Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-02-24

Төмөр замчид явган эргүүлд гарч, үүргээ хариуцлагатай гүйцэтгэв

Энэ сарын 10-ны өдрийн Засгийн газрын 27 дугаар тогтоолоор цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хоёрдугаар сарын 11-ний 06.00 цагаас 23-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн билээ. Энэ хугацаанд төрийн албан хаагчдыг иргэдийн хөдөлгөөн зохицуулах явган эргүүлээр ажиллууллаа. Үүнд УБТЗ-ын Улаанбаатар хот дахь 22-50 насны төмөр замчид ч эргүүлд гарсан бөгөөд эхний өдөр буюу хоёрдугаар сарын 11-нд /битүүн/ нийт 2000 төмөр замчин үүрэг гүйцэтгэсэн байна. Харин шинийн нэгнээс эхлэн эмэгтэйчүүдийг эргүүлд гаргахгүй байх тухай УОК-ын шийдвэр гарч, өнөөг хүртэл 870 эрэгтэй төмөр замчин 08.00-15.00, 15.00-22.00 цагийн хооронд ээлжээр үүрэг гүйцэтгэлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын хэсгийн дэд хэсэгт УБТЗ-ын удирдах арван ажилтан холбогдох цагдаагийн байгууллагуудтай хамтран төмөр замчдыг эргүүлд гарах, хяналт тавих зохицуулалтыг хийн ажиллав. Төмөр замчид ч үүргээ нэр төртэй биелүүлж, тухайлбал Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт согтуугаараа гадаа унтаж байсан иргэдийг явган эргүүлд гарсан төмөр замчид олж илрүүлэн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан цөөнгүй тохиолдол гарлаа. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Дарь эхийн шинэ буудал орчимд явган эргүүлд гарсан Их барилга хөрөнгө оруулалтын хэлтсийн инженер Д.Энхбат, ЦХОБА-ны ерөнхий нягтлан бодогч Д.Шийрэвжанцан нарыг тус дүүргийн Цагдаагийн газраас “Хүний амь нас аварч, сайн ажиллалаа” гэсэн эерэг мэдээллийг цахим сүлжээнд нийтлэв. Үүний дагуу тэр хоёртой уулзаж, сайн үйлсийнх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. Д.Энхбатын хувьд 2011 оноос хойш УБТЗ-д ажиллаж байгаа ажээ. Анх төмөр замын Барилга үйлдвэрийн нэгдэлд инженер, мастераар ажиллаж байгаад 2014 оноос Их барилга хөрөнгө оруулалтын хэлтэст инженер-байцаагчаар ажиллаж байгаа гэнэ. Харин Д.Шийрэвжанцан УБТЗ-д 2003 оноос хойш ажиллаж байгаа юм байна.
-Хэзээнээс энд эргүүлд гарч байна вэ?
Д.Энхбат: -Битүүний өглөөнөөс хойш Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Шийрэвжанцан бид хоёр өдөр бүр 06.00-15.00 цаг хүртэл эргүүлд гарч байна. Уг нь, бид хоёр 25 дугаар хорооны “Ногоон төгөл” хотхонд амьдардаг. “Өглөө эрт хувийн машинаар цагдаа нар явуулахгүй байна, гэрийнхээ ойролцоо гаръя” гэсэн хүсэлтээ цагдаад хэлтэл “Танай хороонд эргүүлд гарах хүн олон. Харин 27 дугаар хороонд хүн хүч дутаад байна. Та хоёр эндээ л гарахаас өөр арга алга. Хувийн машинаараа баримт бичгээ үзүүлээд яв” гэж хэлсэн. Гэр хороолол болохоор хүний хөдөлгөөн багатай байна. Шаардлага тавихад ч хүлээж авах нь харьцангуй гайгүй юм.
-Та нарыг хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад тустай үйл хийлээ гэж Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас мэдээ гаргасан байна?
Д.Шийрэвжанцан: -Энэ сарын 18-ны өдөр үүргээ гүйцэтгэж байтал 7-8 орчим насны хүүхэд дагуулсан хоёр эмэгтэй хүн алхаж явсан. Саатуулаад хаашаа явж буйг нь асуутал “Хүү маань Эх нялхсын эмнэлэгт нүдний яаралтай хагалгаанд орох ёстой. Цаг нь болох гээд байдаг. Гэтэл автобус явахгүй цаг таарч, бас хувийн машин явуулахгүй байгаа болохоор алхаад явж байна. Хоцорсон ч эмнэлэг хүлээж авах байх гэж л найдаж явна” гэж хэлсэн. 
-Ямар арга хэмжээ авсан юм бэ?
Д.Энхбат: -Бидэн дээр иртлээ гурван ч буудал газар алхсан юм билээ. Эмнэлэг хүртэл хол учир хүйтэнд яаж цааш нь алхуулах вэ дээ. Алхвал маш их хугацаа орно, дээр нь яаралтай хагалгааны цагтаа амжихгүй. 
Д.Шийрэвжанцан: -Эргүүлд гарч буй хүмүүсийн дундын групп чат байдаг юм. Уг чатдаа тэр гурвын зургийг байршуулж, учрыг нь тайлбарлан биднийг хариуцдаг цагдаагийн хошууч н.Эрдэнэбатад утсаар хэлсэн. Төдөлгүй Сүлд-116 чиглэлд үүрэг гүйцэтгэж явсан эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Оюунболд, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Найдандорж нар ирээд эмнэлэг рүү аваад явсан. Ээж нь хүүхдээ аваад хэвтэх бичиг, халуун савтай цай, хоол барьчихсан байсан.
Д.Энхбат: -Тэр гурав маш их баярлаж байна лээ. “Өвчин зовлонтой, унаа тэрэггүй явахад тусалсан та нарт баярлалаа” гэж хэлсэн.
-Үүрэг гүйцэтгэж байхад иргэд шаардлага биелүүлж байна уу?
Д.Энхбат: -Нэг үеэ бодвол хүмүүс ёс зүйтэй болж байна. Шаардлага тавихад бүрэн биелүүлэх юм. Орон сууцны хорооллынхон л шаардлага биелүүлэхгүй байгаа дуулдсан. 
Д.Шийрэвжанцан: -Дэлгүүр, эмийн сан нээлттэй болохоор иргэд үйлчлүүлэх нь зайлшгүй л дээ. Гэхдээ хүүхдүүдийг бид гадуур явуулахгүй байгаа. Иргэдийн зарим нь PCR шинжилгээг хэзээ, хаана өгөх гэхчилэн мэдээлэлгүй байдаг. Бидэнд цагдаагаас тухайн өдөр хаана юу ажиллах, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г өнөөдөр аль дүүрэгт авч байгаа зэрэг мэдээллийг өгдөг. Үүнийх нь дагуу иргэдэд мэдээлэл өгч, Баянзүрх дүүрэгт шинжилгээ аваагүй бол хэлээд буцааж байна. Хааяа нэг “Би явмаар байна, шинжилгээ өгнө” гэж зүтгэх, уурлах хүн таарах л юм.
Д.Энхбат: -Уг нь, нэг үеэ бодвол дүүрэг, хороод фэйсбүүк групптэй болчихсон. Тиймээс тэр групп чатаар дүүргээс ирсэн нийслэлийн Засаг даргын болон УОК-ын захирамжийг иргэдэд танилцуулахад ойлгож байгаа. 
-Цагаан сараар иргэдийн хөдөлгөөн хэр байв?
Д.Шийрэвжанцан: -Ер нь, харьцангуй гайгүй байлаа. Иргэд байгууллагын тодорхойлолт үзүүлдэг ч заримынх нь шаардлага хангадаггүй. Шинжилгээний бичиг шаардахад нэг, хоёр сарын өмнө өгч хугацаа нь дууссан хүн олон байсан. 
-Цагдаагийнхан “Төмөр замчид маш сайн, хариуцлагатай ажилладаг” гээд ам сайтай байна. Та хоёр ч үүнийг нь бас баталлаа?
Д.Шийрэвжанцан: -Баярлалаа, цагдаа нар бидэнд талархал илэрхийлсэн. Өчигдөр /хоёрдугаар сарын 18/ гэхэд л нийслэлийн Гамшгийн штабаас дөрвөн хүн ирээд “Манай төмөр замынхан маш сайн ажиллаж байгаа. Та хоёртой зургаа даруулъя” гээд хамт зургаа авахуулсан. Өнөөдөр бас цагдаагийн нэг хурандаа явган эргүүлүүдийг шалгаж яваад бид хоёр дээр ирээд талархал илэрхийлсэн. Төмөр замаас бидэнд “УБТЗ ХНН, зохицуулагч” гэсэн бичиг, логотой таних тэмдэг хийж өгсөн болохоор бусад эргүүлээс ялгарч, цагдаа нарт танигдаж байна. Бид хоёрын ойролцоо Зорчигчийн вагон депогийн Аж ахуй, тоног төхөөрөмжийн цехийн шавар будагчин Х.Эрдэнэбулган, мөн Вагон засварын цехийн мужаан Г.Оюунболд нар үүрэг гүйцэтгэж байгаа гэлээ.

Хүмүүс шаардлага биелүүлэхгүй байна
Энэ дашрамд, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй төмөр замчдын нөхцөл байдалтай танилцлаа. Олонхи нь “Цагаан сарын эхний өдрүүдэд орон сууцны хорооллынхон шаардлага бүрэн хүлээн авч, гэрийнхээ ойролцоох дэлгүүр, эмийн санд л орох гэж гарч байсан. Шинийн дөрөвнөөс хойш хөдөлгөөн ихэсч, шаардлага хүлээн авах хүн ч цөөрлөө” гэцгээж байв. Баянгол дахь Цагдаагийн газрынхан эргүүлд гарч буй хүмүүстэй Viber-аар холбогдон үүрэг, мэдээлэл өгч, хяналт тавьж байгаа юм. Харин Viber-т “Дулаарч буй болохоор гадуур салхилах иргэд, хүүхдүүд олон байна” хэмээн бичицгээж байлаа. Нарны хороолол, Дунд гол, Төмөр зам орчмоор ажиллаж буй төмөр замчид үүргээ сайн биелүүлж байгаа хэдий ч шаардлага биелүүлэх хүн цөөрснийг хэлж байв. 

Зорчигчийн вагон депогоос 200 орчим хүн эргүүлд гарчээ
Зорчигчийн вагон депогийн Аж ахуй, тоног төхөөрөмжийн цехийн бригадын дарга Д.Нармандах:
-Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Зорчигчийн вагон депогоос 200 орчим хүн явган эргүүлд гарч байгаа. Миний хувьд өдөр бүр 15.00-22.00 цаг хүртэл эргүүлд гарч байна. Надтай ойролцоо гэхэд л манай депогоос зургаан хүн бий. Эргүүлд гарсан эхний гурван өдөрт хүмүүс биднийг хараад эмээдэг, үг авдаг байлаа. Одоо дулаарахаар хүүхдүүд гаргах нь ихэссэн. Эцэг, эхэд нь “Та амны хаалт зүү”, “Хүүхдэдээ амны хаалт зүүлгэ” гэхчилэн шаардлага тавихад “Энд корона гарчихаа юу” гэж дургүйцлээ илэрхийлэх хүн ч цөөнгүй таарлаа. Зарим нь “Энэ хүүхэд чинь гаръя гээд байна”, “Энэ гэрт чинь битүүрч үхэх нь” гэх юм. Миний хүүхэд, манай гэр юм шиг л уурлана шүү дээ. Хамгийн гол нь, иргэдийн эрүүл мэндийн төлөө, өглөөнөөс орой болтол бид хүйтэнд зогсож буйг ойлгож, хүндлэх хэрэгтэй. Биднийг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ахмад С.Солонго гэдэг эмэгтэй хариуцан ажиллаж байгаа. Цагдаа нар “Дэлгүүр, эмийн сан орох хүмүүсийг л явуул. Бичиг баримтыг нь шалга” гэж шаардлага тавьдаг. Цагдаа, цэргийн хувцастай хүн шаардлага тавибал иргэд хүлээн авч, биднийг бол тоодоггүй. Гэхдээ аль болох эвээр хэлж, заримыг нь аргадаж, хорио цээрийн дэглэм мөрдөхгүй, шаардлага хүлээн авахгүй бол цагдаа нар арга хэмжээ авч буйг ч сануулж байгаа. 

Ийнхүү төмөр замчид энэ сарын 22-ны 22.00 цаг хүртэл явган эргүүлд гарч, үүргээ нэр төртэй биелүүллээ. Эргүүлийн хугацаанд Замын захиргаа болон ЦЕГ-аас зарим үед халуун аарцаар үйлчилж байлаа.

Сэтгэгдэл үлдээх