Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-12-10

Төмөр замын тээвэр тасралтгүй үргэлжилнэ

Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных УБТЗ-ын өнөөгийн байдал, онцгой нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй шуурхай ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, УБТЗ-ын 15622 ажилтан өнөөдрийн (арваннэгдүгээр сарын 23-ны) байдлаар коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, хүндэтгэн үзэх шалтгаантай 315 ажилтан ойрын хугацаанд шинжилгээнд бүрэн хамрагдаж дуусна. Одоогийн байдлаар 460 гаруй төмөр замчин тусгаарлалтад орсон, хатуу хөл хорионы улмаас шугам замын өртөө зөрлөгийн 328 төмөр замчин Улаанбаатарт, шугам замаас 192 төмөр замчин хот руу орж ирж чадахгүй байдалтай байна.  Эдгээр ажлын байрандаа очиж чадахгүй байгаа төмөр замчдын ажил үүргийг хэн нэгэн хүн гүйцэтгэх ёстой. Тиймээс төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс бид хэд хэдэн стандарт бус арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд тэтгэвэрт гараад удаагүй байгаа туршлагатай ахмад ажилтнуудыг татан ажиллуулах зохион байгуулалтыг хийгээд байна. Хэрэв цаашид ажиллах хүч шаардлагатай болбол яах вэ гэдэг үүднээс Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт зарим тушаал шийдвэрт өөрчлөлт оруулах зөвшөөрөл хүссэн. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл ТЗДС-ийн төгсөх курсийн оюутнуудаас шалгалт авч ажиллуулах арга хэмжээг авахаар төлөвлөж байна. УБТЗ-ын хамт олон энэ амаргүй цаг үед Монгол Улсын амин чухал хэрэгцээт бараа бүтээгдэхүүний тээвэр буюу хүнс, эм, эмнэлгийн хэрэгслүүд, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ямар нэгэн сааталгүй цаг хугацаанд нь хүргэж байна. Түүгээр зогсохгүй Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд цар тахал нүүрлэсэн энэ цаг үед бид тээврийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллаж байна. Оны эхнээс ачаа тээврийн төлөвлөгөөг 110 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 111 хувиар биелүүлэн ажиллаж байна. Төмөр замчдын хөдөлмөрийн бүтээмж 108 хувийн биелэлттэй явна. Төмөр замчид тусгаарлалтад орсон, коронавирусийн шинжилгээ өгөх зэрэг шалтгаанаар төмөр замын тээврийн тасралтгүй ажиллагаа саатсан зүйл байхгүй. Төмөр замын тээврийн үйл ажиллагаа 24 цагаар тасралтгүй хэвийн үргэлжилж байдаг онцлогтой. Үүссэн нөхцөл байдал бүрт бид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Ганцхан жишээ хэлэхэд, Улаанбаатар өртөөний бараг бүх удирдлага тусгаарлалтад орсон. Тиймээс өнөөдөр (энэ сарын 23-нд) гэхэд Тээвэр зохион байгуулалтын албаны дарга өөрийн биеэр тус өртөөний тээврийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна. Ийм байдлаар төмөр замчид тээврийн хэвийн үйл ажиллагааг найдвартай ханган ажиллаж байна. Энэ дашрамд дурдахад, цар тахлын улмаас төмөр замчид тусгаарлалт, хөл хорионд орсон, гэрээсээ ажиллаж байгаа амаргүй цаг үед Замын захиргаанаас нийт төмөр замчдын арваннэгдүгээр сарын цалин хөлс, урамшууллыг бүрэн олгохоор шийдвэрлэсэн хэмээлээ.

Сэтгэгдэл үлдээх