э.Өлзийхишиг “Манай гэр бүлд тохиолдсон уй гашууг хуваалцаж, сэтгэлийн дэм өгсөн хамт олондоо, нийт төмөр замчдадаа халуун талархал илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн төлөө сэтгэлээ хатамжилж, илүү хичээж хөдөлмөрлөх болно. Миний гурван хүүхэд аав ээжийнхээ дэргэд байхгүй хэдий ч сэтгэл зүрхэнд минь үүрд амьд сэрүүнээрээ байх болно. 
Ийм харамсалтай зүйл өөр гэр бүлд хэзээ ч бүү тохиолдоосой” гэв. Төмөр замчид тухайн гэр бүлийг орон сууцтай болгох зорилт тавьж буй бөгөөд ЦХАОБ-ын алба болон түүний харьяа ангиудаас 11 сая 487 мянган төгрөг, Зорчигчийн вагон депогийн хамт олон 9 сая 386 мянган төгрөг хандивлан тухайн гэр бүлд туслах сайн үйлсийн аяныг үргэлжлүүлсээр байна.

Сэтгэгдэл үлдээх