Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-09-22

Ц.Лувсан: УБТЗ Ази-Европ тивийг холбосон хуурай замын гүүр

-Дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо өнгөрсөн оны бүтэн жилийн үзүүлэлтээс давжээ. Оны сүүлч гэхэд 2000 хүргэх зорилттой ажиллаж байгаа. Энэ зорилт биелэх боломж хэр байна вэ?
-Танд болон нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргээр тээвэрлэж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмж, машин механизм, хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан барааны хэмжээ нэмэгдэж, 2020 оны есдүгээр сарын 15-ны байдлаар 1571 галт тэрэг манайхаар өнгөрлөө. Энэ нь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 597 галт тэргээр нэмэгдэн 163 хувийн өсөлт үзүүлсэн. Тус тоон үзүүлэлтийг 2015 онтой харьцуулахад 28 дахин нэмэгдсэн байх жишээтэй. 2020 оны сүүлч гэхэд бид зорилтоо давуулан биелүүлэхээр ажиллаж байна.
-Дамжин өнгөрөх чингэлэг тээвэр УБТЗ-д биет хэмжээгээр харьцангуй бага хувийг эзэлдэг ч орлогод багагүй жин дардаг. Эндээс бүтээж байгаа “баялаг”-ийн тухай ойлголт тэр бүр хүн бүхэнд байхгүй болов уу. Та бидэнд дамжин өнгөрөх чингэлэг тээвэр Монгол Улсад, төмөр замчдад яагаад чухал юм бэ гэдгийг маш товчоор тайлбарлаж өгнө үү.
-Орлого л гэхэд 2020 оны эхний найман сарын гүйцэтгэлийг өнгөрсөн жилийн бүтэн жилийн орлоготой харьцуулж үзэхэд 120 хувийн гүйцэтгэлтэй байна. Оны эхээр цар тахал гарсантай холбоотойгоор дотоодын тээвэрлэлт болон зорчигч тээвэрт гарсан алдагдлыг дамжин өнгөрөх чингэлгийн тээврээс нөхөж байгааг та бүхэн мэднэ. Дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тээвэр яагаад чухал гэдгийг маш товчхон тайлбарлахад УБТЗ Ази-Европ тивийн олон мянган хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсаар дамжуулан богино хугацаанд, бага зардлаар хоорондоо солилцох нөхцөлийг хангаж буй хуурай замын гүүр юм. Дэлхийн хамгийн том зах зээл болох Европын холбооны улсууд, БНХАУ, ОХУ-д хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг чингэлгийн галт тэргээр буюу “өөрийн гүүрээр” тээвэрлэн нэвтрүүлж, төлбөрийг валютаар авдаг нь Монгол Улсад тэр тусмаа төмөр замчдад маань илүү үр өгөөж өгч байгаа тул чухал ач холбогдолтой.
-Бүс нутаг, олон улсын худалдаанд чингэлэг тээвэр зонхилдог. Ер нь, ямар давуу талууд бий болоод чингэлэг тээврийг бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй гэж Замын захиргаа үзсэн хэрэг вэ?
-БНХАУ-Европ тивийн хооронд жил бүр 20 сая чингэлэг тээвэрлэгддэг. Үүний 94 орчим хувь нь далайгаар, үлдсэн зургаан хувийг хуурай замаар тээвэрлэдэг гэсэн судалгаа бий. БНХАУ нь дээрх үзүүлэлтийг 2025 он гэхэд 10-15 хувьд хүргэнэ гэж тооцоолсны дээр олон төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй уялдуулаад Замын захиргаа нь өөрийн улсын газар зүйн байршлыг ашиглаж, хуурай замаар тээвэрлэх ачаанаас тодорхой хувь хүртэж дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлэн улмаар тогтворжуулж чадвал Монгол Улсын ирээдүйд чухал “баялаг” бүтээж болох үйл явц гэж үзсэн хэрэг. Тэгэхээр УБТЗ-ын мянга мянган төмөр замчин хамтран эх орондоо “баялаг” бүтээж байна гэж ойлгож болно.
-Дамжин өнгөрөх чингэлгийн тээвэр нэмэгдүүлэхэд бид “Манайхыг сонгож үйлчлүүлээч” гэж санал тавихаас илүү үйлчлүүлэгчдээ татах бодлогын ямар арга хэмжээнүүдийг авч байгаа вэ гэдэг маш чухал? 
-Тийм ээ. Тээврийн хэмжээ нэмэгдэж байгаа олон шалтгаан бий. Тэднээс онцолж хэдэн зүйлийг товч хэлье. Эхний ээлжинд түрүүнд дурдаад өнгөрсөн газар зүйн байршил. Энэ хоёр аварга хөрш, тэдгээрийн гадаад худалдааны бараа эргэлт, бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт ихээхэн жин дарж буй нь ойлгомжтой. Дээр нь, Орос, Хятад улсуудын үйлдвэрлэлийн байршил ч маш чухал. Манай улсын төрийн бодлого, салбарын яамны дэмжлэг, УБТЗ-ын зах зээлээ мэдэрч өрсөлдөөнийг дэмжсэн тарифын уян хатан бодлого, тээврийг өөрийн коридороор татах маркетинг, тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр хийсэн техник, технологийн шинэчлэлүүд багтана. Мэдээж, үүн дээр нэмээд олон төрлийн арга хэмжээ, хүчин зүйл нөлөөлж байгаа. 
Эдгээрээс хамгийн чухал нь УБТЗ-ын нийт ажилтан албан хаагчдын хичээл зүтгэл, ажлын гүйцэтгэл хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгааг хэлэх хэрэгтэй. 
-2019 онд танай албаны бүтцэд шинээр Чингэлэг тээврийн хэлтэс гэж байгуулсан. Энэ хэлтсийг байгуулаад чухам ямар үр дүн гарч байна вэ?
-Чингэлэг тээврийн хэлтэс байгуулагдаад маш богино хугацаанд туршлагажиж, УБТЗ-аар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тээврийг Замын захиргаанаас гарган дэвшүүлсэн бодлогын хүрээнд олон улсын дүрэм журамтай уялдуулан оновчтойгоор зохион байгуулж байгааг дурьдах нь зүйтэй. Анх 2020 оны нэгдүгээр сард шинэхэн хэлтэс маань 2020 галт тэрэг аялуулах төлөвлөгөө боловсруулан танилцуулж, олон хүний шүүмжлэлд өртсөн. Өнөөдөр энэ төлөвлөгөө биелэх нь нэгэнт тодорхой болж. Эндээс дамжин өнгөрөх тээвэрлэлтийг илүү хөгжүүлж, нэмэгдүүлэх боломж бий гэдгийг баталсан хэрэг боллоо. 
-Дамжин өнгөрөх чингэлэг тээврийг оновчтой хөгжүүлэх, түүний урсгалыг өөртөө татахын тулд цаашид юу хийх ёстой вэ. Бүс нутагт өрнөж буй эдийн засаг, хамтын ажиллагаа түүний нийлүүлэлтийн сүлжээнээс тодорхой хэмжээний хувь хүртэхэд төрийн дэмжлэгээс гадна та биднээс шалтгаалах зүйл их шүү дээ? 
-Транзит тээврийг нэмэгдүүлж ачааны урсгалыг тогтворжуулахтай холбоотой техник, технологийн талаас хийх олон ажил байна.
Заримаас нь дурдвал зүйтэй болов уу. Улсын урд, хойд хилээр солилцох галт тэрэгний хэмжээг нэмэгдүүлэх, нарийн царигийн хос зам тавьж, шилжүүлэн ачих хурдыг нэмэх шаардлагатай. Замын-Үүд өртөөнд чингэлэг тээвэрлэх хоосон вагон зогсоох зам барих, Замын-Үүд дэх шинэ Логистикийн төвд калмараар шилжүүлэн ачилтыг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, өртөө зөрлөгийн замыг уртасгаж, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг зөрлөг хийх боломжийг нэмэгдүүлэх нь юу юунаас илүү чухал. Гадаадын вагон эзэмшигчдийн вагон паркийг нэгтгэх гэх мэт олон ажлууд байгаагаас гадна биднээс хамаарахгүй хүчин зүйлс байна. Энэ нь, УБТЗ тээвэрлээд хүргэсэн ачааг хөрш улсын хилийн өртөөд бүрэн нэвтрүүлж чадахгүй хязгаарлагдмал хүчин чадалтай байгааг та бүхэн мэдэх байх. Мөн хөрш замуудын УБТЗ руу чиглэсэн хэсгүүд нь хүчин чадал муу, нэвтрүүлэх чадвар хангалтгүй зэргээс гол хүндрэл үүсдэг. Замын захиргаа энэ байдлыг арилгахаар хөрш замуудтай тогтмол уулзалт, зөвлөгөөн хийж байгаагийн дүнд зарим нэг эерэг дүр зураг харагдаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх