Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-19

Төмөр замын төв эмнэлэгт амьсгалын хоёр аппарат хандивлав

БНХАУ-ын Тээврийн яам болон Монгол Улсын ЗТХЯ-ны сайд нарын цахим уулзалт өнгөрсөн оны сүүлчээр болсон билээ. Энэ үеэр БНХАУ-ын тал Монгол Улсын ЗТХ-ийн сайд Л.Халтарын хүсэлтээр улаан загалмайн нийгэмлэгээрээ дамжуулан УБТЗ-ын Төв эмнэлэгт амьсгалын хоёр аппарат хандивлахаар болсноо мэдэгдсэн юм. 197 сая төгрөгийн үнэ бүхий уг амьсгалын аппаратуудыг гардуулах ёслол өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт УБТЗ-ын Удирдах газарт боллоо. Ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайд Л.Халтар, БНХАУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх Жан Мүшинь, УБТЗ-ын I орлогч дарга И.В.Милостных, Монголын Улаан Загалмайн үндэсний нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтар “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас “тэвдэж явахад тэвнээр тусла” гэсэн ардын сайхан үг бий. Дэлхий нийтэд цар тахлын аюул нүүрлэсэн энэ үед халуун сэтгэлийн тусламжаа хүргэж буй хөрш орны Тээврийн яамны хамт олон болоод нийт улаан загалмайчдад халуун талархал илрэхийлье” гэв. Мөн энэ үеэр Монголын Улаан загалмайн үндэсний нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Дэлхий нийтэд цар тахал дэгдсэн энэ хэцүү үед Зүүн Азийн таван Улаан загалмайн нийгэмлэг бие биенээ дэмжиж, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж байна. Тэр дундаас манайх Хятадын Улаан загалмайн нийгэмлэгтэй илүү ойрхон ажилладаг. Хамтын ажиллагааныхаа хүрээнд энэ удаа Хятадын УЗН-ээс бидний  хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж 908.500 юанийн буцалтгүй тусламжийг үзүүлж байгаа. Үүний дотор энэхүү хоёр аппарат багтсан бөгөөд “Төв эмнэлгийн хамт олонд гардуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг удаа дараа илэрхийлсэн юм. Тиймээс МУЗН-ийн үйл ажиллагааг үргэлж дэмждэг төдийгүй төмөр замд гарсан цар тахлын голомтыг богино хугацаанд амжилттай дарж чадсан нийт төмөр замчдад халуун талархал илэрхийлье. Цаашид бидний үйл ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Төгсгөлд нь, БНХАУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх Жан Мүшинь Хятад улсад цар тахлын дэгдэлт эрчимжсэн цаг үед Монголын ард түмэн 30 мянган хонь бэлэглэснийг онцлон тэмдэглээд хэцүү бэрх цаг үеийг хөрш орнуудын найрсаг харилцаа, хамтын хүчээр давна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээ. Энэхүү амьсгалын аппаратыг хандивласнаар эмнэлгийн тусламж үйлчилгээг төмөр замчдад цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж, олон хүний амь насыг аврах боломж бүрдлээ. 

Сэтгэгдэл үлдээх