Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-19

2014 оноос хойш 205 төмөр замчинд орон сууцны дэмжлэг үзүүллээ

-Сүүлийн жилүүдэд “Хамтын гэрээ”-ний дагуу урт хугацааны зээлээр орон сууц худалдан авсан төмөр замчдад Замын захиргаанаас мөнгөн дэмжлэг үзүүлж байгаа. Энэ хугацаанд хэдэн төмөр замчинд мөнгөн дэмжлэг үзүүлэв? 
-Монгол Улс зах зээлийн системд шилжсэнээс хойш иргэд өмч хөрөнгөтэй болох хэрэгцээнд тулгуурлан орон сууцны зээлийн тогтолцоо үүссэн. Төмөр замчдын орон сууцны эрэлт хэрэгцээг хангах зорилгоор 2009 оноос “УБТЗ-ын ажилтнуудыг банкны зээлээр орон сууцжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд 2014 оноос жил бүр 20 ажилтанд, 2018 оноос жилд 40 ажилтанд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүлж байгаа. Байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү 4.0 сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг банкны урт хугацааны ипотекийн зээлээр орон сууц худалдан авсан ажилтанд Замын даргын тушаалаар баталсан журмын дагуу олгодог. Энэ хугацаанд нийт 80 гаруй алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгжийн 823 ажилтан өргөдөл, хүсэлт ирүүлснээс 205 ажилтан мөнгөн дэмжлэгт хамрагдсан байна.
-Олон төмөр замчнаас орон сууцны дэмжлэг авах хүсэлт ирдэг байх. Ямар үзүүлэлтүүдийг шалгуур болгодог вэ?
-Жилд дунджаар 150-180 гаруй ажилтан өргөдөл, хүсэлт ирүүлдэг. 2020 онд Орон сууцны төв комисст 164 ажилтны өргөдөл материалыг хүлээн авсан. Үүнээс журмын дагуу шалгуур үзүүлэлтийг оноогоор дүгнэж, 40 ажилтанд шинэ оны өмнөхөн олгосон. 2020 онд “Зээлийн орон сууц анх удаа худалдан авсан ажилтанд мөнгөн дэмжлэг үзүүлэх нийтлэг журам”-д холбогдох нэмэлт өөрчлөлтийг тусган, шинэчлэн боловсруулж, Замын даргын А-724 тоот тушаалаар баталсан. Ажилтан ямар шалгуурыг хангасан байх, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар энэ журамд маш тодорхой заасан. Хүсэлт гаргахын өмнө журмаа сайн уншиж танилцаад 2.1-д заасан шалгууруудыг хангаж байвал бичиг баримтуудаа бүрдүүлэх нь зүйтэй байна. Үүнд:
-Байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажилладаг байх;
-Орон сууц хувьчилж аваагүй байх;
-Сахилгын зөрчил гологдол гаргаагүй байх;
-Өмнө нь УБТЗ-ын орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдаагүй байх;
-Зээлийг орон сууцны зориулалтаар авсан байх;
-Ажилтан өөрөө үндсэн зээлдэгч байх;
-Анх удаа зээлээр орон сууц худалдан авсан байх зэрэг нөхцөлийг гол шалгуур үзүүлэлтүүд болдог.
-Уг мөнгөн дэмжлэгийг авах хүсэлтэй, орон сууц худалдаж авсан төмөр замчид цаашид юуг анхаарах вэ? 
-Энэхүү мөнгөн дэмжлэгт хамрагдахыг хүсвэл Замын даргын тушаалаар батлагдсан журмын дагуу бичиг баримтаа бүрэн гүйцэд, үнэн зөв бүрдүүлж ирүүлэх л чухал. Манайхан УБТЗ-ын орон сууц хувьчилж авсан мөртлөө төрөөс аваагүй гэдэг. Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу Засгийн газрын тогтоол шийдвэрийн үндсэн дээр хувьчилж авсан тул дээрх шалгуурыг хангахгүй гэсэн үг. Мөн ажилтан анх удаа орон сууц урт хугацааны зээлээр худалдан авсан байх шаардлага тавьж байгаа. Өөрийн нэр дээр орон сууцтай байгаад худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн, хамтран өмчлөлтэй, өмчлөлөөс өөрчлөгдсөн бол өмнө нь орон сууцтай байсан гэж үзнэ. Харин эцэг, эхийнхээ байрны хувьчлалд хамтран өмчлөгчөөр орсон байгаад өрх тусгаарласан бол холбогдох тайлбар, нотлох баримтыг үндэслэн хүлээн авна.
Хэдийгээр ажилтан хэдэн удаа өргөдөл, хүсэлт ирүүлж болохыг тодорхой хязгаарлаж заагаагүй ч журмын 2.1-д заасан шалгуурыг хангаагүй, бичиг баримтын бүрдэл дутуу бол мөнгөн дэмжлэгт хамрагдах боломжгүй гэдгийг ойлгож, материалаа няхуур сайн бүрдүүлэх хэрэгтэй.
-Энэхүү мөнгөн дэмжлэг олгох заалт нь “Хамтын гэрээ”-нд тусгагдахаас өмнө орон сууц худалдан авч, одоо зээлээ төлж байгаа болон төлж дууссан төмөр замчин хамрагдах боломжтой юу?
-Ипотекийн зээлд хамрагдсан хугацааг хязгаарлахгүй байгаа. Ер нь, Монгол Улсад 2000 он гараад л орон сууцны зээлийн тогтолцоо хөгжсөн. Орон сууцны зээлээ төлж дууссан тохиолдолд мөнгөн дэмжлэгт хамрагдах боломжгүй. Иймд зээлийн хэмжээ, үлдэгдэл дүн болон эргэн төлөлт хэвийн хийгдэж байгаа эсэх тухай зээл олгогч байгууллагын тодорхойлолтыг эх хувиар ирүүлэхийг шаарддаг. 
-Аж ахуйн нэгж байгууллага, ҮЭ-ийн хороод ажилтнууддаа энэ дэмжлэгт хамруулахын тулд юун дээр анхаармаар байдаг вэ?
-Байгууллагад ажилтны өргөдөл материалыг хүлээн аваад хүний нөөцийн ажилтан журмын дагуу сайтар нягтлан шалгаж, хэрэв 2.1-д заасан шалгуурт тэнцэхгүй, бичиг баримтын бүрдэл дутуу бол журмын шаардлага хангахгүй байгааг ил, тодорхой хэлж тайлбарлан, буцаах нь зүйтэй. Зарим байгууллага ажилтны бичиг баримт дутуу, үндсэн шалгуурыг хангахгүй байхад 2-3 жил дараалан явуулдаг. Үүний цаана ажилтанд “Би дэмжлэг авах боломжтой юм байна” гэдэг хүлээлт үүснэ. Мөнгөн дэмжлэг үзүүлэх ажил хэрэгжиж эхлээд долоон жил үргэлжилж байгаа тул ихэнх байгууллагын захиргаа бичиг баримтыг бүрдүүлж хэвшиж байна. Гэхдээ зарим салбар нэгж нь ажилтны болон байгууллагын бичиг баримтны бүрдэлтэд хариуцлагагүй хандаж байгааг хэлэхээс өөр аргагүй байна. Тухайлбал, 
-Журмын 2.4.1-д заасны дагуу ажилтны ажил байдал, амьдрал ахуй, сахилгын арга хэмжээ авагдсан эсэхийг дэлгэрэнгүй тодорхойлохгүй, ганц хоёр өгүүлбэр бичдэг. Эсвэл огт ирүүлэхгүй байна. 
-Ажилтны цалин орлогыг дундаж цалин хөлс тооцох журмын дагуу тодорхойлохгүй, үндсэн цалингаар нь эсвэл цалингийн карт хавсаргаж байгаа нь өрхийн орлогыг зөв тооцоолоход хүндрэл учруулдаг.
-Ажилтны эхнэр, нөхрийн бичиг баримт, цалин орлогыг үнэн зөв ирүүлдэггүй.
-УБТЗ-д тасралтгүй ажилласан жилийг холбогдох журмын дагуу үнэн зөв тодорхойлохгүй, нотлох бусад баримт дутуу гэсэн шалтгаанаар буцаагдаж байна.
-Байгууллагын хүний нөөцийн менежерүүд ажилтны бичиг баримтыг журмын дагуу нэг бүрчлэн хянан шалгаж бүрэн гүйцэд, үнэн зөв бүрдсэн тохиолдолд Орон сууцны төв комисст ирүүлэх нь зүйтэй. Үүн дээр цаашид анхаарч, аль болох ажилтныг чирэгдүүлэхгүй, хохироохгүй байх хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх