Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-04-08

Д.Батмөнх: Оны эхний улиралд тээврийн төлөвлөгөө давж биелсэн

-Он гарсаар цаг үеийн нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Гэхдээ төмөр замчид тээврийн тасралтгүй хэвийн ажиллагааг ханган ажиллаж байгаа. Эхний улирлын үр дүнгээс танилцуулна уу? 
-Төмөр замчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Төмөр замчид бид амаргүй цаг үед тээврийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Үүний үр дүнд оны эхний улирлын тээврийн үндсэн үзүүлэлтүүдийн дийлэнх нь төлөвлөснөөс давж биелсэн үзүүлэлттэй байна. 
Тухайлбал, ачилтыг 1118 вагоноор буюу төлөвлөгөөг 101.7 хувиар ба нийт 6207.6 мянган тонн ачаа ачуулж, өнгөрсөн оны мөн үеэс 570.5 мянган тонноор давуулан биелүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11.6 хувиар өссөн дүн юм. Хоногийн буулгалтын төлөвлөгөө 100.6 хувиар биелсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30.5 хувиар өссөн үзүүлэлт. Хүлээн авсан ачаатай вагон /хоногийн дунджаар/-ны төлөвлөгөө 103 хувь буюу өмнөх оны мөн үеэс 58 хувиар нэмэгдсэн. Хүлээлгэн өгсөн ачаатай вагоны төлөвлөгөө 100 хувиар буюу өмнөх оны эхний улирлаас 15.4 хувиар давж биелсэн. Статик даацыг 61.7 тонноор буюу төлөвлөгөөг 100.4 хувиар биелүүлсэн. Энэ нь өмнөх оноос 0.2 хувиар өссөн дүн болж байна.
-Эхний гурван сард нийтдээ хичнээн тонн ачаа тээвэрлэв?
-Нэгдүгээр улиралд нийт 8132.7 мянган тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөө 102.3 хувиар биелсэн байна. Өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 14.7 хувийн өсөлт гарсан. Тээвэрлэсэн нийт ачааны бүтцийг авч үзвэл эхний гурван сард импортын ачаа өмнөх оноос 44.3 хувиар өссөн. Харин экспортын ачааны төлөвлөгөө 101.7 хувиар биелсэн ч өмнөх оны гүйцэтгэлээс 8.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Транзит ачаа 1037.0 мянган тонн буюу төлөвлөснөөс 1.7 хувиар өссөн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 23.7 хувиар давсан үзүүлэлт боллоо.
-Ачаа эргэлтийн хувьд ямархуу дүнтэй байна вэ?
-Эхний улирлын байдлаар ачаа эргэлт 4657.3 сая тонн буюу төлөвлөгөө 100.8 хувийн гүйцэтгэлтэй. Өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар хурдассан. Үүн дотор транзит ачааны эргэлтийн хувьд 101.7 хувиар биелсэн нь өмнөх оны нэгдүгээр улирлаас 23.7 хувиар өссөн дүнтэй байна. 
-Бусад чанарын үзүүлэлтүүдэд хэр өсөлт гарсан бол...?
-Ачааны нэг ажиллагаан дахь вагоны сул зогсолт 103.2 хувь буюу өмнөх оны эхний гурван сараас 2 хувиар буурсан. Хэсгийн хурд 43.35 км/цаг буюу төлөвлөгөө 103.9 хувиар биелсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 хувиар, техникийн хурд 51.08 км/цаг буюу 100.8 хувь буюу өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 0.8 хувиар хурдассан гэсэн үг.
Харин вагон эргэлтийн хувьд өмнөх оны мөн үеэс удааширсан байна. Энэ оны эхний гурван сарын дунджаар вагон эргэлт 3.80 хоног байна. Өмнөх оны эхний улиралд энэ үзүүлэлт 3.26 хоног байсан байна.
Галт тэрэгний дундаж жин 3273 тонн буюу төлөвлөгөө 100.7, зүтгүүрийн хоногийн дундаж гүйлт 591 км буюу төлөвлөгөө 99.6 хувиар тус тус биелсэн нь өмнөх оноос 0.7-0.8 хувиар буурсан үзүүлэлт боллоо.
Зүтгүүрийн бүтээмжийн төлөвлөгөөний биелэлт 99.9 хувь байгаа ч өмнөх оноос 0.6 хувиар сайжирсан үзүүлэлт юм. Харин вагоны бүтээмж 100.6 хувиар биелсэн ч өмнөх оноос нэлээд буурсан байна. Вагоны бүтээмж одоогоор 7926 цэвэр тонн/км байгаа бол өмнөх оны мөн үед энэ үзүүлэлт 11017 цэвэр тонн/км байжээ.
Энэ оны эхний гурван сард 15825 ачааны галт тэрэг явсан нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 1374 галт тэргээр өссөн дүн юм.
-Энэ оны төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл бий юу. Ялангуяа, хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээ хэр байгаа вэ?
-Төлөвлөгөөт зорилтуудыг биелүүлэхийн тулд энэ онд тээвэр зохион байгуулалтын болон хөрөнгө оруулалтын чиглэлээр авч хэрэгжүүлэх, хүндрэлтэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор техникийн зөвлөлийн хурлыг товлон хуралдуулсан. Тулгамдсан асуудлаа Замын удирдлагад танилцуулж, дэмжлэг аваад байна. Хуралд тавигдсан асуудлуудын шийдлийг гаргах комисс болон туршилтын аяллуудыг дөрөвдүгээр сарын 10-ны дотор хийж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Хүндрэлтэй байгаа бас нэг асуудал нь Эрээн-Замын-Үүд өртөөд хоорондын галт тэрэг солилцоо. Эхний улирлын байдлаар өнгөрсөн онтой харьцуулахад 31 галт тэрэг дутуу өгсөн ба хоногт 13.78 галт тэрэг солилцсон дүнтэй байна. Галт тэрэг солилцооны хоногийн дундажийг 14.5 галт тэрэгт хүргэхээр зорьж байна. Хөдлөх бүрэлдэхүүний хувьд төлөвлөгөөт зорилтуудыг биелүүлэх боломжтой.
-Өнгөрсөн онд транзит чингэлгийн галт тэргийг оны эхэнд 2000-д хүргэнэ гэсэн зорилт тавьж, уг зорилтоо давуулан биелүүлсэн. Энэ онд транзит чингэлгийн галт тэрэг хэр өсөх бол... Урьдчилсан таамаглал?
-Өнгөрсөн оны эхэнд бид 2020 галт тэрэг аялуулахаар зорилтоо тодорхойлж ажилласан. Энэ зорилтоо биелүүлж, 2312 транзит чингэлгийн галт тэрэг аялуулсан. Энэ жил бид 2500 транзит чингэлгийн галт тэрэг аялуулахаар зорьж байна. Энэ тоо өсөх боломжтой. Бидэнд галт тэргээ аялуулах талаар хөрш замуудаас захиалгууд орж ирж байна. Гэхдээ түрүүн хэлсэн Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцоотой шууд хамааралтай болоод байна. 
-Цаг үеийн нөхцөл байдлаас харилцагч, үйлчлүүлэгч байгууллагуудын захиалга нэмэгдэж байна уу? Эсвэл...? 
-Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ачаа тээврийн хэмжээ буурах болов уу гэж таамаглаж байсан боловч тэгсэнгүй. Харилцагч, үйлчлүүлэгч байгууллагуудын захиалга улам нэмэгдсэн. Тэр дундаа экспортын ачааны захиалга өндөр байна. Бид экспортын захиалгын дөнгөж 50 хувьд хүрэхтэй үгүйтэйг тээвэрлэж чадаж байна. Энэ нь бид захиалга бүрийг хангаж, ачуулж, тээвэрлэж чадахгүй байна гэсэн үг биш юм. Шалтгаан нь нөгөө л галт тэрэг солилцоо. Эрээн өртөөнд 20 хүртэл галт тэрэг солилцох саналыг сүүлийн жилүүдэд байнга тавьж байгаа ч асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна. Бээжин болон Хөх хотын төмөр замтай энэ талаар байнга л уулзалт зөвлөгөөн хийж байгаа боловч олигтой үр дүнд хүрэхгүй л байна. 
-Тээврийн чанарын чухал үзүүлэлтүүдийн нэг  зурмагийн биелэлт шүү дээ. Оны эхний улиралд галт тэрэгний зурмагийн биелэлт хэр байв?
-Зурмагийн дүнг өнгөрсөн Баасан гарагт цахимаар хэлэлцлээ. Гуравдугаар сарын хувьд ачааны галт тэрэгний явуулалтаар зурмагийн долоо, өнгөрүүлэлтээр 80 тасалдал бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх оны гуравдугаар сартай харьцуулахад явуулсан галт тэрэгний тоо 803 нэгжээр нэмэгдэж, зурмагийн тасалдал 12 нэгжээр буурсан, зурмагийн биелэлтэд 0.1-0.3 хувийн ахиц гарсан харагдаж байна. Галт тэргэний тасалдлыг эхний улирлаар нь авч үзвэл, тасалдлын тоо 48 нэгжээр буурсан. Харин нийт аялсан галт тэрэгний тоо 1374 нэгжээр нэмэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны эхний улиралд 301 тасалдал гарч байсан бол энэ оны эхний улиралд 253 болж буурсан байна. Ингэж Замын хэмжээнд аялсан галт тэрэгний тоо өссөн байхад эсрэгээрээ зурмагийн тасалдал буурч байгаа нь төмөр замчид энэ оны тээврийн төлөвлөгөөт зорилтоо биелүүлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна.  
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх