Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-12-16

Аравдугаар сард бүтээмжийн дээд амжилт тогтоожээ

Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэр нь энэ оны эхний 11 сарын байдлаар 138064 ширхэг бетон дэр үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө 103 хувиар биелүүлжээ. Тус үйлдвэрийн хамт олон замын их засвар (68 км)-т шаардлагатай 125500 ширхэг бетон дэрийг хугацаанд нь нийлүүлсэн. Үүний зэрэгцээ Замын ангиудын захиалгаар 1153 шоометр гүүр хоолойн бетон хийц, явган замын хавтан, бордюр, зуутын шон, холбооны шон, барилгын суурийн гулдмай зэргийг үйлдвэрлэн нийлүүлсэн байна. Мөн төмөр замын арван аж ахуйн нэгжийн тохижилтын ажилд зориулж, 40х40 хэмжээтэй блок 15229 ширхгийг үйлдвэрлэн нийлүүлсэн аж. Энэ онд тус хамт олон үйлдвэрийн түүхэн дээд амжилтыг тогтоожээ. Тухайлбал, аравдугаар сард 18576 ширхэг бетон дэр үйлдвэрлэсэн нь сарын бүтээмжийн дээд амжилт болсон бол арваннэгдүгээр сард үйлдвэрлэсэн 13760 ширхэг бетон дэрээс нэг ч чанарын гологдол гаргалгүй ажилласан байна. Одоо тус үйлдвэрийн хамт олон Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд 76 мянган бетон дэр үйлдвэрлэн нийлүүлэхээр ажиллаж байна. Замын захиргаанаас дээрх тооны дэрийг энэ оны аравдугаар сараас 2021 оны хоёрдугаар сарын 19-ний хооронд үйлдвэрлэн нийлүүлэх үүрэг даалгавар авчээ. Үүний тулд ажлын зургаан өдөрт шилжжээ. Үйлдвэрийн хамт олон төлөвлөгөөт даалгавраа биелүүлэхийн зэрэгцээ “Ажлын байрны 5С соёл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавьжээ. Энэхүү ажилд ажилтан бүр идэвх санаачилга гарган одоогийн байдлаар 10 ажлын байранд 1-3С-ийг бүрэн хэрэгжүүлж, гэрчилгээгээ аваад байна.

Сэтгэгдэл үлдээх