Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-12

Гарам - Эрсдэлтэй цэг

Төмөр замын гарам, өртөө, хоорондын замд аюултай бүсийн дэглэм зөрчиж галт тэрэг яаралтай тоормос хийсэн, тээврийн хэрэгсэл, хүн, мал дайруулсан, шүргэгдсэн зэрэг осол дутагдлын тоо буурахгүй байгаа нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж байна.
Тухайлбал, Замын хэмжээнд өнгөрсөн 2020 онд төмөр замын аюултай бүсийн дэглэм зөрчигдөж зам дээр хүн байснаас галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон тохиолдол 89, торон хашаанд мал орсноос галт тэрэг яаралтай тоормослосон тохиолдол 29 удаа гарлаа. Үүнээс гадна төмөр замын гарман дээр тээврийн хэрэгсэл оворгүй зогссон, гармын хориглосон заалттай дохио дайрсан, галт тэрэгний өмнүүр гармын хаалт сүлжиж гарсан, галт тэргэнд тээврийн хэрэгсэл мөргүүлсэн, дайрагдсан, гармын төхөөрөмж байгууламж гэмтээсэн, гарман дээр мал, эд юмс байсан зэрэг 157 тохиолдол бүртгэгдсэнээс галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон тохиолдол 50 удаа, галт тэргэнд автомашин дайрагдсан тохиолдол найман удаа гарсан нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон иргэд, байгууллагад өндөр эрсдэлийг үүсгэж байна. 
Иймд иргэд, тээврийн хэрэгсэл эзэмшигчид “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийг сахих, өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа эрсдэлийг бууруулж “ЗОГС,ХАР,СОНС” уриаг амьдралынхаа хэвшил болгож, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.
Тээврийн хяналтын албаны салбар зам хариуцсан байцаагч Х.Мөнхболд

Сэтгэгдэл үлдээх